| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2019/0196/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/196 |
| Огноо | 2019-09-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2019/ШЦТ/196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Энххүүгээр хөтлүүлж
Улсын яллагч: Э.Билгүүн
Шүүгдэгч: С.Х нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн С Ход холбогдох 1912..... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: щБ овгийн С Х /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч С.Х нь 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, 24 дүгээр байрны 3 дугаар орцонд Улаанбаатар хотын харъяат иргэн Г.Гтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан цаасны хутгаар зүүн суга орчимд хатгаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Г.Гын өгсөн:.. Би Улаанбаатар хотоос 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ирсэн. Тэгээд би Х гэх найзындаа байсан. 2019 оны 07 дугаар сарын 21-ний өглөө унтаж байгаад сэрээд Х бид хоёр нэг шил архи хувааж уухаар болоод би гэрээс гарч дэлгүүрээс 0.5-тай Хараа гэх нэртэй архи авч орж ирээд бид хоёр хувааж уусан. Тэр үед Х надад хандаж чи А гэх найзтайгаа битгий ширүүн харьцаж загнаж байгаа ч цаадах чинь архинд дуртай болоод л архи ууж байгаа шүү дээ гэж хэлсэн. Тэгээд архи ууж байгаад бага зэрэг согтож ирээд Х надруу агсарч эхэлсэн. Тэгэхээр нь би за за тэгвэл би өнөөдөр буцлаа гээд тэдний гэрээс цүнхтэй хувцсаа аваад гарсан. Гарч ирээд би Аг дуудаж гаргаж ирээд надад нэг шил архи аваад өгчих гэж хэлсэн. А дэлгүүр рүү ороод 0.5-тай Хараа гэх архи нэг ундаатай авч ирж өгсөн. Тэр архийг Абид 2 байрны саравчинд сууж байгаад хувааж уусан. Тэгээд архи ч дуусан Аб и дахиад нэг шил архи аваад ирье гээд дэлгүүр рүү явсан тэр хойгуур Х над дээр ирсэн. Тухайн үед Х нилээд их согтсон байсан, намайг дуудаад хоёулаа уулзъя гэж хэлсэн. Би урдаас нь яваад очсон. Тэгээд 24 дүгээр байрны 03 дугаар орц руу бид хоёр хамт орсон Тэгсэн Хын гарт жижиг шар өнгийн цаасны хутга харагдахаар нь би шууд Хын хоёр гарыг нь хумиад тэврээд авсан. Тэр үед Х миний бөгс рүү нэг удаа тэр хутгаараа хатгасан. Тэгэхээр нь би цаасны хутга барьсан байсан гартаа нь ноцолдож байх үед миний зүүн талын суга руу нэг удаа тэр цаасны хутгаараа хатгачихсан, яг тэр үед гаднаас нилээд олон хүүхдүүд дагуулсан хоёр эгч орцны хаалга онгойлгоод орж ирсэн. Тэгээд би зугтаагаад гараад гүйсэн. Тэр үед Адэлгүүрээс ирчихсэн саравчинд сууж байсан. Би очоод болсон асуудлын талаар хэлсэн. Тэр үед Хын эхнэр Отгонтуяа нөхрийгөө хайгаад ирж байсан. Эхнэр нь ирэхээр нь танай нөхөр намайг цаасны хутгаар хатгачихлаа гэж хэлсэн. Тэгээд гэрт нь ороод байж байх үед гаднаас хоёр цагдаа орж ирээд намайг эмнэлэг рүү авч ирсэн. Мөн Хыг цагдаа нар аваад явсан. Х Агэх залууг намайг дээрэлхээд байна гэж өмөөрч согтуу байх үедээ надад хандаж уурлаж намайг цаасны