Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 03

 

                                 
                              
Ц.Түвшинбаярын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн талаар
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга,
хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд  Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч М.Энхмандах даргалж шийдвэрлэсэн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 113 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхөөгийн давж заалдах гомдлоор Ц.Түвшинбаярын нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай иргэний хэргийг 2016 оны 06 сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Ц.Түвшинбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015 оны 07 сарын 31-нд МСҮТ-тэй хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулж, МСҮТ-ийн Захирлын 2015 оны 07 сарын 31-ний өдрийн Б/48 тоот тушаалаар дотуур байрны багшийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан ба дотуур байрны багшийн нэг орон тоо хасагдаж байгаа гэдэг үндэслэлээр 2016 оны 01 сарын 20-нд мэдэгдэх хуудас надад өгсөн бөгөөд Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 02 сарын 25-ны өдрийн Б/26 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Хоёр байрны багшаас сонгон шалгаруулалт авалгүй шууд намайг ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхөө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Түвшинбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Улсын Дээд Шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 тоот тогтоолоор орон тоо хасагдсан гэдгийг тайлбарласан. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/26 тоот тушаалаар Ц.Түвшинбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, Ц.Түвшинбаярыг дотуур байрны багшийн ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/16 тоот тушаалыг үндэслэж ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/16 тоот тушаал нь хүчингүй болчихсон байсан. Хөдөлмөрийн сайдын тушаалаар дотуур байрны багшийн орон тоо 1 болсон гэдгийг ойлгож байгаа. Харин адилхан 2 багш ажиллаж байхад сонгон шалгаруулалт авалгүй үндэслэлгүйгээр шууд Ц.Түвшинбаярыг ажлаас халсан. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Г.Батбаяр нь орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Хэт нэг талыг баримталж Ц.Түвшинбаярыг ажлаас чөлөөлсөн. Ц.Түвшинбаярын цалинтай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь ажилтанг ажлаас халах эрхгүй. Ц.Түвшинбаярт нэг сарын цалинтай тэмцэх хэмжээний тэтгэмж олгосон. Хоёр байрны багшаас сонгон шалгаруулалт авалгүй шууд ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/26 тоот тушаалыг хүчингүй болгож, Ц.Түвшинбаярыг дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 2 сарын цалин 900000 төгрөгийг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дарга Г.Батбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.Түвшинбаяр нь суралцагчдыг сурган хүмүүжүүлэх, зан харилцаа, ёс суртахууны өндөр төлөвшил олгох ажилд орсон бөгөөд удирдах албан тушаалтныг ажилд авах сургуулийн сонгон шалгаруулалтын журмыг зөрчин шууд ажилд томилогдон орсон байдаг. Энэ нь боловсон хүчний мэдлэг, ур чадвар, ёс суртахуун, удирдах арга барилын эрсдэл үүсгэсэн гэж үзэж байна. 2016 оны 01 сарын 20-ны өдрийн А/16, 2016 оны 02 сарын 04-ний өдрийн А/30 дугаартай бүтэц орон тоог шинэчлэх Хөдөлмөрийн сайдын тушаал гарч байрны багшийн орон тоо 1 болсон. Ц.Түвшинбаяр нь ажиллаж байх хугацаандаа сургуулийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.3.7-ийн 3 болон 10 дахь заалтыг тус тус зөрчин арга хэмжээ авагдаж байсан. Байрны багш Д.Болор-Эрдэнэ нь 2013 оны 09 сараас одоог хүртэл байрны багшийн албан тушаалыг хариуцлагатай хашин дотуур байрны бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд хувь нэмрээ бүтээлчээр оруулж буй санаачлагатай, сургууль хамт олон ялангуяа дотуур байрныхаа суралцагчдын итгэл хайрыг хүлээсэн багш бөгөөд ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй, тэргүүний багш юм. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т заасан заалтыг үндэслэн төсвийн шууд захирагчийн хувьд Ц.Түвшинбаярыг байрны багш байх ямар ч ёс суртахууны болоод эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж буй учраас сонгон шалгаруулалт явуулах шаардлагагүй гэж үзсэн. Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь ажилтанг ажлаас халах эрхгүй гэж тайлбарлаж байна. Энэ тийм асуудал байхгүй. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийг зааж өгсөн. Мөн Засгийн газрын 2004 оны 111 дүгээр тогтоолын 9 дэх хэсэгт орлон гүйцэтгэгчийн эрх үүргийг зааж өгсөн. Түр орлон гүйцэтгэгчид ажилтанг ажлаас чөлөөлөх эрх нь байгаа. Энэ эрхийн хүрээнд би Ц.Түвшинбаярыг ажлаас чөлөөлсөн. Ц.Түвшинбаяр нь ажлын байранд архи ууж, хэрүүл маргаан хийсэн тул 2016 оны 01 сарын 04-ний өдөр захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж 2016 оны 01 сарын 05-ны өдөр 2 сарын цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Уг нь хөдөлмөрийн дотоод журмаар ажлын байранд архи уусан бол ноцтой зөрчилд тооцоод шууд ажлаас халах ёстой. Тэр үед нь Ц.