Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 4797

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2016/04797

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, Алтай хотхон 13/1 тоот, “Тайгам алтай” ХХК- нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: Баянгол дүүргийн 1-р хороо, Алтай хотхон, 25-р байрны 160 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ГЭ76021011, Боржигон овогтой Шархүүгийн Онолбатад холбогдох гэрээ цуцалж, орон сууц чөлөөлүүлэхийг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэмөнх, хариуцагч Ш.Онодбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов. 

 

                                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайгам алтай” ХХК нь Ш.Онолбаттай 2013 оны 07-р сарын 15-ны өдөр орон сууц захиалгаар барих №01-25-158 тоот гэрээг байгуулж, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 25 дугаар байрны 160 тоот 2 өрөө орон сууцыг 70 000 000 төгрөгөөр худалдсан. Компани гэрээнд заасан орон сууцыг хүлээлгэн өгсөн, Ш.Онолбат нь  орон сууцандаа орсон  боловч төлбөр тооцооноос 15 000 000 төгрөгийг төлж үлдэгдэл 55 000 000 төгрөгийг төлөөгүй. “Тайгам алтай” ХХК-ны зүгээс төлбөр барагдуулах бүхий л арга хэмжээ авсан боловч төлбөр төлөх боломжгүй нь тодорхой  болсон тул Ш.Онолбатын хууль бус эзэмшлээс Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон 25 дугаар байрны 160 тоот орон сууцыг чөлөөлүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ш.Онолбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тухайн үед “Тайгам алтай” ХХК-ны охин компанд ажилд орсон ба нийгмийн даатгал  төлөөд 5 жилийн хугацаатай ажиллаад нийгмийн даатгалаас зээлийн төлбөрөөр төлөх талаар ярилцаад ажилд орсон. Ингээд нийгмийн даатгал төлөөгдөөгүй учраас зээлээ хаалгаж төлж бол чадаагүй. Одоо хувиараа бизнес хийгээд явж байна. Тийм учраас би энэ байранд урьдчилгаа болгон төлсөн 15 000 000 төгрөгийг аваад байрыг чөлөөлж өгөхөд татгалзах зүйлгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад       

                                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Тайгам алтай” ХХК нь Ш.Онолбатад холбогдох худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцаа чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

“Тайгам алтай” ХХК нь Ш.Онолбаттай 2013 оны 07-р сарын 15-ны өдөр “Орон сууц захиалгаар барих гэрээ” №01-25-158 тоот гэрээг байгуулж, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 25 дугаар байрны 160 тоот 2 өрөө орон сууцыг 70 000 000 төгрөгөөр барьж өгөхөөр /хх 5-7/ тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 343-р зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

“Тайгам Алтай” нь байрыг барьж гэрээгээр тохирсон 2 өрөө сууцыг захиалагчид хүлээлгэн өгсөн байх ба харин захиалагч нь сууцны үнэнд 15 000 000 төгрөгийг төлж үлдэх 55 000 000 төгрөгийг төлөөгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ.

 

“Тайгам алтай” ХХК нь төлбөр барагдуулах бүхий л арга хэмжээ авсан боловч хариуцагч Ш.Онолбат нь төлбөр төлөөгүй, үр дүн гараагүй байх тул гүйцэтгэгч гэрээгээ цуцлах, орон сууцаа чөлөөлүүлэхээр шаардсан байна. Хариуцагч нь төлсөн 15 000 000 төгрөгөө гаргуулж, байрыг чөлөөлөхөд татгалзаагүй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд  заасныг удирдлага болгон

                                                                                                     ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1, 355-р зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Тайгам алтай” ХХК болон Ш.Онолбат нарын хооронд байгуулсан 2013 оны 07-р сарын 15-ны өдрийн “Орон сууц захиалгаар барих” тухай  01-25-158 тоот гэрээг цуцалж, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 25 дугаар байрны 160 тоот 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507 000 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Ш.Онолбатаас 507 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                             Р.АЛТАНТУЯА