Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2025/0103

 

   “Г ш х” ХХК-ийн

нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын харьяа

Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн

татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:          Ц.Цогт

Шүүгчид:                             Г.Банзрагч

                                                М.Батсуурь

             П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                 Д.Батбаатар

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2025/0409 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2025/0524 дүгээр магадлалтай,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 001/ШХТ2025/0460 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц-, Э.Т-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батсэлэнгэ, хариуцагч Ц.М-, М.О-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т-, Х.А- нарыг оролцуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.“Г ш х” ХХК-иас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М-, М.О- нарт холбогдуулан “... татварын улсын байцаагч нарын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн НА-*** дугаартай Татварын нөхөн ногдуулалтын актын зарим хэсэг буюу 2020, 2021 оны Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт тавьсан 6,569,472,867.50 төгрөгийн нөхөн татвар, 2,627,789,147.31 төгрөгийн торгууль, 2,170,891,495.42 төгрөгийн алданги нийт 11,368,153,510.23 төгрөгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2.Хариуцагч татварын улсын байцаагч нар нь “Г ш х” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалтыг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг дуустал хийж, 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн НА-*** дүгээр нөхөн ногдуулалтын актаар “Г ш х” ХХК-д 136,978,430,934.92 төгрөгийн зөрчилд 6,774,855,362.53 төгрөгийн нөхөн татвар, 2,847,324,351.37 төгрөгийн торгууль, 2,416,930,305.16 төгрөгийн алданги, нийт 12,039,110,019.06 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон байна.

2.1.Нэхэмжлэгчээс дээрх актыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд тус зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 20 дугаар тогтоолоор маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталжээ.

3.Нэхэмжлэгчээс “...Ашигт малтмалын тухай хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж татвар төлөгчид их хэмжээний татвар нөхөн ногдуулсан.” Тодруулбал, “...Ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэлээр буюу хуулийн 47.2.3 дахь хэсэгт зааснаар борлуулсан үнэлгээгээр орлогоо тооцсон байхад Засгийн газраас зарласан чулуун нүүрсний ангилалд хүчээр оруулж, үнэтэй зах зээлийн үнээр Ашигт малтмалын нөөц борлуулсны орлогыг тооцож, улмаар 6,569,472,867.50 төгрөгийн нөхөн татвар, 2,627,789,147.31 төгрөгийн торгууль, 2,170,891,495.42 төгрөгийн алданги нийт 11,368,153,510.23 төгрөгийн төлбөрийг бидэнд тавьсан.” Мөн “...нөхөн ногдуулалтын акт нь  Ашигт малтмалын тухай хуулийн 47.1.1, 47.1.2, 47.2, 47.2.1, 47.3, 47.3.3 дахь хэсэгт заасныг үндэслэсэн байгаа нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хуулийг буруу тайлбарласан эрх зүйн зөрчилтэй акт байх тул хууль бус захиргааны акт юм.

Татвар төлөгчийн хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим, шударга ёсны зарчимд нийцэхгүй их хэмжээний татварын алданги, торгууль ногдуулсан. “...2020 онд 13,934,566,595.86 төгрөгийн 2021 онд 52,747,385,247.02 төгрөг, нийт 66,681,951,842.88 төгрөгийн зөрчил гаргасан байхад 133,363,903,685.76 төгрөгийн зөрчил гаргасан хэмээн үзэж улмаар нэг зөрчилд 4 удаа тус тус хариуцлага ногдуулсан нь “нэг зөрчилд давхар хариуцлага хүлээлгэхгүй байх (non bis in idem)” шударга ёсны зарчимд нийцэхгүй”.

Түүнчлэн “Татварын ерөнхий хууль (2008 он)-ийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна” гэж, Зөрчлийн тухай хуулийн 11.19.1-д “Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гээд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь төлөх татварын 10 хувиас хэтрэхгүй байна” гэж тус зохицуулсны дагуу нөхөн ногдуулсан татварт нийт 78%-ийн алданги, торгууль ногдуулсан нь үндэслэлгүй юм...” гэж маргажээ.

4.Хариуцагчаас “...“Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.Татварын алба нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална: 76.1.1.хууль дээдлэх” гэж зааснаар бид татварын хяналт шалгалтаар хүчин төгөлдөр үйлчилж байсан журам хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, журмуудыг баримтлан ажилласан болно.

Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө, 28.10.Татвар төлөгч нь хууль тогтоомж болон татварын албанаас баталсан заавар, аргачлал, маягт, дүрэм, журмыг дагаж мөрдөх үүрэгтэй гэж заасныг хэрэгжүүлээгүй тул тус компанийн 2020, 2021 онд экспортод гаргасан коксжих чанаргүй, боловсруулаагүй нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг гэрээний үнээр тооцох боломжгүй байна.

Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйл. Төлөх татварын хэмжээг борлуулсан этгээдэд хүлээлгэх хариуцлага, 82.1.Татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татвар ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно: 82.1.2.төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар, 73 дугаар зүйл.Алданги, 73.2.Алданги тооцох хугацааг доор дурдсанаар тодорхойлно:, 73.2.1.татварын хууль тогтоомжид заасны дагуу тухайн татварыг төлбөл зохих өдрөөс түүнийг төлсөн өдрийг хүртэлх хоногийн тоогоор; гэж заасны дагуу төлбөл зохих нөхөн татварын дүнгээс торгууль, алданги ногдуулсан болно...” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрөн хариу тайлбар гаргажээ.

5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: “...Экспортолсон нүүрс нь чулуун болон хүрэн хүүрсний хооронд хэлбэлзэж, ангиллыг шууд тогтоох боломжгүй байхад хариуцагч татварын байцаагч нар “Г ш х” ХХК-ийн нүүрсний борлуулалтын үнэлгээг тооцохдоо бүхэлд нь коксжих чанаргүй нүүрсний зах зээлийн үнээр тооцож акт тавьсан учир дутагдалтай.” Тиймээс “хариуцагч нар нэхэмжлэгч компанийн борлуулсан нүүрс нь одоогийн хагас чулуун нүүрс ангилалтай адилтгаж авч үзэх болон Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.14. Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана” гэх хуулийн заалт, Сангийн яамны төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын албан бичигт дурдсан Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор баталсан ангилал, аргачлалаар боловсруулаагүй коксжих чанаргүй нүүрсний тооцох зарчимд нийцэх БНХАУ-ын Өвөр монголын Ордос, Бугат зэрэг хотын уурхайн ам дээр болон улсын FOR нөхцөлөөр худалдаалагдаж буй эрчим хүчний нүүрсний үнэ (БНХАУ-ын нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн)-ийг жишиг болгон БНХАУ-ын холбогдох татвар, хураамжийг хасаж тооцдог гэх агуулгыг нэхэмжлэгч компани бараагаа олон улсын Инкотермсийн DAP (Delivered at place) нөхцөлтэйгөөр БНХАУ-ын Эрээн хотын RU YI HUI TONG зэрэг гаалийн хяналтын талбайд нийлүүлдэг гэх үйл баримттай харьцуулан дүгнэн, шаардлагатай гэж үзвэл дээрх албан бичгийг төлөвлөсөн газраас тодруулга авч, эргэлзээгүй байдлаас нь эцэслэн дүгнэн Татварын нөхөн ногдуулалтын актын дахин гаргах боломжтой, үүнийг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн байна гэх үндэслэлээр Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.3, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3, 47.14 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Ц.М-, М.О- нарын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн НА-*** дугаартай Татварын нөхөн ногдуулалтын актын зарим хэсэг буюу 2020, 2021 оны Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт тавьсан 6,569,472,867.50 төгрөгийн нөхөн татвар, 2,627,789,147.31 төгрөгийн торгууль, 2,170,891,495.42 төгрөгийн алданги нийт 11,368,153,510.23 төгрөгийн төлбөр төлөх хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 3 (гурав) сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Нэхэмжлэгчийн экспортолсон нүүрс нь 2701.12.13 кодтой коксжих чанаргүй нүүрс болох нь тогтоогдож буй энэ тохиолдолд тайлант хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Засгийн газрын дээрх тогтоолууд болон Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар баталсан барааны ангиллын жагсаалтын дагуу 2701.12.13 кодоор кодолж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцоолж, ийнхүү нөхөн ногдуулалтын акт ногдуулсныг буруутгах үндэслэлгүй.” Нөгөөтээгүүр “Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-д “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон экспортлох эрх бүхий хуулийн этгээд ашигт малтмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээр борлуулах” үүрэгтэй бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай” 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 7-д БНХАУ-ын нүүрсний зах зээлийн үнийн мэдээллийн эх сурвалжийн үнийн эх сурвалжийн нэрийг (“http://en.sxcoal.com) гэж зарласан байгаа энэ тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-д “дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн” тооцоолно гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийн 1, 2, 3 дахь заалтыг нэгтгэн Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4, 47 дугаар зүйлийн 47.2.1, 47.6, 47.8, 47.14-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн.

7.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 001/ШХТ2025/0460 дугаар тогтоолоор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” эсэх үндэслэлээр хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц- магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.2, 123.2.4-т заасан үндэслэлээр дараах гомдлыг гаргажээ. Үүнд:

8.1.Эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой тухайд:

Ашигт малтмалын тухай хуулийн 47.2 дахь хэсэгт борлуулалтын үнэлгээг тооцох журмыг зохицуулж 47.2.3 дахь заалтаар “дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн” тооцохоор зохицуулсан. Тус заалт нь “борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй” гэсэн урьдчилсан нөхцөл заасан. Уг заалтыг өмнө нь дээд. шүүхээс огт тайлбарлаж, тодорхойлж байгаагүй бөгөөд бодит нөхцөл байдалд татварын албан тушаалтны үзэмжээр шийдэгддэг зохицуулалт болж хувираад байна.

Манай компанийн хувьд нүүрс борлуулагч бусад компаниудаас ялгаатай нь нүүрс гаргадаг голлох боомт бус Замын-Үүд Эрээн боомтоор нүүрс экспортолж, борлуулдаг. Тус боомт нь нүүрсний боомт биш тул SXCOAL цахим сайтад тус хэсгийн нүүрсний үнэ зарлагддаггүй бөгөөд бид худалдан авагч компани болон тухайн бүс нутгийн зах зээл дээрх дундаж үнээр нүүрсээ борлуулдаг байсан. Түүнчлэн Засгийн газраас олон улсад хүлээн зөвшөөрдөг нүүрсний дөрвөн ангиллын нэг ангилал болох манай компанийн борлуулдаг суббитумт ангиллын эрчим хүчний нүүрсний үнийг зохицуулж өгөөгүй.

Үүнээс шалтгаалж Сангийн яамны ажлын хэсэг суббитумт ангиллын эрчим хүчний нүүрсний зах зээлийн үнийг зарладаггүй байсан. Иймээс эрчим хүчний нүүрсний зах зээлийн үнийг тодорхойлох боломжгүй байсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.3-т үндэслэн борлуулалтын үнэлгээгээ тооцож, АМНАТ-аа тайлагнасан. Гэтэл татварын байцаагч нар дээрх нөхцөл байдлыг огт харгалзан үзэхгүйгээр өөрсдийн үзэмжээр Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1 дэх заалтыг үндэслэн өндөр дүнгээр татвар нөхөн ногдуулж, 47.2.3 дахь заалтыг огт хэрэглэх боломжгүй мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

Бид дээрх маргаан бүхий асуудлаар “А т- хөгжлийн төв” ТББ-ыг байгуулж, зах зээлийн үнэлгээ тодорхой бус байгаа тухай, хэрхэн тооцдог тухай болон хэт өндөр дүнгээр борлуулалт тооцсон асуудлаар холбогдох байгууллагад хандаж байсан. Үүний хүрээнд “Жишиг үнэ ба АМНАТ” хэлэлцүүлэг зохион байгуулж, Сангийн яамны Удирдлагатай албан ёсны уулзалт зохион байгуулсан бөгөөд уулзалтаар үнийн зөрүү болон бүс нутаг, боомтын үнийн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, холбогдох тооцоо судалгаа хийхээр болсон. Гэсэн хэдий ч “хувь хүмүүсийн хооронд үл ойлголцол үүсэж”, “төрийн байгууллагаас та нарыг харж үзэхээ болилоо” гээд улмаар тус ажил хийгдээгүй байдаг.

