Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2020/0218

 

  “Мд” ХЗХ-ын гомдолтой захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагчийн төлөөлөгч Д.Д, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагч Б.Д, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 127 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Мд” ХЗХ-ын гомдолтой, Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч улсын байцаагч Б.Д-д холбогдох захиргааны хэргийг г шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 127 дугаар шийдвэрээр: Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 18 дугаар зүйлийн 18.1.2, Зөрчлийн тухай хуулийн 11.9 дүгээр зүйлийн 3.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус баримтлан “Мд” ХЗХ-оос , Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч улсын байцаагч Б.Дүүриймаад холбогдуулан гаргасан “Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч, улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0055514 тоот шийтгэлийг хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн төлөөлөгч Д.Д давж заалдах гомдолдоо: “ ... Анхан шатны шүүх нь шийтгэл ногдуулах субьектээ сонгосон хэлбэрийг тогтоогоогүй шийтгэлийн хуудсанд улсын байцаагчийг нотлох тамга тэмдгээ дараагүй, бүрэн бус баримтыг үндэслэж зөв гэж дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна.

Улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0055514 дүгээр шийтгэлийн хуудсанд зөрчил гаргагч субьектыг буруу тодорхойлсон, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлсний дагуу манай хоршоонд байгаа хадгаламж эзэмшигчдийн хадгаламж ил тод болсон тул хуулийг буцаан хэрэглэсэн, нэг зөрчилд 2 шийтгэлийн хуудас үйлдсэн болно.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 127 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу “Мд” ХЗХ-ны давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад өөрчлөх үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхилоо.

Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 526 дугаар тушаалаар батлагдсан хяналт шалгалтын удирдамжийн дагуу тус хорооны улсын байцаагч Б.Днь “Мд” ХЗХ-ны үйл ажиллагааны 2017.01.01-ний өдрөөс 2018.09.26-ны өдөр хүртэлх хугацаанд хороонд ирүүлсэн мэдээлэл, санхүүгийн тайлан, холбогдох баримт бичиг, шийдвэр зэрэгт тулгуурлан хяналт шалгалт хийж, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 0055514 дүгээр шийтгэлийн хуудсаар Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 18 дугаар зүйлийн 18.1.2-т заасныг зөрчиж гишүүн бус этгээдээс хадгаламж татсан зөрчлийг тогтоож, Зөрчлийн тухай хуулийн 11.9 дүгээр зүйлийн 3.3-д заасныг үндэслэн “Мд” ХЗХ-д 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “... хадгаламж, зээлийн хоршоо нь бичгээр байгуулсан гэрээний үндсэн дээр зөвхөн гишүүдийнхээ мөнгөн хөрөнгийг хадгалж болох”-оор, 18 дугаар зүйлийн 18.1.2-т “гишүүн бус этгээдэд зээл олгох, мөнгөн хадгаламж татах үйл ажиллагаа явуулахыг хориглох”-оор тус тус заасан байна.

“Мд” ХЗХ нь гишүүн бус этгээдүүдийн мөнгөн хөрөнгийг хадгалж, зөвхөн гишүүдийнхээ мөнгөн хөрөнгийг хадгалах журмыг зөрчин дээрх хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан зөрчлөө үгүйсгээгүй, харин “... Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулиар илрүүлсэн байхад арга хэмжээ авсан, мөн шийтгэлийн 2 сая төгрөгөө төлсөн байхад давхардуулан хариуцлага ногдуулсан” гэж маргажээ.

Тус хоршооны хугацаатай 30 хадгаламж эзэмшигчийн 14, хугацаагүй 228 хадгаламж эзэмшигчийн 182 буюу нийт 196 хадгаламж эзэмшигч нь хоршооны гишүүн биш, гишүүнээр бүртгэлгүй болох нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон бөгөөд 055514 дүгээр шийтгэлийн хуудсаар 5 сая төгрөгөөр торгосон нь 055510 дугаар шийтгэлийн хуудсаар 2 сая төгрөгөөр торгосон зөрчилтэй хамааралгүй байна.

Хариуцагчийн 2018 оны 0055510 дугаар шийтгэлийн хуудсаар тус Хоршооны Тэргүүлэгчдийн зөвлөл нь нийт 182 гишүүнийг хасах шийдвэр гаргахдаа Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т заасныг зөрчсөн зөрчилд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг үндэслэн 2,000,000 төгрөгөөр шийтгэл оногдуулсан байх тул “шийтгэл давхардсан” гэх гомдол үндэслэлгүй.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь ..., хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заажээ.

Үүнээс үзвэл уг хуулийн зорилго нь татвар ногдох зүйлийг нуусан бол түүнийг илрүүлэх, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй бол ил тодоор тайлагнаж, түүнд холбогдох татвар, хариуцлагаас нэг удаа өршөөхөөр зохицуулсан бөгөөд энэ нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуульд заасан хориглох үйл ажиллагааг илрүүлэх, түүний хариуцлагаас өршөөх зорилгогүй, энэ харилцаанд уг хууль үйлчлэхгүй тул энэ талаарх гомдлыг хангах боломжгүй.

Мөн давж заалдах гомдолд “хоршооны өдөр тутмын үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа гүйцэтгэх захиралд шийтгэл оногдуулахаар байхад субьектээ буруу тодорхойлсон” гэх боловч тус хоршооны захирал Д.Д нь иргэнийхээ хувьд гишүүн бус этгээдүүдийн мөнгөн хадгаламжийг хадгалаагүй тул Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан нь зөв байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.