Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2025/01391

 

 

*******, ******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/04697 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******, *******-д тус тус холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэгт *******-аас 19,000,000 төгрөг, алдангид 9,500,000 төгрөг, өмгөөллийн хөлс 2,848,800 төгрөг, нийт 31,348,800 төгрөг,

*******-аас гэрээний үүрэгт 56,968,000 төгрөг, алдангид 28,484,000 төгрөг, өмгөөллийн хөлс 2,848,800 төгрөг, нийт 91,300,800 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******ын өмгөөлөгч *******, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Миний бие нь *******-тай 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр техник хэрэгсэл түрээслэх гэрээ байгуулан, өөрийн төрсөн эгч *******ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох ******* улсын дугаартай Хово маркийн 20 тонны даацтай өөрөө буулгагчийг 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар өдөрт 20 цаг ажиллах ба нэг сарын төлбөр нь 19,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Энэ гэрээний хугацаа дууссаны дараа 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр *******-ийн захирал гэрээгээ сунгая танай тээврийн хэрэгслийг үргэлжлүүлэн түрээслэе гэсний дагуу 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр техник хэрэгсэл түрээслэх гэрээг шинэчлэн байгуулан өмнөх гэрээний гол нөхцөлүүд хэвээр үргэлжлүүлэхээр болж би өөрийн төрсөн эгч *******ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох ******* улсын дугаартай Хово маркийн өөрөө буулгагчтай 20 тонны даацтай самсомолыг 2024 оны 01 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар өдөрт 20 цаг ажиллах ба нэг сарын төлбөр нь 19,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Сүүлийн гэрээг хийхэд түрээслэгч компанийн нэр, захирлын нэр өөрөөр бичигдсэн. Учрыг лавлахад манайх нэг л компани, арай томроод өөрчлөгдсөн, нэг л компани гэрээгээ үргэлжлүүлэн байгуулж байна гэж ойлгоорой гэсэн. Үнэхээр өмнөх гэрээг байгуулсан Хан-Уул дүүргийн оффис дээр нь дараагийн гэрээгээ байгуулсан болохоор нэг компани юм байна гэж ойлгосон. Одоо ч энэ хаяг дээрээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хариуцагч нар гэрээний дагуу төлбөрөө хугацаанд нь бүрэн төлж байгаагүй, эхэн үедээ алдаг оног дутуу хагас төлбөр хийж байгаад сүүлдээ огт төлөхөө больсон.

Бидний хооронд байгуулсан гэрээний хугацаа 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болсон ба компанийн зүгээс гэрээг сунгаж 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ажиллуулсан. Миний зүгээс тээврийн хэрэгслийг компанид нийт 5 сар 19 хоног түрээслүүлсэн байх бөгөөд нийт 107,046,000 төгрөг авах ёстойгоос 31,078,000 төгрөгийг хэд хэд хуваан авсан бөгөөд 75,968,000 төгрөгийг огт төлөөгүй хугацаа алдаж намайг хохироож байна. Иймд хариуцагч компани гэрээний дагуу төлбөрийг хугацаандаа хийгээгүй учир гэрээний 6.3, 4.7-д заасны дагуу алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул 50 хувиар тооцоход алданги 37,984,000 төгрөг болж байна. Мөн хуульч, өмгөөлөгчөөс мэргэжлийн туслалцаа авч хэрэг маргаанд оролцуулсан хөлс нь 5,697,600 төгрөг болсон. Иймд, хариуцагч *******-аас 19,000,000 төгрөг, алдангид 9,500,000 төгрөг, өмгөөллийн хөлс 2,848,800 төгрөг, нийт 31,348,800 төгрөг, *******-аас гэрээний үүрэгт 56,968,000 төгрөг, алдангид 28,484,000 төгрөг, өмгөөллийн хөлс 2,848,800 төгрөг, нийт 91,300,800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч *******-ийн тайлбарын агуулга:

