Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2025/01414

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Золзаяа, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/05517 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******д холбогдох,

Хохиролд 571,933,404 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

******* нь Монгол Улсын Үндсэн хууль, тухайн үед мөрдөгдөж байсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу шүүгчийн албан тушаалд томилогдож, 1997 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс Дундговь аймаг дахь Сум дундын шүүхэд шүүгчээр ажиллаж байсан. Монгол Улсын шүүхийн тухай багц хууль батлагдаж, хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой, шүүхийн байгууллагын нэршил, бүтэц зохион байгуулалтад зохих өөрчлөлт хийснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн зарим хүмүүсийг шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай 198 дугаар зарлигаар Аймаг, Нийслэлийн давж заалдах болон анхан шатны нийт шүүгчдийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрийн 199 дүгээр зарлигаар зарим шүүгчдийг шүүгчийн албан тушаалд буцаан томилохдоо нийт 12 шүүгчийг дахин томилоогүй, орхигдуулсны нэг нь ******* юм.

Бид зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр 2014 оноос хойш 8 жил гаруй хугацаанд холбогдох бүхий л байгууллага, албан тушаалтанд хандаж, өргөдөл, гомдол тасралтгүй гаргасаар ирсэн. Хамгийн сүүлд Улсын дээд шүүх хэргийн харьяалал тогтоож, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд харьяалахаар шийдвэрлэж, бидний гомдлыг авч хэлэлцээд 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 70 дугаар шийдвэрээр *******г Налайх дүүрэг дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр өргөн мэдүүлэхийг *******д даалгасан. Харин, *******ийн өргөн мэдүүлснээр Монгол Улсын Ерөнхийлөгч 1 шүүгчийг томилж, бусад шүүгчийг татгалзсан. *******д ажилгүй байсан хугацааны цалинг олгож өгөөч гэж гомдол гаргасан боловч тухайн хугацааны цалинг нөхөн олгох эрх *******д олгогдоогүй гэсэн хариуг өгсөн. Үүний дараа Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд *******ийн хууль бус үйлдэхүйн улмаас учирсан хохирол болох 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 2,987,987 төгрөгөөр бодож, 8 жил 2 сар буюу 98 сараар тооцож, 271,708,432 төгрөгийг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч нь 1991 онд ажил ороод, 1997 оны 07 дугаар сараас шүүгчээр ажиллаж эхэлсэн ба одоо ажиллаж байсан бол шүүгчээр 28 жил, улсад нийт 34 жил ажиллах байсан байна. Ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгээд 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл /123 сар * 2,700,000 + 9 сар * 4,266,000 + 4 сар 5,040,000 төгрөг сарын цалин/ 390,654,000 төгрөг, бусад нэмэгдэл 136 сарын 181,279,404 төгрөг, нийт 571,933,404 төгрөгийн цалин хөлс авах байсан, авч чадаагүй хохирсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байгаа болно. *******ийн 2013 оны 42 дугаар тогтоолоор Шүүх байгуулах тухай хууль /2013/-ийн дагуу шинээр байгуулагдсан шүүхэд нэхэмжлэгчийг томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 198 дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлөхөд нэхэмжлэгч ******* чөлөөлөгдсөн бөгөөд энэ эрх зүйн дагаврыг ******* гаргаагүй болно. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0070 дугаар шийдвэрийг биелүүлж *******ийн 2022 оны 74 дүгээр тогтоол болон 2022 оны 100 дугаар тогтоолоор нэхэмжлэгч *******г шүүгчийн албан тушаалд томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид удаа дараа өргөн мэдүүлсэн боловч Монгол Улсын Ерөнхийлөгч тухай бүр нэхэмжлэгч *******г Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр шүүгчийн албан тушаалд томилох саналыг буцаан ирүүлсэн.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж заасныг үндэслэн *******ийн даргын 2014 оны 198 дугаар тушаалаар 6 сарын цалинтай тэнцэх 12,000,000 төгрөгийн тэтгэмжийг *******д олгосон байдаг.

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт зааснаар гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг, сонирхол, гэм хор, учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ. Гэтэл нэхэмжлэгч нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ажлаасаа чөлөөлөгдчихөөд одоо цалин болон бусад нэмэгдлүүдийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, ******* нэхэмжлэгч *******г шүүгчээр үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болгосон аливаа үйлдэл, эс үйлдэхүйг гаргаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******өөс 347,013,422 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 224,919,982 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1,274,944 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, түүнийг тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 17872 дугаар шүүгчийн захирамжаар тэмдэгтийн хураамжийн үлдэх 756,492 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч *******өөс 1,893,017 төгрөгийг гаргуулж, үүнээс 1,136,525 төгрөгийг нэхэмжлэгч *******д олгож, 756,492 төгрөгийг улсын төсөвт оруулж шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэрээр ******* шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, *******г Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг *******д даалгаж шийдвэрлэсэн.

Харин, шүүгч нарыг буцаан томилоогүй орхигдуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шүүгчийн албан тушаалд буцаан томилох шийдвэр гаргахыг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Өөрөөр хэлбэл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр *******г хууль бусаар шүүгчийн эрхээс нь түдгэлзүүлсэн, албан тушаалаас чөлөөлсөн, огцруулсан, ажлын байранд эгүүлэн тогтоох тухай маргаан буюу хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлээгүй.

