| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2024/03888/И |
| Дугаар | 210/МА2025/01405 |
| Огноо | 2025-08-22 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2025/01405
2025 08 22 210/МА2025/01405
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/03641 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох
95,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Нэхэмжлэгч ******* нь *******оос 85,000,000 төгрөгөөр экскаватор худалдаж авахаар харилцан тохиролцож, хариуцагч *******аас уг тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж, *******ын нэр дээр экскаваторыг шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь хариуцагчийн экскаваторыг худалдаж авч өгнө гэх амлалтад итгэж, экскаваторын үнэ болох 95,000,000 төгрөгийг түүний данс руу шилжүүлсэн. Хариуцагчтай түрээсийн болон санхүүгийн түрээс, зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжтэй хэлцэл байгуулагдаагүй.
1.2. Нэхэмжлэгчийн зүгээс экскаваторын үнийг төлж дуусах үед буюу 2024 оны 05 сард хариуцагч нь цагдаа дагуулан ирж, хүчээр экскаваторыг авч, бусдад худалдан борлуулсан. Иймд экскаваторын үнэ 95,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан гэжээ.
2. Хариуцагчийн гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Талуудын хувьд ах, дүүсийн хүүхдүүд буюу үеэлүүд бөгөөд нэхэмжлэгчийн эцэг, эх нь хариуцагчтай уулзаж, нэхэмжлэгчийг экскаватор барьдаг, газар шорооны ажил эрхэлдэг, их ашигтай гэхээр нь экскаватор олчихвол үнийг төлж, худалдаж аваад экскаваторыг ашиглуулъя гэх санал тавьсан. Улмаар нэхэмжлэгч ******* нь *******оос экскаватор зарах гэж байгаа түүнийг авчих гэж хэлсний дагуу нэхэмжлэгчийг экскаваторыг шалгаж үзээд авахыг зөвшөөрч, *******-7 загварын ******* дугаартай шар өнгийн экскаваторыг худалдаж аваад сарын 8,000,000 төгрөгөөр 2 жилийн хугацаатай хөлслүүлэхээр болсон. Нэхэмжлэгч нь экскаваторыг 2024 оны 03 сард буцаан өгөх байсан боловч өгөөгүй учраас 2024 оны 05 сард буцааж авсан.
2.2. Нэхэмжлэгч нь анх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ *******д бэлэн мөнгө байгаагүй учраас зээлээр авч, би ажиллуулаад зээлийн өрийг төлдөг байсан гэж тайлбарлаж байсан. Хариуцагчийн зүгээс экскаваторын үнийг бүрэн төлсөн баримтыг хэрэгт гаргаж өгсний дараа *******аас үнийг гаргуулж *******ийн данс руу шилжүүлсэн гэж өөрөөр тайлбарлаж байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******д холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 95,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 632,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Хариуцагч нь экскаваторын үнийг төлж дуусах үед өөрийн эзэмшлийн экскаваторыг цагдаагийн албан хаагчийг дайчлан хүчээр нэхэмжлэгчийг эзэмшлээс авч яваад шууд бусдад худалдсан байдаг.
4.2. Нэхэмжлэгч хариуцагчийн экскаваторыг худалдаж авч өгнө гэх амлалтад итгэж байсан учраас өөрийн танил ахын экскаваторыг худалдаж авч өгөхийг санал болгож уг саналын дагуу авсан талаар гэрч ******* дурдсан.
Хариуцагч амлалтаа биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн эд хөрөнгийн эрхийг зөрчиж байгаа учраас нэхэмжлэгчид эд хөрөнгөө шаардах эрх үүснэ.
Хариуцагч татгалзлаа түрээсийн харилцаа, эд хөрөнгө хөлслөх харилцаа гэсэн боловч уг нөхцөл байдлаа нотолж чадаагүй байхад хамтран ажиллах гэрээний харилцаа гэсэн нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Талуудын хооронд хамтын ажиллагааны ямар ч харилцаа аман болон бичгийн хэлбэрээр үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга:
5.1. Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тогтмол ажил эрхэлдэггүй учир өөрийн нэр дээр банкны зээл авах боломжгүй байсан тул *******ын нэр дээр Хаан банк ХК-аас зээл авч, уг зээлийн эргэн төлөлтийг өөрөө бүрэн хийсэн гэж мэдүүлсэн.
