Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2025/01381

 

 

 

2025 08 20 210/МА2025/01381

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/04842 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 614,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. *******, *******тай харилцан тохиролцон 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж, 250,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн.

******* нь гэрээ байгуулснаас хойш гэрээний үүргээ биелүүлэлгүй алга болсон.

Хариуцагч нь 2024 оны 09 дүгээр сард 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөгийг тус тус төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас 6,000,000 төгрөгийг хасаж, 614,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч *******ын хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Миний бие *******тай 2014 оноос ажил төрлийн холбоотой хамтарч ажиллаж байсан. 2022 оны 01 сарын 17-ны өдөр 250,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд намайг цохиж, маажиж, дарамталж хүчээр гарын үсэг зуруулсан учраас хүлээн зөвшөөрөхгүй. Уг зээлийн мөнгө орсон баримтыг *******аас гаргуулах хүсэлттэй байна. ******* нь өөрөө хууль зөрчиж, дарамт шахалтад оруулсан тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 459,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 155,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2,452,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

 

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 4.2-т заасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие анхнаасаа уг гэрээг *******ын дарамт шахалтад хийсэн, намайг хүчээр гарын үсэг зуруулсан. Мөн 87,700 ам.доллар буюу 250,000,000 төгрөгийг зээлж байгаа тохиолдолд их хэмжээний мөнгийг бэлнээр хүлээн авах ямар ч боломжгүй. Үнэхээр надад 87,700 ам.доллар хүлээлгэн өгсөн гэж байгаа тохиолдолд хэдэн ам.долларын дэвсгэрт хэдэн ширхгийг надад хүлээлгэн өгсөн гэх мэтчилэн мөнгө хүлээлгэн өгсөн, хүлээн авсан талаарх мөнгө хүлээлцсэн баримт үйлдэх ёстой байсан.

 

Миний бие дээрх нөхцөл байдлуудыг тодруулах үүднээс анх хариу тайлбар гаргахдаа ч мөнгө хүлээлгэн өгсөн баримтыг нэхэмжлэгч талаас гаргуулах хүсэлтийг гаргасан. Гэтэл энэхүү хүсэлтийг маань огт шийдвэрлээгүй атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шүүх хуралдааныг явуулж хууль зөрчсөн гэж үзэж байна.

 

4.2. Мөн шүүх хуралдаан зарлагдсан өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд ирсэн талаараа шүүгчийн туслахад мэдэгдсэн байхад түүнийг оролцуулалгүйгээр, мэтгэлцэх боломж олгохгүйгээр хэргийг нэхэмжлэгч талд ашигтай байдлаар шийдвэрлэсэн.

 

4.3. ******* нь нэхэмжлэл гаргахдаа алдангийн хэмжээ 50 хувьд хүрээгүй байхад санаатайгаар илүү нэхэмжилж, намайг зодож дарамталж, хүчээр хууль бусаар байгуулсан гэрээнд гарын үсэг зуруулсан, маргаантай байхад хариуцагч талыг мэтгэлцэх боломжоор хангах нь зүйтэй байсан.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасан. Гэрээнд 0.5 хувийн алданги төлөхөөр тусгасан хэдий ч их хэмжээний үндэслэлгүй зээлийн төлбөр нэхэмжилсэн, санаатайгаар алдангийн хэмжээг нэмэгдүүлсэн. Хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой өндөр хүүтэй, их хэмжээний алданги нэхэмжилсэн байхад Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгийн Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно. гэсэн заалтыг хэрэглэх боломжтой байсан гэж үзэж байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 250,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ... 2022 оны 01 сарын 17-ны өдрийн 250,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд нэхэмжлэгч нь намайг дарамталж хүчээр гарын үсэг зуруулсан, ... бодитоор мөнгө шилжүүлж аваагүй ... гэсэн агуулгаар тайлбарлан, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

 

4. *******, ******* нар 2022 оны 01 сарын 17-ны өдрийн 0029 дугаартай зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч ******* нь 250,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээлдэгч ******* нь сар бүр зээлийн хүүг төлж, гэрээний хугацаа дуусахад зээлийн мөнгийг бүрэн төлж барагдуулах нөхцөлийг харилцан тохиролцож, талууд гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлжээ. /хх5-6/

 

5. Хариуцагч тал дээрх гэрээг хүч хэрэглэн хийсэн хэлцэл, бодитоор мөнгөн хөрөнгийг шилжүүлж аваагүй гэх үндэслэл заан маргасан байна.

 

6. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдал, шаардах эрхийн талаар хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

6.1. Учир нь, дээрх гэрээг хүч хэрэглэж хийсэн хэлцэл гэх тайлбараа хариуцагч тал баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудыг хариуцагч тал өөр баримтаар үгүйсгэж, няцаагаагүй тул мөнгийг бодитоор шилжүүлэн аваагүй гэх хариуцагчийн тайлбарыг үнэн зөв гэж үзэх боломжгүй. Тодруулбал, гэрээний 3.4-т 2022 оны 01 сарын 17-ны өдөр зээлдэгчид бэлнээр хүлээлгэн өгсөн гэж тэмдэглэсэн байна. Мөн гэрээнд 87,700 /наян долоон мянга долоон зуун ам.долларыг хүлээж авлаа. Хүлээн авсан *******, хүлээлгэн өгсөн ******* гэж гар бичмэл үйлдэж, нэр тус бүрийн ард гарын үсэг зуржээ. /хх5-6/ Мөн ******* нь 2023 оны 05 сарын 03-ны өдөр *******аас зээлсэн 250,000,000 төгрөгийг 2023.09.01-ний дотор хувааж бартер оролцуулж төлнө гэсэн баталгаа гарган гарын үсгээ зурсан байна. /хх17/

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд ... ******* нь 250,000,000 төгрөг хүлээж аваагүй. Өмнө нь найз нөхдийн харилцаатай байсан учраас бид хоорондоо мөнгө өгч, авдаг байсан. Сүүлд зээлийн хүү тооцож авна гэхээр нь гэрээ байгуулсан. Огт мөнгө аваагүй биш тодорхой хэмжээнд өглөг, авлага байгаа. Харин 87,700 ам.долларыг, ам.доллароор тооцож авна, гарын үсэг зур гэхээр нь бид хоорондоо маргалдаж, муудалцсан гэж тайлбарлан, зургаа надад үзүүлсэн , хоорондоо хувийн харилцаатай байсан гэсэн агуулга бүхий тайлбар гаргасан. /хх65-66/

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэж заасан.

Иймээс талууд хүсэл зоригоо илэрхийлэн, харилцан тохиролцсон зээлийн гэрээ байгуулсан гэж үзэх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

 

6.2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* зээлийн гэрээний үүргээс 6,000,000 төгрөг төлж, үлдэх үүргээ гэрээгээр тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй гэх үндэслэл заан үндсэн зээл 250,000,000 төгрөг, хүү 60,000,000 төгрөг нэхэмжилж, ХААН банк ХК дахь өөрийн эзэмшлийн дансны хуулгыг нотлох баримтаар шүүхэд гарган өгчээ. /хх32/ Уг баримтыг хариуцагч үгүйсгэж, маргаагүй байна.

Анхан шатны шүүх, дээрх нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй гэж дүгнэн, түүнээс үндсэн зээл 250,000,000 төгрөг, зээлийн хүү 60,000,000 төгрөг, нийт 310,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгийг зөв хэрэглэсэн.

 

6.3. Талууд гэрээний 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Хариуцагч гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгч нь алданги тооцон шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч ******* алдангид 304,000,000 төгрөг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт ... анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж заасныг баримтлан 155,000,000 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

7. Хариуцагч ******* нь давж заалдах гомдлын нэг үндэслэлээ ... нэхэмжлэгч талаас мөнгө хүлээлгэн өгсөн баримтыг гаргуулах хүсэлт шүүхэд гаргасныг шийдвэрлээгүй, шүүх хуралдаан явуулж шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн, .... итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд оролцуулаагүй, мэтгэлцэх боломжоор хангаагүй ... гэж тайлбарласан.

 

7.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох зорилгоор зээлийн гэрээ, хариуцагч *******ын гараар үйлдсэн Баталгаа гаргах нь нэртэй бичгийн баримт зэргийг шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн байх тул нэхэмжлэгч талаас мөнгө хүлээлгэн өгсөн баримтыг гаргуулах хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй гэх гомдлыг хангахгүй.

 

7.2. Хариуцагч тал 2025 оны 05 сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна. Анхан шатны шүүх талуудын мэтгэлцэх эрхийг хангах зорилгоор хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг мөн оны 06 сарын 05-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулж, зохигчдод шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байна. /хх30/

Мөн өдөр товлосон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулаагүй, түүний эрхийг зөрчсөн гэдгийг нотолсон баримтгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагч талын гомдлыг хангах боломжгүй.

 

8. Хариуцагч ******* нь анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алдангийн хэмжээг багасгахтай холбоотой тайлбар, нотлох баримтыг анхан шатны шүүхэд гаргаагүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дэх хэсгийг хэрэглээгүй гэж шүүхийг буруутгах үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/04842 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,452,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД