| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2024/06743/И |
| Дугаар | 210/МА2025/01377 |
| Огноо | 2025-08-20 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2025/01377
2025 08 20 210/МА2025/01377
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/05060 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******-т холбогдох
Гэм хорын хохиролд 39,597,324 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. 2022 оны 03 сарын 05-ны өдөр Баянгол дүүрэг, *******, *******инд *******-ын хог хаягдал тээвэрлэх, ачих үйлчилгээний талбайд хог тээврийн ачигчийн ажил хийж байсан ******* нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа ******* улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийн тэвшинд даруулж нас барсан. Тухайн хэрэг үйл явдалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/488 дугаартай тогтоол гарсан. Уг хэрэгт хариуцагчаар ******* оролцсон. Шүүхийн шийтгэх тогтоолоор иргэний хариуцагчаас нэхэмжилсэн 36 сарын дундаж цалинтай тэнцэх 42,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ талаар баримт цуглуулаагүй гэсэн үндэслэлээр шийдвэрлэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэх эрхтэй гэж тусгасан.
1.2. ******* нь Хөдөлмөрийн эрүүл аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан үүргээ зөрчсөнөөс дээрх осол гарах нөхцөл байдал бүрдсэн. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-т эрсдэлийн түвшин их ажлын байранд ажиллаж байгаа ажилтныг амь нас эрүүл мэндийн даатгалд тухайн ажилтны 36 ба түүнээс дээш сарын дундаж цалинтай тэмцэх хэмжээгээр заавал даатгуулна гэснийг зөрчиж, *******-тай гэнэтийн ослын даатгалыг хуульд зааснаас багаар буюу нэг ажилтны хувьд 2-4 сая төгрөгөөр даатгуулсан. Уг нөхцөл байдлын улмаас даатгалын компаниас 2022 оны 04 сарын 13-ны өдөр талийгаачийн ээж *******ын эзэмшлийн ХААН банк дахь тоот дансанд 3,000,000 төгрөгийн нөхөн төлбөр орсон.
Хариуцагч компанийн зүгээс талийгаачийн 36 сарын дундаж цалинг 42,597,324 төгрөгөөр тогтоосон байдаг ба энэ дүнгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд заасан нөхөн төлбөрийг олгосон байдаг. Үйлдвэрлэлийн осол гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг ойлгох бөгөөд талийгаач ******* нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа осолд орж нас барсан. Иргэнийг үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчинд хүргэж болзошгүй ажлын байрны нөхцөлийг ажлын байран дахь эрсдэл гэж ойлгох бөгөөд эрсдэлийн түвшин их ажлын байранд ажиллаж байгаа ажилтныг амь нас, эрүүл мэндийн даатгалд тухайн ажилтны 36 ба түүнээс дээш сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр заавал даатгуулна. Ажилтны амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг ажил олгогч хариуцах бөгөөд ажилтныг амь нас, эрүүл мэндийн даатгалд даатгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд заасан нөхөн төлбөрийг ажил олгогч олгохгүй байх үндэслэл болохгүй. Ажил олгогчийн зүгээс эрсдэлийн түвшин их ажлын байранд ажиллаж байгаа ажилтныг амь нас, эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулах хуульд заасан үүргээ биелүүлээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2, 43.2.3, 43.2.12 дахь хэсэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-т заасанд тус тус нийцээгүй байна. Эрсдэлийн түвшин их ажлын байранд ажиллаж байгаа ажилтныг амь нас, эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулах үүргээ ажил олгогч биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т заасны дагуу нөхөн төлбөр авах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон. Иймээс бусдын эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул хариуцагчаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр 39,597,324 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна.
Иймд хариуцагч *******-аас гэм хорын хохиролд 39,597,324 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1.Тус байгууллагын хог тээврийн ачигч албан тушаалтай байсан ******* нь 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр автомашины өргөгдсөн байсан тэвшин доогуур орж тэвш өргөх хөшүүргийг хөндөж, тэвшийг буулгасны улмаас дарагдан хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг хангаж ажиллаагүйн улмаас нас барсан харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор манай байгууллагын зүгээс бүхий л боломжийг судалж, байж болох хамгийн дээд хэмжээндээ буюу 42,597,324 төгрөгийн тэтгэмжийг ар гэрт нь олгосон.
