Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2025/01413

 

 

*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Золзаяа, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 192/ШШ2025/04467 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлтэй

Хариуцагч *******т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт болон үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр нийт 25,678,966 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Миний бие 2019 оны 01 дүгээр сард Дорнод аймагт очих үед ******* надтай холбогдон уулзаж, амьдрал хүнд байна, Дорнодын Цагдаагийн хангамж муу, цалин бага гэж надаас, өөрийнхөө нэр дээр утасны лизинг авч өгөөч гэж гуйхаар нь би зөвшөөрсөн. Дорнод аймгийн Мобикомын салбараас *******т Махgold 64 маркийн гар утсыг 3,959,000 төгрөгөөр худалдан авч өгсөн.

2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ******* мөнгө зээлээч, машин авах хэрэгтэй байна гэхээр нь машины ченжээс Тоёота премо маркийн ******* улсын дугаартай автомашиныг, хөгжлийн банкнаас 16,320,000 төгрөг зээлж авч өгсөн.

******* надаас 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 11,260,000 төгрөг дансаар зээлж авсан. Автомашинд нь 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 4 дугуй 750,000 төгрөгөөр, 4 обуд 1,240,000 төгрөгөөр тус тус авч тавьсан, мөнгийг нь хувь хүний данс руу шилжүүлсэн. Жолоочийн хариуцлагын даатгалд 384,000 төгрөг төлсөн. Мөн машины урьдчилгаа төлбөр 2,880,000 төгрөгийг би т мөн өдөр төлсөн. Машины нэрийг шилжүүлэхэд 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 65,280 төгрөг, 20,000 төгрөгийг хөдлөх хөрөнгийн барьцааны бүртгэлд, машины зээлийн гэрээний төлбөрт 109,920 төгрөгийг хөгжлийн банкинд төлж, нийт машинтай холбоотой зардалд 27,914,966 төгрөг зарцуулсан. Үүнээс банкны зээлд нийт 22,468,765 төгрөгийг зээл, хүү, алдангид төлсөн. Ковид-19 хүнд үе байсан болохоор машиныг ченжэд 13,100,000 төгрөгөөр зарсан.

*******-аас 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1,020,000 төгрөгийн, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1,520,000 төгрөг, нийт 2,540,000 төгрөгийн цахилгаан барааг авч өгсөн.

******* ээжийнхээ ХААН банкны ******* тоот дансаар 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 290,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 110,000 төгрөг, нийт 400,000 төгрөг авсан.

2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр мөн *******-ийн дэлгүүрээс 55 инч телевизор 1,000,000 төгрөгөөр, Шарп маркийн хөргөгч, хөлдөөгч 1,040,000 төгрөгөөр, угаалгын машин 1,000,000 төгрөгөөр, нийт 3,040,000 төгрөгийн цахилгаан бараа авхуулсан. Уг мөнгийг *******-ийн ажилтан а гэж хүний дансанд шилжүүлсэн.

******* зээл авах гэхэд зээлийн шаардлага хангахгүй байсан тул зээлийн хөөцөлдөж бүтээж өгсөн *******ид 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,100,000 төгрөг өмнөөс нь төлсөн.

2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Тоёота премо маркийн ******* улсын дугаартай автомашиныг зарахад 1,800,000 төгрөгийн засвар хийлгэж, 13,100,000 төгрөгөөр зарсан учир засварын зардал 1,800,000 төгрөгийг нэхэмжилнэ.

*******ын буцааж төлсөн 27,000,000 төгрөгөөс автомашины зээлд төлсөн 22,000,000 төгрөгөөс автомашин зарсан 13,100,000 төгрөгийг хасаж тооцно.

Цахилгаан бараа, гар утас авхуулсан 7,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 5,000,000 төгрөг, 165,000 төгрөг тус тус төлснийг хасна.

*******аас авах ёстой 53,413,966 төгрөгөөс 27,735,000 төгрөгийг төлсөн тул зээлийн гэрээний үүрэгт 11,260,000 төгрөг, үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр 14,418,966 төгрөг, нийт 25,678,966 төгрөгийг *******аас нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч болон хариуцагч нь тус тусдаа гэр бүлтэй боловч хариуцагчид машин унаа, гар утас авч өгөөд мөнгө төгрөг шилжүүлдэг нууц амрагийн харилцаатай байсан. *******ын ээжийн дансанд яах гэж мөнгө шилжүүлсэн нь тодорхойгүй тул төлөх үндэсгүй. , гэдэг хүмүүсийг танихгүй, ямар учиртайг нь мэдэхгүй. 2021 онд ******* машинаа өөрөө буцааж аваад зарсан.

