| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сандагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 142/2017/00045/Э |
| Дугаар | 000061 |
| Огноо | 2017-05-31 |
| Зүйл хэсэг | 096.2.1, |
| Улсын яллагч | Т.Ганзориг |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 000061
Б.Энхболдод холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс 142/2017/00045/Э
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ц.Туяа, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдаанд:
Прокурор Т.Ганзориг
Ялтан Б.Энхболд
Ялтны өмгөөлөгч Р.Бямбажав
Нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолтой Батхүүгийн Энхболдод холбогдох, 201714000045 дугаартай, эрүүгийн хэргийг ялтан Б.Энхболдын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1965 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ээрмэлийн туслах мастер мэргэжилтэй, группт байдаг, ам бүл 1, оршин суух тодорхой хаяггүй, Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 257 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, ял эдлэх хугацаа дууссан, 2015 оны 04 сарын 03-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, ГИ-65062216 регистрийн дугаартай, Ламын гэгээн овгийн Батхүүгийн Энхболд.
Шүүгдэгч Б.Энхболд нь 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян Өндөр сум Баянцагаан багийн Хуучин Тосгоны 8-7 тоотод архи ууж согтуурсан үедээ ямар ч шалтгаангүйгээр иргэн Ц.Галмандахыг танхайн сэдэлтээр хутгалж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Ламын гэгээн овгийн Батхүүгийн Энхболдыг танхай сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1.д зааснаар шүүгдэгч Б.Энхболдыг 7 жил 1 хоног хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10.д заасныг журамлан 52.5.д зааснаар шүүгдэгч Б.Энхболдод оногдуулсан 7 жил 1 хоног хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1.д зааснаар шүүгдэгч Б.Энхболдын цагдан хоригдсон 89 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3.д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал өнгийн даавуун хүрэм, хар хөх өнгийн ноосон цамц, саарал өнгийн футболк, улаан өнгийн судалтай нимгэн цамц, дугуй захтай улаан хүрэн өнгийн ноосон цамц, хар өнгийн биеийн тамирын өмд 2 ширхэг, цэнхэр өнгийн өмд, хар өнгийн даавуун өмд, урт түрийтэй хос гутал, хар өнгийн бариултай хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2.т зааснаар хохирогч Ц.Галмандахын гаргасан 3,0 сая төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,
Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Ялтан Б.Энхболд давж заалдах гомдолдоо:
Батхүү овогтой Энхболд би 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Галаа, Доржсүрэн, Цогоо ах нартай хамт архи уусан юм. Дооёо ах согтоод унтчихсан гэтэл Галаа ах дахиж архинд явна гээд байхаар нь би хэрэггүй гэсэн юм. Гэтэл уурлаад Дооёо ахыг дагуулж явах гээд байсан учир би явуулаагүй.
Галаа ах уурлаж намайг түлхэж, унагаад заамдаж аваад шал мөргүүлээд байхаар нь би айлгах гэж ойрхон байсан хутгыг аваад ноцолдож байх үед санаандгүй хатгачихсан юм. Энэ үед согтуу байсан Цогоо, Тулгаа хоёр бид хоёрыг салгасан. Гэтэл одоо мэдэхгүй гэж мэдүүлдэг. Энэ хүмүүс намайг сайн танина. Намайг Булган аймгийн Сэлэнгэ суманд амьдардаг, толгойны өвчтэй, унаж татаад гацаж, ээрж муураад үргэлж эм ууж эмчийн хяналтанд группт байдгийг мэднэ. Одоо ч миний бие муу, цагдан хорих байранд эм тариагаар л болгож байна.
Иймд миний биеийн байдлыг харж үзэж хөнгөн ял шийтгэж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Ганзориг дүгнэлтдээ:
Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг хангасан байна.
Шүүгдэгч Б.Энхболд нь 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баянцагаан багийн Хуучин тосгоны 8-7 тоот Ж.Бадамын гэрт архидан согтуурсан үедээ шалтгаангүйгээр иргэн Ц.Галмандахыг хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанар хэлэлцэгдсэн нотлох баримт болох.
