Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 4433

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2016/04433

 

Улаанбаатар хот

 

 

                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, 23Б-р байрны 28 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ШЗ60080601, Тэнүүн овогтой Лувсанжамбаагийн Сэлэнгэмөрөнгийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Баянгол дүүргийн 11-р хороо, Зүүн нарангийн 3-41 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ХМ55120108, Бэсүд овогт Дамдингийн Сэлэнгэ,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 11-р хороо, Зүүн нарангийн 3-41 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ХМ50071537, Гөрөөчин овогт Занабазарын Лхагвасүрэн нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2 987 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Сэлэнгэмөрөн, хариуцагч Д.Сэлэнгэ,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.

                                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Сэлэнгэмөрөн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 5-р сарын 27-нд Монкорд хадгаламж, зээлийн хоршооноос хадгаламж барьцаалсан зээл 1350 америк долларыг 1.2 хувийн хүүтэй авч, Сэлэнгэ, Лхагвасүрэн нарт зээлүүлсэн. Тэд мөнгийг зээлэхдээ 5-7 хоногийн хугацаатай хүүтэй нь эргүүлэн төлнө гэсэн боловч маш их хугацаа өнгөрсөн. Иймд Д.Сэлэнгэ, З.Лахгавасүрэн нараас 1350 америк доллар, сарын 1,2 хувийн хүү 145 америк доллар нийт 1495 ам доллар буюу Монгол банкны энэ өдрийн албан ёсны ханш 1998 төгрөгөөр тооцож нийт 2 987 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Сэлэнгэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 5 дугаар сарын 27-нд 1350 ам долларыг монгол мөнгөөр тооцож 2 600 000 төгрөгийг хүлээж авсан. Үүнээс хойш Хадгаламж зээлийн хоршоонд монгол төгрөгөөр  сар бүриийнхаа төлөлтийг 2 удаа буюу 2015 оны 6-р сарын 26-нд 40 000 төгрөг, нөгөө нь 8-р сарын 24-нд 40 000 төгрөгийн төлөлт хийсэн. Үндсэн мөнгөнөөс би хасуулж явж чадаагүй байгаа.  Одоо нийт 1495 ам доллараар бодсон байна. Тухайн үеийн ханшаар монгол төгөргөөр тооцоод 2 600 000 төгрөг, нэмж 100 000 төгрөг нийт 2 700 000 төгрөгийг төлье гэв.  

 

            Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

             Нэхэмжлэгч Л.Сэлэнгэмөрөн нь Д.Сэлэнгэ, З.Лхагвасүрэн нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2 987 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 2 700 000 төгрөгийг хангаж, бусад 287 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж дүгнэлээ.

 

            Л.Сэлэнгэмөрөн нь Д.Сэлэнгэ, З.Лхагвасүрэн нартай харилцан тохирч 2015 оны 5-р сарын 27-нд 2 600 000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлүүлсэн нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 281-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагджээ.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээгээр тохирсон мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч мөнгийг хугацаанд нь буцаан төлөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч нь 1350 америк долларыг, 1.2 хувийн хүүтэй зээлүүлсэн гэж маргаж 2 987 000 төгрөгийг шаардсан бол, хариуцагч бэлнээр 2 600 000 төгрөг хүлээн авсан, үүнээс 80 000 төгрөгийг буцаан төлсөн  гэж тайлбарлажээ.

 

Хэдийгээр зээлдүүлэгч нь тухайн өдөр хадгаламж барьцаалсан 1 350 долларын зээлийн гэрээ байгууулсан боловч зээлдэгчид монгол төгрөгөөр тооцож шилжүүлсэн, энэ талаар талууд маргаагүй /хх 6-7/ байна.

 

Түүнчлэн талууд тухайн үедээ хүү тохирсон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул зээлдүүлэгч хүү авах эрхээ алдсан гэж үзнэ. Нөгөө талаас, 2015 оны 10-р сарын 19-нд “Зээлийн гэрээ”-г бичгээр үйлдсэн /хх 3/ боловч хүү тохирсон зээлийн гэрээ гэж үзэх үндэслэлгүй.

 

Гэвч шүүх хуралдааны шатанд хариуцагч үндсэн зээл 2 600 000 төгрөг, нэмж 100 000 төгрөг нийт 2 700 000 төгрөг төлөхөөр зөвшөөрсөн байх тул энэ хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дамдингийн Сэлэнгэ, Занабазарын Лхагвасүрэн нараас 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулж  Лувсанжамбаагийн Сэлэнгэмөрөнд олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 287 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 750 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч нараас 58 150 төгрөг гаргуулж Л.Сэлэнгэмөрөнд олгосугай.

 

Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно.

          

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Р.АЛТАНТУЯА