Хариуцагч тал гэрээнд заасны дагуу төлбөр тооцоо нийлж, гэрээний төлбөрийг төлөх талаар удаа дараа нэхэмжлэгч талд мэдэгдэж, шаардаж байсан. Мөн талууд 01125 тоот гэрээг хүчин төгөлдөр эсэх дээр маргадаггүй бөгөөд хариуцагч тал татгалзлаа нотолж шүүхэд хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт буюу гэрээний 4.5-д заасны Замын хуудасны цаг бүртгэл-ийг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд тус нотлох баримтаар нэхэмжлэгч нь гэрээний 3.1-д заасны дагуу гэрээний хугацаанд нэг өдөрт 20 цаг техник хэрэгслийг ажиллуулах үүргээ бүрэн гүйцэтгээгүй болох нь тодорхой байхад нэхэмжлэгч нь техник хэрэгслийг бүрэн ажиллуулсан хэмээн гэрээ хүчин төгөлдөр хэрэгжих 3 сарын хугацаанд ногдох нийт үндсэн төлбөр болох 56,968,000 төгрөг, алдангийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Өмгөөллийн хөлс 2,848,000 төгрөг шаардаж байгаа тухай нэхэмжлэгч нь хэдий ч хуульд заасны дагуу өмгөөлөгч авах, авахгүй байх эрхтэй тул хуульд заасан эрхээ хэрэгжүүлсний төлөө хариуцагч талаас өмгөөллийн хөлс гэх 2,848,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

3. Хариуцагч *******-ийн тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч ******* нь *******-тай 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 19,000,000 төгрөгийн үнийн дүнтэй техник хэрэгсэл түрээслэх гэрээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаатай байгуулсан. ******* нь нэхэмжлэгч *******той 2 сарын хугацаатай гэрээ байгуулж гэрээний сарын төлбөр 19,000,000 төгрөг буюу нийт 38,000,000 төгрөг төлөх ёстойгоос 31,078,000 төгрөгийг төлсөн. Энэ талаар нэхэмжлэгч 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан өөрийн нэхэмжлэлдээ миний зүгээс тээврийн хэрэгслийг компанид нийт 5 сар 19 хоног түрээслүүлсэн байх бөгөөд нийт 107,046,000 төгрөг авах ёстойгоос 31,078,000 төгрөгийг хэд хэд хуваан авсан гэсэн байна. Өөрөөр хэлбэл, энэ талаар талууд маргаагүй. Манай төлсөн 12,078,000 төгрөгийг *******-аас хасч нэхэмжилсэн байна. Төлбөрийн тооцооллын хувьд манайх одоо 6,922,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Манайх энэхүү үлдэгдэл төлбөртөө алданги төлөх боломжтой. Хэдийгээр манайх гэрээний хувьд маргахгүй зүйлгүй буюу 6,922,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл, үүн дээр нэмэх нь алдангийг төлөх боломжтой, харин нэхэмжилж байгаа өмгөөллийн хөлс 2,848,800 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 16 дахь хэсэгт заасан өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлснийх нь төлөө хөлс төлөх үндэслэлгүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас гэрээний үүрэгт 9,918,274 төгрөгийг гаргуулж, хариуцагч *******-аас гэрээний үүрэгт 85,452,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, нэхэмжлэгч нарын илүү нэхэмжилсэн 24,279,326 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 756,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******оос улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 172,948 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 173,642 төгрөгийг, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 585,210 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т тус тус олгож шийдвэрлэсэн байна.

 

5. Хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж тайлбарласан нь шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Шүүхийн шийдвэрт дурдсанчлан талууд 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01/25 дугаар Техник түрээслэх гэрээ-г хүчин төгөлдөр эсэх талаар маргадаггүй. Дээрх гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу талууд харилцан тохиролцож байгуулсан.

Талууд гэрээний төлбөрийн талаар маргаж байгаа тул хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу татгалзлын үндэслэл болгож Замын хуудасны бүртгэл-ийг шүүхэд өгсөн. Нэхэмжлэгч тал дээрх баримтыг хариуцагч нь хуурамчаар бүрдүүлсэн хэмээн шүүх хуралдааны явцад тайлбарладаг боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэгт заасанчлан хуурамч гэдгийг нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад нотолж чадаагүй.

Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн Замын хуудасны цаг бүртгэл-ийг үндэслэн тээврийн хэрэгслийг сард хэдэн цаг ажилласныг тооцох боломжтой. Өөрөөр хэлбэл, тухайн замын хуудас нь эх хувиараа мөн нэхэмжлэгч, хариуцагч талуудын гарын үсгээр баталгаажсан. Мөн Замын хуудасны цаг бүртгэл-ээр нэхэмжлэгч нь гэрээний хугацаанд буюу 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 01 дүгээ сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд 2024 оны 1 дүгээр сард нийт 31 хоног ажиллахаас 8 хоног буюу гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.14-д Түрээслүүлэгч cap бүрийн ажиллавал зохих хугацааны 80 хувьд техник хэрэгслийг хэвийн ажиллуулах гэж заасан боловч гэрээний заалтыг хангаагүй.

Харин 2 дугаар сард нийт 28 хоног ажиллахаас бүх хоногт ажиллуулсан боловч гэрээний 3.1-д Техник хэрэгсэл нь нэг өдөрт 20 цаг хоёр ээлжээр, өдөр 07:00-19.00 цаг хүртэл, шөнө 19:00-07:00 цаг хүртэл ажиллана гэж заасан боловч Замын хуудасны бүртгэл-ээс үзвэл түрээслүүлэгч нь тээврийн хэрэгслийг өдөрт 20 цаг ажиллуулаагүй буюу тухайлбал, 02 дугаар сарын 03-ны өдрийн өглөө, 02 дугаар сарын 04-ний өдрийн шөнө гэх мэт өдөр эсхүл шөнийн аль нэг ээлжид л өдөрт 10 цаг л ажиллуулсан. Гэрээний хугацаанд 3 дугаар сард 31 хоног ажиллахаас нэхэмжлэгч бүтэн ажилласан бөгөөд талуудын тооцоо нийлж гарын үсэг зурсан Замын хуудас бүртгэл-ээр нотлогддог.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үндэслэлээр Хаан банкны дансны хуулгыг шүүхэд өгсөн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн дансны хуулгаар түрээслүүлэгчийн ажилласан өдрийг тогтоох боломжгүй. Учир нь түрээслүүлэгч жолооч ийг ажиллаагүй байсан ч цалинг тогтмол тооцож олгодог болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон.

Талууд гэрээнд нэмэлт оруулсан эсэх талаар маргадаг бөгөөд гэрээний 10.3-т Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах бол энэ талаар ажлын 7-оос доошгүй хоногийн өмнө нөгөө талдаа бичгээр мэдэгдэж, талууд тухайн асуудлаар зөвшилцөж чадсан тохиолдолд нэмэлт, өөрчлөлтийг бичгээр үйлдэж, талууд гарыг үсэг зурснаар хүчин төгөлдөр болсонд тооцно хэмээн талууд харилцан тохиролцсон. Талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2024 оны 04 дүгээр сарны 01-ний өдөр дуусгавар болж хариуцагч нь түрээсийн гэрээг цааш үргэлжлүүлээгүй. Нэхэмжлэгч нь талууд нэмэлт гэрээ байгуулаагүй болохыг хүлээн зөвшөөрдөг. Гэрээний хугацаанд 3 дугаар сард 31 хоног ажиллахаас түрээслүүлэгч бүтэн ажилласан бөгөөд талуудын тооцоо нийлж гарын үсэг зурсан Замын хуудас бүртгэл- ээр нотлогддог тул 19,000,000 төгрөг, гэрээний төлбөр нийл 38,000,000 төгрөг бөгөөд алданги 19,000,000 төгрөг, нийт 57,000,000 төгрөг хариуцагч тал төлөх үндэслэлтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 85,452,000 гэснийг 57,000,000 төгрөг гэж өөрчлөн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.2-т зааснаар хариуцагч тал нь шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөх болон татгалзлаа нотлох үүрэгтэй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд үнэн, зөв дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, 2 дугаар хавтаст хэргийн 23 дугаар хуудсанд авагдсан гэрчийн мэдүүлгээр гэрч нь 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд гэрээний дагуу ажиллаж, цалин хөлсөө авсан гэж тайлбарладаг. Энэ талаар үгүйсгэсэн нотлох баримтыг хариуцагч талаас гаргаж өгөөгүй. Түүнчлэн, хариуцагч талын ярьж буй цагийн бүртгэлийг харвал хэн гарын үсэг зурсан, ямар байгууллагын тамга тэмдэгтэй, эрх бүхий байгууллага нь хэн болох, тухайн цагийн бүртгэлийг хэн хөтөлж байгаа зэрэг нь нэг талын гаргаж өгсөн баримт бөгөөд тухайн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байхад уг баримтыг үндэслэж, ажилласан хоногийг тооцож байгаа нь үндэслэлгүй буюу тухайн баримтаар дүгнэгдэх боломжгүй. Нэхэмжлэгч талын зүгээс гэрээний дагуу тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэт ашиглуулсан тул жолооч нарт цалин хөлсийг нь өгсөн. 1 тээврийн хэрэгсэлд нийт 4 жолоочийг 2 ээлжээр ажиллуулсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдоно. Түүнчлэн, хариуцагч талын хэлж буй гэрээний 4.5, 4.6-д заасан сар бүр тооцоо нийлэх эрхийг гэрээний дагуу хэн эдэлж байна вэ гэх асуудал яригдана. Хариуцагч тал нь техник хэрэгслийг түрээсэлсэн боловч гэрээгээр тохирсон цалин хөлсөө өгөхгүйн тулд олдохгүй, алга болсон. Хэргийн оролцогчийн хэн аль нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан баримтад үндэслэж маргах ёстой. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг үндэслэж, өмгөөлөгчийн хөлс гаргуулах шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагч *******-аас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч *******, ******* нар нь түрээсийн гэрээний үүрэгт хариуцагч *******-аас 19,000,000 төгрөг, алдангид 9,500,000 төгрөг, өмгөөллийн хөлс 2,848,800 төгрөг, нийт 31,348,800 төгрөг,