гэрч Ж.Бадамын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Энэ хэрэг болсон өдөр Б.Энхболд, Галмандах, Доржсүрэн, Цогоо нар манай гэрт архи уусан..., Доржсүрэн нь согтоод Энхболдын орон дээр унтаад өгсөн... , Галмандах нь Доржсүрэнг явъя гээд татаад босгох гээд байхад Доржсүрэн нь байж бай байж бай гээд унтаад байсан..., Тэгж байтал Энхболд гэнэт хутга аваад Галмандахыг хутгалсан..., Галмандах байшингийн үүдний хэсэгт уначихсан Доржсүрэнг дуудаж байгаад эмнэлэг дуудуулсан..., Энхболд Галмандахыг яагаад хутгалсаныг мэдэхгүй байна..., Галмандах тэр хоёрын хооронд ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй..., Зүгээр байж байгаад л хутгалчихсан..., Яг хаана нь хутгалсаныг сайн хараагүй, гэдэс рүү нь л хутгалах шиг болсон... гэсэн мэдүүлэг,
Гэрч Х.Эрдэнэцогтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Ооёо буюу Энхболд нь Бадам эмээгийнд амьдарч байгаа ба өөрөө оршин суух гэр орон байхгүй хүн юм..., 2017 оны 01 сарын 17-ны өглөө Бадам эмээгийнд ороход Бадам эмээ, Галмандах, Ооёо буюу Энхболд гурав байсан..., Намайг Галмандах ах архи аваад ирээч гэхээр нь би дэлгүүр орж 0,5 граммын архи авчирч бид гурав хувааж уусан..., Доржсүрэн бид дөрөв дахин 0.75 граммын архи хувааж уусан..., Доржсүрэн, Галмандах нар их согтоод Бадам эмээгийн баруун талын орон дээр гараад хэвтэж байсан..., Энхболд суугаад үлдсэн..., Би харьж амарсан..., Надаас хойш юу болсныг мэдэхгүй... Бид нар архи ууж байхдаа ойр зуурын амьдрал ахуй болон Бадам эмээгийн талийгаач хүүгийн талаар л ярьж байсан..., Бидний хооронд ямар нэгэн хэрүүл маргаан зодоон цохион болоогүй...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ж.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...энэ хэрэг болсон өдрийн өглөө 10 цагийн орчим би Бадам эмээгийн гэрт орсон чинь Энхболд ах, Доржсүрэн гэдэг хүн, Бадам эмээ гурав байсан..., Галмандах, Эрдэнэцогт хоёрыг архи авах гээд дэлгүүр явсан гэж байсан..., Бадам эмээгийн гэрээс гараад дүүгийндээ байж байгаад эргээд ирэхэд манай гудамжинд цагдаагийн машин ирсэн байсан..., Энхболд ах манай хашаанаас өөрөө гараад ирсэн..., Цагдаа түүнийг саатуулсан..., Манай байшингийн зүүн талд цустай хутга хаясан байсныг цагдаа нар аваад явсан тэр хутга Бадам эмээгийн хутга байсан... гэх мэдүүлэг,
Хохирогч Ц.Галмандахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн :
...Сүүлийн архиа ууж дуусаад согтоод байхаар нь Бадам эмээгийн гэрийн баруун хойд талын орон дээр Дооёо бид хоёр хэвтсэн..., Гэтэл Энхболд бид хоёрыг яв гэртээ харь гэсэн. ...Би Доржсүрэнг аваад гарах гэхэд согтуурхаад хэвтээд байсан..., Би Доржсүрэнг босгох гээд татаж байхад Энхболд ирээд татаж чангаагаад байхаар нь би түүнийг хойш нь түлхээд би найзыгаа аваад явна, чи хол байж бай гээд Доржсүрэнг татаж босгоод эргэсэн чинь Энхболд миний гуя руу хар өнгийн бариултай хутгаар хутгалсан..., Дараа нь миний гэдэс рүү шаасан..., Би Энхболдод чи намайг хутгалчихлаа шүү дээ гэж хэлээд хутгыг нь гараас нь булааж аваад хаясан. ...Энхболд харин тийм гэж хэлээд гараад явсан... гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн хохирогч Ц.Галмандахын биед учирсан гэмтлийн зэрэг тогтоосон 2017 оны 01 сарын 23-ны 114 дугаартай
... Б.Энхболдын цусанд этилийн спирт 4,4% промиль процент илэрсэн ба энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна гэсэн ... дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, тухайн үед болсон үйл баримтаас үзэхэд Б.Энхболд нь архидан согтуурсан үедээ ямар нэг шалтаг, шалтгаангүйгээр хамт архи уусан хохирогч Ц.Галмандахыг хутгалж, биед нь хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий хүнд гэмтэл учруулсан бөгөөд түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх түүнд хуульд заасан ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирчээ.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Энхболдын гаргасан “...миний биеийн эрүүл мэндийн байдал муу, тахир дутуугийн группт байдаг байдлыг харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж өгнө үү....” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээч гаргасан байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1., 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Энхболдын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧИД Ц.ТУЯА
С.ЦЭЦЭГМАА