| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2019/0193/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/193 |
| Огноо | 2019-08-26 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 2019/ШЦТ/193
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхбаяраар хөтлүүлж
Улсын яллагч: Э.Билгүүн
Шүүгдэгч: Ц.М нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Товгийн Ц.М холбогдох 1912......... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Т овгийн Ц.М /РД:
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ц.М нь 2019 оны 04 дүгээр сарын 15-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Цагаан хаалганы зүүн талын хатуу хучилттай хот хоорондын төв зам дээр 80-12 АРХ улсын дугаартай аксент маркийн автомашиныг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар зорчигч Ц.М эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Ц.Мгийн өгсөн: ...2019 оны 04 дүгээр сарын 15-ны орой 17 цагийн орчим Архангай аймгийн Өгийнуур сумаас ямаагаа самначихаад М хамт аймгийн төв рүү орох гээд цагаан хаалганы хажууд явж байгаад би дуг хийж байгаад гэнэт цочоод, орилоод сэрсэн чинь М сандарсандаа огцом тоормоз гишгэж улмаар зам тээврийн осолд орсон юм. Тухайн үед 50-60 км цагийн хурдтай явж байсан байх, сайн мэдэхгүй байна. М бид хоёр явсан. Өөр хүмүүс зорчиж яваагүй. М архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би яг юунаас болж уг зам тээврийн осол гарсан талаар мэдэхгүй байна. Би тухайн үед хэсэг дуг хийсэн явж байгаад цочиж, орилж сэрсэний улмаас жолооч маань надаас цочисноос болж сандраад уг зам тээврийн ослыг гаргасан байх гэж бодож байна. М жирийн үедээ өөрөө их сандруу цочимтгой хүн. Тэгээд намайг цочиж орилсноос болсон байх. 80-12 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай өөрийн эзэмшлийн автомашин бөгөөд манай нөхрийн нэр дээр байдаг. Манай нөхөр Г эрүүл мэндийн улмаас машин барьж чаддаггүй болохоор би тухайн өдөр Мыг дуудаж Архангай аймгийн Өгийнуур суманд байдаг мал дээрээ очиж ямаагаа самнах гээд явсан юм. Ослын улмаас миний зүүн хөлийн дунд чөмөг хугарсан. Өөр ямар нэгэн гэмтэл бэртэл үүсээгүй. Бид хоёр хоёулаа хамгаалах бүс зүүж явсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Яагаад гэвэл миний эмчилгээний зардал мөнгө төгрөгийг бүгдийг нь төлж барагдуулсан. Мөн уг зам тээврийн осол надаас болж гарсан гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/
Хохирогч Ц.Мгийн дахин өгсөн:...надад нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй. Би хохирол төлбөрөө бүрэн гүйцэд авсан. Дандаа бэлэн мөнгөөр нь 2.500.000 төгрөг авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Яагаад гэвэл хохирол төлбөрөө бүрэн гүйцэд авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/
Иргэний нэхэмжлэгч Н.Гийн өгсөн:...би болсон асуудлын талаар сайн мэдэхгүй байна. Тухайн үед би гэртээ байсан. Тэгсэн оройн манай эхнэр М, худ М нарыг зам тээврийн осолд орсон гэж дуулсан. Тухайн Мын унаж явсан 80-12 АРХ улсын дугаартай автомашин миний эзэмшлийн автомашин байгаа юм. Манай эхнэр М-тай хамт Архангай аймгийн Өгийнуур сум орж ямаа самнах гэж явсан. Миний эзэмшлийн автомашины урд шил хагарсан, урд хойд купер салж унасан, зөв талын хойд дугуй салж унасан, урд их гэрэл хагарсан. Өөр эвдрэл гэмтэлгүй байсан. Би автомашины эвдэрлийн үнэлгээг гаргуулахгүй. Яагаад гэвэл М засаж янзалж өгсөн болохоор надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/
Ц.Мын яллагдагчаар өгсөн:..миний үйлдэл тохирч байна, би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа учир миний хэргийг хурдан түргэн шуурхай шийдэж өгнө үү. Би хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэт гүйцэт барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 61-64 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 180 дугаартай дүгнэлт.
1. Ц.Мын биед гэмтэл учирчээ. Ц.Мын биед тархи доргилт, баруун гарын бугалагны дотор доод хэсэг, тохойны дотор тал шууны дотор дээд хэсгээр зөөлөн эдэд няцралт, цус хуралт гэмтэл учирчээ.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, 1-2 удаагийн үйлчлэлээр үүснэ.
3. Баруун гарын бугалагны дотор доод хэсэг, тохойны дотор тал шууны дотор дээд хэсгээр
зөөлөн эдэд няцралт цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн гэмтэлд хамаарна.
4. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй.
5. Уг гэмтэл нь тухайн хэрэг болох үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...гэх
дүгнэлт /хх-ийн 31 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 181 дугаартай дүгнэлт.
