Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2025/01376

 

 

2025 08 20 210/МА2025/01376

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/04751 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******, *******э нарт холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******э /цахимаар/, гуравдагч этгээд *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

 

1.1. Миний бие Баянгол дүүргийн ******* хороо, ******* байрны хаягт байршилтай 29 м.кв орон сууцанд өөрийн ач болох ******* болон эхнэр ******* нарыг түр хугацаагаар амьдруулж байсан. Учир нь *******ын эх ******* нь миний төрсөн эгч бөгөөд 1995 онд бурхан болсон тул эгчийгээ бодож үр хүүхдүүдэд нь тус болох зорилгоор байрандаа амьдруулсан. *******, түүний эхнэр ******* нар нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрсдийн нэр дээр авч, тус хаяг руу шилжихгүй бол сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг мэт үйлчилгээ авч чадахгүй байгаа учраас өөрийн нэр дээрээ болгож, хаяг руугаа шилжих шаардлагатай байна. гэж хэлсэн учраас төрөл садангийн харилцаагаа эрхэмлэж шилжүүлж өгсөн. Мөн бид өмнө нь орон сууц худалдаж авч байгаагүй учраас анх удаа орон сууц авсан гэж төрөөс буцаан олголт авах юм байна. гэж хэлсэн учраас хүлээн зөвшөөрч, 2021 оны 02 сарын 02-ны өдөр тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлж өгсөн.

Уг гэрээг зөвхөн улсын бүртгэлийн байгууллагад худалдан авч, худалдаж байгаа мэт харагдах үүднээс байгуулсан бөгөөд бодит байдал дээр орон сууцаа худалдаагүй. Үүнээс хойш орон сууцны гэрчилгээ шилжүүлж өгөхийг шаардаж, буцаан олголт орохоор удахгүй өгнө гэж хэлсэн. Талууд хоорондоо таарахгүй болж, шүүхэд гэрлэлтээ цуцлуулж гэр бүлийн эд хөрөнгийг хуваалгах шаардлага гарсан. Тус маргаанд миний бие гуравдагч этгээдээр оролцсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууц хуваалгах шаардлагыг тусгаарлаж шийдвэрлэх шүүгчийн захирамж гарсан. Гэтэл *******, ******* нар хуйвалдаж шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг шүүх баталсан болохыг мэдсэн.

 

Бидний хооронд байгуулсан гэрээний 3.3-т заасан төлбөр тооцоог бүрэн дуусгавар болсон. Мөн гэрээний 3.1-т 38,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон нь дүр үзүүлсэн худал зүйл байсан. Миний бие орон сууцаа 38,000,000 төгрөгөөр худалдаагүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа дэмжиж байна. Тухайн үед *******, ******* нар нь үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2 хувийг бага үнээр төлмөөр байна. гэж хэлсэн учраас талууд гэрээнд үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 38,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Талуудын хооронд маргаан бүхий орон сууцад түр амьдруулах хүсэл зориг байсан бөгөөд гэрээнд заасан төлбөр төлөгдөөгүй болно. *******, ******* нар миний өмчлөлийн орон сууцыг 2024 оны 02 сарын 22-ны өдөр ******* гэх хүнд 135,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Уг орон сууцыг худалдан борлуулсныхаа дараа ******* над руу 38,000,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед хариуцагч нар миний байранд 3 жил үнэ төлбөргүй амьдарч байсан тул гэрээнд заагдсан үнийг над руу шилжүүлж, орон сууцыг минь эгүүлэн өгөх юм байна гэж ойлгоод өөрийн байрандаа очтол өөр хүн амьдарч байсан. Тухайн үед хэн болохыг тодруулахад миний үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нараас 155,000,000 төгрөгөөр худалдан авсан учраас өөрийнх нь байр гэж хэлсэн. Уг нөхцөл байдлын талаар хариуцагч *******, ******* нараас тодруулах гэсэн боловч холбогдож чадаагүй.

Миний бие анх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргасан боловч орон сууцыг нэгэнт худалдсан байх тул үл хөдлөх эд хөрөнгийн үнийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

Иймд хариуцагч *******ын шилжүүлсэн 38,000,000 төгрөгийг орон сууц худалдан борлуулсан 135,000,000 төгрөгөөс хасаж тооцон үлдэгдэл 98,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч *******ын гаргасан хариу тайлбарын агуулга:

 

Миний бие нагац ах манайд ажиллавал 3 жилийн дараа сууцтай болгоно гэж хэлсэн учраас ажилд орсон. Тухайн үед ах дүү нарын итгэлцлийн хүрээнд аман яриагаар тохирсны дагуу гэрээ хийгээгүй. ******* нь шинэ орон сууц худалдан авч, хуучин орон сууц болох Баянгол дүүргийн 8 хороо, ******* байр орон сууцыг 2021 оны 01 сард худалдах, худалдан авах гэрээг хуулийн дагуу хийж, төлбөрийг цалингаас суутгаж байсан боловч гэр бүлийн маргаантай байна төлбөрөө бүрэн төл гэсний дагуу өөрийн эзэмшлийн орон сууцыг худалдан борлуулж гэрээний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан.

Миний бие тус байгууллагад ажиллахдаа дундаж хөдөлмөрийн хөлснөөс багаар цалинжиж байсан. Тухайн байгууллагад ажиллаж байхдаа ямар нэгэн зөрчилгүй, удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг тухай бүрд нь чанартай хийж гүйцэтгэж, борлуулалтын орлогыг жил дараалан өсгөж ажилласан. Нагац ах *******ын ажлын болон хувийн дарамт хэрээс хэтэрсэн тул ажлаас чөлөөлөгдсөн. Миний хувьд 3 байр авах хэмжээний ажил хийсэн боловч ганц байр 38,000,000 төгрөгөөр хөнгөлөлттэй нөхцөлөөр тохиролцож авсан учраас 2024 оны 03 сард 38,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Талуудын хооронд хууль ёсны дагуу гэрээ байгуулагдаж, талууд гарын үсэг зурсан учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагч *******ийн гаргасан хариу тайлбарын агуулга:

 

Миний бие ******* нь *******тай 2007 оноос гэр бүл болон хамт амьдарч ирсэн боловч гэр бүлийн хүчирхийлэл гэх үндэслэлээр 2 удаа гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргаж байсан боловч гэр бүл, үр хүүхдээ бодоод буцаасан. Гэвч бидний харилцаа улам дордсоор 2024 оны 08 сараас хойш төрөлх өссөн нутаг буюу Дорнод аймагт 3 хүүгийн хамт оршин сууж, амьдарч байна. Тухайн үед ******* надад өмнө нь байгууллагаас нь байр амлаж байсан гэж хэлсэн учраас амласан байр гэх ойлголт өгч байснаас өөр зүйл мэдээгүй. Мөн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 155,000,000 төгрөгөөр худалдсан эсэхийг би мэдэхгүй байна. Би хүүхдүүдээ авч өрх толгойлон амьдарч байгаа учраас *******тай ямар ч холбоогүй тул уг шүүхийн үйл ажиллагаанаас чөлөөлж өгөхийг хүсэж байна.

 

Уг байрыг *******ын ах эгч нар бидний амьдралд тус дэм болж, олон жил сайн ажилласных нь төлөө тусалж өгч байна гэж ойлгосон. Мөн 38,000,000 төгрөгийн гэрээг дүр үзүүлэн хийж болдог эсэхийг мэдэхгүй байна. Тухайн гэрээний дүн 38,000,000 төгрөгийг төлөөгүй учраас татварын буцаан олголтоо авч чадаагүй. ******* ах тухайн байрыг өгөөд сайхан амьдраарай гэж хэлээд бид баярлаж, нотариат орж, гэрчилгээгээ 38,000,000 төгрөгийн хэмжээнд тохиролцсон бөгөөд тухайн харилцан ярианд би оролцоогүй. Бид 2 төлбөрийг гэрээний дагуу төлнө гэж ойлгоогүй, буруу ойлгосон ч байж магадгүй. Төлбөр төлөх эсэх талаар тухайн үед тохиролцоогүй. Дараа нь бид татварын буцаан олголт авах гэтэл гэрээний төлбөр төлөөгүй, орлогоо нотлох боломжгүй гээд авч чадаагүй. ******* нь *******-д ажиллаж байгаад Дорнын илч ХХК-д ажилд орсон. Тухайн байранд орох үед талийгаач ахын амлалтыг гүйцээж байгаа юм байна гэж ойлгоод байрлаж байсан. Мөн ямар орон сууцны төлбөр нэхээд байгааг ойлгохгүй байна гэжээ.

 

4. Гуравдагч этгээд *******гийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

 

Уг байрыг үл хөдлөх зуучлагчтай ярьж байгаад хууль ёсны 2 өмчлөгч буюу *******, ******* нараас худалдаж аваад, гэрээний төлбөрийг бүрэн төлж дуусгасан. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан үнийн дүнг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэлээгүй бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 135,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Мөн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн худалдан авах үед үл хөдлөх хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагааг шалгаж үзээгүй бөгөөд эрхийн доголдолтой гэж хэлж байгаагүй. Би ямар нэгэн эрхийн зөрчилгүй үл хөдлөх эд хөрөнгийг нотариатаар гэрчлүүлж, гарын үсэг зураад хууль журмын дагуу худалдаж авсан. Нотариатад ямар нэгэн зөрчилтэй гэсэн юм гарч ирээгүй. Тус байранд бүтэн завсар хийчихсэн, бүх зүйлийг нь сольчихсон байгаа учраас байраа өгч чадахгүй. Хуулийн дагуу бичиг баримтаа бүрдүүлээд авсан, мөнгө төгрөгөө төлөөд авсан учраас байраа өгөх боломжгүй учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, 56.1.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гаргасан 2021 оны 02 сарын 02-ны өдрийн худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 347,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2025 оны 01 сарын 30-ны өдрийн өөрчилсөн шаардлага гаргахдаа төлсөн 647,950 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч *******од олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Гуравдагч этгээдэд худалдан борлуулсантай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан боловч 2025 оны 06 сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны явцад татгалзсан. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 02 сарын гэрээг нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 38,000,000 төгрөгийн хүрээнд байгуулсан. Гэрээний 3.2-т зааснаар тухайн өдөр төлбөр төлөгдсөнөөр гэрээ дуусгавар болно. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл хариуцагч нарын нэр дээр шилжсэн. Гэрээ хүчин төгөлдөр бус, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар үүргийн төлбөр төлөгдөж дууссанаар эрх шилжинэ гэж шүүх дүгнэсэн. Төлбөр төлөгдсөн баримтаас үзэхэд 2021 онд гэрээ байгуулагдсан. Гэтэл 2024 он буюу 3 жил 4 сар, 2 хоногийн дараа хариуцагч төлбөрийг шилжүүлсэн байхад шүүх дүгнээгүй. Хариуцагч *******ийн шүүхэд гаргасан тайлбартаа би амьдралдаа татварын 6 хувийн буцаан олголт авч байгаагүй, мэдээгүй байсан. ******* эгчийн гэрт ******* бид хоёр очоод татварын буцаан олголтыг авахаар үзсэн. Орлогоо нотлох байсан учраас татварын буцаан олголтыг аваагүй, 38,000,000 төгрөгийг тухайн үед төлөөгүй учраас баримтыг бүрдүүлж өгч чадаагүй гэж дурдсан. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж чадаагүй. Шүүх хуралдаанд талууд тэгш эрхийн хүрээнд оролцож, мэтгэлцэх ёстой. Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тайлбарласан. Хариуцагчийн гаргасан ямар нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь тодорхойгүй. Худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус байгуулагдсан нь үнэн. Тухайн өдрөө төлбөр нь төлөгдөөгүй, ах дүү нарынхаа хүүхдүүдийг оруулсан байна. Иргэд хоорондын хийсэн хэлцэл буюу худалдах, худалдан авах гэрээнд ******* нь хамааралгүй. Гэтэл нь хариуцагч нарт 38,000,000 төгрөгийн орон сууцыг төлөх үүрэг хүлээж байгаа нь үндэслэлгүй. Шүүх үүнийг тодорхойлж чадаагүй. Хариуцагч ******* нь 2 эргэлзээтэй тайлбарыг шүүхэд гаргасан. Би 2015 оноос 2024 оныг дуустал *******-д ажиллахдаа цалингаасаа орон сууцны үнийг суутгуулж байсан. Орон сууцыг ямар үнээр худалдан борлуулсан болон гэрээг хэрхэн байгуулсан эсэх нь тодорхойгүй. Энэ талаарх баримтыг хариуцагч шүүхэд гаргаж өгөөгүй. Хариуцагч *******ыг ажилд авч, сайн ажиллавал орон сууц өгнө гэж талийгаач хэлсэн мэтээр тайлбарладаг. Шүүх хуралдааны тэмдэглэл болон хариуцагчийн тайлбарт тусгагдсан. Мөн талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнд талийгаач нь ямар эрх, үүрэгтэй оролцсон талаарх баримт байхгүй. Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахад 2021 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн гэрээ нь хүсэл зоригийн дагуу илэрхийлэгдэж, сайн дурын үндсэн дээр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар байгуулсан. Худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр байсан бол нэхэмжлэгч маргаж шүүхэд нэхэмжлэл гаргахгүй. Гэтэл уг гэрээ байгуулагдсан цагаас хойш 3 жилийн дараа гуравдагч этгээд *******д үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ахын дансанд төлбөрийг шилжүүлсэн. Уг хэрэг дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн өмгөөлөгчөөр 4 өмгөөлөгч ажилласан. Хариуцагч *******ын өмгөөлөгч ******* нь гэр бүлийн маргаанд гуравдагч этгээдээр оролцоход хүсэлтийг нь бичиж өгсөн. Эсрэг ашиг сонирхолтойгоор хариуцагчийн өмгөөлөгчөөр ажиллаж байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үнэлээгүй. Мөн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцохдоо нотлох баримтыг дутуу үнэлж, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Хариуцагч нар нь хүний итгэлийг урвуулах замаар үл хөдлөх эд хөрөнгийг авсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, гэрээний гол нөхцөлийг тохиролцон гэрээг байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Орон сууцыг 38,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, гэрээнд гарын үсэг зурсан. Энэ нь хэрэгт авагдсан гэрээгээр нотлогдож, Иргэний хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу талууд гэрээний гол нөхцөлийг тохиролцсон учраас хүчин төгөлдөр гэрээ хэвээр байна. Нэхэмжлэгч нь анх нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж маргасан. Дүр үзүүлж хийсэн хэлцэл нь бодит байдалд хэрэгжээгүй байх шаардлагыг агуулдаг. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагч нарын өмчлөлд орон сууцыг шилжүүлсэн. Орон сууцыг бодитойгоор эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулсан болох хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Гэрээний дагуу хариуцагч 38,000,000 төгрөгийг төлсөн. Анх гэрээ байгуулах үед мөнгийг төлөөгүй, сүүлд төлсөн гэх агуулгаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарласан. Гэрээний үүргээ сүүлд биелүүлсэн байх нь гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэл болохгүй. Үүнтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон төлбөр төлсөн талаарх баримттай холбоотой үгүйсгэсэн баримтыг нэхэмжлэгч гаргаж өгөөгүй. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

