| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/04968/И |
| Дугаар | 210/МА2025/01394 |
| Огноо | 2025-08-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2025/01394
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/04773 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******д холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх үндсэн,
Үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийг эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй, иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
******* нь Хан-Уул дүүргийн хуучнаар 10 дугаар хороо /одоогийн хаяг ******* хороо/, Наадамчдын зам гудамж хаягт 12 автомашины дулаан зогсоолтой, 120 айлын орон сууцны барилга /, блок/-ыг барьж ашиглалтад оруулан 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн. Дээрх барилгыг барьж гүйцэтгэхэд туслан гүйцэтгэгчээр ******* агаар сэлгэлтийн системийн ажлыг хийж гүйцэтгэхээр нэхэмжлэгч *******-тай 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тус гэрээний ажлын хөлс 30,000,000 төгрөгийг захиалагч буюу нэхэмжлэгч компани нь бартерын хэлбэрээр орон сууцны 1 м.кв-ыг 1,500,000 тооцож дуусгавар болгохоор тохиролцсон. Дээрх тохиролцооны дагуу маргаан бүхий орон сууцыг 2016 онд *******-ийн эзэмшилд шилжүүлсэн. Тус орон сууцыг 1 м.кв 1,500,000 төгрөгөөр тооцвол 60,390,000 төгрөг болно. Ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс болох 30,000,000 төгрөгийг байрны үнээс хасч тооцоод үлдэгдэл 30,390,000 төгрөгийг ******* нь манай компанид төлөх байсан ч төлөөгүй. Гэтэл ******* нь 2016 оноос өнөөдрийг хүртэл 7 жилийн хугацаанд үнэ төлбөргүй эзэмшиж ашигласаар ирсэн. Харин хариуцагч нь хууль бусаар тус орон сууцыг эзэмшээгүй бол энэ талаарх нотлох үүргийг хариуцагч өөрөө хүлээнэ. Иймд Хан-Уул дүүрэг, ******* хороо /хуучнаар 10 дугаар хороо/, Наадамчдын зам гудамж, байр, ******* хаягт байрлалтай 40.26 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, хоёр өрөө орон сууцыг бартераар өгнө гэсэн гэрээ бол байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь төлбөр төлөөгүй гэдэг боловч ******* төлсөн 10,000,000 төгрөгийн ажил хийсэн гэдэг нь нотлогддог. Одоо 11,390,000 төгрөгийн үлдэгдэл байгаа, үүнийг өгье гэсэн боловч нэхэмжлэгч нь үгүй, байр чөлөөлж өг гэдэг гэжээ.
3. Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулж өгөхийг даалгах сөрөг нэхэмжлэл гаргасан. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан *******-аас хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд орон сууцыг шилжүүлэн авсан. Мөн *******-д 10,000,000 төгрөгийн ажил хийж өгсөн. Гурван удаа төлөлт хийсэн, үлдэх мөнгийг төлнө гэхээр нэхэмжлэгч өөрөө авахгүй байгаа. Тиймээс орон сууцны 80 гаруй хувийг төлсөн учраас үүргийг ялимгүй зөрчсөн байгаа. Иймд, орон сууцны өмчлөгчөөр тогтоож, холбогдох бичиг баримтыг гаргуулж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:
Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй. Харин *******-тай гэрээ байгуулсан. 2016 онд *******-ийн эзэмшилд манайхаас шилжүүлсэн. Үүнээс хойш л ******* амьдарч байгаа. Гэтэл бүхэл бүтэн 9 жилийн хугацаанд төлбөрөө төлж дуусаагүй байгаа. Төлбөр төлөөгүй нөхцөлд өмчлөгч байх ёсгүй гэж үзэж байна. Бид мэдэгдэл өгч байсан, гэвч өнөөг хүртэл байрны төлбөрийг төлөөгүй байгаа гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ийн хариуцагч *******д холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гийн нэхэмжлэгч *******-д холбогдуулан гаргасан өмчлөгчөөр тогтоолгох, баримт бичгийг гаргуулахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч ******* нь “...миний бие *******-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй, гүйцэтгэх захирал, уг орон сууцыг *******-аас ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тооцож аваад *******д шилжүүлсэн, үлдэх хөлсийг нь өөрөө төлж авах ёстой” гэж мэдүүлдэг.