Гэвч Засгийн газрын 2025 оны 08 сарын 20-ны хуралдаанаас гарсан тогтоолоор Засгийн газрын 81 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулсан бөгөөд Монгол Улсын Засгийн газраас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцох аргачлалыг шинэчилж, уул Уурхайн бирж буюу Монголын хөрөнгийн биржийн арилжааны үнээр АМНАТ тооцохоор шийдвэрлэсэн. Үүний үндэслэлийг тайлбарлахдаа Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд “АМНАТ тооцох аргачлалд өөрчлөлт оруулахгүй бол уул уурхайн салбарын аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүнээс бодит борлуулалтын үнэлгээнээс өндөр төлбөр авч, санхүүгийн дарамт үүсээд байсан юм. Тухайлбал, баяжуулсан коксжих нүүрс 22.6, хайлуур жонш 54.3, төмрийн хүдэр 26.6 хувь илүү үнээр тооцож байсан” хэмээн хүлээн зөвшөөрсөн.

Иймээс Засгийн газар өөрсдөө ч алдаатай, үндэслэлгүй өндөр үнэлгээ тогтоосноо хүлээн зөвшөөрч байгаа тус асуудлыг Татварын байцаагч нар шууд үндэслэн татвар ногдуулж, хуулиар хүлээн зөвшөөрсөн буюу Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.3-т зааснаар АМНАТ тайлагнасан байхад нөхөн ногдуулсан өндөр татварынхаа 78%-тай тэнцэх хэмжээний алданги, торгууль ногдуулж байгаа тус асуудлыг эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

8.2.Шүүх хууль хэрэглээний зөрүүтэй байдал үүсгэсэн тухайд:

Манай компани Дорноговь аймгийн *** сумын *** нэртэй газарт Ашигт малтмал, газрын тосны газраас 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн МV-*** дугаартай ашигт малтмал ашиглах зөвшөөрөл авсан. Уг тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд 2020 оноос нүүрс олборлож, БНХАУ-д бүртгэлтэй 6 компанитай гэрээ байгуулан Монгол улсын Замын-Үүд, Эрээн боомтоор экспортолж, борлуулдаг.

Энэхүү боомт нь Монгол улсын нүүрсний голлох боомт биш бөгөөд эрэлт, нийлүүлэлт багатай бөгөөд БНХАУ-аас тус боомтоор нүүрсний зах зээлийн үнэ зарладаггүй. Компанийн борлуулдаг нүүрс нь 4000-6000 ккал-ийн илчлэгтэй БНХАУ-д суббитумт ангиллын эрчим хүчний нүүрс. Маргаан бүхий хугацаанд Засгийн газар суббитумт нүүрсний ангиллыг зарлаагүй байсан бөгөөд хүчээр битумт ангиллын нүүрсний нүүрсний код өгч байсан.

Өөрөөр хэлбэл, Засгийн газар нүүрсний ангиллыг нарийвчлан тогтоож өгөөгүйгээс шалтгаалж борлуулсан бүтээгдэхүүний жишиг үнийг тодорхойлох боломжгүй байгаа учир гэрээний үнээр мэдүүлж байгаа тухайгаа мэдэгдэж, дараа нь АҮЭБ-ийн сайд “өмнөх тогтоолоор жишиг үнээр АМНАТ тооцож, бодит борлуулалтын үнэлгээнээс өндөр төлбөр авдаг байсан эрсдэл үүсэхээс зайлсхийх зорилгоор “А т- хөгжлийн төв” ТББ-г байгуулж, ангиллыг олон улсын стандарттай нийцүүлэх, зах зээлийн үнэлгээ тодорхой бус байгаа тухай, хэрхэн тооцдог тухай болон Ашигт малтмал, газрын тосны газрын сайт дээр зарлаж байгаа үнэ ангиллаас хэт өндөр дүнгээс тооцсон асуудлаар холбогдох захиргааны байгууллагад хандаж байсан бөгөөд захиргааны байгууллагаас үнийн зөрүү болон бүс нутаг, боомтын үнийн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч байсан.

