| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
| Хэргийн индекс | 126/2024/0168/з |
| Дугаар | 001/ХТ2025/0101 |
| Огноо | 2025-11-11 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 001/ХТ2025/0101
Д.Ч-ын нэхэмжлэлтэй,
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Танхимын тэргүүн:Д.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
М.Батсуурь
Илтгэгч шүүгч: Д.Батбаатар
Нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дүгээр сарын 19-ний өдрийн 126/ШШ2025/0009 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2025/0521 дүгээр магадлалтай,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 001/ШХТ2025/0461 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгч Д.Ч- (цахимаар), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О- (цахимаар), гуравдагч этгээд “Шг” ХХК-ийн өмгөөлөгч О.Чулуунбаатар, “А- ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-, Л.Б- нарыг оролцуулан гуравдагч этгээдүүдийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэлийн шаардлага:
1.Д.Ч-аас Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан тус хэлтсийн улсын бүртгэгчийн “... “Шг” ХХК, “А- ББСБ” ХХК-ийн хооронд байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №БГ*** дугаар барьцааны гэрээг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь “Шг” ХХК-тай харилцан тохиролцож өөрийн эзэмшлийн газар дээрээ ажилчдын орон сууц бариулах нөхцөлтэйгөөр 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 2018/02 дугаар Барилгын ажил гүйцэтгэх гэрээг, нэхэмжлэгч Д.Ч- нь 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2017/02 дугаар гэрээг “Шг” ХХК-тай тус тус байгуулсан.
2.1.Мөрөн сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах *** айлын *** дүгээр байрны өмчлөгчөөр “Шг” ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр бүртгүүлсэн. Улмаар “А- ББСБ” ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр №ЗГ*** дугаартай зээлийн гэрээ, №БГ*** дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулж 385,000,000 төгрөгийн зээл авсан.
2.2.Дээрх барьцааны гэрээгээр Хөвсгөл аймгийн *** дугаар багт байрлах *** айлын 2121.12 м.кв талбайтай *** дүгээр байрыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалж, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлжээ.
3.Нэхэмжлэгчээс “...“Шг” ХХК, “А- ББСБ” ХХК-ийн хооронд байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг бүртгэсэн нь захиалагч иргэдээс зөвшөөрөл авах, захиалагч иргэдийн оролцоотойгоор банкнаас зээл авах эрхтэй байтал банк бус санхүүгийн байгууллагын зээлийн барьцаанд хөрөнгийг бүртгэн, захиалагч иргэд бидний зөвшөөрлийг аваагүй бүртгэл хүчингүй...” гэж,
4.Хариуцагчаас “...Уг барьцааны гэрээг 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгэхдээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл бүртгэх журмын 11 дүгээр зүйлд заасныг тус тус үндэслэн дутуу гүйцэтгэлтэй барилгын ажил гүйцэтгүүлж буй захиалагч тал болох Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албан ёсоор мэдэгдэж, тус байгууллагын 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 01/1103 дугаартай албан бичгээр ирүүлсэн зөвшөөрлийг үндэслэн бүртгэсэн бөгөөд тухайн үед барьж дуусаагүй барилгад урьдчилсан тэмдэглэл хийж бүртгүүлсэн өөр хөрөнгө оруулагч иргэн, хуулийн этгээд байхгүй байсан ба уг бүртгэл нь ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй. Урьдчилсан тэмдэглэгээг байгууллага дээр хийдэггүй. Иргэн тус бүр дээр хийгдэх ёстой. Урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн иргэн байгаагүй учраас иргэнээс зөвшөөрөл авах шаардлагагүй байсан. Зөвхөн барилга угсралтын гэрээгээр барилга бариулж байгаа тухайн байгууллагын ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй учраас зөвшөөрлийн албан тоот авсан...” гэж,
5.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Шг” ХХК-иас “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 буюу захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус, 54.1.3 дахь хэсэгт урьдчилан шийдвэрлэх журмаар улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргаагүй, 54.1.8 дахь хэсэг буюу нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэх 3 үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл байна...” гэж,
6.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “А- ББСБ” ХХК-иас “... “Шг” ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан. Хууль ёсны өмчлөгчтэй бид барьцааны гэрээ болон зээлийн гэрээ хийсэн. Барьцааны гэрээг бүртгүүлэхэд урьдчилсан тэмдэглэгээ хийгдээгүй мөн давхар өмчлөгч байхгүй учраас улсын бүртгэгч бүртгэсэн нь зөв хууль зөрчөөгүй...” гэж тус тус тайлбарлан маргажээ.