1. Ц.Мгийн биед гэмтэл учирчээ. Ц.Мгийн биед тархи доргилт,
баруун хөлийн дунд чөмөгний дунд 1/3 хэсгийн далд зөрүүтэй хугарал гэмтэл учирчээ.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, 1-2 удаагийн үйлчлэлээр үүснэ.
3. Баруун хөлийн дунд чөмөгний дунд 1/3 хэсгийн далд зөрүүтэй хугарал гэмтэл нь Шүүх
эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэлд, тархи доргилт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн гэмтэлд хамаарна.
4. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15-30% тогтонги байдлаар алдагдуулах ба эдгэрэлт
эмчилгээний үр дүнгээс хамааран эргэн сэргэх боломжтой.
5. Уг гэмтэл нь тухайн хэрэг болох үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
6. 3-р шатлалын эмнэлэгт онош тодруулсан материал ирвэл дүгнэлтээ нэмэлтээр
гаргана...гэх дүгнэлт /хх-ийн 35 хуу/
Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаартай дүгнэлт
1. Аксент маркийн 80-12 АРХ улсын дугаартай автомашины жолооч Ц.М нь
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Тухайн замын нөхцөл байдал осол гарахад нөлөөлөхгүй байна.
3. Уг зам тээврийн осол нь жолооч Ц.Мын замын хөдөлгөөний дүрмийн
заалтыг зөрчсөн буруутай үйлдлээс болж гарсан байна гэж үзэв.
4. Жолооч Ц.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В” ангиллын
144845 дугаарын үнэмлэхтэй, үнэмлэх хүчинтэй байна. /Жолоочийн лавлагааг хавсаргав/.
5. Аксент маркийн 80-12 АРХ улсын дугаартай автомашины жолооч Ц.М нь
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...гэх дүгнэлт /хх-ийн 50 хуу/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 8-11 хуу, 12-13 хуу/
Ослын газрын схем зураг /хх-ийн 14 хуу/
Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 15 хуу/
Хохирогч Ц.Мгийн эрүүл мэнд болон эмчилгээ хийлгэж эмнэлэгт үзүүлсэнтэй холбоотой баримтууд /хх-ийн 36-45 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 65 хуу/
144845 дугаарын жолоочийн үнэмлэхний хуулбар, 80-12 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 66 хуу/
Ц.Мын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 67 хуу/
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 69 хуу/
Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 72-74 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Мд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар 2019 оны 04 дүгээр сарын 15-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Цагаан хаалганы зүүн талын хатуу хучилттай хот хоорондын төв зам дээр шүүгдэгч Ц.М нь 80-12 АРХ улсын дугаартай аксент маркийн автомашиныг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Ц.Мгийн эрүүл мэндэд тархи доргилт, баруун хөлийн дунд чөмөгний дунд 1/3 хэсгийн далд зөрүүтэй хугарал гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Ц.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан болох нь Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаартай дүгнэлтээр, уг зам тээврийн ослын улмаас хохирогч Ц.Мгийн биед тархи доргилт, баруун хөлийн дунд чөмөгний дунд 1/3 хэсгийн далд зөрүүтэй хугарал гэмтэл учирсан болох нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 181 дугаартай дүгнэлт зэргээр тус тус тогтоогджээ.
Тухайн үед 80-12 АРХ улсын дугаартай аксент маркийн автомашиныг Ц.М жолоодож явсан нь шүүгдэгч Ц.М болон хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь энэ талаар маргаагүй байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно гэж заасан байх тул Ц.Мыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект буюу жолооч мөн гэж үзлээ.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ц.М үйлдсэн болох нь:
Хохирогч Ц.Мгийн өгсөн: ...2019 оны 04 дүгээр сарын 15-ны орой 17 цагийн орчим Архангай аймгийн Өгийнуур сумаас ямаагаа самначихаад Мын хамт аймгийн төв рүү орох гээд цагаан хаалганы хажууд явж байгаад би дуг хийж байгаад гэнэт цочоод, орилоод сэрсэн чинь М сандарсандаа огцом тоормоз гишгэж улмаар зам тээврийн осолд орсон юм...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/, Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаартай дүгнэлт, хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 181 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Ц.М нь 80-12 АРХ улсын дугаартай аксент маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Ц.Мгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Аймгийн Прокурорын газраас Ц.Мын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд Ц.Мын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Яллагдагч болон хохирогч нараас хялбаршуулан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч хүлээн зөвшөөрч /хх-ийн 78-79, хуу 80 хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Хохирогч Ц.М нь мэдүүлэг өгөхдөө болон хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт байхгүй” гэсэн, яллагдагчтай эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлт гаргасан /хх-ийн 22 хуу, 78 хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Ц.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8,9 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.овгийн Ц. Мыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М нь торгох ялын 450.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр 150.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