Нэхэмжлэгч ******* нь 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд шүүгчийн бүрэн эрхээ сэргээж, цалин хөлсөө авч чадалгүй хохирсон гэж үзэхээр байх тул хариуцагч ******* нь 2021 оны Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн дурдсан хугацааны авч чадаагүй цалин хөлсийг хохирол хэлбэрээр нөхөн төлөх үүрэгтэй байна гэсэн нь ******* *******гийн шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгосонтой адил үр дагаврыг үүсгэсэн мэтээр тайлбарласан нь буруу юм.

Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Төрийн албаны хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг үндэслэн *******ийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 198 дугаар тушаалаар 6 сарын цалинтай тэнцэх /12,000,000 төгрөг/ тэтгэлгийг *******д олгосон бөгөөд тухайн тэтгэлгийг авсан гэдэгтээ нэхэмжлэгч маргадаггүй.

Хариуцагч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэрийн биелэлтийг хангаж, 2013 онд өргөн мэдүүлснээс гадна, 2022 оны 74, 100 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийг шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг удаа дараа өргөн мэдүүлэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсэгт заасны дагуу нягтлан шалгах ажиллагааг хийж, холбогдох материалын хамт Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Нэхэмжлэгчид хохирол учрахад *******ийн буруутай үйл ажиллагаа байхгүй тул хохирлыг ******* хариуцахгүй. Мөн нэхэмжлэгч *******д гэм хорын хохирол учруулсныг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гаргаагүйгээс гадна дээр дурдсанчлан шүүгчээр ажиллах боломжгүй болгосон аливаа үйлдэл, эс үйлдэхүйг ******* гаргаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаар шийдвэрийг дахин нотлох шаардлагагүй гэж үзэж байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой бол дахин нотлохгүй гэж заасан. Уг заалтын дагуу анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. ******* нь шүүгч нарын эрх ашгийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг нь сэргээх, цаашид эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх үүрэгтэй төрийн байгууллага юм. Уг агуулгаар нэхэмжлэгчид учирсан хохирлыг төрийн байгууллага болох ******* хариуцах ёстой гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 390,654,000 төгрөг, бусад нэмэгдэл 136 сарын 181,279,404 төгрөг, нийт 571,933,404 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

3. Хэргийн баримтаас үзэхэд ******* нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1997 оны 07 дугаар сарын 28-ний өдрийн 15 дугаар зарлигаар Дундговь аймаг дахь Сум дундын шүүхэд шүүгчээр ажиллаж байгаад Шүүх байгуулах тухай хууль 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 198 дугаар зарлигаар зарлигаар Дундговь аймаг дахь Сум дундын шүүхэд шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн, *******ийн 2013 оны 42 дугаартай давж заалдах болон анхан шатны шүүхийн шүүгчдийг томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай тогтоол гарч, *******г дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулахаар өргөн мэдүүлсэн байх боловч Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шүүгчдийг буцаан томилохдоо *******г буцаан томилолгүй орхигдуулсан.

4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэрээр ******* нарыг шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлээгүй *******ийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, *******г Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг *******д даалгаж шийдвэрлэсэн, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, *******ийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 74, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 100 дугаартай тогтоолуудаар *******г Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид тус тус өргөн мэдүүлсэн байна.

4.1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Е/04, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Е/05 дугаартай албан бичгээр *******г шүүгчээр томилуулах саналыг буцаан хүргүүлсэн үйл баримт тогтоогджээ.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолсон тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөх талаар заасан. *******г шүүгчийн албан тушаалд томилоогүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйлдэл, эс үйлдэхүйг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй боловч гэм буруу нь тогтоогдсон хариуцагчийн эс үйлдэхүйн хэмжээнд холбогдох нэхэмжлэлийг шийдвэрлэх нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт нийцнэ.

6. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэгч *******г шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээгүй *******ийн эс үйлдэхүй хууль бус болохыг нэгэнт тогтоосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 хэсэгт зааснаар хариуцагчийн гэм буруугийн талаар дахин дүгнэлт хийхгүй, энэ талаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй.

7. Анхан шатны шүүхээс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дах хэсэгт Энэ хуулийн 39.1-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн, албан тушаалаас чөлөөлсөн, огцруулсан үндэслэл хууль бус байсан нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол шүүгчийн бүрэн эрхийг сэргээж, цалин хөлсийг нөхөн олгоно гэж заасныг үндэслэсэн нь зөв байна.

8. Монгол Улсын шүүхийн тухай хуульд зааснаар ******* нь хамтын зарчмаар шийдвэр гаргадаг төрийн байгууллага байх бөгөөд нэхэмжлэгчид гэм хор учруулсан хууль бус эс үйлдэхүйд хариуцагчийг гэм буруутай болохыг Захиргааны хэргийн шүүх тогтоосон. Гэтэл анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, төрийн албан хаагч үүргээ зөрчсөн үйлдлээс бусдад гэм хор учруулсан хохирлыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд хариуцах зохицуулалтыг буюу Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар эрх зүйн харилцааг тодорхойлж, нэхэмжлэлийг шийдвэрлэсэн хууль хэрэглээний алдааг залруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан шаардлага гэж тодорхойлно.

9. Нэхэмжлэгч нь ажилгүй байсан 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлс нөхөн төлөхийг хариуцагч *******өөс шаардсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт нийцсэн байна. Тодруулбал, нэхэмжлэгчийн цалин хөлсийг нөхөн төлөх үндэслэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаар шийдвэрээр нэгэнт тогтоосон.

 

Түүнчлэн, *******ийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 198 дугаар тушаалаар нэхэмжлэгчид олгосон 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг 12,000,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцон шийдвэрлэсэн нь зөв. Иймд, хариуцагч *******өөс 347,013,422 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/05517 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 498 дугаар зүйлийн 498.2-т гэснийг 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