Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 3541

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 4 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2016/03541

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

   Нэхэмжлэгч:  Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн нэхэмжлэлтэй,

 

            Гуравдагч этгээд: Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо, Баруун баян-Уул 17-41 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ХЖ76082565, Мянган чулуу овогт Буяагийн Дэлгэрмааг албадан эмчилгээнд явуулахыг хүссэн хүсэлтийг 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Ганболд, гуравдагч этгээд Б.Дэлгэрмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Лхагвасүрэн нар оролцов.                   

                                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Б.Дэлгэрмаа нь Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо, 17-41 тоотод 3 хүүхдийн хамт, мөн эгч Б.Энхмаагийнх нь энэ хашаанд байдаг. Б.Дэлгэрмаа 2005 оноос хойш архи хэтрүүлэн хэрэглэж байгаа, Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо, Баянхошуу орчимд архи уудаг. 2016 оны 4-р сарын 26-ны өдөр цагдаагийн албан хаагчийн шаардлагыг эсэргүүцсэн. Мөн эгч Б.Энхмаагийн хүсэлтээр архины албадан эмчилгээнд явуулах болсон гэв.

 

Гуравдагч этгээд  Б.Дэлгэрмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэтгэл санааны тааламжгүй байдлаас болж архи уудаг. Хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг тэр мөнгөөрөө ууна, мөн найз нөхөдтэйгээ нийлж уудаг. Б.Энхмаа нь миний эгч бөгөөд нэг хашаанд амьдардаг. Өмнө эмчилгээнд явж байгаагүй хамгийн сүүлд 2014 оны 3-р сарын 1-ний өдөр эрүүжүүлэгдэж байсан гэв.

 

            Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

 Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс Б.Дэлгэрмааг албадан эмчилгээ хийлгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

 Б.Дэлгэрмаа нь 2005 оноос хойш байнга архидан согтуурч байгаа, Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо, Баянхошууны гудамжинд танхайрах, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж захиргааны арга хэмжээ авагдаж, удаа дараа эрүүжүүлэгдсэн нь захиргааны зөрчлийн баримт, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдсон байна. 

 

Түүнчлэн 2016 оны 4-р сарын 26-ны өдөр эгч Б.Энхмаа нь архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг гаргасан, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Согтууруулах, мансууруулах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлэгийн дүгнэлт”-ээр архинд донтох өвчтэй нь тогтоогдсон байх тул түүнийг албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан Мянган чулуу овогт Буяагийн Дэлгэрмааг албадан эмчилгээнд явуулсугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Шийдвэрийг нэхэмжлэгч, гуравдагч этгээд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Р.АЛТАНТУЯА