хутгаар хатгасан. Абол миний багийн найз байгаа юм архи уугаад байхаар нь би ганц нэг юм хэлдэг юм түүнийг л Х буруугаар ойлгож улмаар намайг цаасны хутгаар 2 удаа хатгасан. Тэр үед Х бид хоёр л байсан өөр хүн байгаагүй. Х их согтсон байсан. Миний биед хөнгөн гэмтэл учирсан, миний зүүн суга бас зүүн өгзөг рүү нэг нэг удаа цаасны хутгаар хатгасан. Миний биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг Х учруулсан. Худэрболдын тухайн уед намайг хатгасан хутга нь анх эхлээд миний машины урд талын хайрцагт явдаг байсан. Тэр үед Х энэ аятайхан хутга байна найздаа өгчих гээд надаас гуйж авч байсан юм. Тэр нь хар, шар өнгийн бариултай голоороо нугардаг жижиг иртэй цаасны хутга байсан. Би Ход ямар нэгэн байдлаар огт гар хүрч цохиж зодоогүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар хуу/
Гэрч С. өгсөн:.. 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Хын гэрт Г бид гурав нэг шил 0,5 Хараа гэдэг архи хувааж уусан. Архиа ууж дууссаны дараа Хын эхнэр нь ирээд Хыг аваад гарахад нь Г бид хоёр хамт гарсан. Би Гыг автобусанд суулгах гээд очтол автобус хөдлөх цаг болоогүй байсан. Тэгээд Г бид хоёр нэг шил 0,33 Хараа гэх архи аваад 24 дүгээр тойргийн ард байдаг байрны сааданд хувааж уусан. Бид хоёрыг архи уугаад сууж байхад Х ирсэн. Би тэр хоёрыг орхиод дэлгүүр орчихоод гарч ирэхэд Г Х хоёр байхгүй байсан. Тэгээд би саадандаа хүлээгээд сууж байтал Г байрны булангаас гүйж гарч ирээд танай найз чинь намайг хутгалчихлаа гэсэн. Би Гыг дагуулаад Хын эхнэр дээр нь очсон. Эхнэр нь Төгс төгөлдөр гэдэг цайны газар ажилладаг ажил дээр байсан. Очоод байж байтал цагдаагийн байгууллагад ажилладаг нэг эгч ирээд цусыг нь тогтоохгүй бол болохгүй гээд гэр рүүгээ манай найзыг дагуулж орсон. Би гадаа хүлээгээд байж байхад цагдаа ирээд аваад явсан. Х Г хоёр маргалдаагүй. Би Гтай найзын харилцаатай. Г их сандарсан, хэн нэгнээс зугтсан байдалтай ирсэн. Г зүүн суга руугаа гараа хийчихсэн гар нь цус болчихсон байсан. Би эмнэлэгт дуудлага өгье гэж хэлээд Гыг дагуулаад Хын эхнэр дээр очсон...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуу/
Гэрч Г.О өгсөн:.. Би юу болсон талаар мэдэхгүй байна. 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр манай нөхөр архи уусан юм. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр намайг цайны газар дээр байхад хоёр цагдаа ирээд энд хүн хутгалсан байна гээд асуугаад байсан. Тэгээд манай нөхөр Гыг хутгалсан гэсэн. Өөр зүйлийг би сайн мэдэхгүй байна. Манай нөхөр С Х хааяа архи дарс уудаг. Уухаараа янз бүрийн илүү дутуу зүйл гаргаад байдаггүй хүн байгаа юм. Бид хоёр 2003 оноос хойш хамт амьдарч байгаа хүү, охинтой, хүү маань 8 настай, охин маань 13 настай. Манай нөхөр хувиараа барилгын ажил хийдэг. Урьд өмнө ямар нэгэн ял шийтгэл эдэлж байгаагүй. Манай нөхөр бид хоёр өдөрт 30,000 төгрөгийн орлого олдог. Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө байгаа, түрээсийн байранд 100,000 төгрөг төлж амьдардаг...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуу/