2.2. ******* нь улсын төсвөөс бүрэн санхүүждэг байгууллага учир Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан төсвийн хүрээнд, төсвийн шууд захирагчаас хуваарилсан хэмжээ, чиг үүрэг, зориулалтын хүрээний дотор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулан явуулах шаардлага тавигдсан.
2021 онд тус байгууллагын төсөвт ажилчдын даатгалд 10,000,000 төгрөгийн хураамжийн зардал гаргахаар батлагдсан тул энэ дагуу 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр *******-тай 1 ******* Гэнэтийн ослын даатгалын гэрээг байгуулан нэг ажилтанд ногдох даатгалын үнэлгээг 2-4 сая төгрөгөөр тооцож, нийт 260 ажилтны үнэлгээг 782 сая төгрөгөөр тогтоон, даатгалын хураамжийг 1%-аар тооцож, 7,820,000 төгрөгийн даатгалын хураамжийн зардлыг гаргасан ба уг гэрээ нь 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хүчинтэй үйлчилсэн. ******* нь төсвөөс санхүүждэг ажил олгогчийн хувьд батлагдсан төсвийн хүрээ, хэмжээний дотор ажилтныг заавал даатгуулах хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн, хуульд заасан хэмжээнд хүрээгүй нь манай байгууллагын буруутай үйл ажиллагаатай шууд хамааралгүй тул гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээхгүй. 2024 оны 06 сарын 12-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тухайн үеийн хог тээврийн жолооч ыг Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 буюу болгоомжгүй хохироосон гэдэг зүйл ангиар ялласан. Тухайн эрүүгийн хэрэгт манай өөр ажилтныг яллагдагчаар татсан боловч гэм буруугүй гэж үзсэн. Нэхэмжлэгч талын дурдсанаар даатгалын нөхөн төлбөрт 3,000,000 төгрөг, үйлдвэрлэлийн осолтой холбоотой нөхөн төлбөрт 42,597,000 төгрөг, хандив 4,240,000 төгрөг, нийт 50,837,324төгрөг тус тус олгосон байдаг.
2.3. ******* нь талийгаачийн эх болох нь харагдаж байгаа боловч түүний хууль ёсны өв залгамжлагч мөн эсэх нь тогтоогдохгүй байна. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар хохирогч нас барсан тохиолдолд түүний хууль ёсны өв залгамжлагч нь шаардах эрхтэй байна. Иргэний хуульд өв залгамжлагчаар нас барсан эсвэл нас барсанд тооцогдсон хүний эд хөрөнгө, эрх үүрэг хууль ёсоор өвлөн авах эрх бүхий этгээдийг тодорхойлдог. Нэхэмжлэгч ******* нь талийгаач *******гийн өв залгамжлагч мөн болох нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд гэж үзэхгүй. Иргэний хуулийн 528 дугаар зүйлд өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ. гэж заасан. Хэрэгт авагдсан баримтуудаас ******* талийгаач *******гийн өвийг хүлээн авсан буюу өвлөгч гэдэг нь тогдоогдоогүй байна. Иймд ******* нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэх боломжгүй. Хариуцагчийн зүгээс өвлөх эрхийн гэрчилгээгээр өв залгамжлагчийг тодорхойлох нь зүйтэй гэж үзэж байна. өвлөх эрхийн гэрчилгээ авах 1 жилийн хугацаа өнгөрсөн байна. Нэхэмжлэгч нь *******гийн эх буюу Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасан хууль ёсны өв залгамжлагч гэж болохоор боловч уг хуулийн 520.1.1-д нас барсан хүний эхнэр, нөхөр, төрүүлсэн болон үрчилсэн түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх гэх хүмүүсийг хууль ёсны өвлөгчөөр тодорхойлж эдгээр хүмүүсийн хэн аль нь тэгш эрхтэй хууль ёсны өв залгамжлагч байх тул нэхэмжлэгч дангаар оролцох нь үндэслэлгүй, бусад өвлөгчийн эрх ашиг зөрчигдөх магадлалтай.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй хэргийг үндэслэлтэй гэж үзэж байна. Иргэн би жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан тохиолдолд даатгалын компаниас 5 хүртэлх сая төгрөгийн хохирлыг барагдуулдаг. Үүнтэй адил даатгалын хууль ижил үйлчлэх болов уу. гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 39,597,324 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 355,936 төгрөгийг гаргуулж улсын төсвийн дансанд оруулж шийдвэрлэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3-т нэхэмжлэгчийн шаардлага болон түүнд өгсөн үндэслэлийг дурдсан. Уг хэсэгт анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагч талаас нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэх байр суурийг илэрхийлсэн боловч түүнтэй холбоотой тайлбарыг огт тусгаагүй.
Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт хариуцагчийн гаргасан тайлбар, татгалзлын үндэслэлийг дурдаагүй атлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт болон 508 дугаар зүйлийг үндэслэн нэхэмжлэгч *******ыг шаардах эрхтэй этгээд гэж дүгнэсэн нь буруу байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1, 118.3 дахь хэсэгт шүүхийн шийдвэрийн бүтэц, тодорхойлох хэсэгт тусгагдах хууль зүйн шаардлагыг тодорхой заасан. Гэвч анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн шаардлагын агуулгыг нарийвчлан тусгасан боловч хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэлийг орхигдуулсан. Анхан шатны шүүх хуралдааны явцад талуудын мэтгэлцсэн гол агуулга шийдвэрт тусгагдаагүй бөгөөд энэ нь шүүх хуралдааны бодит оролцоог гуйвуулж, талуудын шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шаардлагаа ихэсгэх, багасгах, тодруулах, сөрөг нэхэмжлэлийн талаар удаа дараа тайлбар гаргах боломжтой. Гэвч шүүх хэргийг шаардлага, үндэслэлийн хүрээнд хянан хэлэлцэж байгаагаа тодорхой болгож, шийдвэртээ нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хариуцагчийн хариу тайлбар, татгалзлыг ойлгомжтой байдлаар тусгах үүрэгтэй. Анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчийн хариу тайлбарын зарим хэсгийг огт тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн. Мөн анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бүх талаас нь харьцуулан үнэлээгүй. Нэхэмжлэгч нь талийгаач *******гийн өв залгамжлагч буюу гэм хорын нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл хэсгийн 6-д нэхэмжлэгчийг талийгаач *******гийн өв залгамжлагч гэж үзсэн үндэслэлээ дурдсан. Уг хэрэг нь анх ын нэхэмжлэлээр үүссэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагчаас нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн эсэхийг тодруулах зорилгоор өвлөх эрхийн гэрчилгээг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан. Анхан шатны шүүх уг хүсэлтийг ханган нотлох баримт гаргуулах захирамж гаргасан. 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ыг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд, хууль ёсны өв залгамжлагч биш гэж үзэн түүний оронд *******ыг нэхэмжлэгчээр солих хүсэлт гаргасан бөгөөд анхан шатны шүүх уг хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Шинээр нэхэмжлэгч болсон ******* нь нэхэмжлэл гаргахдаа өөрийн төрөл садны холбоог нотлох иргэний үнэмлэх болон холбогдох лавлагааг шүүхэд гаргасан боловч өв залгамжлагч болохыг нотлох өвлөх эрхийн гэрчилгээг гаргаагүй. Анхан шатны шүүхэд ирүүлсэн баримтууд нь ******* талийгаачийн төрөл садны холбоотойг нотолсон боловч хууль ёсны өв залгамжлагч болохыг баталж чадаагүй. Иргэний хуулийн 508 дугаар зүйлд зааснаар өв залгамжлагч нь гэм хорын нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн боловч энэ эрхийг хэрэгжүүлэхийн тулд тухайн хүн хууль ёсоор өв хүлээн авсан байх шаардлагатай. Өв залгамжлалыг хуульд заасан болон гэрээслэлийн журмаар хэрэгжүүлэх бөгөөд өвийг хүлээн авахын тулд өв залгамжлагч нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлд заасны дагуу өвийг хүлээн авсан эсэх эсхүл өвийг хүлээн авахаас татгалзсан эсэх нь нотлох баримтаар тогтоогдоогүй. Талийгаач ******* 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нас барсан бөгөөд өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулах, өвлөхөөс татгалзах зэрэг эрхийг нэг жилийн дотор хэрэгжүүлэх хууль зүйн боломжтой байсан. Гэвч энэхүү хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэгч өв залгамжлагч мөн эсэхийг заавал өвлөх эрхийн гэрчилгээгээр нотлох шаардлагатай гэж үзэж байна. Нотариатын журмаар өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо өвлүүлэгчийн эд хөрөнгө болон эрхийг хуульд заасан бүх өвлөгчид өвийг хүлээн авах эсвэл татгалзсан эсэхийг бүрэн шалгаж тогтоосны үндсэн дээр шийдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг хууль ёсны өв залгамжлагч мөн эсэхийг өвлөх эрхийн гэрчилгээгээр тогтоох ёстой. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасныг үндэслэн *******ыг хууль ёсны өв залгамжлагч гэж үзсэн байдаг. Уг заалтад хууль ёсны нэгдүгээр зэргийн өв залгамжлагчийг тодорхойлсон боловч энэхүү хэрэгт дурдагдсан бусад өв залгамжлагчдын эрх зүйн байдал одоогийн байдлаар тодорхойгүй. Талийгаачийн бусад хууль ёсны өв залгамжлагчид мөн адил шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой гэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг хангаж, хариуцагчаас 39,597,324 төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн. Уг шийдвэр нь Иргэний хуулийн 497, 516 дугаар зүйл, Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн зохицуулалтад нийцсэн бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан гарсан хууль ёсны шийдвэр болсон. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд талийгаач *******гийн өв залгамжлалын асуудлыг хөндөж, нэхэмжлэгч *******ын өвлөх эрхийг үгүйсгэсэн. Түүнчлэн шүүхийн шийдвэр нь хуульд нийцээгүй гэх үндэслэлээр маргаж байна. Гэвч Иргэний хуулийн 520, 508 дугаар зүйлд нас барсан этгээдийн нөхөр, эцэг эх, хүүхэд нь хууль ёсны өв залгамжлагч болохыг тодорхой заасан. Нэхэмжлэгч ******* нь талийгаачийн төрсөн эх бөгөөд энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул талийгаачийн хууль ёсны өв залгамжлагч байна. Гэм хорын хохирлыг хууль ёсны өвлөгч буюу өв залгамжлагч нэхэмжлэх эрхтэй гэж заасан. Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу ажил олгогч нь ажилтныхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүйгээс болж осол гарч улмаар. ажилтан нас барсан. Уг нөхцөл байдал нь хариуцагчийн зөрчил бөгөөд нөхөн төлбөр гаргуулах хууль зүйн үндэслэл болж байна. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлд хохирлыг учруулсан этгээд нь нөхөн төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагчид нөхөн төлөх үүрэг бий болсон. Анхан шатны шүүхийн Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 125, 126 дугаар зүйл, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйл, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115, 116, 118 дугаар зүйлүүдэд үндэслэсэн тул хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Мөн хариуцагчийн өмгөөлөгч хууль ёсны өв залгамжлагч нь зөвхөн ээж нь биш, талийгаачид эхнэр, хүүхэд байсан гэх байр суурь илэрхийлсэн. Гэвч талийгаачийн эхнэр нь гэрлэлтийн бүртгэлгүй, хүүхдээ төрсний дараахан гэр бүлээс татгалзсан. Харин талийгаачийн ганц хүү одоо насанд хүрээгүй бөгөөд эмээгийнхээ асрамжид амьдарч байна. Иймд хууль ёсны өв залгамжлах эрх бүхий этгээд нь нэхэмжлэгч ******* болох нь тогтоогдсон гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь *******-т холбогдуулан гэм хорын хохиролд 39,597,324 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ... ******* нь талийгаачийн эх боловч өвлөх эрхийн гэрчилгээ аваагүй, ... өв хүлээн авсан эсэх нь нотлогдоогүй ..., ... бусад өвлөгчдийн эрх зүйн байдал тодорхойгүй ... нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэх боломжгүй, ... ******* нь төсвөөс санхүүждэг ажил олгогчийн хувьд батлагдсан төсвийн хүрээ, хэмжээний дотор ажилтныг заавал даатгуулах хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн, хуульд заасан хэмжээнд хүрээгүй нь манай байгууллагын буруутай үйл ажиллагаатай шууд хамааралгүй тул гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээхгүй гэж тайлбарлан, маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн зөв тогтоож, хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
4. Талийгаач ******* нь *******-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ачигчийн албан тушаалын ажил үүрэг гүйцэтгэж байсан. Тэрээр ажилтан нь 2022 оны 03 сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн *******, ******* хог ачих ажил гүйцэтгэж байхдаа ******* улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийн тэвшинд даруулж, нас барсан байна. /хх5-10, 27-28/ Ажил олгогч ******* нь 2022 оны 03 сарын 21-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу талийгаачийн эх *******д нөхөн төлбөр олгожээ. /хх11-19/
5. Дээрх үйл баримтад зохигч маргаангүй. Харин хариуцагчийн хууль бус үйлдэл, эс үйлдлийн улмаас гэм хор учирсан эсэх, уг гэм хорыг хариуцан арилгахыг нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.
5.1. Хэргийн баримтаас үзвэл, хариуцагч нь *******-тай 2021 оны 06 сарын 15-ны өдөр Гэнэтийн ослын даатгалын гэрээ-г нэг жилийн хугацаатай байгуулж, нэг ажилтны амь нас, эрүүл мэндийн даатгалын хэмжээг 3,000,000 төгрөгөөр тогтоож, даатгуулжээ. /хх20-24/
5.2. Хариуцагч азар нь талийгаач *******гийн гүйцэтгэж байсан ачигчийн ажлын байрыг өндөр эрсдэлтэй гэж тодорхойлсон болох нь хэрэгт авагдсан тус байгууллагын 2022 оны 01 сарын 03-ны өдрийн Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ гэсэн бичгийн баримтаар тогтоогдсон байна. /хх55-66/
5.3. Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт Эрсдэлийн түвшин их ажлын байранд ажиллаж байгаа ажилтныг амь нас, эрүүл мэндийн даатгалд тухайн ажилтны 36 ба түүнээс дээш сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр заавал даатгуулна. Ажилтны амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг ажил олгогч хариуцах бөгөөд ажилтныг амь нас, эрүүл мэндийн даатгалд даатгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд заасан нөхөн төлбөрийг ажил олгогч олгохгүй байх үндэслэл болохгүй. гэж заасан. Хариуцагч байгууллага нь энэ хуулиар тогтоосон хэмжээг зөрчиж даатгалын гэрээ байгуулсан болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
******* нь даатгалын тохиолдол бий болсонтой холбогдон талийгаач *******гийн гэр бүл буюу эх *******д даатгалын нөхөн төлбөрт 3,000,000 төгрөг шилжүүлжээ.
5.4. Хариуцагч тал, төсвөөс санхүүждэг, ... батлагдсан төсвийн хүрээ, хэмжээний дотор ажилтныг заавал даатгуулах хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн, хуульд заасан хэмжээнд хүрээгүй нь манай байгууллагын буруутай үйл ажиллагаатай хамааралгүй гэх татгалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Иймээс Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт заасан хэмжээнээс доогуур ажилтны амь нас, эрүүл мэндийг даатгуулсны улмаас даатгалын нөхөн төлбөр авч чадаагүй хохирсон гэх үндэслэлээр хариуцагч *******-аас гэм хорын хохирол арилгуулахаар талийгаач *******гийн эх ******* нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
5.5. Нэхэмжлэгч ******* нь талийгаач *******гийн төрсөн эх болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас гаргасан Төрөл садангийн лавлагаа баримтаар тогтоогдсон. /хх109/
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар *******ын хууль ёсны өвлөгч байна. Мөн нэхэмжлэгч нь талийгаач болон түүний охины хамт амьдарч байсан талаар шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал тайлбарлажээ. /хх113/
Талийгаач ******* болон нэхэмжлэгч ******* нар нэг хаяг дээр оршин сууж байсан болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ болон нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа зэргээр тогтоогдож байна. /хх47-51, 111/
Өвлөх эрхийн гэрчилгээ нь тухайн өвлөгчийн гадагшаа үзүүлэх баримт бөгөөд нэхэмжлэгч өвлөх эрхийн гэрчилгээ аваагүй нь гэм хорын хохирол шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Иймээс нэхэмжлэгч ******* нь гэм хорын хохирол хариуцагчаас шаардах эрхтэй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол хуулийн үндэслэлгүй.
6. Анхан шатны шүүх шийдвэрийн тодорхойлох хэсэгт хариуцагч талын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулгыг бүрэн тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт нийцэхгүй байх боловч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хуулийн үндэслэл болохгүй. Давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийг үндэслэн магадлалын тодорхойлох хэсэгт хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулгыг зааж, уг алдааг залруулах боломжтой гэж үзлээ.
7. Анхан шатны шүүх шийдвэртээ иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг тусгаж, шийдвэр гаргахдаа уг дүгнэлтийг харгалзан үзсэн нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7, 66.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/05060 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Ч.ЦЭНД