Хариуцагч *******-аас түрээсийн гэрээний үүрэгт 56,968,000 төгрөг, алдангид 28,484,000 төгрөг, өмгөөллийн хөлс 2,848,800 төгрөг, нийт 91,300,800 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

2. Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

3. ******* нь *******-тай байгуулсан 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Техник хэрэгсэл түрээслэх гэрээ-гээр ******* улсын дугаартай Howo маркийн өөрөө буулгагчийг 1 сарын төлбөрийг 19,000,000 төгрөгөөр тооцон, 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаатайгаар түрээслэхээр талууд харилцан тохиролцсон байна. /1хх6-10/

 

3.1. Хариуцагч ******* нь түрээсийн төлбөрт 31,078,000 төгрөгийг төлсөн, 6,922,000 төгрөгийн үлдэгдэл болон энэ дүн дээр алданги төлөхөд татгалзах зүйлгүй. Харин өмгөөллийн хөлсний 2,848,800 төгрөгийг төлөхгүй гэжээ.

 

3.2. Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс ******* нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 6,000,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 10,378,817 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 5,000,000 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 31,378,000 төлсөн гэж тайлбарласан байна.

 

3.3. Анхан шатны шүүх хариуцагч *******-аас түрээсийн гэрээний хөлсний үлдэгдэл 6,612,183 төгрөг, алдангид 3,306,091 төгрөг, нийт 9,918,274 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, өмгөөллийн хөлсөнд нэхэмжилсэн 2,848,800 төгрөгийг үлдэх шаардлагын хамт хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцсэн байх ба энэ шийдвэрт хариуцагч ******* давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс нэмж эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

4. ******* нь *******-тай байгуулсан 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01/25 дугаартай Техник хэрэгсэл түрээслэх гэрээ-гээр ******* улсын дугаартай, Howo маркийн өөрөө буулгагчийг 1 сарын түрээсийн төлбөрийг 19,000,000 төгрөгөөр тооцож, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатайгаар түрээслэхээр харилцан тохиролцжээ. /1хх11-15/

 

4.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, харин түрээсийн төлбөрийн тооцооллын талаар маргасан байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн дүгнэлтийн зарим хэсгийг өөрчилж дүгнэнэ.