Гэрч Н.Н өгсөн:...2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 16 цаг өнгөрч байсан шиг санагдаж байна. Дэлгүүр орох гээд гэрээсээ гадагшаа гартал А, Г хоёр Дэлгэрэх дэлгүүрийн хойд талын буланд сууж байхаар нь би тэр хоёртой мэндэлчихээд явах гэтэл Адуудаад та энийг нэг хараадахаа гэхээр нь яасан юм бэ гэсэн чинь энэ миний үгэнд орохгүй байна гэхээр нь Гын зүүн талынх нь гарыг өргөөд харсан чинь суганы доод ар хэсгийн зузаан мах руу хурц иртэй зүйлээр хатгасан 2 см орчим өргөнтэй шарх байсан. Тэр шархнаас нь цус гараад байсан. Тэгээд би гэртээ авч ороод шархыг нь цэвэрлээд цусыг нь тогтоогоод өгье гэсэн чинь үгэнд орохгүй манайх руу орохгүй гээд байхаар нь арай гэж авч орсон. Тэгээд гэртээ орж шархыг нь цэвэрлээд цусыг нь тогтоох гэсэн тогтохгүй байсан би Гыг сандал дээрээс буулгаад баруун талаар нь газар хэвтүүлсэн чинь өмдний зүүн талын бөгс хэсэг нь цус болсон байхаар нь өмдөө тайлаад үзүүл гэсэн чинь бас хурц иртэй зүйлээр хатгасан шарх байсан өгзөг нь дээрх шарх нь арай гайгүй шарх байсан. Тэгээд байж байтал цагдаа нар ирээд Аг хоёр цагдаа аваад явсан би, Г, Х, Хын эхнэр Отгонтуяа, эргүүлийн хоёр цагдаагийн хамт эмнэлэг дээр ирсэн. Эмнэлэг дээр ирээд шархыг нь цэвэрлүүлээд суганых нь доод талын шарханд 2 оёо, зүүн өгзөгөнд нь 1 оёо тавьсан. Тэгээд эргүүлийн хоёр цагдаа нь Х, Г хоёрыг авч яваад эрүүлжүүлсэн байсан. Х, А, Г гурав цуг архи уусан юм шиг байсан. Тэгээд Х нь Гыг уулзъя гэж дагуулж яваад орцонд ороод цаасны хутгаар хатгасан гэж ярьсан. Цаасны хутгыг Гын машинд байсныг нь Х авсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/
С.Хын яллагдагчаар өгсөн: 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр би эхнэрээсээ мөнгө аваад архи уусан. Манай найз Г Улаанбаатар хот руу явах болоод Г Абид 3 манай гэрт нэг шил архи хувааж уусан. Би нэлээн согтсон байсан. Би өөрийн ажилладаг цайны газар руу орчихоод гарч ирсэн, гараад ирсэн чинь Г Ахоёр 24 байрны хажууд байх 10 давхарын хажуу талын саадан дотор архи ууж байсан. Би тэр хоёр дээр очоод байж байтал Г сууж байснаа Аг алгадаад авсан. Тэгэхээр нь би чи яаж байгаа юм бэ адилхан бүгдээрээ хүний нутагт явж байж гэж хэлж байсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй нэг мэдсэн хүн татаад зулгаагаад байхаар нь сэрээд харсан чинь би гэртээ орж ирээд унтчихсан манай гэрт хоёр цагдаа ороод ирчихсэн намайг сэрээж байсан. Би босоод хоёр цагдаатай хамт гэрээсээ гараад эхнэр бид хоёрын хамт ажилладаг цайны газраар ороод эмнэлэг дээр ирсэн. Тэгсэн чинь Г эмнэлэг дээр ирчихсэн оёо тавиулж байсан тэгснээ надад чи намайг хутгалчихсан гэж хэлсэн би юу ч мэдэхгүй санахгүй байгаа Г Аг алгадсаны тэгэхээр нь би чи хүний газар адилхан явж байж яаж байгаа юм бэ нэгнийгээ алгадаад гэж