7.Анхан шатны шүүх: Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9, 12 дугаар зүйлийн 12.2, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ч-ын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Шг” ХХК, “А- ББСБ” ХХК-ийн хооронд байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №БГ*** дугаар барьцааны гэрээг бүртгэсэн улсын бүртгэгчийн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “Шг” ХХК, “А- ББСБ” ХХК-ийн хооронд байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №БГ*** дугаар барьцааны гэрээг бүртгэсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дугаар баг, *** дүгээр байрны Ү-*** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гуравдугаарт бичигдсэн 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгожээ.
8.Давж заалдах шатны шүүх: “... шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Шг” ХХК-ийн өмгөөлөгч, “А- ББСБ” ХХК-ийн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаагүй байна.
9.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 001/ШХТ2025/0461 дүгээр тогтоолоор Гуравдагч этгээд “Шг” ХХК-ийн төлөөлөгч З.Г-, “А- ББСБ” ХХК-ийн төлөөлөгч Б.Н- нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” эсэх үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:
10.Гуравдагч этгээд “Шг” ХХК-ийн төлөөлөгч З.Г-өөс шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ. Үүнд:
10.1.Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоолд өмчийн болон гэрээний эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэсний үр дүнд бүртгэлийг өөрчлөх, хүчингүй болгохтой холбоотой маргаан нь иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаардаг тухайн маргаан үүсэх үндсэн шалтгаан буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй үйл баримт нь иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзвал зохино” гэсэн. Энэхүү маргаан нь иргэний эрх зүйн харилцаанаас үүдэлтэй, зээлийн болон барьцааны гэрээний үндсэнд хийгдсэн бүртгэл бөгөөд захиргааны хэргийн шүүх “Шг” ХХК болон “А- ББСБ” ХХК-иудын хооронд 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №БГ*** дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоохгүй, барьцааны гэрээ хүчин төгөлдөр байгаа тохиолдолд улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг тогтоох боломжгүй тул нэхэмжлэгчийн эрх нь захиргааны хэргийн шүүхээр хамгаалагдах боломжгүй. Иймд уг маргааныг дээрх тайлбараар иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.1, 109.2-т зааснаар Д.Ч-ын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой байхад анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг Монгол Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр хэрэглэж энэ хэргийг хянан шийдвэрлэсэн.
10.2.Мөн Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дээд шатны захиргааны байгууллага буюу гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага нь Улсын бүртгэлийн ерөнхий газар билээ. Гэтэл нэхэмжлэгч нь барьцааны гэрээг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргаагүй. Харин Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргасан байдаг. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдийн “урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй” талаарх давж заалдах гомдлын үндэслэлд огт дүгнэлт хийсэнгүй. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.3-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл байгаа болно.
10.3.Нэхэмжлэгч 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “улсын бүртгэлийн бүртгэлийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон. Хүчингүй болгуулах нэхэмжлэлийн хувьд … Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол, улмаар шүүхэд нэхэмжлэл гарган маргах ёстой. Энэ талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1, 14.1.1-д заасан. Нэхэмжлэгч нь … маргаан бүхий бүртгэлийг 2023 онд мэдсэн талаар огт маргадаггүй, … энэ нь хэрэгт авагдсан баримтуудаас харагддаг. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдийн “Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” талаарх давж заалдах гомдлын үндэслэлд огт дүгнэлт хийсэнгүй. … энэ үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.8, 109.2-т тус тус зааснаар хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой байсан.
