Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 14

 

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Эрдэнэтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “ А ” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн иргэн Мэргэн овогт Чимэдцэеэгийн Янжмаагийн нэхэмжлэлтэй;

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн засаг дарга Занын Энхтөрд холбогдох;

 

“Сүхбаатар аймгийн засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 25-ны А/74 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Янжмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Одхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Янжмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Нэхэмжлэлээ дэмжиж байна. Баруун-Урт сумын Дөрвөлж толгойн зүүн хойд талд худалдаа үйлчилгээний зориулалтаар аймгийн засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/74 дугаартай захирамжаар 4472 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшихээр авсан боловч би гадаад гарах ажилтай мөн эдийн засаг санхүүгийн боломжгүйгээс дэлгүүр болон үйлчилгээний төв барьж чадахгүй болсон, мөн 2016, 2017 оны газрын төлбөрийг төлж чадаагүй болохоор 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/74 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар засаг дарга З.Энхтөрд 2017 оны 03 дугаар сарын 27, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр дахин өргөдөл өгсөн, мөн газрын албанд 2017 оны 05 дугаар сарын 04–ний өдөр газар эзэмших гэрээ цуцлах өргөдөл өгсөн боловч шийдвэрлэж өгөхгүй байна.

  Иймд Сүхбаатар аймгийн засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/74 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Сүхбаатар аймгийн засаг дарга З.Энхтөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 

Тус аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт оршин суух Чимэдцэеэ овогтой Янжмаагийн аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/74 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 17-04-019/81 дугаартай дүгнэлтээр аймгийн засаг даргаар ажиллаж байсан Ж.Батсуурь болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байсан Ч.Ганзориг нар нь иргэн Ч.Янжмаад худалдаа үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх захирамж гаргахдаа Монгол улсын Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх “ энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана ” , мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ ” гэсэн заалтуудыг зөрчсөн болох нь тогтоогдсон байна.

Дээрхи илэрсэн зөрчил нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл тул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1/222 дугаартай албан бичгээр уг асуудлыг шалгаж шийдвэрлүүлэхээр Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн байна.

 

Энэхүү албан бичгийг үндэслэн Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/74 дүгээр захирамжаар Ч.Янжмаад 4472 м2 талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа болно.

Иргэн Ч.Янжмаад газар эзэмшүүлэхээр тогтоосон шийдвэр нь хууль бус, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа Ч.Янжмаагийн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байсан тул энэ талаар хариу өгсөн.

Газар эзэмшүүлсэн шийдвэр нь маргаантай, хуулийн байгууллагаар эцэслэн шийдвэрлээгүй байгаа үед шүүхээр шийдвэрлэх ч боломжгүй юм.

Иймд Ч.Янжмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Одхүү шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүний шалтгаан нь аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/74 тоот захирамжаар иргэн Ч.Янжмаад 4472 м2 талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр олгосон. Энэ шийдвэрийг гаргахын тулд сонгон шалгаруулалт, тодорхой хэмжээний үндэслэл бүхий баримт бичгийг харгалзан үзэх ёстой байсан. Гэтэл аймгийн Засаг даргын гаргасан шийдвэр нь Захиргааны хэргээс даваад эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх ямар ч боломж байхгүй. Нэхэмжлэгчээс өмнө өгсөн 2 удаагийн өргөдлийг яагаад шийдэхгүй байгаагаа хариуцагч тайлбар мэдүүлэгтээ тодорхой тайлбарлаж өгсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Сүхбаатар аймгийн засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/74 дугаар захирамжаар  Ч.Янжмаад 4472 м2 талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэр гарч, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 000457967 дугаартай гэрээ байгуулж, 000457967 дугаартай  гэрчилгээ олгосон байдаг.

 

Нэхэмжлэгч Ч.Янжмаа нэхэмжлэлийн шаардлагаа “дээрх захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэхээс татгалзсан Сүхбаатар аймгийн засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрхи газрыг хүчингүй болгохыг даалгасан шийдвэр гаргуулах” гэж тодорхойлсон.

 

Тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “ Сүхбаатар аймгийн засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/74 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” гэж өөрчилсөн.

 

Нэхэмжлэгч энэхүү захиргааны актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ эдийн засаг санхүүгийн боломжгүйгээс дэлгүүр болон үйлчилгээний төв барьж чадахгүй болсон, 2016, 2017 оны газрын төлбөрөө төлж чадаагүй, мөн миний бие гадаад гарах ажилтай болсон гэж тайлбарласан.

Хариуцагч тал аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 17-04-019/81 дугаартай дүгнэлтээр Ч.Янжмаад газар олгосон захирамж нь Газрын тухай хууль  зөрчсөн болох нь тогтоогдсон, уг зөрчил нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл тул эрүүгийн журмаар шалгагдаж байгаа, захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу тайлбар гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Ч.Янжмаа нь Сүхбаатар аймгийн Засаг даргад 2017 оны 03 дугаар сарын 27, 04 дүгээр сарын 14-ний өдөр захирамж хүчингүй болгуулахыг хүссэн өргөдөл, Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр газар эзэмших гэрээ цуцлах тухай өргөдөл гаргасан  болох нь хавтаст хэргийн 21, 22, 23, 24, 25 дугаар хуудсанд байгаа баримтуудаар нотлогдож байгаа.

 

Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3 дахь хэсэгт  “захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй ”  бол эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгохоор заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь дээрх газрыг эзэмших эрх үүссэнээс хойш тухайн газар дээр барилга, байгууламж барих, хашаа татах зэргээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөрөө төлөөгүй байх тул түүнийг захиргааны актаар олгосон эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

 

Нөгөө талаас Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3 дахь хэсэгт эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргаснаар газар эзэмших эрх нь дуусгавар болдог хуулийн зохицуулалттай байх тул Ч.Янжмаагийн газар эзэмших эрх нь дуусгавар болжээ.

 

Иймд Сүхбаатар аймгийн Засаг даргын “ Ч.Янжмаад газар эзэмшүүлэх тухай ” 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/74 дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэл бүхий байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Засаг даргын “ Ч.Янжмаад газар эзэмшүүлэх тухай ”2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/74 дугаартай захирамжийг хүчингүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч аймгийн Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 –т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

 

Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш нэхэмжлэгч, хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Х.ЭРДЭНЭТУЯА