Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 549

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,

Улсын яллагч Г.Эсэн,

Шүүгдэгч С.Б-И нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн Ө овогт С-н Б-И холбогдох эрүүгийн 1910001880505 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин, найруулагч мэргэжилтэй, “Монголкан культур арт” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 406 дугаартай тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгогдсон, хэрэг хариуцах чадвартай, Ө овогт С-н Б-И

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч С.Б-И нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Маршал таун” хотхоны орчим 2019 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө 01 цагийн үед Г.Атэй “шинэ жилийн уур амьсгал эвдлээ” гэх шалтгаанаар маргалдаж, түүний эзэмшлийн улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн авто тээврийн хэрэгслийн баруун толины гэр, зүүн урд хаалга, баруун урд хаалга, урд салхины шил, урд гуфер, хойд гуфер зэргийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр хууль бусаар гэмтээж хохирогч Г.Ад бага хэмжээнээс дээш буюу 308.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Б-И шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир, нэмж хэлэх зүйлгүй…” гэв.

Хохирогч Г.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сарын 07-ны 01 цагийн орчим  “Их тэнгэр” клубээс Гэгээ /Ц/-ыг авахаар очоод гадаа машиндаа сууж байхад Г найзынхаа хамт гүйж гарч ирээд хоёулаа миний машинд суугаад, Маршалын гүүр даваад явж байхад хар өнгийн Приус 30 маркий машин шахаж зогсоосон. Тэр машины урд хаалгаар Б-И гарч ирээд жолооч талын хаалгыг онгойлгоод ...намайг зодсон, гэхдээ гэмтэл гараагүй, би цагдаа дуудах гээд утсаа гаргасан чинь Б-И миний гар утсыг цохиод унагасан. Би тэгэхээр нь Гэгээгийн утсаар 102 руу залгах хооронд Б-И миний машиныг цохиод эхэлсэн. ...миний машины жолооч талын хаалга урд, хойд гуферүүд, багажны хаалга, зорчигч талын хаалга, крыло зэрэг газруудыг хөлөөрөө өшиглөсөн, зорчигч талын хаалганы шилийг гар хэсгээрээ цохисон. Хэрэг болох үед Б-И миний урд салхины шил рүү гараараа цохисон. Тэр үед С.Б-И цаг зүүсэн байсан бөгөөд цагаараа цохиод цуулчихсан, тэр цаг нь түгжээнээсээ мултраад суларсан байсан...”  гэжээ. /хх-н 16-17,118-р тал/,

Насанд хүрээгүй гэрч Б.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр миний ажиллаж байсан байгууллагын шинэ жил болсон. ...би найз Бхамт 22 цагийн үед очсон. ...тэндээ хэсэг байж байгаад гэртээ харихаар болоод би танил Г.Аээр хүргүүлэхээр дуудсан ...би тус караокеноос ойролцоогоор 01 цагийн орчимд гараад Г.Аийн машинд суусан, манай найз Б хамт явна гэсэн болохоор түүний гарч ирэхийг хүлээж байгаад хөдөлсөн. Тухайн газраас хөдлөөд уулын замаар яваад маршалын гүүрээр гарч хойд зүгт явж байтал араас хар өнгийн машин гүйцэж ирээд зогсоод дотроос нь Б-И гэх манай байгууллагын захирал бууж ирээд Аийг буулгасан бөгөөд Аийг заамдаж аваад тэр 2 зууралдаад байсан. ...Б-И Аээс салаад машин руу ойртож ирээд хаалга руу болон машины бусад хэсэг рүү цохисон. Миний сууж байсан талын хаалгыг татаж онгойлгох гээд байсан бөгөөд тухайн үед би айгаад хаалгаа түгжсэн. ...Г.Аийн цэнхэр өнгийн Приус-20 машины хаалга руу өшиглөсөн, мөн машины багаж болон урд гуфер хэсэг рүү өшиглөсөн, тойроод өшиглөөд яваад байсан, мөн цонхнууд руу гараараа цохисон. Тухайн өдөр цагдаа дээр очиход машин тойроод Б-Игийн гутлын мөр байсан бөгөөд цагдаа гарч ирээд зургийг нь авч байсан...’’ гэжээ /хх-н 120-122-р тал/,

Гэрч Д.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Урд Г сууж байсан машин явж байсан бөгөөд Б-И алив наад машинаа шахаад зогсоодхооч гэж хэлсэн. Тэгээд таксины жолооч урд талд зогссон бөгөөд Г сууж явсан машин ч гэсэн зогссон, ...Тэр үед Б-И таксинаас буугаад нөгөө Гэгээгийн сууж явсан цэнхэр өнгийн Тоёото Приус-20 маркийн автомашин руу очоод жолооч талынх нь цонх руу гараараа цохисон. Тэгээд хараад байж байтал Б-И жолооч талын хаалга руу намайг нэг харахад өшиглөж байсан...” гэжээ. /хх-н 75-р тал/,

Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Ойролцоогоор шөнийн 04 цагийн орчим байх “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршалын гүүрний орчим хүн машиныг өшиглөөд танхайраад байна” гэх дуудлага мэдээлэл хүлээн авч эргүүлийн оффицер, цагдаагийн ахлах дэслэгч Б.С хамт шалгасан. Тухайн дуудлаганд очиход танхайрсан гэх хүн нь яваад өгчихсөн байсан бөгөөд тухайн машинд байсан эмэгтэйтэй уулзахад “машин эвдсэн хүнийг танина. Манай захирал байгаа юм, шинэ жил болсон юм. Тэгээд үргэлжлүүлж явна гэхээр нь би явахгүй гэсэн. Тэгээд тухайн үед машин эвдсэн хүнээ таньдаг бол өргөдлөө өгөөд шалгуулах талаар хэлсэн. ...тухайн машины хажуу крило хэсэг нь хонхойсон байсан, өөр бусад эвдрэлийг сайн анзаарч хараагүй, шөнө байсан...” гэжээ. /хх-н 76-р тал/,

Гэрч Д.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Б-И үүдэнд байсан нэг таксинд суусан бөгөөд У бид хоёрыг суучих гэсэн. Тэгээд бид 3 суугаад явж байтал урд нөгөө цэнхэр өнгийн Приус 20 маркийн Гэгээгийн найзынх нь машин явж байсан. Тэгээд цэнхэр өнгийн Приус 20 маркийн машин Маршалын гүүр гараад зогссон бөгөөд Б-И таксинаас бууж тухайн цэнхэр Приус машины жолооч руу нь ойртож жолооч талын хаалганы цонхыг гараараа 2 удаа цохисон. Тэгээд жолоочийг нь буугаад ир гээд машиных нь жолооч талын хаалаг руу 1 удаа өшиглөсөн…” гэжээ. / хх 77-р тал/,

Гэрч Б.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  “...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршалын гүүрний орчим хүн машиныг өшиглөөд танхайраад байна” гэх дуудлага мэдээлэл хүлээн авч эргүүлийн цагдаа жолооч, ахлах дэслэгч Б.Б хамт очиж шалгасан. ...тухайн машины хажуу крыло хэсэг нь хонхойсон байсан өөр бусад эвдрэлийг нь сайн анзаарч хараагүй бөгөөд хэлтэс дээр ирсний дараа жолооч нь урд салхины шил хагалчихсан байна гээд байсан...” гэжээ. /хх-н 78-р тал/,

Гэрч Т.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Аийн машинд Ц бид 2 суугаад явж байтал У буюу Б-И урд нэг машинтай ирж зогсоод машинаасаа бууж бидний сууж явсан машины жолооч талын хаалгыг өшиглөсөн. Тэгээд жолоо барьж байсан А буусан чинь Б-И түүн рүү дайраад тэгээд машиных нь урд хэсэгт орилоод байсан бөгөөд Ц урд сууж байтал түүний хаалгыг онгойлгох гээд татаад байсан, бид 2 дотроос нь түгжээд суусан. Тэгтэл Цын сууж байсан хаалга руу цохисон, яг гараараа цохисон уу, хөлөөрөө өшиглөсөн үү гэдгийг нь хараагүй. Би тухайн үед айгаад доошоо тонгойгоод суусан бөгөөд машин руу хүрч цохиж байгаа чимээ сонсогдоод байсан. ...миний харснаар Б-И машины жолооч талын урд хаалгыг 1 удаа өшиглөсөн, машиных нь урд очиж зогсоод “ямбий сэг” гээд 1 удаа өшиглөж байсан, мөн Гэгээгийн талын хаалгыг цохисон... энд тэндгүй л цохиод байсан...гэжээ. /хх-н 79-р тал/,

Гэрч Ө.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн цэнхэр өнгийн автомашин нь миний нэр дээр байдаг боловч би Г.А гэгчид 2 жилийн өмнө 9.700.000 төгрөгөөр зарсан юм. Уг мөнгийг А нь цувуулж өгсөн бөгөөд төлбөрөө бүрэн төлсөн. Уг автомашины төлбөрийг 2013 оны 01 дүгээр сард бүрэн төлж дууссан учраас уг машин Аийн эзэмшлийн машин юм...” гэжээ. /хх-н 123-р тал/,

“Хас-үнэлгээ” ХХК-ний 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-н 84-р тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд: /хх-н 114-117-р тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №3866 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “Шинжилгээнд ирүүлсэн автомашинд эвдрэл, гэмтэл гарсан байна. Шинжилгээнд ирүүлсэн автомашины урд салхины шилэнд гарсан 41.5 см хэмжээтэй гэмтэл, толинд гарсан 10x3,5x1 см, баруун урд хаалганд гарсан 11.5x9 см, зуүн урд хаалганд гарсан 6.5x3.5 см 7x5 см урд гуферт гарсан 5x2.5 см, 12 см, хойд гуферын зүүи дээд тал 40 см салсан гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр гарсан байна. Дээрх гэмтлүүд нь хүний гараар цохих, өшиглөх үед үүсэх боломжтой ...” гэжээ. /хх-н 141-р тал/,

Шүүгдэгч С.Б-Ин хувийн байдалтай холбоотойгоор: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-52/,  ял шалгах хуудас / хх-35/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч С.Б-И нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Маршал таун” хотхоны орчим 2019 оны 01 дүгээр сарын 07-ны шенө 01 цагийн үед Г.Атэй “шинэ жилийн уур амьсгал эвдлээ” гэх шалтгаанаар маргалдаж, түүний эзэмшлийн улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн авто тээврийн хэрэгслийн баруун толины гэр, зүүн урд хаалга, баруун урд хаалга, урд салхины шил, урд гуфер, хойд гуфер зэргийг гараараа цохих. хөлөөрөө өшиглөх зэргээр хууль бусаар гэмтээж хохирогч Г.Ад 308.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч шүүх тухайн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзэв.

Шүүгдэгч С.Б-Ин дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  шүүгдэгч С.Б-Иг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.Б-Ид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Хохирогч Г.А нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Ө овогт С-н Б-Иг бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С-н Б-Иг 450 нэгж буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Б-И нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч С.Б-Ид оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч С.Б-И нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжилүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