Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 610

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэжаргал,

Улсын яллагч: Д.Пүрэвдагва,

Шүүгдэгч: Ц.А өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.А-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905017760599 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц.А-,  урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Ц.А нь 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, .....тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Б.Э-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.А-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Б.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр гэртээ хоол хийх гээд ширээний ард зогсож байтал манай нөхөр Ц.А орон дээр хэвтээд зурагт үзэж байснаа над руу 2 удаа шилэн аяга авч шидсэн. Тэр аяга нь миний давсган тус газар оносон. Тэгснээ “чи цагаан сараар миний ганц ахтай очиж золгосонгүй” гэж хэлээд дахиад ширээн дээр байсан шаазан аяга аваад миний зүүн талын гар руу цохьсон. Мөн толгой руу тэр аягаараа 2 удаа цохьсон. Зүүн талын хацар руу гараараа 2 удаа цохьсоноо намайг хөргөчинд тулгаж шахаж байгаад гараараа миний биеийн баруун хэвлий орчим руу хэд хэдэн удаа цохьсон. Ц.А бид хоёр 43 жил хамт амьдарч байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 21/,

Гэрч А.С-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...манай аав, ээж хоёр 40 гаруй жил хамт амьдарч байгаа. Аав, ээж хоёр хоорондоо зүгээр л харьцаатай байдаг хэрэлдэж зодолдоод асуудал гаргаад байдаггүй. Нилээн хэдэн жилийн өмнө ээж надад “аав чинь согтуудаа над руу юм шидэж надад агсам тавьсан” гэж ярьж байсан өөрөөр бол зодсон гэж сонсож байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 41-42/,

Гэрч А.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...манай аав ээж хоёр 43 жил хамт амьдарч байгаа. Бусдын адил инээх үедээ инээж, уурлах үедээ уурлаж байдаг. Ээжийн ярианаас сонсоход аав эрүүл үедээ зүгээр байдаг. Архи уухаараа зан ааш нь эвдрээд байдаг гэсэн. Аав ээжийг зодож байхыг би харж байгаагүй. Ээж надад аав чинь намайг зодсон гэж хэлж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 43-44/,

Шинжээчийн 4500 тоот дүгнэлтэд: “...Б.Э-гийн биед дээд, доод уруул, эрүү, баруун шуу, хэвлий, умдагны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь шинэ ба хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэсэн мэдүүлэг /хх-н 17/,

Яллагдагчаар Ц.А-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр орой 19 цагийн орчимд байрныхаа гадаа байж байтал зүс таньдаг архи уугаад байдаг хэдэн хүнтэй таараад 200 грамм архи уучихаад 20 цагийн орчимд гэртээ орсон. Гэртээ ороод орон дээрээ хэвтэж байтал эхнэр архи уулаа гээд загнаад үглээд байхаар нь би уур хүрээд босч очоод эхнэрийнхээ эрүү рүү гараараа 1 удаа цохьсон. Ширээн дээр байсан шаазан аяга аваад эхнэр Энхтуяа руу шидсэн тэр аяга гэдэс орчимд нь оносон...” гэсэн мэдүүлэг /хх-н 38/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 2-3/, Хохирогчийн өргөдөл /хх-н 4/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 26-32/ зэрэг болно. 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Ц.А нь 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, .....тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Б.Э-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Э-гийн: “...манай нөхөр Ц.А орон дээр хэвтээд зурагт үзэж байснаа над руу 2 удаа шилэн аяга авч шидсэн. Тэр аяга нь миний давсган тус газар оносон. Тэгснээ “чи цагаан сараар миний ганц ахтай очиж золгосонгүй” гэж хэлээд дахиад ширээн дээр байсан шаазан аяга аваад миний зүүн талын гар руу цохьсон. Мөн толгой руу тэр аягаараа 2 удаа цохьсон. Зүүн талын хацар руу гараараа 2 удаа цохьсоноо намайг хөргөчинд тулгаж шахаж байгаад гараараа миний биеийн баруун хэвлий орчим руу хэд хэдэн удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 21/, шинжээчийн 4500 тоот дүгнэлтэд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.  

Шүүгдэгч Ц.А нь эхнэр Б.Э-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.А-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.А нь согтуурсан үедээ хохирогч Б.Э-тай маргалдан цохиж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Э-гийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Э-гийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Ц.А-ы үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь Ц.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан ба шүүх шүүгдэгч Ц.А-ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн оногдуулсан ялын саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ц.А-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР