Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 632

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Эрдэнжаргал,

Улсын яллагч: Б.Бямбадагва,

            Шүүгдэгч: Б.Б өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905008340597 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 02 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, .....тоотод хамт байр түрээслэн амьдарч байсан И.С-ийг согтуурсаны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүйг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж, хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг дээр нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид 600.000 төгрөгийн хохирол төлсөн. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч И.С-ий мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Б.Б-ын найзын гэрт очиж 2 шил 0.75 литрийн архи гурвуулаа хувааж уугаад Б.Б- бид 2 гэртээ харьсан. Гэртээ хариад унтаад сэрсэн чинь би шалдан дотуур хувцасгүй, бөгснөөс цус гарсан, хошного их өвдөж байсан. Тэгээд би цагдаад хандсан юм. Би эмэгтэй хүн сонирходог, одоо найз охинтой. 2019 оны 2 дугаар сарын 07-ны орой нилээн согтуу шөнө юу болсон талаар мэдэхгүй, санахгүй байгаа. Өглөө сэрэхэд шалдан бөгснөөс цус гарсан өвдөөд байсан. ...2019 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс анусны нүх хавдсан цус гарсан. Б.Б- өглөө босоход өвчин намдаах лаа, цагаан махны эргэлтийн эсрэг эм зэрэг зүйлийг бэлдээд тавьсан байсан. Одоо миний цагаан мах байнга эргэдэг болсон. Мөн хүндрэхээр цус гардаг болсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 11-13/,

Шинжээчийн 2166 тоот дүгнэлтэд: “...И.С-ий биед шулуун гэдэсний амсрын салстын өнгөц язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх шулуун гэдэсний амсрын салстын өнгөц язрал нь ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэнийг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. И.С-ийн анус, шулуун гэдсэнд үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй байна. И.С- нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. И.С- нь шулуун гэдэсний венийн өрөгсөл буюу шамбарам өвчтэй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 23/,

Яллагдагчаар Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...С өөрөө архи ууж чадахгүй хэрнээ архи уух дуртай, тэдний гэрт хэд, хэд татсан учраас гэрт орж ирээд тасраад уначихсан. Тасраад унчихаар нь бэлгэвч хэрэглээд эийн шулуун гэдэс рүү эрхтэнээ хийж нэг удаа хөдөлсөн юм. Тэр үед С сэрээгүй. Шөнөдөө босч ирээд уурлаад миний бөгснөөс цус гараад байна гэж надад уурласан. ...би дур ханаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 39/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 8/, яаралтай тусламжийн хуудас /хх-н 24-25/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 33, 46-52, 56/, хохирогчийн хүсэлт /хх-н 57/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 02 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, .....тоотод хамт байр түрээслэн амьдарч байсан И.С-ийг согтуурсаны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүйг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч И.С-ийн: “...Гэртээ хариад унтаад сэрсэн чинь би шалдан дотуур хувцасгүй, бөгснөөс цус гарсан, хошного их өвдөж байсан. Тэгээд би цагдаад хандсан юм. Би эмэгтэй хүн сонирходог, одоо найз охинтой. 2019 оны 2 дугаар сарын 07-ны орой нилээн согтуу шөнө юу болсон талаар мэдэхгүй, санахгүй байгаа. Өглөө сэрэхэд шалдан бөгснөөс цус гарсан өвдөөд байсан. ...2019 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс анусны нүх хавдсан цус гарсан. Б.Б- өглөө босоход өвчин намдаах лаа, цагаан махны эргэлтийн эсрэг эм зэрэг зүйлийг бэлдээд тавьсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 11-13/, шинжээчийн 2166 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хохирогчийг согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б нь хохирогчийг согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 57/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 01 жил 02 сар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ялын санал гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно...”, 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Б-ын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч Б.Б-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Б-ыг “Хохирогчийг согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д хорих ял оногдуулахгүйгээр, 01 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.Базасрадад оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР