Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2025/01395

 

 

*******, *******, *******, *******

нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Золзаяа, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/04430 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******, *******, *******, ******* нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******д холбогдох,

219,510,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

*******, *******, ******* болон талийгаач ******* нар нь эмээлтэд хамтдаа ноолуурын бизнес эрхэлдэг байсан. ******* нь 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр *******, *******, ******* болон талийгаач ******* нарын 1,756.1 кг ноолуурыг ******* аймаг руу зарж борлуулахаар авч явсан. Тухайн үед ******* мөн эмээлтэд ноолуурын бизнес эрхэлдэг байсан. Уг зээлээр авч явсан ноолуурын үнэ 219,510,000 төгрөг болсон. 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч ******* нь *******, *******, *******, ******* нарт 218,000,000 төгрөгийн өртэй нь үнэн. 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр П.******* эмчилгээний 120,000,000 төгрөгийг нэн даруй яаралтай өгнө. Хэрэв өгөөгүй тохиолдолд хоёр талын зоорины барилгыг буулгаж авахад гомдолгүй гэсэн бичгийг хийж өгсөн. Өнөөдрийг хүртэл хариуцагч төлбөрөө төлж барагдуулаагүй гэжээ.

 

2. Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Манай нөхөр ******* маань 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр өвчний улмаас нас барсан. Би *******тай уулзаад ...хүүхдийн сургалтын зардал нэхэгдээд байна, миний нөхөрт минь өгөх ёстой байсан мөнгийг авмаар байна гэхэд эгчээ би танд боломжоороо 5,000,000, 10,000,000 төгрөгөөр ч хамаагүй цувуулаад өгье гэж хэлсэн. Тухайн үед би хариуцагч *******тай уулзаад мөнгө өгнө гэж хэлснийг нь нотлох бичиг баримт хийлгэж аваагүй. Үүнээс хойш ******* руу залгахад эхлээд ганц хоёр утсаа аваад ...мөнгө өгөх арга бодно гэж хойшлуулдаг байсан бол сүүлдээ утсаа авахаа больж, холбоо тасарсан. Би өөрөө хөл муутай, тэтгэвэрт гарчихсан учраас түүний ажлын газар болох Эмээлт рүү байнга яваад байж чадахгүй. Би нөхрийнхөө авах ёстой байсан ноолуурын мөнгийг авмаар байна. Иймд хариуцагч *******гаас нөхөртөө оногдох 54,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

******* манай ноолуурыг өөрийнхөө ноолууртай хамт ******* аймаг руу зарчхаад, мөнгийг нь өгье гэж хэлсэн. 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Эмээлтэд байх манай складад ирж 1756,1 кг ноолуурыг ******* жинлэж аваад, би хүлээлгэж өгсөн. Би *******д өгсөн ноолуураа дэвтэр дээрээ тэмдэглэж авсан. ******* явсных нь дараа хариуцагчаас мөнгөө асуухад ...*******д зарагдсангүй, урагшаа явуулж зарчхаад мөнгийг чинь өгнө хэлсэн боловч өнөөдрийг хүртэл мөнгөө өгөөгүй. Бид дотно байсан болохоор манай ноолуур яаж байна, мөнгө яаж байна гээд ойр, ойрхон уулздаг байсан. 2021 оны 08 сарын 20-ны өдөр *******, *******, ******* бид нар цуглаад *******тай уулзахад бид нар ...******* яаралтай урагшаа эмчилгээнд явах гэж байгаа учраас мөнгө хэрэгтэй байна, мөнгөө нэхэхэд, удахгүй өгнө гээд миний дэвтэр дээр ...мөнгө өгнө гэдэг бичгийг ******* өөрөө гараараа бичиж өгсөн. *******гийн эмчилгээний мөнгийг ойрын хугацаанд өгнө гэсэн. Хэрэв мөнгөө өгөхгүй бол бид чиний зоорийн барилгыг буулгаж авъя гэж бид хэлж байсан. Үүнээс хойш бидэнд хариуцагч нэг ч төгрөг өгөөгүй. Иймд бидний ноолуурын мөнгө 219,510,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Миний бие Ковид-19 гарахын өмнөхөн Хаан банкнаас 1,300,000,000 төгрөгийн зээл авч, нэхэмжлэгч нарын оффис байрладаг дээд замын эсрэг талд нь 700,000,000-800,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн газар дээрээ барилга бариулаад их ажилтай байсан. Тэр үед би Хаан банканд буцаагаад сарын 30,000,000-40,000,000 төгрөгийг төлж, үйл ажиллаагаагаа зогоохгүйн тулд Эмээлтэд хүүний мөнгөний хойноос л ажиллаж, амьдардаг байсан. Тухайн үед намайг талийгаач ******* ах ...бид дөрөв манай оффист байна, миний хүү ороод ирээч гээд дууддаг байсан. Би ноолуурын талаар огт наймаа хийгээгүй, мэдэхгүй. 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгч нарын складад очиж ноолуур худалдаж авах шалтаг, шалтгаан надад огт байгаагүй. Тухайн жил Эмээлт тэр чигтээ ноолуураа зарж чадахгүй байсан жил ба манайд мөн адил тодорхой хэмжээний зарагдаагүй ноолуур байсан. Намайг барилга барьдаг байх үед ******* гэж залуу манай дээр байрладаг байсан ба ноолуураа зарж чадахгүйн улмаас ******* ******* аймаг руу өөрийнхөө ноолуурыг зарахаар тээвэрлэж, авч явсан байдаг. Тухайн үед *******тэй нэхэмжлэгч *******, ******* ах нар байнгын холбоотой, утсаар ярьдаг байсан. Тухайн үед маш олон ченжүүд бор өнгийн буюу хоёрдугаар өнгийн ноолуураа зарахын тулд ******* аймаг руу явж, Говь комбинатад өгөхөөр Эмээлтээс авч явцгаасан. Ингээд нэхэмжлэгч *******, *******, ******* нар нь *******тэй хамт ноолуураа Говь комбинатад оруулах гээд чадаагүй учраас *******тэй тухайн газар нь хоорондоо тохиролцож, ийм үйл ажиллагаа болчихсон байсан. Нэхэмжлэгч *******, *******, *******, ******* нар намайг өөрсдийнхөө оффис буюу скалад байгаа газраа ...бид 4 бүгд ирчихсэн байна. Чи нэг ороод ирээч гэж дуудаж уулзаад, маш ихээр дарамталсан. Намайг нэхэмжлэгч нарын складад орох үед талийгаач *******, *******, *******, ******* нар сууж байсан. Би тухайн үед талийгаач *******, ******* ах нарыг ...ааваа... гэж дууддаг, бүр тэгээд нэршчихсэн хоорондоо маш дотно хүмүүс байсан. Намайг складад орох үед талийгаач ******* ах ...ах нь одоо үхэхэд их ойрхон боллоо, эмчилгээний төлбөр надад хэрэгтэй байна. Чи надад 120,000,000 төгрөг гаргаж өг гэхэд нь би надад мөнгө байхгүй, би та нарт өртэй биш гэж хэлсэн. Гэтэл намайг *******, *******, *******, ******* нар дарамталсан. Хэрэгт авагдсан байгаа мөнгө өгнө гэсэн бичгийн нэг үсгийг нь ч би өөрийн хүслээр бичээгүй. Ийм учраас би нэхэмжлэгч нараас маш их айсан. Намайг тэр бичгийг бич гэж хэлээд, бичихийг нэхэмжлэгч *******, *******, *******, ******* гээд дөрвүүлээ намайг айлган тулгаж бичүүлсэн. Миний 1,300,000,000 төгрөгөөр босгосон хөрөнгийг 120,000,000 төгрөгөөс болж авч явахад хохиролгүй гэж бичих үндэслэл надад яаж ч бодсон байхгүй. Би тухайн үед нэхэмжлэгч нараас маш их айсан учраас тэр складаас гарахын тулд даруйхан хэлсэн бичгийг нь бичиж өгсөн. Тэр мөнгийг чинь тухайн үед н.Сүрэнхор авсан байж магадгүй. Тэгээд авсан мөнгөөрөө мах авсан боловч дампуурсан. Би тэр талаар мэднэ. Та нар ч мэднэ. Энэ тухай Эмээлт даяараа мэднэ. Би нэхэмжлэгч нараас нэг төгрөг, нэг ширхэг ч ноолуур аваагүй учраас надаас нэхэмжлээд байгаа мөнгийг нь төлөхгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч *******гаас 218,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******, *******, *******, ******* нарт тус бүр 54,500,000 төгрөг олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,510,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,255,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 1,247,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэсэн байна.

 

6. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Нэхэмжлэгч нар шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ******* 2018.04.16-ны өдөр 1756.1 кг ноолуурыг ******* аймагт зарж борлуулан, өгөхөөр зээлээр авч явсан боловч өнөөдрийг хүртэл ноолуурын үнэ 219,510,000 төгрөгийг төлж барагдуулаагүй гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, тухайн ноолуурыг зээлээр өгсөн ба үнийг нэхэмжилсэн. Хариуцагчийн зүгээс ч талуудын хооронд үүссэн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргаж байна гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбараа гаргаж байсан ба шүүх хурлын үеэр хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нь тодруулахаар оролдож асуулт асууж байсан боловч нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс тодорхой тайлбар өгдөггүй, ******* аймагт зарцуулахаар өгч явуулсан эсхүл зарчхаад мөнгийг нь авч ирж өгнө гээд зээлээр авч явсан гэж харилцан адилгүй үндэслэлээ тайлбарладаг. Мөн 2018 онд ноолуураа өгсөн гэж нэхэмжлэл гаргасан атлаа 2019 онд өгсөн гэж амаар тайлбарладаг. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл өөрчлөгдөж байгаа эсэхийг лавласан боловч шүүх энэ талаар тодруулаагүй, эцсээ хүртэл ямар үүргийн харилцаа үүссэн гэж үзэн нэхэмжлэл гаргасан нь тодорхойгүй байсаар эцэст нь шүүх нэхэмжлэгч нар өөрийн ноолуурыг хариуцагчаар заруулахаар өгсөн, талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой байх, ийнхүү тодорхой байснаар хариуцагч уг үндэслэл, шаардлагад холбогдуулан тайлбар гаргах, мэтгэлцэх, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн.

Мөн гэрчүүд ч тухайн 2018, 2019 онд ******* барилга барьж байсан ба ноолуурын бизнесийг ******* гэж хүн хийж байсан талаар тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх *******ын rap бичмэл нь хэнээс хэнд юуг ямар зорилгоор, ямар үнээр хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй, нэхэмжлэгч нарын болон хариуцагчийн хүлээлгэн өгсөн, хүлээн авсан талаарх гарын үсэггүй бөгөөд уг баримтаар хариуцагчид ноолуур хүлээлгэн өгснийг нотлох боломжгүй юм.

6.2. Түүнчлэн, хариуцагч нь айн сүрдэж, энэ талаар хуульд заасан хугацаанд гомдлын шаардлага гаргаагүй нь уг баримтыг шууд үнэн зөв гэж үзэх, эрх зүйн үр дагавар үүсгэхэд хүргэхгүй, тодруулбал, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан хэн ч хэний ч өмнө хууль болон гэрээгүйгээр үүрэг хүлээхгүй байх зарчим зөрчигдсөн гэж үзэж байна.

6.3. Нэхэмжлэгч *******ийг *******гийн хууль ёсны өвлөгч бөгөөд шаардах эрх-ийг өвлөх эрхтэй болох нь 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн бүртгэлийн 0004 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ-гээр нотлогдоно гэж үзсэн. Гэтэл уг шаардах эрх өвлөх гэрчилгээг ******* нэхэмжлэл гаргаснаас хойш үйлдсэн байхаас гадна ийнхүү шаардах эрхтэй болохыг нотлох баримтгүй байхад иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжийг үндэслэн олгосон. Түүнчлэн, шүүгчийн захирамжийн дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгоход үндэслэл болгосон баримтыг гаргуулахаар шийдвэрлэсэн ба 242 дугаартай нотариатчаас ирүүлсэн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, өөрөөр хэлбэл зөвхөн нотариатын тэмдэг дарагдсан, дардасгүй байгаагаа нь шүүхэд баримтыг эх хувиар нь эсхүл нотариатаар баталгаажуулсан баримт гаргах өгөх шаардлагыг зөрчсөн.

Иймд гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч *******ийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Миний нөхөр эмээлтэд түүхий эдийн ченж хийдэг байсан. Хариуцагч ч мөн адил ченж хийдэг байсан ба сүүлд л барилга барьдаг болсон. Миний нөхөр сүүлийн 2 жилийн хугацаанд өвчтэй байх үедээ *******, ******* руу мөнгөө авъя, эмчилгээндээ зарцуулмаар байна гэж байнга утсаар ярьдаг байсан. Нөхрөө нас барсны дараа хариуцагчтай очиж уулзах үед мөнгө зээлснээ хүлээн зөвшөөрч байсан. Нэхэмжлэгч нар шүүхэд хандаж байгааг мэдээд миний бие бичиг баримтаа бүрдүүлээд нотариатч дээр очиж шаардах эрх өвлөх гэрчилгээ авсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч *******, *******, *******, ******* нар нь хариуцагч *******д холбогдуулан 219,510,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

1.1. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн үндэслэлээ 2019 оны 04 дүгээр сард 1,756.1 кг ноолуурыг *******д өгч ******* аймаг руу заруулахаар явуулсан боловч мөнгийг нь өгөөгүй. Тухайн үед 1 кг ноолуурын ханш 125,000 төгрөг хавьцаа байсан. Заруулахаар өгсөн ноолуурыг эргүүлж өгөөгүй тул түүний үнэ болох 219,510,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарлажээ.

 

1.2. Харин, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ би ноолуурыг огт аваагүй бөгөөд тухайн бичгийг намайг дарамталж бичүүлж авсан. ******* ноолуурыг авсан гэж маргажээ.

 

2. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

 

2.1. Хариуцагч *******, 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ******* ахад 218,000,000 төгрөг өртэй үнэн. 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ******* эмчилгээний мөнгө 120,000,000 төгрөг нэн яаралтай гаргаж өгнө. Гаргаж өгөөгүй нөхцөлд хойд талын зоорийн барилгыг буулгаж авахад ямар ч гомдолгүй гэж бичиж гарын үсэг зурсан баримт хэрэгт авагджээ. /хх73/

 

2.2. Түүнчлэн, ...4/16нд цэхэр баясаа 1756.1-219510.0... гэж тэмдэглэгдсэн тэмдэглэлийн дэвтрийн хуудас авагдсан байх ба уг баримтыг нэхэмжлэгч ******* үйлдсэн байна./хх106/

 

2.3. Гэрч шүүхэд мэдүүлэхдээ: 2019 оны хавар 4-5 сарын үед ******* хүний хамт хүмүүсээс ноолуур цуглуулж, ******* аймаг руу авч явсан. Би тухайн үед *******ийн жолоочоор явсан. ******* аймгийн төв дээр 14, 15 хоноод ноолуураас зарж чадалгүй, би авч явсан ноолуураа буцааж хотод авч ирсэн. Харин ******* тэндээ үлдсэн. Ноолуур нь нэхэмжлэгч нарын ноолуур байсан гэж хамт байсан хүмүүс нь хэлсэн. Уг ноолуурыг авч ирээд *******, хариуцагч ******* гэх хоёр хүний хамтарсан агуулахын доод давхарт нь хадгалсан гэжээ./хх87-88/

 

2.4. Гэрч мэдүүлэхдээ: 2019 оны 5 дугаар сарын эхээр *******, ******* ах нар урагшаа ноолуур явуулах гэтэл гадаад паспорттой хүн байхгүй байна, чи урагшаа яваад ажиглаад өгөөч. Ах нар нь цалин өгнө гэхээр нь би зөвшөөрөөд явсан. Ингээд би 16 тонн ноолуур авч Хэбэй муж руу явсан. Тухайн үед талийгаач , ах билүү ******* хоёрын аль нэг нь надтай дүрсээ харж ярьсан. Надад яаж самнадаг юм байна гэхээр нь би камераа эргүүлж ноолуур самнаж байгаа үйл явцыг харуулсан. Надад ах олон хүний зарагдаагүй ноолуур байгаа учраас анхаарал болгоомжтой байгаарай, жингээ сайн хянаж бичиж байгаарай гэж хэлсэн гэжээ./хх85-86/

 

3. ******* нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нас барсан байх бөгөөд түүний өвийг эхнэр ******* нь хүлээн авсан болох н ь 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 0004 дугаар өвлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон байна. /хх102, 128-130/

Иймд *******ийг маргаан бүхий ноолуурын асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй.

 

4. Анхан шатны шүүхээс талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүсэх үүрэг гэж буруу тодорхойлсон байна. Давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж өөрчлөн дүгнэнэ.

 

4.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж,

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж тус тус заасан.

 

4.2. Хариуцагч ******* 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ******* ахад 218,000,000 төгрөг өртэй үнэн. 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ******* эмчилгээний мөнгө 120,000,000 төгрөг нэн яаралтай гаргаж өгнө. Гаргаж өгөөгүй нөхцөлд хойд талын зоорийн барилгыг буулгаж авахад ямар ч гомдолгүй гэж бичиж өгсөн үйлдэл нь түүнийг нэхэмжлэгч нарын ноолуурыг авсан, үнийг төлөхийг зөвшөөрсөн үүрэг хүлээсэн нотлох баримт гэж үзнэ.

 

4.3. Түүнчлэн, ноолуурыг авч ирээд *******, хариуцагч ******* гэх хоёр хүний хамтарсан агуулахын доод давхарт нь хадгалсан гэх гэрч ын мэдүүлгээр хариуцагч *******гийн агуулахад ноолуурыг хадгалсан гэдгийг нотолдог.

 

5. Хариуцагч ******* 1756,1 кг ноолуурыг хүлээн аваагүй тул 219,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 218,000,000 төгрөгийг төлнө гэх бичгийг нэхэмжлэгч нар намайг дарамталж бичүүлж авсан гэж маргасан боловч хариуцагч нь уг татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 

6. Иймд ноолуурын төлбөрт 218,000,000 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцнэ.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/04430 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 492 дугаар зүйлийн 492.1.1-т гэснийг 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,247,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