Гэтэл ******* нь тухайн зээлийг төлж барагдуулсан боловч авто машинаа авсан гэх байдлаар нэхэмжлэлийг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг Авто тээврийн үндэсний төвөөс гаргуулж, *******оос ******* руу шилжүүлсэн эсэх, мөн 85,000,000 төгрөгийн төлбөр хийгдсэн эсэхийг нягтлах зорилгоор анхан шатны шүүх хуралдааныг хойшлуулсан. Тухайн үед хариуцагч ******* 85,000,000 төгрөгийг бүрэн төлж тухайн автомашиныг авсан. Гэтэл нэхэмжлэгч тал уг байр сууриа өөрчилж, Хаан банк ХК-аас авсан зээлийн төлбөрөө өгсөн биш, харин ******* надад авч өгнө гэсэн амлалтаа биелүүлээгүй гэж тайлбарладаг.
Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын аавууд нь хоорондоо ах дүүс учраас уулзаж, манай хүүхэд ******* нь тогтмол ажил төрөлгүй, хэдий олон жил экскаватор барьсан туршлагатай боловч одоогийн нөхцөлд ажил хийж, орлого олох боломж хомс байна. Харин танайх хөрөнгөтэй учраас *******ид экскаватор худалдаж аваад, түүнийг ажиллуулан тогтвортой ажил, орлоготой болох боломж бүрдэнэ гэх саналыг тавьсан.
Тухайн үед хариуцагч *******ын хувьд тааз худалдааны төвийн өмчлөгчийн нэг байсан. Уг тааз худалдааны төвд хариуцагч *******, гэрчээр оролцсон ******* нар уулзсан байдаг. Маргаан бүхий экскаватор нь жижиг оврын техник биш, харин L-300 маркийн гинжит том оврын машин байсан бөгөөд уул уурхай, барилгын салбарт өндөр үнэлгээтэй томоохон ажлуудыг гүйцэтгэх боломжтой. Уг экскаваторыг хариуцагч ******* худалдан авсан. Хэрэгт *******ийн 2022-2024 оныг хүртэлх дансны хуулгыг нотлох баримтаар хавсаргасан. Хариуцагч *******ын 2022 оны 03 сараас 2024 оны хүртэлх хугацааны дансны хуулга хэрэгт авагдсан. Хэргийн материалд тухайн экскаватор хэрхэн шилжсэн тухай Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн лавлагаа, хариуцагч *******ын данснаас худалдан авагч *******ийн данс руу 85,000,000 төгрөг шилжсэн зэрэг баримтууд авагдсан. Нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******ийг гэрчээр оролцуулсан бол хариуцагчийн талаас гэрчээр ******* оролцсон. 2022 оны 03 сараас 2024 оны хооронд нийт 95,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогддог. Шилжүүлгийн утгад ******* экска түрээс, Экска түрээс, Тааз, экскаватор гэх зэрэг нэршлүүд бичигдэж байсан. ******* нь өмчлөгчийн хувьд тухайн хугацаанд ******* руу мөнгө буцаан шилжүүлж байсан. Уг өмчлөгчийн хувьд экскаваторын ашиглалт, засвар үйлчилгээний зардал болох тос, тосол, резин зэрэг материал худалдан авахтай холбоотой төлбөрүүд байсан нь дансны хуулганд тусгагдсан байдаг. Дөрөвдүгээр цахилгаан станц дээр очиж, өмчлөгч ******* өөрийн техникээ шалгаж, эзэмшиж байсныг гэрч мэдүүлсэн. Уг баримтууд нь экскаватор худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжсэн болохыг нотолж байна. Хэрэв уг техникийг түрээслэж байсан бол өмчлөгч өөрөө буцаан аваад шалгаж, засвар үйлчилгээ хийж, дахин хөрөнгө оруулалт хийх шаардлага гарахгүй. Нэхэмжлэгч тал шүүхэд мэдүүлэг өгөхдөө анх Хаан банк ХК-аас зээл авч, ******* надад машин авч өгсөн гэж тайлбарладаг атлаа шинээр нотлох баримт гарч ирэх бүрд байр сууриа өөрчилсөөр байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч өөрөө шүүх хуралд оролцохгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан баримтад нийцээгүй, зөрчилтэй мэдүүлэг өгч байна. Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, өмчлөгч нь экскаваторыг эзэмшиж, ашиглаж байсан нь баримтаар нотлогдож байна.