Мөн нэхэмжлэгч нь *******-аас гэрээний үүргийг шаардахад тус орон сууцанд ажилтнаа оруулсан тул оруулсан хүнээс буюу хариуцагч *******гаас үлдэгдэл төлбөрийг аваарай гэдэг. Нэхэмжлэгч нь хариуцагч *******гаас үлдэгдэл төлбөрийг удаа дараа шаардсан боловч 2016 оноос өнөөдрийг хүртэл 9 жилийн хугацаанд 9,000,000 төгрөгийг төлсөн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй.
Хариуцагчийн хүсэлтээр шүүх ******* гэсэн ******* хаягаас хариуцагч *******гийн ******* хаяг руу ирсэн мэйлд үзлэг хийсэн.
Тус үзлэгээр нэхэмжлэгч компаниас хариуцагч руу 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдийн албан бичигт маргаан бүхий орон сууцны үлдэгдэл төлбөрийг 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөрөөс алданги суутгаж байраа суллаж өгөхийг шаардсан байдаг, 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдийн албан бичигт маргаан бүхий орон сууцны үлдэгдэл төлбөрийг 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дотор төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөрөөс алданги суутгах, байраа суллаж өгөхийг шаардсан. Үзлэг хийсэн тэмдэглэлээр талууд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225, 226 дугаар зүйлд заасан гэрээнээс татгалзсан нөхцөл байдал тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах талаар хариуцагчид мэдэгдэж, мөн нэмэлт хугацаа тогтоосон боловч ямар нэгэн үр дүн гараагүй учир гэрээнээс татгалзсан, гэрээг цуцалсан үйл баримт тогтоогдож байна. Гэтэл шүүх гэрээг цуцалсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна.
Маргаан бүхий орон сууц буюу Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 12 автомашины дулаан зогсоолтой 120 айлын орон сууцны барилга /, ******* блок/ барилгыг барилга байгууламжийг ашиглалтад оруулах 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 172/2016 тоот комиссын актаар ерөнхий гүйцэтгэгч, захиалагч нь нэхэмжлэгч ******* болох нь баримтаар тогтоогддог.
Иймд, нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцны шударга эзэмшигч тул өмчлөгчийн адил шаардах эрхтэй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж үзэхээр байна.
Хариуцагч нь орон сууцны төлбөрийг 2016 оноос хойш 9 жилийн хугацаанд барагдуулаагүй, гэрээнээс татгалзсан, гэрээг цуцалсан үйл баримт тогтоогдож байх тул хариуцагчийг хууль ёсоор эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Гэтэл шүүх хариуцагч хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэлгүй байх тул *******гээс орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
Өнөөдрийг хүртэлх хугацаанд хариуцагч нь үндсэн төлбөрийн 80 гаруй хувийг төлж барагдуулсныг нэхэмжлэгч тал ойлгох хэрэгтэй. Үндсэн төлбөрийн 80 гаруй хувийг төлчихсөн байхад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хариуцагчийн нэр дээр гараагүй. Үндсэн төлбөрийн 20 хүрэхгүй хувийг төлөөгүй нь үүргийг ялимгүй зөрчсөн гэх агуулгаар бид маргадаг. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4 дэх хэсэгт үүрэг зөрчсөн үйлдэлд нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай тохиолдолд тухайн үүрэг гүйцэтгэгчийг үүргийн зөрчил гаргасанд тооцохгүй гэж заасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон *******-ийн захирал ******* болон *******-ийн захирлын хооронд маргаан бүхий гэрээ байгуулагдсан тул хариуцагч ******* нь гэрээг цуцлах боломжгүй. Гэтэл *******-аас гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн нь үндэслэлгүй бөгөөд уг нөхцөл байдлыг шүүх үнэн зөв дүгнэсэн. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
2. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
3. Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
3.1. ******* нь *******-тай байгуулсан 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 04/2014 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-гээр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 10 давхар, 60 айлын орон сууцны барилгын агаар сэлгэлтийн системийн ажлыг 30,000,000 төгрөгөөр гүйцэтгэх, ажлын хөлсийг бартерын гэрээгээр дуусгавар болгохоор тохиролцсон байна. /хх15-17/
3.2. 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 172/2016 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-аар Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, *******, *******-ийн захиалгатай 12 автомашины дулаан зогсоолтой, 120 айлын орон сууцны барилга /, блок/-ыг ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн байна. /хх7-10/
3.3. Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон *******-ийн захирал ******* мэдүүлэхдээ: *******-тай 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийн ажлын хөлсөнд 60,000,000 төгрөгийн орон сууцыг бартераар авч ажилтан *******д шилжүүлэн өгсөн. ******* манай компанид 40,000,000 төгрөгийн ажил хийж өгсөн. Орон сууцны үлдэгдэл төлбөрийг ******* төлөх байсан гэж мэдүүлжээ./хх107-108/
3.4. ******* нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн, 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн *******-д гэж хаягласан, байрны ******* 2 өрөө байрны орон сууцны үлдэгдэл төлбөр болох 17,220,500 төгрөгийг төлөх хугацаа олгосон, уг хугацаанд төлөөгүй бол гэрээ цуцлахыг мэдэгдсэн агуулгатай албан шаардлагуудыг хариуцагч *******гийн мэйл хаягаар хүргүүлж байсан болох нь шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон байна./хх69-74/
4. Дээр дурдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч ******* нь ажил гүйцэтгэх гэрээний хөлс 30,000,000 төгрөгт 60,390,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг *******-д шилжүүлсэн ба уг орон сууцыг зөрүү төлбөр 30,930,000 төгрөгийг төлөх нөхцөлөөр *******-аас хариуцагч ******* 2016 онд шилжүүлэн авчээ. Уг шилжүүлгийг нэхэмжлэгч зөвшөөрсөн байна.