хэлсэн. Тэгээд юу болсныг би угаасаа санахгүй байгаа нэг мэдсэн чинь цагдаа нар намайг сэрээхээр нь яасан юу болсон гээд боссон чинь би гэртээ унтаж байсан. Тэгээд эмнэлэг дээр ирээд Гтай уулзсан чинь ч намайг цаасны хутгаар хутгалчихсан гэж хэлсэн. Юунаас болсноо би санахгүй байгаа юм. Би цайны газраа орчихоод гараад ирсэн чинь Г, Ахоёр саадан дотор архи уугаад сууж байхаар нь очоод байж байтал Г Аг алгадаад авахаар нь чи адилхан хүний газар явж байж нэгнийгээ яаж байгаа юм бэ гэж хэлсэн тэрнээс хойш юу болсныг би санахгүй байгаа унтаж байсан хүн татаад зулгаагаад байхаар нь сэрсэн чинь хоёр цагдаа намайг сэрээсэн би босоод харсан чинь гэртээ унтсанаа мэдсэн хэзээ яаж орж ирээд унтсанаа би угаасаа санахгүй байна. Би Гыг цохиж зодсоноо угаасаа санахгүй байгаа Би бодохдоо Аг алгадчихаар нь Аг өмөөрч Гтай маргалдсан байх гэж бодож байна. Тэр цаасны хутга нь Гын машины урд хайрцаганд байсан Г өөрөө барилгын ажил хийдэг болохоор хутга нь машинд нь байдаг байсан би тэр өдөр гайтай юм шиг машины цонхонд тенн наах гээд цаасны хутгыг нь Гаас гуйж аваад кармаандаа хийчихсэн явж байсан тэрүүгээрээ Гыг зүссэн юм биш байсан. Г бид хоёр урьд өмнө хэрэлдэж маргалдаж байгаагүй. Сүүлд нь Г Ахоёроос асуухад Адэлгүүр явчихсан байсан би Гыг уулзъя гээд байрны орц руу дагуулж орсон гэсэн тэгээд хатгасан юм шиг байсан. Тэгж байхад бид хоёрын ойр хавьд хүн байгаагүй юм шиг байсан. Би Гыг хутгалсан юм уу гээд Агээс асуухад мэдэхгүй би байгаагүй дэлгүүр явчихсан байсан гэж надад ярьсан. Намайг эмнэлэг дээр авч ирэхэд Насандэлгэр гэдэг эмэгтэй цуг ирсэн байсан Насандэлгэр гэдэг хүнийг эхнэр бид хоёр урд өмнө таньдаг байсан тэр хүн цусыг нь тогтоож боож өгсөн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 45-49 дүгээр хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 337 дугаартай дүгнэлт:
1. Г.Гын биед зүүн суганы хонхорын доод хэсэгт зүсэгдсэн шарх, баруун
өгзөгний дунд хэсэгт өнгөц зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр 2 удаагийн үйлдлээр үүснэ.
3. Хэрэг болох цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.
4. Зүүн суганы хонхорын доод хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун өгзөгний дунд хэсэгт өнгөц зүсэгдсэн шарх нь 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 29 дүгээр хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 398 дугаартай дүгнэлт:
1. 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 337 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
2. 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн яаралтай тусламжийн хуудсан дээрх
эмчийн онош тодорхойлолт 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд нөлөөлөхгүй.
3. Г.Гын биед зүүн суганы хонхорын доод хэсэгт зүсэгдсэн шарх, цус хуралт,
баруун өгзөгний дунд хэсэгт өнгөц зүсэгдсэн шарх гэмтэл учирчээ.
4. Дээрх гэмтлүүд нь ир ирмэгтэй зүйлийн, 2 удаагийн үйлдлээр үүснэ.
