Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2025/01397

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/03562 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******-д холбогдох,

Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/195 тушаал, мөн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/205 тушаалуудыг тус тус хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн баталгаажуулалт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

 

******* нь *******-д 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Бизнес төлөвлөлт, инновацын хэлтэст менежер албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс Нүүрс ачилт, логистикийн хэлтсийн даргаар ажиллаж байсан болно.

*******т 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Б/195 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан. Ингэхдээ тушаах хэсгийн 1-т салбарын нүүрс ачилт логистикийн хэлтсийн дарга нь ажлын байрны чиг үүргийн дагуу нүүрс тээврийн хэрэгслийн, ачилт, жинлэлтийн зохион байгуулалтын ажил сайжруулах чиглэлийг хангалттай зохион байгуулаагүй, зөрчил дутагдлыг таслан зогсоох, эрсдэлийг бууруулах арга хэмжээ аваагүй, хяналт хангалтгүй хэрэгжүүлсний нэгжийн үйл ажиллагаанд алдаа дутагдал гарсан нь Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын дүгнэлтээр тогтоогдсон. Дотоод хяналт эрсдэлийн үнэлгээний газрын гаргаж ирсэн дүгнэлтээр нэхэмжлэгч өөрөө тухайн үед ээлжийн амралттай, ажил үүргээ гүйцэтгээгүй байсан.

Зохион байгуулалтын ажлыг сайжруулах ямар хугацаатай, ямар чиглэлийн үүрэг даалгавар, чиглэлийн ажлыг яаж зохион байгуулаагүй гэдэг зөрчил дутагдал нь тодорхойгүй. Эрх зүйн хэм хэмжээний хувьд ажил сайжруулах чиг үүрэг авсан гэдэг. Энэ чиг үүргийн хангалттай зохион байгуулаагүй, агуулгаар сахилгын шийтгэл ногдуулж байгаа. Хэрэгт хэзээний ямар өдрийн ямар хүнээс яг ямар чиглэл өгсөн нь тодорхойгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн дүгнэлттэй холбоотой 2 асуудал нь нэхэмжлэгчийн ажил үүрэгтэй хамаагүй. Нэхэмжлэгчийн гаргаж буй үйлдэл эс үйлдэхүй байхгүй. Ростерын амралттай байсан, мөн тодорхой чиглэл өгөгдөөгүй.

2 дахь тушаал 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/205 дугаар тушаал. Энэ тушаалаар салбарын нүүрс ачилт логистикийн хэлтсийн дарга ******* нь гэрэлтүүлгийн цамхаг нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахад техникийн тодорхойлолтод тавигдах шаардлага хангаагүй, оролцогчийн тендерийг сонгон шалгаруулах шийдвэрийг дэмжсэн. Тендерт оролцогч *******-аас захиалагчийн шаардлагыг давуулан ирүүлсэн саналд хуульд заасан зарчмын хүрээнд үнэлгээ хийх боломжтой байхад шаардлага хангаагүй гэж тендер амжилгүй болгоход хүргэсэн нь дотоод хяналт эрсдэлийн үнэлгээгээр тогтоогдсон гэсэн. Гэрч асуухад Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газар хянан шалгалт хийхдээ ямар зарчмаар хяналт шалгалт хийдгээ тодорхой дурдсан. Нэхэмжлэгч тендерийн хорооны ямар нэг дарга, нарийн бичгийн даргын ажлыг гүйцэтгээгүй, гишүүний үүрэг гүйцэтгэсэн. *******-ийн захиалагчийн шаардлагыг давуулан ирүүлсэн санал нь хуульд заасан зарчмын хүрээнд үнэлгээ хийхгүй. Нэхэмжлэгч үнэлгээ хийдэг албан тушаалтан биш. Үнэлгээний хорооны гишүүний хувьд санал өгдөг. Үнэлгээний хорооны зохион байгуулалтын хувьд тендерт анхдагч үнэ хамгийн чухал байдаг бөгөөд анхдагч үнэ өөрчлөгдөж байгаа тохиолдолд хоёрдогч үнэ буюу бусад оролцогчдоос ямар үнэ ирснийг мэдсэний дараа үнэ өгөхийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар хориглодог. Энэ үйл явц дээр үнэлгээний хорооны гишүүний хувьд санал өгсөн. Үнэлгээний хорооны гишүүн хууль зөрчсөн тохиолдолд А3 үнэлгээг хүчингүй болгодог. Ийм зүйл байхгүй. Үнэлгээний хороо хамтын шийдвэр гаргадаг. Хамтын шийдвэр гаргадаг байгууллагын зөвхөн 1 гишүүнд сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь хууль бус. Гэтэл 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр өөр ажилд шууд томилсон. Ингэхдээ албан тушаал бууруулах сахилгын шийтгэлийг үндэслээд, албан тушаал бууруулж байгаа агуулгаар тушаал гарсан. Үүнээс гарах хууль зүйн үндэслэл нь тухайн албан тушаал бууруулсан сахилгын шийтгэл нь өөр нэгж, мэргэжил, ажил албан тушаалд томилсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт тухайн зөрчлийг илрүүлэх сахилгын шийтгэл ногдуулах тушаалаа гаргачхаад сарын дараа дахин өөр тушаал гаргаж байгаа нь тус хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарна.

Иймд урд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, мөн дээр 2 сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн баталгаажилт хийлгэх даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

2.1. Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/195 тушаалыг гарах болсон үйл баримтын тухайд:

Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газраас хийсэн хяналт шалгалтын явцад 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө ******* улсын дугаартай нүүрс тээврийн хэрэгсэлд бүртгэлгүй ачилт хийсэн, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаалийн хяналтын талбай руу орсон ******* улсын дугаартай нүүрс тээврийн хэрэгсэл 10174 овоолгоос ачилт хийх байтал S талбай дахь 10130 овоолгоос ачсан тохиолдлууд гарсан байсан. Нүүрс ачилт, логистикийн хэлтсийн дарга нь түүний ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу уурхайн нүүрс ачилтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хянах, нүүрс ачилт, тээвэрлэлтийн хэвийн жигд ажиллагааг хангах зорилгоор тээвэр, нүүрсний овоолгын шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, хэлтсийн дотоод үйл ажиллагааг тухай бүр зохион байгуулах чиг үүрэгтэй атал дээрх чиг үүргээ хэрэгжүүлээгүй. Иймд Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дүгнэлтээр НАЛХ-ийн хэлтсийн дарга *******т сахилгын шийтгэл ногдуулах зөвлөмж гаргасныг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан.

2.2. Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/205 тушаалыг гарах болсон үйл баримтын тухайд: *******-ийн 2023 оны А/251 дугаар тушаалаар байгуулагдсан ЭТТХК/202301067 дугаартай Гэрэлтүүлгийн цамхаг /чарган хөлтэй 13 метр өндөртэй/ нийлүүлэгчийг сонгох сонгон шалгаруулалтыг журмын дагуу зохион байгуулсан хэдий ч тендерийн үнэлгээний хорооны гишүүн нь мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа гаргаж, тендер шалгаруулалт амжилтгүй болсон байсан. Тодруулбал, ******* нь шаардлага хангасан хамгийн бага үнийн санал ирүүлсэн тендерт оролцогч байж, тендерт шалгаруулах боломжтой байхад Үнэлгээний хороо нь шалгаруулаагүй. Сангийн яаманд тус компани нь гомдол гаргасан хэдий ч тендерийн хүчинтэй хугацаа дууссан тус уг тендер сонгон шалгаруулалт амжилтгүй болсон. Дээрх Үнэлгээний хороотой холбогдох асуудлуудыг компанийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газар нь Худалдан авах, ажиллагааны газрын 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 24/20 дугаар албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу шалган үзэж дүгнэлт гаргасан. Тус дүгнэлтийн зөвлөмжөөр Үнэлгээний хорооны гишүүн ******* нь тендерт оролцогч *******-ийн тендерийг хянан үзэхдээ шаардлага хангасан мэт ойлголтыг Үнэлгээний хорооны хараат бус гишүүдэд өгч, хараат бус гишүүд болон *******ын саналаар техникийн тодорхойлолтын шаардлага хангахгүй *******-ийг шалгаруулсан. Сангийн яамнаас дээрх сонгон шалгаруулалтыг хууль зөрчсөн гэж дүгнэсэн бөгөөд компанийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дүгнэлтээр ******* нь Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах журмын 12.2-т заасны дагуу зөрчил гаргасан болох нь тогтоогдож, сахилгын шийтгэл ногдуулах зөвлөмж гаргасныг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан болно. Мөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж ажил олгогчийн сахилгын шийтгэл ногдуулах эрхийг хуулиар олгосон.