10.4.“Шг” ХХК нь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 9.1, 16.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16, 20 дугаар зүйл болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 11.1-д тус тус зааснаар өөрийн өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн барьцаалбарыг улсын бүртгэлийн байгууллагаас баталсан загварын дагуу, холбогдох баримтуудын бүрэн хавсаргаж улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Хууль болон журамд зөвшөөрлийг заавал бичгээр авах гэж заагаагүй, нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч бөгөөд тус газрын 2021.07.27-ны өдрийн 01/1103 дугаар албан бичгээр барьцаанд тавихыг зөвшөөрсөн байдаг. Нэхэмжлэгч тухайн бүртгэл хийхийг хүлээн зөвшөөрсөн учраас л 2024 оны 11 дүгээр сар хүртэл огт маргаагүй, энэ нь өөрийнх нь эс үйлдэхүйгээр давхар нотлогддог.
10.5.Мөн барьцааны гэрээг бүртгэх үед Д.Ч- нь урьдчилсан тэмдэглэгээг огт хийлгээгүй байсан бөгөөд сүүлд 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч болох “Шг” ХХК-ийн хуульд заасан урьдчилсан тэмдэглэгээ хийхийг зөвшөөрсөн зөвшөөрөл байхгүй, хамтран мэдүүлэг гаргаагүй байхад урьдчилсан тэмдэглэгээтэй холбоотой бүртгэлийг хийлгэсэн. Энэ нь Иргэний хуулийн 185.4, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31.3, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолоор баталсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 22.1-д заасныг тус тус зөрчсөн. Үүнтэй холбоотой захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тус шүүх дээр явагдаж байгаа. Иймээс хариуцагч бүртгэлийн байгууллага барьцааны гэрээг 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр бүртгэхдээ Д.Ч-тай гэрээ байгуулсан гэдгийг мэдэх боломжгүй, нэхэмжлэгчийн зөвшөөрлийг мэдүүлэгт хавсаргахыг шаардах боломжгүй байсан.
10.6.Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, Д.Ч-ын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
11.Гуравдагч этгээд “А- ББСБ” ХХК-ийн төлөөлөгч Б.Н-аас шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ. Үүнд:
11.1.Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 2.1.8-д “эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эд хөрөнгийг дараагийн бүртгэл хийхэд өмнөх бүртгэлд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн эсэх, тусгай болон урьдчилсан тэмдэглэгээ хийгдсэн эсэхийг нягтлан шалгах” гэж заасан байдаг. Манай байгууллагын зээлийн гэрээ болон барьцааны гэрээг анх Хөвсгөл аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлд бүртгүүлэхэд ямар нэгэн гуравдагч этгээдтэй холбоотой захиалгын гэрээ болон бусад урьдчилсан тэмдэглэгээ хуульд заасны дагуу бүртгэгдээгүй байснаар №БГ*** тоот барьцааны гэрээг Улсын бүртгэлийн газар барьцаанд бүртгэсэн. Тус барьцааны гэрээ бүртгэгдсэнээр зээл олгогдсон. Энэхүү зээл олгогдохоос өмнө *** дүгээр байр ямар ч санхүүжүүлэлтгүй барилгын явц зогсонги байдалд байсан бөгөөд манай байгууллагын санхүүжүүлсэн хөрөнгөөр хүн амьдрах хэмжээнд хүрч нэхэмжлэгч ч мөн одоо уг байрны *** тоотод амьдарч байна.