4.1. Талуудын хүсэл зоригийн илэрхийллээс дүгнэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
4.2. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хууль бусаар бусдын өмчлөлийн хөрөнгийг хариуцагч эзэмшиж байгаа эсэх асуудлаар дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул уг зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулна.
5. Хариуцагч тухайн орон сууцыг 2016 онд хүлээн авч, эзэмшиж, ашиглаж байгаа талаар маргаагүй, харин нэхэмжлэгч талаас тухайн гэрээнээс татгалзах нөхцөл бүрдсэн эсэх, хариуцагчийн өмчлөх эрх үүссэн эсэх талаар маргасан байна.
5.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагчийг гэрээний үүрэгт 17,220,500 төгрөг төлөөгүй гэж тусгасан боловч тодорхой тооцоолол гаргаагүй байна.
Харин, хариуцагч нь 10,000,000 төгрөгийн өртөгтэй цонхны усны хаялга, дээврийн парпет төмрийн ажлыг хийж гүйцэтгэсэн, мөн цахим шуудангаар ирсэн нэхэмжлэхийн дагуу 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 2,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийг төлсөн, одоо 11,390,000 төгрөг төлөөгүй байгаа тухай тайлбар, холбогдох баримтууд гаргасныг нэхэмжлэгч баримтаар үгүйсгэж маргаагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй тул 11,390,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ.
5.2. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр болон 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр орон сууцны үнийн үлдэгдэл төлбөрийг төлөх хугацаа тогтоон шаардаж, гэрээнээс татгалзах талаар мэдэгдэж байсан болох нь шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон.
5.3. Хариуцагч нь гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхгүй гэж маргасан ба тэрээр өөрийн төлбөл зохих 30,390,000 төгрөгөөс 11,390,000 төгрөгийг төлөөгүй буюу 37 хувийн төлбөрийг 2021 оноос хойш 4 жилийн хугацаанд төлөөгүй байна.
Гэрээний зорилгод ноцтой нөлөөлөхөөргүй, талуудын ашиг сонирхолд бодит хохирол учруулахааргүй зөрчлийг ялимгүй гэж үзэх тул дээрх зөрчил нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-т заасан үүргийн ялимгүй зөрчилд хамаарахгүй.
5.4. Дээрхээс үзэхэд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа хариуцагчид тогтоосон боловч үр дүн гараагүй буюу орон сууцны төлбөрийг бүрэн төлөөгүй байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй.
6. Гэрээнээс татгалзсанаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээгээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах үр дагавар үүсэх тул Хан-Уул дүүрэг, ******* хороо, Наадамчдын зам гудамж, байр, ******* хаягт байрлалтай, 40,26 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэнэ.
7. Дээр дурдсанаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй тул хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний үүрэг шаардах эрхгүй бөгөөд түүний гаргасан маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/04773 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүрэг, ******* хороо, Наадамчдын зам гудамж, байр, ******* хаягт байрлалтай, 40,26 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч *******-д шилжүүлэн өгөхийг хариуцагч *******д даалгаж, хариуцагч *******гийн нэхэмжлэгч *******-д холбогдуулан гаргасан өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...үлдээсүгэй.” гэснийг “...үлдээж, хариуцагч *******гаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Ц.АЛТАНЦЭЦЭГ