5. Зүүн суганы хонхорын доод хэсэгт зүсэгдсэн шарх, цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун өгзөгний өнгөц зүсэгдсэн шарх нь 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 34 дүгээр хуу/
Эд мөрийн баримтад үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 8-9 хуу/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 35-36 хуу/
С.Хын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54 дүгээр хуу/
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 56 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 59 дүгээр хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 69-70 дугаар хуу/
Хохирогч Г.Г, шүүгдэгч С.Х нарын хүсэлт /хх-ийн 71-72 дугаар хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч С.Ход холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, 24 дүгээр байрны 3 дугаар орцонд шүүгдэгч С.Х нь хохирогч Г.Гтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүнийг цаасны хутгаар зүүн суга орчимд хатгаж, зүүн суганы хонхорын доод хэсэгт зүсэгдсэн шарх, цус хуралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч С.Х үйлдсэн болох нь
Хохирогч Г.Гын өгсөн:..Х над дээр ирсэн. Тухайн үед Х нилээд их согтсон байсан, намайг дуудаад хоёулаа уулзъя гэж хэлсэн. Би урдаас нь яваад очсон. Тэгээд 24 дүгээр байрны 03 дугаар орц руу бид хоёр хамт орсон Тэгсэн Хын гарт жижиг шар өнгийн цаасны хутга харагдахаар нь би шууд Хын хоёр гарыг нь хумиад тэврээд авсан. Тэр үед Х миний бөгс рүү нэг удаа тэр хутгаараа хатгасан. Тэгэхээр нь би цаасны хутга барьсан байсан гартаа нь ноцолдож байх үед миний зүүн талын суга руу нэг удаа тэр цаасны хутгаараа хатгачихсан, яг тэр үед гаднаас нилээд олон хүүхдүүд дагуулсан хоёр эгч орцны хаалга онгойлгоод орж ирсэн. Тэгээд би зугтаагаад гараад гүйсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар хуу/
Гэрч С.Агийн өгсөн:.. Г бид хоёр нэг шил 0,33 Хараа гэх архи аваад 24 дүгээр тойргийн ард байдаг байрны сааданд хувааж уусан. Бид хоёрыг архи уугаад сууж байхад Х ирсэн. Би тэр хоёрыг орхиод дэлгүүр орчихоод гарч ирэхэд Г Х хоёр байхгүй байсан. Тэгээд би саадандаа хүлээгээд сууж байтал Г байрны булангаас гүйж гарч ирээд танай найз чинь намайг хутгалчихлаа гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуу/
Гэрч Н.Насандэлгэрийн өгсөн:...Гын зүүн талынх нь гарыг өргөөд харсан чинь суганы доод ар хэсгийн зузаан мах руу хурц иртэй зүйлээр хатгасан 2 см орчим өргөнтэй шарх байсан. Тэр шархнаас нь цус гараад байсан. Тэгээд би гэртээ авч ороод шархыг нь цэвэрлээд цусыг нь тогтоогоод өгье гэсэн чинь үгэнд орохгүй манайх руу орохгүй гээд байхаар нь арай гэж авч орсон. Тэгээд гэртээ орж шархыг нь цэвэрлээд цусыг нь тогтоох гэсэн тогтохгүй байсан би Гыг сандал дээрээс буулгаад баруун талаар нь газар хэвтүүлсэн чинь өмдний зүүн талын бөгс хэсэг нь цус болсон байхаар нь өмдөө тайлаад үзүүл гэсэн чинь бас хурц иртэй зүйлээр хатгасан шарх байсан өгзөг нь дээрх шарх нь арай гайгүй шарх байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 398 дугаартай дүгнэлт, мөн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 337 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Х нь хохирогч Г.Гыг цаасны хутгаар хатгасны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүдээс зүүн суганы хонхорын доод хэсэгт зүсэгдсэн шарх, цус хуралт бүхий гэмтлүүд нь хөнгөн гэмтэлд хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 398 дугаар дүгнэлтэнд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул С.Х хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.
Аймгийн Прокурорын газраас С.Хын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч хүлээн зөвшөөрч /хх-ийн 71-72 хуу, 74-75 дугаар хуу/ гарын үсэг зуржээ.
Хэрэгт цугларсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөйн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч С.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч С.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн иштэй цаасны хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч Г.Г нь “надад гомдол санал байхгүй” гэж /хх-ийн 72 дугаар хуу/ хүсэлт гаргасан, хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт байхгүй” гэсэн /хх-ийн 70 дугаар хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Сн Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х нь торгох ялын 450.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр 150.000 төгрөгөөр төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн иштэй цаасны хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ход авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