Онцгой дэглэмийн хугацаанд компанид мөрдөгдөж буй дүрэм, журам, сахилга хариуцлагыг сайжруулах арга хэмжээг Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөс авч хэрэгжүүлэхийг нийт ажилчдад үүрэг болгосон, бүх шатны удирдах ажилтнуудад Үйлдвэрлэл, нүүрс ачилт, экспортын хэвийн үйл ажиллагаатай холбоотойгоор ажил үүргийн байнгын бэлэн байдалд ажиллахыг даалгасан байхад Нүүрс ачилт, логистикийн хэлтсийн дарга атлаа тус хэлтсийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргээ биелүүлээгүй. ******* нь онцгой дэглэмийн хугацаанд БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай /1991 оны/ хуулийн дагуу шуурхай авч хэрэгжүүлсэн арга хэмжээ бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн дээрх тушаалуудыг гаргасан тул нэхэмжлэгч *******ын *******-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ыг *******-ийн Салбарын Нүүрс ачилт, логистикийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч *******-д холбогдох *******-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/195 дугаар *******т хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******ын шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч *******-аас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 121,512,005 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч *******ын болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж Нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн баталгаажуулалт хийхийг *******-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 835,710 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж, давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2 дахь хэсэгт ажил олгогчийн сахилгын шийтгэл ногдуулах эрхийг хуулиар олгосны дагуу Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/205 тушаалыг гаргасан.

Дээрх Б/205 дугаар тушаалыг үндэслэн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/269 дүгээр тушаалаар *******ыг Салбарын Захиргааны хэлтэст ахлах мэргэжилтнээр томилсон.

Манай компанийн хувьд, сахилгын зөрчил гаргасан ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т заасан албан тушаал бууруулах сахилгын шийтгэлийг оногдуулахдаа 2 тушаал гаргаж шийдвэрлэдэг. Заавал 1 тушаалаар гаргасан сахилгын зөрчил, түүний үндэслэл, сахилгын шийтгэлээр бууруулж буй албан тушаал, хэзээнээс эхэлж томилох, өмнөх албан тушаалын ажил хүлээлцэх хугацаа, хөдөлмөрийн гэрээ байгуулах зэргийг шийдвэрлэх талаар хуулийн зохицуулалт байхгүй, 2 тушаал гаргахыг хориглосон зохицуулалт ч байхгүй байхад анхан шатны шүүхээс Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/269 дугаар тушаалыг нотлох баримтаар үнэлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо шүүх маргааны үйл баримтыг бүхэлд нь дүгнээгүй гэж дурдсан. Тус гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2 дахь хэсэгт заасан давж заалдах гомдлын хэлбэр, агуулгыг хангаагүй буюу шүүхийн шийдвэрийн ямар зүйл, заалт, үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа тухай тодорхой тусгаагүй гэж үзэж байна. Мөн хариуцагч байгууллага албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулахдаа 2 тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй гэж гомдолдоо дурдсан. 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн албан тушаалд томилох тухай тушаалын 1-т *******ыг Нүүрс, логистикийн хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлж, захиргааны хэлтсийн ахлах мэргэжилтнээр томилсон буюу сахилгын шийтгэл ногдуулснаас 1 сар 6 хоногийн дараа өөр эрх зүйн үр дагавар үүсгэсэн. Өөрөөр хэлбэл, сахилгын шийтгэл ногдуулах болон албан тушаалаас чөлөөлөх нь 2 өөр эрх зүйн үр дагавар үүсгэдэг бөгөөд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүсдэг гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулсан тухай Б/195 тушаал, 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулсан тухай Б/205 тушаалыг тус тус хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцсэн байна.