Иймээс олон улсаас өөрөөр ангилсан, олон улсын үнэлгээнээс хэт өндөр үнээр зарласан зах зээлийн үнээс татвар төлөх ямар ч боломжгүй байсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.3 дахь заалт, Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 6 дугаар зохицуулалт (2021 оны 07 сард хүчингүй болгосон)-ын дагуу байгуулсан гэрээний үнээр борлуулалтын үнэлгээг тооцож, гэрээний үнээр борлуулалтын үнэлгээгээ тооцуулах зорилгоор Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоолын дагуу сар бүрийн тайлан, гэрээ, мэдээгээ хүргүүлж, татварын алба мөн АМНАТ-ын тайланг баталгаажуулсан. Тус асуудлыг Анхан шатны шүүх зөвөөр ойлгож Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.3 дахь заалтыг хэрэглэж татвараа тайлагнасан нь буруу биш гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1 дэх заалтыг л хэрэглэх ёстой гэсэн хариуцагч нарын тайлбарт үндэслэн шийдвэр гаргасан нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүтэй байдлыг үүсгээд байна.

8.3.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан тухайд:

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх нөхцөлийг харгалзан үзэхгүйгээр зөвхөн Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1 дэх заалтыг хэрэглэж, АМНАТ төлөх ёстой гэж тайлбарласан. Магадлалын 2.7 дахь хэсэгт Засгийн газрын 2016 оны 02 сарын 01-ний өдрийн Биржийн болон зэх зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг зарлах тухай 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 7-д БНХАУ-ын нүүрсний зах зээлийн үнийн мэдээллийн эх сурвалжийн үнийн эх сурвалжийн нэрийг (http://en.sxcoal.com) гэж зарласан байгаа энэ тохиолдолд АМНАТ-ийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.3-т заасан зохицуулалт “дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн” тооцоолно гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй хэмээн дүгнэсэн.

Гэтэл маргаан бүхий хугацаанд тус 81 дүгээр тогтоолын 6 дугаар заалт нь “Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нүүрсийг гадаадын зах зээлд борлуулахаар байгуулсан гэрээний үнэ” хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан бөгөөд 2021 оны 174 дүгээр тогтоолоор хүчингүй болсон байдаг. Гэтэл тус зохицуулалтыг харгалзан үзэхгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. Бид тус асуудлыг анхан шатны шүүх болон гаргасан нэхэмжлэлдээ тодорхой дурдаж маргаж байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх тул бусад асуудлаар тайлбар хэлүүлэхгүй байсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ.” гэж заасан. Гэтэл шүүх ийнхүү гомдлоор хязгаарлаж зохигчдыг мэтгэлцэх боломжоор хангаагүйгээс шүүхийн дүгнэлт тодорхой бус үндэслэлгүй гарч, энэхүү дүгнэлт нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн хэмээн үзэж байна.

8.4.Ашигт малтмалын тухай хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэвэл зохих  хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж татвар төлөгчид ихээхэн хэмжээний татвар нөхөн ногдуулсан тухайд:

Манай компанийн борлуулсан нүүрсний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй байсан. Маргаан бүхий хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан MNS 6456:2014 тоот стандарт болох “Нүүрсний ангилал” стандартын норматив эшлэл болох ASTM D388-05 “Нүүрсний хувирлын зэрэгт үндэслэсэн ангилал”, ISO 11760 “Нүүрсний олон улсын ангилал” зэрэг стандартад нүүрсний чанар илчлэг, хэрэглээний зориулалтаараа нүүрсний төрлийг anthracite (антрацит), bituminous (чулуун нүүрс), subbituminous (xarac чулуун нүүрс), lignite (хүрэн нүүрс) гэсэн 4 үндсэн ангилалд хуваадаг. Манай компанийн БНХАУ-д борлуулдаг нүүрс нь тус ангиллын subbituminous (хаrас чулуун нүүрс)-ний ангиллын эрчим хүчний нүүрс юм.