Түвшинбаярын ар гэрийг бодоод ажлаас халаагүй. Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.6 дахь заалтыг үндэслэж Хөдөлмөрийн сайд манай байгууллагын бүтэц орон тоог баталсан. Хөдөлмөрийн сайдын 2016 оны 01 сарын 20-ны өдрийн А/16, 2016 оны 02 сарын 04-ний өдрийн А/30 тоот тушаал нь бүтэц орон тоог шинэчлэн тогтоосон нэг тушаал байгаа. 2016 оны 02 сарын 04-ний өдрийн А/30 тоот тушаалаар цалингийн шатлалыг зааж өгсөн. Энэ хоёр тушаалаар дотуур байрны багшийн орон тоог нэг орон тоотойгоор баталж өгсөн. Ц.Түвшинбаярыг ажлаас чөлөөлөхөөс нэг сарын өмнө мэдэгдэл өгсөн. Ц.Түвшинбаярыг ажлаас чөлөөлөхдөө нэг сарын цалинтай тэмцэх хэмжээний тэтгэмж олгосон. Манай байгууллагад дотуур байрны багшийн 2 орон тоо байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
    Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 05 сарын 06-ны өдрийн 113 дугаартай шийдвэрээр:
    Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/26 тоот тушаалыг хүчингүй болгуулах, дотуур байрны багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Түвшинбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.
     Шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхөө нь давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Ц.Түвшинбаярыг итгэмжлэлээр төлөөлж иргэн С.Мөнхөө би, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 113 тоот шийдвэрт давж заалдах гомдол гаргаж байна.
       Анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар “орон тоо хасагдсан” гэдэг нь тухайн байгууллагын бүтцээс хамаарч, эрх бүхий байгууллагын шийдвэрээр тодорхой ажил, албан тушаал байхгүй болохыг ойлгоно гэж заасан ч энэ нь Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв нь дотуур байрны багшийн 2 орон тоотой байснаас хөдөлмөрийн сайдын тушаалаар нэг орон тоог хассан ч 2 багшаас сонгон шалгаруулалт болон ур чадвар мэргэжлийн шалгалт зэрэг сонгох боломжийг ашиглаагүй нь хэт нэг талыг барьсан байна.
         Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь өөр ажлын байр буюу “жижүүрийн” 4 орон тоо байхад тухайн үед Ц.Түвшинбаяр нь жижүүрийн ажилд орох хүсэлтээ хэлэхэд шилжүүлэн ажиллуулахаас татгалзаж шууд халсан нь түүнийг ялгаварласан гэж үзэж байна.
       Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/16 тоот тушаалыг үндэслэн халсан байдаг. Гэтэл уг тушаалыг Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/30 тушаалаар хүчингүй болгосон ба хөдөлмөрийн сайдын А/16 тоот тушаал нь Ц.Түвшинбаярыг ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс 21 хоногийн өмнө хүчингүй болсон тушаал юм. Уг тушаалыг анхан шатны шүүх, “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дүрэм, бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” тушаал нь Монгол улсын хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/30 тоот тушаалууд нь агуулгын хувьд нэг гэж байгаа боловч он, сар, өдөр зөрсөн хүчингүй тушаалаар ажлаас халсан нь хууль зөрчин халсан гэж үзэж байна.
      Иймд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 113 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байна.
    Шүүх маргааныг шийдвэрлэхдээ “Ц.Түвшинбаярыг ажлаас чөлөөлөх тухай” 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Хэнтий аймгийн Бор-Өндөр суман дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын Б/26 тоот тушаал, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтуудыг хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулан үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
    Ц.Түвшинбаярыг Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн дотуур байрны багшийн үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаалыг нэхэмжлэгч зөвшөөрөхгүй маргаж байгаа боловч уг тушаалд заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн  40.1.1-т “...орон тоо хасагдсан”.  нь Хөдөлмөрийн сайдын 2016 оны 01 сарын 20 ны өдрийн А/16 тоот тушаалаар Хэнтий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны багшийн орон тоог 1 болгосон, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/30 тоот тушаалаар тус байгууллагын бүтэц орон тоо болон цалингийн шатлалыг шинэчлэн тогтоосон бөгөөд дотуур байрны багшийн орон тоог нэгээр, цалингийн шатлалыг ахиулан тогтоосон нь хэрэгт авагдсан баримтаар  нотлогдсон, ажлаас чөлөөлөх үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байна.
    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхөөгийн   “дотуур байрны 2 багшаас нэгийг нь сонгож ажлаас чөлөөлөхдөө сонгон шалгаруулалт болон ур чадварын шалгалт зэргийг аваагүй” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй. Учир нь тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ зэрэгт сонгон шалгаруулалт явуулах талаар зохицуулалт байхгүй тул ажил олгогчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
    Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхөөгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ний өдрийн 113 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Түвшинбаяр нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4 дэх хэсэгт заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.