 

3. Нэхэмжлэгч ******* нь *******-тай 2022 оны 06 дугаар сарын 01-ны өдрийн М/2022/0803 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулж, *******-ийн Нүүрс ачилт, логистикийн хэлтэст хэлтсийн даргын ажил, албан тушаалд томилогдож ажиллажээ.

 

4. *******-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/195 дугаар тушаалаар Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн 6, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3, Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 424 дүгээр тогтоолын 1, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны А/683 дугаар тушаалын 5, 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/89 дүгээр тушаалын 3.1, 3.6, Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.4, 8.1.3 дахь заалт, Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ХД24/09 дугаартай дүгнэлт, Салбарын 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03/65 дугаартай албан бичгээр ирүүлсэн саналыг тус тус үндэслэлийг дурдаж, *******т үндсэн цалинг хоёр сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан байна./хх13/

 

4.1. Дээрх тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нүүрс ачилтын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг биелүүлээгүй сахилгын зөрчил гаргасан болох нь Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын дүгнэлт, салбарын санал дүгнэлт, сахилгын хуудас зэргээр тогтоогдож байх бөгөөд *******ын хариуцлагатай холбоотой тул сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж дүгнэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргаагүй тул уг асуудлаар эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

 

5. *******-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/205 дугаар тушаалаар Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн 6, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4, Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 424 дүгээр тогтоолын 1, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны А/683 дугаар тушаалын 1, 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/89 дүгээр тушаалын 3.1, Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.4, 8.1.4 дахь заалт, Бараа ажил, үйлчилгээ худалдан авах журмын 12.3 дахь заалт, ДХЭУГ-ын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ХД24/12 дугаартай дүгнэлт, 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 24/12 саналыг тус тус үндэслэн, *******т албан тушаал бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан байна. /хх12/

 

5.1. Уг тушаалаар Салбарын Нүүрс ачилт, логистикийн хэлтсийн дарга ******* нь ЭТТХК/202301067 дугаартай Гэрэлтүүлгийн цамхаг нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа техникийн тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангаагүй оролцогчийн тендерийг сонгон шалгаруулах шийдвэрийг дэмжсэн, тендерт оролцогч *******-аас захиалагчийн шаардлагыг давуулан ирүүлсэн саналд хуульд заасан зарчмын хүрээнд үнэлгээ хийх боломжтой байхад шаардлага хангаагүй гэж үзэж, тендерийг амжилтгүй болгоход хүргэсэн нь Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дүгнэлтээр тогтоогдсон гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч *******т албан тушаал бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулжээ.

 

5.2. Дээрх Б/205 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4, *******-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.4, 8.1.4-т заасныг тус тус үндэслэжээ.

 

5.3. Нэхэмжлэгч ******* дээрх тушаалуудыг эс зөвшөөрч, маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хариуцагч *******-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс болон Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд өргөдөл гаргасан байх бөгөөд тус хорооны 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар талууд хөдөлмөрийн маргааныг урьдчилан шийдвэрлэхэд харилцан тохиролцоогүй үндэслэлээр шүүхэд хандах талаар шийдвэр гаргажээ. Уг шийдвэрийг ******* нь 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээж аваад мөн сарын 17-ны өдөр анхан шатны шүүхэд гомдлын шаардлага гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.5, 154.6, 154.8 дэх хэсэгт заасан хугацаа журамд нийцсэн байна.

 

6. Анхан шатны шүүхээс дээрх Б/205 дугаар тушаалын дагуу нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасан эсэх асуудлаар дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс сахилгын зөрчил гаргасан эсэх асуудлаар нэмж дүгнэн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй үзлээ.