8. Хариуцагч *******ын давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга:

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч татварын 6 хувийн буцаан олголтыг авахын тулд хариуцагч нар дүр үзүүлсэн гэж тайлбарласан төдийгүй намайг залилан мэхлэгч мэтээр баримтгүйгээр гүтгэсэн. Анх 2014 онд ******* нь надад ажиллах санал тавьсан. Би 2015 оноос тухайн компанид ажиллаж эхэлсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь өөрөө зуучилсан. Энэ талаар компанийн ажилтнууд мэдэж байсан. Тухайн үед ах баяр хүргэж, сайхан амьдраарай гэж хэлсэн. Намайг *******-д ажиллахаа больж, залилсан мэтээр нэхэмжлэлд дурдсан. 2020 оноос эхлэн *******-аас огт цалин авч байгаагүй. Би 2 жил цалингүй ажилласан учраас ажлаасаа гарсан. Анхан шатны шүүх хуралдаанд миний өмгөөлөгчөөр ганцхан ******* өмгөөлөгч оролцсон. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь удаа дараа өмгөөлөгчөөсөө татгалзаж, шүүх хуралдааныг хойшлуулдаг гэжээ.

 

9. Хариуцагч *******ийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга:

 

Түр оршин суугчаар бүртгүүлж харьяа дүүргийн цэцэрлэг, сургуульд хүүхдүүдээ явуулах боломжтой. Хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд бүртгүүлэхийн тулд орон сууцыг шилжүүлээд өг гэж бид нарт хэлээгүй. Тухайн орон сууцад түр амьдруулна гэж хэлээгүй. Анх гэрээ байгуулж, орон сууцад амьдарч эхэлсэн бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээнд орон сууцны үнийг заасан. Хариуцагч нар орон сууцны үнийг төлөөгүй бол улсын бүртгэлийн байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгохгүй байсан. ******* өмнө нь ажиллаж байсан ажлаасаа гараад *******-д ажилд орсон. Бидний амьдралд тус болж, хариуцагч *******ыг дэмжиж орон сууцыг өгсөн гэж би ойлгосон. Мөн татварын 6 хувийг буцаан олгодог талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* бид хоёрт хэлсэн. ******* бид хоёр өмнө нь орон сууц худалдан авч, гэрээ байгуулаагүй учраас энэ талаар мэдээгүй. Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгчийн зүгээс орон сууцны буцаан олголтыг авахын тулд орлого нотлох ёстой эсэх талаар асуусан. Тухайн үед 38,000,000 төгрөгийг гаргаж өгөх боломж байгаагүй гэжээ.

 

10. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 110 дугаар зүйлд зааснаар хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрх шилжсэн. Гуравдагч этгээд нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тохиролцоог мэдэх боломжгүй учраас орон сууцыг худалдан авч гэрээг байгуулсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх нотлох баримтыг үнэлээгүй гэж маргасан боловч хэрэгт авагдсан ямар нотлох баримтыг үнэлээгүй талаар тодорхой тайлбарлаж чадаагүй. Мөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь тодорхой бус байна. Анх 38,000,000 төгрөгийн хэмжээнд гэрээ байгуулсан өдөр төлбөрийг төлөх ёстой байхад 3 жилийн дараа төлсөн учраас гэрээ хүчин төгөлдөр бус байна гэх агуулгатай давж заалдах гомдол гаргасан. Төлбөр хэзээ төлөгдсөн эсэхээс үл хамаарч гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага үүсэхгүй, гэрээнээс татгалзах эрх үүснэ. Гэтэл нэхэмжлэгч нь 3 жилийн хугацаанд гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлээгүй. Орон сууцны төлбөр болох 38,000,000 төгрөг 3 жилийн дараа төлөгдсөн бол хугацаандаа төлөгдөөгүйн улмаас учирсан хохирлыг нэхэмжлэх эрх нь нээлттэй байсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 56.3 дахь хэсэгт тус тус зааснаар худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдоогүй. Нэхэмжлэгч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болохыг шүүхийн шийдвэрт дурдсан бөгөөд хариуцагч нар нь нэхэмжлэгчид 38,000,000 төгрөгийг төлсөн. Гэтэл нэхэмжлэгч тухайн мөнгийг буцааж хариуцагч нарт шилжүүлсэн талаарх үйл баримтыг нотлоогүй. 2021 онд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйл, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль болон гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцсэн учраас улсын бүртгэлийн байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэж, шинэ өмчлөгчид гэрчилгээг олгосон. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар орон сууцыг 135,000,000 төгрөгөөр бусдад худалдсан байх тул хариуцагч *******ын төлсөн 38,000,000 төгрөгийг суутган тооцож, зөрүү болох 98,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлээ өөрчилсөн байна. Шүүх хуралдааны үеэр эхний гаргасан нэхэмжлэлээ дэмжин, орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд буцаан шилжүүлж өгөхийг шаардсаныг хариуцагч тал эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн 2021 оны 02 сарын 02-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцсэн байна.

3.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ... худалдах, худалдан авах хүсэл зориг байгаагүй, ... хариуцагч нарт туслах үүднээс орон сууцандаа амьдруулсан, ... хаяг шилжихгүй бол хүүхдийн цэцэрлэг, сургууль, өрхийн эмнэлэг зэргийн үйлчилгээ авч чадахгүй байна ... гэрчилгээг нэр дээрээ шилжүүлж хаягаа шилжүүлэх шаардлагатай байна. ... мөн төрөөс нэмүү өртгийн албан татварын буцаан олголт авах юм байна гэхээр нь гэрээ байгуулж, нэрийг шилжүүлсэн ... орон сууцны борлуулсны 2 хувийг бага төлмөөр байна гэхээр нь 38,000,000 төгрөг гэж гэрээний үнийг бичсэн ... гэж тайлбарласан байна.

Хариуцагч ******* ... *******ын нагац ах, эгч нар бидэнд байр өгөхөд их баярлаж хүлээж авсан, тухайн үед ******* надад өмнө нь байгууллагаас байр амлаж байсан гэсэн тэрэндээ өгч байгаа юм гэсэн ойлголт өгч байснаас өөр зүйл мэдэхгүй ... татварын буцаалт гэдэг зүйл огт яригдаагүй .... нотариат ороод гэрчилгээгээ 38,000,000 төгрөгт тохирох уу гээд ярилцаад байсан ..., төлбөрийг бид гэрээний дагуу төлнө гэж ойлгоогүй, ... тухайн үедээ төлбөр төлөх төлөхгүй гэдгээ тохиролцоогүй ... гэж, хариуцагч ******* нь ...захирал нагац ах манайд ажиллавал 3 жилийн дараа орон сууцтай болгоно гэсэн тул миний бие ажилд орсон ..., тус компанид олон жил ажилласан, ... ганц байрыг хөнгөлөлттэй нөхцөлөөр авсан ... тухайн 38,000,000 төгрөгийг нотариат дээр гэрээ байгуулж байх үед зохиосон зүйл байхгүй ... гэсэн агуулгаар тус тус татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.

3.2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг.

3.3. Хэргийн 78-79 дэх талд авагдсан гэрээнээс үзвэл, худалдагч талаас *******, *******, ******* нар, худалдан авагч талаас *******, ******* нар харилцан тохиролцон, худалдагч нар нь улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн , , ******* байрны хаягт байрлах 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 38,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч нь 38,000,000 төгрөг худалдагч талд төлөх нөхцөлийг харилцан тохиролцон гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн байна.

3.4. ******* нь 2021 оны 02 сарын 02-ны өдөр Улсын бүртгэлийн газарт хандан эд хөрөнгийн эрхийн мэдүүлэг түүнд хавсаргах баримт бичгийг гарган, *******, ******* нарыг дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн дугаарт 2021 оны 02 сарын 03-ны өдөр бүртгэж, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ. /хх8, 83/

3.5. Хариуцагч нар гэрээ байгуулсан өдрөөс хойш орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаад 2024 оны 02 сарын 22-ны өдөр гуравдагч этгээд тай байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу түүний өмчлөлд шилжүүлсэн байна. /хх86-89/

3.6. ******* нь 2024 оны 03 сарын 06-ны өдөр 38,000,000 төгрөгийг гэрээний төлбөр гэсэн гүйлгээний утгаар нэхэмжлэгч *******ын ХААН банк дахь эзэмшлийн данс руу шилжүүлжээ.

4. Дээрх нотлох баримтуудаар талууд 2021 оны 02 сарын 02-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

4.1. Учир нь, нэхэмжлэгч тал өөрийн өмчлөлийн орон сууцыг худалдах хүсэл зориг байгаагүй, хариуцагч нар хаягийн шилжилт хөдөлгөөн хийлгэх шаардлагатай байсан, НӨАТ-ын буцаан олголт авах зорилгоор өмчлөх эрхийг шилжүүлсэн гэх үйл баримт нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Хариуцагч нар анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орлого нотлох байсан учраас татварын буцаан олголт авах боломжгүй байсан гэх агуулга бүхий тайлбарыг гаргасныг худалдах худалдан авах гэрээг дүр үзүүлж хийсэн гэж эргэлзээгүй үнэлэх боломжгүй байна.

4.2. Талууд худалдах, худалдан авах гэрээнд орон сууцны үнэ төлөх хугацааг гэрээ байгуулсан өдөр буюу 2021 оны 02 сарын 02-ны өдөр төлнө гэж, төлбөрийг төлсөн гэж тусгасан байх боловч хожим орон сууцны үнэ шилжүүлсэн үйлдэл нь талууд гэрээг дүр үзүүлэн хийсэн гэж үзэх үндэслэл болохгүй. /хх172/

Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу тал бүрээс нь харьцуулан тухайн хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 02 сарын 02-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх үндэслэл тогтоогдоогүй гэж зөв дүгнэсэн.

Иймд шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол хангагдахгүй байна.

5. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт баримталсан хуулийн зохицуулалт нь оновчгүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулан, өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасантай нийцнэ гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/04751 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлгүй тул хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гаргасан 2021 оны 02 сарын 02-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэх тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 заалтаас 7.1.2, гэснийг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

Ч.ЦЭНД