5.2. Хүнд даацын тээврийн хэрэгсэл буюу экскаватор нь жижиг оврын суудлын автомашин шиг богино хугацаанд үнэ цэнээ хадгалдаг эд зүйл биш гэж ойлгож болно. Уг төрлийн техник газар шорооны их хэмжээний ажил гүйцэтгэх явцдаа эвдрэл гэмтэл хурдан нэмэгддэг онцлогтой. Экскаваторыг худалдан авсны дараа түүнийг буцаан шилжүүлсэн гэдэг нь бодит байдалд нийцэхгүй. Учир нь тухайн техник 7 буудлын дахин төлөвлөлтийн бүсэд байрлаж, ашиглалтын явцад эвдрэл гэмтэл ихээр гарч, том оврын тээвэрлэлт шаардах болсон. Мөн зөөвөрлөх боломжгүй нөхцөл байдал үүссэнээс болж тухайн техник ашиглагдахгүй болсон. ******* өөрийн өмчийн хувьд экскаваторыг ашиглаж, түүний засвар үйлчилгээний зардал болох тос, масло, бусад дагалдах материалд тогтмол мөнгө зарцуулсан нь дансны хуулга болон шилжүүлгийн баримтаар нотлогддог учраас үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй. Харин өмчлөгч өөрийн өмчөө ашигласантай холбоотой зайлшгүй зардлаа гаргасан нь баримтаар батлагдана. Нэхэмжлэгчийн эцсийн байр суурь нь худал мэдээлэлд тулгуурлаж буйд харамсалтай байна. Хавтаст хэрэгт нэхэмжлэгч *******ийн 2022 оны 03 сараас 2024 он хүртэлх дансны хуулга байгаа бөгөөд тэнд бичигдсэн шилжүүлгүүдийн талаар маргаангүй. Өөрөөр хэлбэл гэр бүлийн гишүүдийн уулзалтын явцад ******* мөнгөө өгч, авсан гэдэгт талууд санал зөрөхгүй байна. Нэхэмжлэгч өөрөө шүүх хуралдааны явцад экскаваторыг 2 жилийн турш ажиллуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь нотлох баримттай зөрчилдөх мэдүүлэг болсон. Тухайлбал, дансны хуулгаар *******ийн олсон орлого нийт 499,000,000 төгрөгт хүрсэн нь тодорхой харагддаг. Уг маргаан нь энгийн иргэний маргаан бус, харин ах дүүсийн холбоотой хүмүүсийн хооронд үүссэн үл ойлголцол байна. Нэхэмжлэгч ******* олсон орлогоо ашиглан жолооч хөлслөхөөс гадна шинэ экскаватор худалдан авсан. Анхан шатны шүүхийн гаргасан шийдвэр нь бодит байдалд нийцсэн, зөв дүгнэлт гэж үзэж байна. Гэрчийн мэдүүлгээр тогтоогдсоноор нэхэмжлэгч ******* тухайн үед санхүүгийн бололцоогүй байсан бөгөөд талууд уулзаж, ах дүүгийн хүрээнд ярилцсаны үндсэнд хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн. Тухайн үед нэг тал буюу ******* нь хөрөнгийг гарган экскаваторыг худалдан авч, ашиглалтаа хариуцахаар болсон бөгөөд өмчлөлийн асуудлыг албан ёсоор хуулийн этгээд байгуулалгүйгээр амаар тохиролцсон. Мөн хариуцагчийн зүгээс зах зээлийн ханшийн талаар тайлбар өгч, тухайн үеийн нөхцөл байдлаар L-300 маркийн экскаваторын сарын түрээсийн зах зээлийн үнэ ойролцоогоор 25,000,000 төгрөг байсан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 95,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргасан байна.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.
4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ... танил ах *******оос 85,000,000 төгрөгөөр экскаватор худалдаж авахаар тохиролцож, *******аас уг тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж, түүний нэр дээр шилжүүлсэн. *******ын экскаваторыг худалдаж авч өгнө гэх амлалтад итгэж, экскаваторын үнэ болох 95,000,000 төгрөгийг түүний данс руу шилжүүлсэн, түүнтэй ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулаагүй. 2024 оны 05 сард тухайн экскаваторын үнийг төлж дуусах үед ******* нь экскаваторыг бусдад худалдсан тул экскаваторын үнэ 95,000,000 төгрөгийг буцаан гаргуулна гэсэн агуулгаар тайлбарласан байна. Хариуцагч тал ... талууд үеэлүүд бөгөөд нэхэмжлэгчийн эцэг, эхийн саналыг үндэслэн ... танил *******оос нь ... *******-7 загварын ******* дугаартай шар өнгийн экскаваторыг худалдан авч, сарын 8,000,000 төгрөгөөр 2 жилийн хугацаатай хөлслүүлэхээр болсон ..., ******* нь экскаваторыг 2024 оны 03 сард буцаан өгөх байсан боловч өгөхгүй байсан тул 05 сард буцаан авсан ..., ... нэхэмжлэгч нь бусдад экскаватор түрээсэлж орлого олдог ... гэсэн агуулгаар татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ. Энэ тохиолдолд зохигчийн хэн аль нь нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлын үндэслэлээ нотлох үүрэг хүлээнэ.
5. Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдсон байна.
5.1. Гэрч ******* нь ******* загварын ******* дугаартай, улсын дугаартай экскаваторыг 2022 оны 03 сарын 27-ны өдөр хариуцагч *******ын эзэмшилд шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. /хх86, 105/
5.2. Хариуцагч ******* нь тээврийн хэрэгслийн үнэ болох 85,000,000 төгрөгийг гэрч *******ид төлсөн. /хх109/
5.3. Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 03 сарын 01-ний өдрөөс 2023 оны 07 сарын 31-ний өдрийг хүртэл ******* загварын ******* дугаартай, улсын дугаартай экскаваторыг ашиглаж байсан болох нь түүний тайлбараар тогтоогдсон. Хариуцагч маргаангүй.
5.4. Нэхэмжлэгч *******ийн эзэмшлийн ХААН банк дахь данснаас 2022 оны 03 сарын 24-ний өдрөөс 2023 оны 07 сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд , , гэсэн гүйлгээний утгаар мөнгөн хөрөнгө хариуцагч *******ын эзэмшлийн ХААН банк дахь ******* тоот данс руу шилжүүлсэн байна. /хх4-33/
5.5. Хариуцагч *******ын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк дахь дугаартай данс, ХААН банк дахь ******* дугаартай данс, Голомт банк дахь дугаартай данснаас тус тус мөнгөн гүйлгээ нэхэмжлэгч *******ийн данс руу шилжүүлжээ. /хх49-60/
5.6. Гэрч ******* нь ... ******* авах гэж байгаа учраас зах зээлийн ханшаас доогуур үнээр буюу 85,000,000 төгрөгөөр худалдсан ..., ... өөрийнхөө нэр дээр шилжүүлж авахгүй юм уу гэж асуухад, зүгээрээ ах аа гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг өгсөн байна. /хх135 хуудасны ар тал/
5.7. Гэрч ******* ... ******* ажилгүй сар гэртээ байгаа, ажил бүтэмжгүй байна танайх экскаваторыг авчих гэх санал тавьсан. Манайх гэр бүлээрээ хуралдаж авахаар болж, *******ийг дуудаж бид энэ талаар мэдлэггүй, хэр ашигтай байдаг талаар асуухад ашигтай, сард 28,000,000 төгрөг олдог. Харилцагчидтай болсон тул танайх худалдаж авбал сард 8,000,000 төгрөг өгье гэж тохиролцсон. Хамт ажилладаг ахаасаа 1 экскаватор авахаар болсон тул 2022 оны 03 сарын 28-ны өдөр ийн данснаас 85,000,000 төгрөгийг шилжүүлсэн ... гэсэн мэдүүлэг шүүхэд өгчээ. /хх135/
5.8. Нэхэмжлэгч *******ийн эзэмшлийн ХААН банк дахь данс руу экскаваторын иргэн, хуулийн этгээдийн нэртэй, түрээс гэсэн гүйлгээний утга бүхий орлого орсон байна. /хх4-33/
6. Дээрх нотлох баримтуудаар хариуцагч ******* нь гэрч *******оос экскаваторыг 85,000,000 төгрөгөөр худалдан авч нэхэмжлэгч *******ид өгсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Харин нэхэмжлэгчээс хариуцагч руу шилжүүлж байсан мөнгөн хөрөнгө, гүйлгээний утга зэрэг баримтуудаар тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Хэргийн баримтаар нэхэмжлэгч нь түрээсийн төлбөр төлөх үүргээ гүйцэтгэсэн гэж үзэхээр байх тул хариуцагч руу шилжүүлсэн 95,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхгүй. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.
7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/03641 дугаартай шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 476 дугаар зүйлийн 476.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д гэснийг 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт гэж өөрчлөн, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэснийг хассан өөрчлөлт оруулан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 632,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Ч.ЦЭНД