 

6.1. *******-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ХД24/12 дугаартай дүгнэлтэд 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Үнэлгээний хорооны №3 хуралдаанд *******-ийн техникийн тодорхойлолтыг үнэлэх үеэр үнэлгээний хорооны гишүүн салбарын НАЛХ-ийн дарга *******: би дараа нь техникийн тодорхойлолтын нэг сайн тулгаж харья, цахилгааныг нь харья бусдыг нь харсан гэх хариултуудыг үндэслэн тус үйлдэл нь санаатай тус компанийг дэмжсэн байж болзошгүй тул хууль хяналтын байгууллагад шалгуулах саналтай байна. 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн үнэлгээний хорооны №4 хурлаар техникийн тодорхойлолтоор шаардлага хангахгүй *******-ийн тендерийг шалгаруулж, шийдвэрийг олонхийн саналаар гаргасан үнэлгээний хорооны гишүүд болох *******, , нар Төрийн ба орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална гэсэн зарчмыг баримталж ажиллаагүй, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан байна. Бараа, ажил үйлчилгээ худалдан авах журмын 12.2-т заасны дагуу үнэлгээний хорооны гишүүн *******тнарт сахилгын шийтгэл ногдуулах саналтай гэжээ./1хх50-54

 

6.2. *******-ийн Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах журам-ын 12.2-т Сангийн яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дүгнэлт, холбогдох эрх бүхий байгууллагын хяналт, шалгалтаар худалдан авах ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчсөн, өрсөлдөөнийг хязгаарласан нь тогтоогдвол илэрсэн зөрчлийн үндэслэлээс хамаарч тухайн үнэлгээний хороо, үнэлгээний хорооны дарга, нарийн бичгийн дарга, захиалагч нэгжид компанийн хөдөлмөрийн дотоод журамд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болно гэжээ./1хх 118-125/

Үүнээс үзвэл, *******-ийн Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах журам-ын 12.2-т тендерийн хорооны гишүүнд хариуцлага хүлээлгэх тухай заагдаагүй ба нэхэмжлэгч ******* нь тухайн Үнэлгээний хорооны дарга, нарийн бичгийн дарга бус гишүүнээр ажиллаж байсан байна./1хх58-83/

 

6.3. Дээр дурдсан баримтуудыг харьцуулан дүгнэвэл Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын ХД24/12 дугаартай дүгнэлтээр нэхэмжлэгч *******: Үнэлгээний хорооны №3 хуралдаанд *******-ийн техникийн тодорхойлолтыг үнэлэх үеэр үнэлгээний хорооны гишүүн салбарын НАЛХ-ийн дарга ******* би дараа нь техникийн тодорхойлолтын нэг сайн тулгаж харья, цахилгааныг нь харья бусдыг нь харсан гэх хариултуудыг үндэслэн тус үйлдэл нь санаатай тус компанийг дэмжсэн байж болзошгүй тул хууль хяналтын байгууллагад шалгуулах гэсэн санал, мөн Төрийн ба орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан зөрчлийг гаргасан гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, уг санал дүгнэлтийн дагуу түүний үйлдлийг хууль хяналтын байгууллагаар шалгуулсан, гаргасан зөрчлийг тогтоосон эргэлзээгүй, үнэн зөв гэж үнэлэх нотлох баримтгүй байна.

 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч *******т хариуцагч *******-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/205 дугаар тушаалаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй гэж дүгнэх тул Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/269 дугаар тушаалыг нотлох баримтаар үнэлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэх гомдлыг хангахгүй.

7. Иймд нэхэмжлэгч *******т албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн тушаал хууль зүйн үндэслэлгүй тул түүнийг ажилд нь эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт нийцсэн байна. Мөн хариуцагч *******-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/205 дугаар тушаалаар *******ыг албан тушаал бууруулсан сахилгын шийтгэл ногдуулахдаа бууруулсан албан тушаалыг нэрлэн заагаагүй тушаал гаргасан талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т нийцсэн байна.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заалтуудыг зөв хэрэглэсэн байна.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/03562 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 835,710 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