11.2.Захиалагч Д.Ч- нь хариуцагч бүртгэгч нарын тайлбарласны дагуу батлагдсан маягтаар мэдүүлэг гаргаж, улсын тэмдэгтийн хураамж төлж албан ёсоор урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн бол өнөөдрийн ийм нөхцөл байдалд хүрэхгүй бөгөөд манай байгууллага ч зээл олгохгүй байх байсан. Нэхэмжлэгч Д.Ч- нь өөрийн эрх, үүргээ хэрэгжүүлж Улсын эрх бүхий байгууллагад үүрэг ногдуулсан хэлцэл болон тусгай, урьдчилсан тэмдэглэгээ хуульд заасны дагуу бүртгүүлээгүй байсныг шүүх авч хэлэлцэхгүй зөвхөн нэг талыг баримтлан 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №БГ*** дугаар барьцааны гэрээг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Д.Ч-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
11.3.Хэрэв анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болбол зээлдүүлэгч барьцаагаар үүргийн гүйцэтгэл хангуулах боломжгүй болох тул Иргэний хуулийн 498.2-т зааснаар “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл (эс үйлдэхүй)-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж заасны дагуу манай байгууллагын улсын бүртгэлийн бүртгэлд үндэслэн зээл олгосон зээлийн төлбөрийг “Улсын бүртгэлийн газар”-аас нэхэмжлэх үр дагавартай байна.
ХЯНАВАЛ:
13.Шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгов.
14.“Шг” ХХК, “А- ББСБ” ХХК-ийн хооронд 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр зээл, барьцааны гэрээ байгуулан 385,000,000 төгрөгийг зээлэх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг “Шг” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-*** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө буюу Хөвсгөл аймгийн *** дугаар багт байрлах, 2121.12 м.кв талбай бүхий *** дүгээр орон сууцны барилгаар хангуулахаар харилцан тохиролцсон, барьцааны гэрээг 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлснийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар Д.Ч-аас нэхэмжлэл гаргажээ.
15.Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэг талаас Хөвсгөл аймаг дахь *** дугаар нээлттэй хорих анги (захиалагч), нөгөө талаас барилгын ажлын үндсэн хөрөнгө оруулагч, ерөнхий гүйцэтгэгч “Шг” ХХК харилцан тохиролцож, хорих ангийн эзэмшлийн газар дээр алба хаагчдын *** айлын орон сууцны барилгыг барьж, хүлээлгэн өгөх нөхцөлтэй “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан, улмаар нэхэмжлэгч Д.Ч- нь “Шг” ХХК (гүйцэтгэгч тал)-тай “Орон сууц захиалгын гэрээ” байгуулж, *** тоотын 72.35 м.кв талбайтай орон сууцыг захиалсан. Тухайн захиалсан орон сууц хамаарах барилга болох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дугаар баг, *** дүгээр байр, 2121.12 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 75 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр “Шг” ХХК 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бүртгэгдсэн бөгөөд уг барилга нь гуравдагч этгээд “А- ББСБ” ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан барьцааны гэрээний зүйл болжээ.
16.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, шүүхэд гаргасан тайлбараас үзвэл, “Шг” ХХК нь Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай байгуулсан “Барилгын ажил гүйцэтгэх” гэрээний үүргээ зөрчиж, захиалагч иргэдийн зөвшөөрөлгүйгээр “А- ББСБ” ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, улсын бүртгэлийн байгууллага хууль зөрчин барьцааны гэрээг бүртгэсэн нь (миний) “Орон сууц захиалгын гэрээ”-гээр захиалсан орон сууцыг өмчлөх эрхийг зөрчсөн” гэх агуулгаар зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо тодорхойлжээ.
17.Иргэний хуульд зааснаар барьцаа нь үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхийг илэрхийлдэг бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан тохиолдолд түүнийг хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлэхийг шаарддаг, улсын бүртгэлийн байгууллага барьцааны гэрээ байгуулагдсан тохиолдолд тухайн үл хөдлөх эд хөрөнгөд барьцааны эрх үүссэнийг бүртгэдэг.
18.Үүнтэй холбоотойгоор захиргааны хэргийн шүүх зөвхөн улсын бүртгэлийн үйл ажиллагааг зохицуулсан нийтийн эрх зүйн хууль тогтоомжийн хүрээнд улсын бүртгэлийн байгууллага буруутай үйл ажиллагаа явуулсан эсэхийг хянана.