Мөн дансаар шилжүүлсэн гээд байгаа 11,260,000 төгрөгийн оронд нийт 27,735,000 төгрөгийг буцаагаад төлсөн. Цахилгаан барааг ******* өөрөө авсан. Өөрөө, охинтойгоо хамт амьдарч байсан байрандаа авсан зүйлийн үнийг ******* төлөх ёсгүй. ******* нь ******* миний нэр дээр Хас банкинд данс нээлгэж, над руу шилжүүлсэн 600,000 төгрөгийг өөрийнхөө байр түрээслэх мөнгө гэсэн. Тэр мөнгийг нь өөрийнх нь Топаз зочид буудлыг түрээсэлж байсан 400 тоотод д өг гэснийг нь би аваачиж өгсөн. ХААН банкаар шилжүүлсэн 400,000 төгрөгийг би мэдэхгүй. Миний хүүгийн автомашиныг барьцаанд тавиулж, намайг тэтгэврийн зээл авхуулаад бид хоёр 16,195,000 төгрөгийг *******д төлсөн, өөр төлөх төлбөр байхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1, 493 дугаар зүйлийн 493.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас 4,964,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 20,714,966 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363,422 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 94,374 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 210/МА2025/00344 дугаар магадлалын заалтуудыг огт биелүүлсэнгүй .

Хариуцагчаас дансаар шилжүүлсэн гээд байгаа 11,260,000 төгрөгийн оронд 27,735,000 төгрөгийг буцаагаад төлсөн, машин барьцаанд тавьж тэтгэврийн зээл авч 16,195,000, төлсөн гэх нэхэмжлэгч нь 27,735,000 төгрөгийг буцаан авсан гэх тайлбарууд нь зөрөөтэй байх бөгөөд хариуцагчаас нийт хэдэн төгрөгийг ямар эд хөрөнгийн төлбөрт тооцон авсан асуудлаар талуудыг мэтгэлцүүлэх ажиллагаа хийгээгүй байна.

Түүнчлэн, анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь 27,735,000 төгрөгийг хариуцагчийг буцаан төлсөн бөгөөд энэ дунд машин зарсан 13,100,000 төгрөг цахилгаан барааны нийт төлбөр 7,000,000 төгрөг зэрэг нь багтсан гэх тайлбар хийсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан.

4.2. Түүнээс гадна анхан шатны шүүх 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлт тавьсан атал хүсэлтийг хангаагүй. Мөн хариуцагч тал болон хариуцагчийн өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулж, талуудыг мэтгэлцүүлэх ажиллагаа явуулаагүйд гомдолтой байна.

4.3. Анхан шатны шүүх 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******* хариуцагч ******* нарын тайлбаруудыг өмнөх шүүх хуралдааны тэмдэглэл болон шийдвэрээс хуулбарлан бичиж дүгнэлт хийж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох хариуцагч ******* нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 14,418,966 төгрөгийг хувьдаа завшсан гэх нэхэмжлэлийн шаардлагын талаар нэг ч үг дурдсангүй, мөн хууль зүйн дүгнэлт ч хийсэнгүй. Харин ч миний үйлчлүүлэгч хариуцагч *******аас авах ёстой 53,413,966 төгрөгөөс 27,735,966 төгрөгийг төлсөн тул одоо нийт 25,678,966 төгрөгийг нэхэмжилнэ гэсээр байтал 27,735,966 төгрөгийг автомашины төлбөрт нэхэмжилсэн мэтээр дүгнэлт хийж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч талаас уг асуудал нь анхан шатны шүүхээр хоёр дахь удаагаа орж шийдэгдсэн. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж хэдий хэмжээний мөнгийг буцаан авах талаар гаргасан бөгөөд анхан шатны шүүх тухайн гаргасан шаардлагын хүрээнд баримтад тулгуурлан шийдвэрээ гаргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын хүрээнд нэг мөр шийдвэрлэсэн тул уг шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Тиймээс уг асуудлыг дахин буцааж, давтан шийдвэрлүүлэх шаардлага байхгүй гэж бидний зүгээс байр сууриа илэрхийлж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт болон үндэслэлгүй хөрөнгөжсөнтэй холбоотойгоор нийт 25,678,966 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

1.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ хөгжлийн банкнаас 16,320,000 төгрөгийг зээлж, *******т автомашин авч өгсөн. Тухайн зээлд нийт 22,468,765 төгрөгийг зээл, хүү, алдангид төлж хохирсон. Автомашинтай холбоотой зардалд 27,914,966 төгрөг зарцуулсан ба автомашиныг 13,100,000 төгрөгөөр би худалдан борлуулсан. Мөн надаас 11,620,000 төгрөгийг дансаар зээлж авсан. Автомашины зээлийн төлбөр болон автомашинтай холбоотой улсын тэмдэгтийн хураамж, машины урьдчилгаа төлбөр, даатгалын төлбөр, машинд авсан обуд, дугуй, гэрт нь авсан телевизор, угаалгын машин, хөргөгч, зээлийн зуучлалын хөлс, гар утасны төлбөр, ээжийнхээ дансаар шилжүүлэн авсан мөнгө зэрэгт нийт 42,153,966 төгрөгийн хөрөнгө шилжүүлсэн. *******аас авах ёстой 53,413,966 төгрөгөөс 27,735,000 төгрөгийг төлсөн тул зээлийн гэрээний үүрэгт 11,260,000 төгрөг, үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр 14,418,966 төгрөг, нийт 25,678,966 төгрөгийг *******аас нэхэмжилнэ гэжээ.