 

4.2. Талуудын хооронд байгуулсан 01/25 дугаартай Техник хэрэгсэл түрээслэх гэрээ-ний 4.1-т Техник хэрэгсэл нь нэг өдрийн хорин цаг ажиллах ба 1 сарын төлбөр 19,000,000 төгрөг байна, гэж 1 сарын түрээсийн төлбөрийн талаар тохиролцсон байх ба түрээсийн төлбөрийг цагаар тооцохоор тохиролцсон гэж үзэхгүй тул хоногт хорин цаг ажиллаагүй гэх хариуцагч талын гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

4.3. Учир нь, түрээсийн гэрээний 6-д түрээслүүлэгчийн эрх үүргийг тохиролцсон байх ба түрээслэгч нь техник хэрэгслийг төслийн талбайд гэрээнд заасан цагаар ажиллуулах, жолооч/операторыг ажиллахыг шаардах, техник хэрэгсэл дээр мэргэжлийн жолооч ажиллуулах, түрээслүүлэгчээс техник хэрэгслийн бүрэн бүтэн байлгахыг шаардах, техникийг үйл ажиллагаа явуулах газарт байрлуулан ашиглах, түүнээс гарсан үр шимийг хүртэх, техникийг гэрээний хүчинтэй хугацаанд зохих ёсоор эзэмшиж ашиглах, түрээслүүлэгчээс шаардлага хангасан үйл ажиллагаа явуулах боломжтой техникээр хангахыг шаардах, ашиглалттай холбоотойгоос бусад эвдрэл гэмтлийг засварлаж өгөхийг шаардах зэрэг эрхтэй гэжээ.

Дээрхээс үзвэл хариуцагч талаас гэрээнд заасны дагуу түрээсийн техникийг хоногт хорин цаг ажиллаагүй тул түрээсийн төлбөрийг бүрэн төлөхгүй гэж маргаж байх боловч түрээсийн зүйл болох өөрөө буулгагч техникийн талаар түрээслүүлэгч буюу нэхэмжлэгч талаас гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Түүнчлэн, түрээслэгч буюу хариуцагч талаас тухайн түрээсийн зүйлтэй холбоотойгоор түрээслүүлэгч талд хандаж хоногт хорин цаг ажиллаагүй шалтгаан нөхцлийн талаар түрээслэгчийн эрхийн хүрээнд ямар нэгэн шаардлага тавьж байсан тухай нотлох баримтгүй байна.

 

4.4. Мөн хариуцагч *******-аас 1 дүгээр хавтаст хэргийн 102-237 дугаар талд авагдсан замын бүртгэл буюу цагийн бүртгэлийг баримтаар үнэлээгүй гэх гомдлыг үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь, тухайн баримтууд нь *******-ийн цагийн бүртгэл гэсэн баримтууд байх бөгөөд хариуцагч *******-д холбогдох хэрэгт эргэлзээгүй, үнэн зөв, хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт гэж үзэхгүй. Уг баримтуудыг хариуцагч *******-д хамаарал бүхий баримт гэж үзэх бусад нотлох баримтгүй байна.

 

4.5. Иймд, түрээсийн зүйлийг түрээслүүлэгч буюу хариуцагч *******-д нэхэмжлэгч талаас шилжүүлэн өгсөн байх тул түрээсийн зүйлийг гэрээнд тохиролцсон 20 цагийн хэмжээнд ашиглах эсэх нь түрээслэгч талын хүсэл зоригоос хамаарсан гэж дүгнэж, нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрт 56,968,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэх тул хариуцагчийн гаргасан түрээсийн зүйлийг хоногт 20 цаг ашиглаагүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

5. Түрээсийн гэрээний 4.6-д сар бүрийн түрээсийн төлбөрийг дараа сарын 20-ны дотор түрээслүүлэгчийн дансанд бэлэн бусаар төлнө, 4.7-д Түрээслэгч түрээсийн төлбөрийг хүндэтгэн үзэх шалтгаангүй заасан хугацаанд төлөөгүй бол түрээслүүлэгч 0,5 хувийн алдангийг тооцон авах эрхтэй болно гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцсэн байх тул хариуцагч *******-аас алдангид 28,484,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв байна.

 

6. Түүнчлэн, хариуцагч *******-аас түрээсийн төлбөрт 56,968,000 төгрөг, алдангид 28,484,000 төгрөг, нийт 85,452,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцсэн байна. Харин, нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлсний 2,848,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөв гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч талаас энэ талаар гомдол гаргаагүй болно.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/04697 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 586,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