19.Харин иргэний хэргийн шүүх өмчийн болон гэрээний эрх зүйн харилцаанаас үүсэх маргааныг, тухайлбал Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, “Шг” ХХК, Д.Ч- нарын хооронд байгуулагдсан “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”, “Орон сууц захиалгын гэрээ”-ний үүргийн гүйцэтгэл буюу гэрээний үүргээ зөрчсөнөөс үүсэх үр дагавар, гэрээний хүчин төгөлдөр байдал, улмаар өмчлөх эрхийн асуудал зэргийг харьяалан шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, ийм агуулга, үндэслэлээр захиргааны хэргийн шүүх улсын бүртгэлийн үйл ажиллагааг хянах боломжгүй.
20.Энэ тохиолдолд иргэн Д.Ч-ын нэхэмжлэлийн үндэслэлийн агуулга нь гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарч байна. Тодруулбал, нэхэмжлэгчээс гуравдагч этгээд “Шг” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, “А- ББСБ”-ын барьцаанд буй үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний бүртгэлийг хүчингүй болгуулахаар маргасан, ийнхүү маргаж буй үндэслэлээ талуудын хооронд байгуулсан орон сууц захиалах гэрээний дагуу маргаан бүхий орон сууцны “өмчлөгч” гэж үзэж байна. Гэвч захиргааны хэргийн шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийн хэрэгжилтэд дүгнэлт өгөх, нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгчөөр тогтоох, уг үндэслэлээр маргаан бүхий бүртгэлийг хүчингүй болгох эрх хэмжээгүй. Нөгөөтээгүүр, захиргааны журмаар барьцааны гэрээний бүртгэл хүчингүй болсноор нэхэмжлэгчид маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрх шууд үүсэхгүй юм.
21.Иймд нэхэмжлэгч нь эхэлж иргэний хэргийн шүүхэд хандаж гэрээний болон өмчийн эрхийн маргаанаа шийдвэрлүүлэх нь зүйтэй бөгөөд энэ тохиолдолд иргэний хэргийн шүүх холбогдох улсын бүртгэлийн маргааныг хамтатган шийдвэрлэх боломжтой. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2024 оны “Иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлах тухай” 25 дугаар тогтоолд энэ талаар тодорхой тайлбарлажээ.
22.Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх “...Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т зааснаар барьж дуусаагүй барилгад урьдчилсан тэмдэглэл хийлгээгүй гэдэг нь хариуцагчийн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасныг зөрчсөн үйлдлийг зөвтгөхгүй ... “Шг” ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 75 хувийн гүйцэтгэлээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхдээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.8-д заасны дагуу захиалагчийн нэрсийн жагсаалтыг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст өгсөн тул захиалагч урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн эсэхээс үл хамаарч улсын бүртгэлийн байгууллага Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэрээг мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах учиртай, 2121.12 м.кв талбай бүхий Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дугаар баг, *** дүгээр байрыг бүхэлд нь барьцаалсан 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн нэг бүртгэлтэй, Д.Ч-ын захиалсан 72.35 м.кв талбайтай байрыг салгаж бүртгээгүй тул барьцааны бүртгэлийг бүхэлд нь хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн хуульд заасан эрх сэргэнэ” гэх агуулгатай дүгнэлт хийж маргааныг хянан шийдвэрлэсэн нь хэргийн харьяалал зөрчсөн, энэ нь Улсын дээд шүүхийн дээрх тайлбараас зөрүүтэй тайлбарлаж хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэл болно.
23.Иймд энэ талаар гаргасан гуравдагч этгээд “Шг” ХХК-ийн төлөөлөгчийн гомдлыг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр Д.Ч-ын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 126/ШШ2025/0009 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2025/0521 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ч-аас Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан ““Шг” ХХК, “А- ББСБ” ХХК-ийн хооронд байгуулсан 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №БГ*** дугаар барьцааны гэрээг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээд нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
М.БАТСУУРЬ
Д.БАТБААТАР