 

1.2. Хариуцагч талаас зохигчдын хэн аль нь гэр бүлтэй боловч гэр бүлээс гадуур харилцаатай байсан учраас хариуцагч *******т мөнгө төгрөг, машин, гар утас, цахилгаан бараа зэргийг өгдөг харилцаатай байсан. Хариуцагчаас нийт 27,735,000 төгрөгийг төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн тул өөр төлөх төлбөргүй гэж маргажээ.

 

2. Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогджээ.

 

2.1. ******* нь тай байгуулсан 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээ-гээр ******* улсын дугаартай Toyota premio маркийн тээврийн хэрэгслийг 19,200,000 төгрөгөөр худалдаж авахаар талууд харилцан тохиролцжээ. /1хх86/

 

2.2. ******* нь ,-тай байгуулсан 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Автомашины зээлийн гэрээ-гээр дээрх автомашины зээл 16,320,000 төгрөгийг жилийн 20.40 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатайгаар зээлдүүлэхээр талууд харилцан тохиролцож, дээр дурдсан автомашиныг фидуцийн гэрээгээр -ийн нэр дээр шилжүүлсэн байна. /1хх6-11/

 

2.3. Дээр дурдсан ******* улсын дугаартай Toyota premio маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч ******* нь хариуцагч т шилжүүлэн ашиглуулж байсан, мөн тээврийн хэрэгслийг 13,100,000 төгрөгөөр бусдад худалдан борлуулсан тухайд хариуцагч талаас маргаагүй байна.

 

3. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаа болон үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүсэх үүрэг гэж үзсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 53,413,966 төгрөгийг авах ёстой боловч 27,735,000 төгрөгийг төлсөн тул зээлийн гэрээний үүрэгт 11,260,000 төгрөг, үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр 14,418,966 төгрөг, нийт 25,678,966 төгрөгийг *******аас нэхэмжилнэ гэснийг хариуцагч эс зөвшөөрч 27,735,000 төгрөгийг буцаан төлсөн, зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, хариуцагчид машин унаа, гар утас авч өгөөд мөнгө төгрөг шилжүүлдэг гэр бүлээс гадуур харилцаатай байсан гэж маргадаг.

 

4. Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч *******ы, аас хөгжлийн банкны зээлээр авсан автомашиныг 13,100,000 төгрөгөөр худалдан борлуулсан ба хариуцагч нь тухайн автомашиныг 2 жилийн хугацаанд ашиглаж, хэрэглэж байсан байх тул автомашины үнийн зөрүүд 19,200,000-13,100,000=6,100,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна гэсэнтэй нийцэж байна.

 

4.1. Харин, нэхэмжлэгч ******* нь дээрх автомашиныг өөрийн нэрээр худалдан авсан байх ба, түүний өмчлөлийн хөрөнгө гэж үзэх тул тухайн автомашинтай холбоотой гарсан зардлууд болох улсын тэмдэгтийн хураамж, автомашины урьдчилгаа, даатгалын хураамж, банканд төлсөн хүү, дугуй, обуд, машин засварын төлбөр, *******ид шилжүүлсэн 9,160,000 төгрөг зэргийг хариуцагчаас шаардах эрхгүй гэж үзэх тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

5. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн 11,260,000 төгрөг, -аас худалдан авч өгсөн гар утасны төлбөр 3,959,000 төгрөг, *******-аас авч өгсөн цахилгаан барааны үнэ 2,540,000 төгрөг, мөн 55 инчийн телевизор, шарп маркийн хөргөгч хөлдөөгч, угаалгын машин зэргийн үнэ 3,040,000 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэж, хариуцагчийн буцаан төлсөн төлбөрийг хасч тооцож, нийт 4,964,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй байна.

 

5.1. Иймд дээрх 4,964,000 төгрөг дээр автомашины үнийн зөрүү 6,100,000 төгрөгийг нэмж, нийт 11,064,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангана.

 

6. 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаж, өмгөөлөгч *******ын эрүүл мэндийн шалтгаанаар хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хуралдааныг хойшлуулж, өмгөөлөгч *******т хуралдааны товыг мэдэгдсэн байна.

Гэтэл 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх бөгөөд нэхэмжлэгчийг, өмгөөлөгч авах эрхээр нь хангаж шүүх хуралдааныг хойшлуулж байсан боловч уг эрхээ хэрэгжүүлээгүй, өмгөөлөгчөөс нь ямар нэгэн хүсэлт ирээгүй гэж үзэж шүүхээс эрх хэмжээнийхээ хүрээнд хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгахгүй, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулж, мэтгэлцэх эрхээр хангаагүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 192/ШШ2025/04467 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 4,964,000 гэснийг 11,064,000 гэж, 20,714,966 гэснийг 14,614,966 гэж тус тус өөрчлөн,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын 94,374 гэснийг 191,974 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