Гэтэл Монгол улсын Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын хавсралт болох “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-д нүүрсийг боловсруулаагүй нүүрс болон Баяжуулсан нүүрс гэсэн хоёр төрөлд хувааж боловсруулаагүй нүүрсийг антрацит, чулуун болон хүрэн нүүрс гэсэн 3 ангилалд хувааж олон улсын зах зээлд ашиглагддаг хагас чулуун нүүрсний ангиллыг зохицуулж өгөөгүй байдаг. ЗГ-ын 2022 оны 305 дугаар тогтоолоор суббитумт нүүрсний төрлийг нэмсэн бөгөөд тус оноос хойш манай компани тус ангилалд хамаарч нүүрсний жишиг үнээр борлуулж байна.

Өөрөөр хэлбэл, хагас чулуун нүүрсний зах зээлийн үнийг зарлаагүй, зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй байсан. Иймээс Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.3 дахь хэсэгт “дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн” зааснаар нүүрсний борлуулалтын үнэлгээг борлуулалтын орлогод үндэслэж АМНАТ-аа тооцож төлсөн.

Засгийн газрын зарласан үнэ хэт өндөр, үндэслэлгүй байсан. Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга ***-ын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 4-2/6776 тоот албан бичгээр ““Боловсруулаагүй, коксжих чанаргүй” ангиллын нүүрсний үнийг тогтоохдоо http://en.sx.coal.com цахим эх сурвалжид зарлаж буй нүүрсний төрлүүдээс БНХАУ-ын Өвөр монголын Ордос, Бугат зэрэг хотын уурхайн ам дээр болон “FOR” нөхцөлөөр худалдаалагдаж буй эрчим хүчний нүүрсний үнэ-ийг жишиг болгон авч БНХАУ-ын холбогдох татвар, хураамжийг хасаж тооцсон” гэсэн мэдээллийг бидэнд ирүүлсэн. Зах зээлийн үнэ зарлаж буй захиргааны байгууллага нь БНХАУ-ын татвар хураамжийг хассан гэх боловч SXCOAL-ийн Бугат хотын “боловсруулаагүй коксжих чанаргүй нүүрс”-ний үнэ /НӨАТ шингэсэн/ нь Ашигт малтмал газрын тосны газрын цахим хуудас дахь зарласан үнэ ойролцоо байсан. Тодруулбал,

 

Огноо

SXCOAL-ийн Бугат хотын "боловсруулаагүй коксжих чанаргүй нүүрс"-ний үнэ /НӨАТ шингэсэн/

Ашигт малтмалын газрын тосны газрын цахим хуудас дахь Зарласан үнэ

2020.01

143,666.47

143,325.53

2022.02

151,197.13

142,754.78

2020.03

149,613.77

147,252.92

2020.04

130,399.20

147,167.58

2020.05

127,803.79

135,186.03

2020.06

144,399.52

132,504.68

2020.07

161,902.90

126,596.85

2020.08

159,461.77

131,136.01

2020.09

171,289.00

132,688.69

2020.10

181,016.61

142,452.39

2020.11

186,149.96

157,118.17

2020.12

212,696.01

163,363.67

 

Засгийн газар үндэслэлгүй жишиг үнэ тогтоож байсан асуудал зөвхөн нүүрс биш бөгөөд жонштой холбоотой маргаан Монгол улсын Дээд шүүхээс 2025 оны 02 сарын 03-ны өдөр 001/XT2025/0011 дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 5 дахь хэсгийг хариуцагч дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж, 2025 оны 38 дугаар тогтоолоор цахим эх сурвалжид өөрчлөлт орсон байдаг. Өөрөөр хэлбэл, манайхтай адил асуудлаарх хэм хэмжээний актыг дээд шүүхээс түдгэлзүүлж, Засгийн газар засварлаж, шийдвэрлэсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123.2.4 дэх хэсэгт “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” шийдвэрийг дээд шүүхээс гаргасан учир энэхүү шийдвэр манай маргаж байгаа маргаанд жишиг болж нөлөөлөх учиртай.

Монгол Улсын хэмжээнд тухайн цаг хугацаанд нүүрс олборлож, борлуулж байсан бүхий л уул уурхайн компаниудад өндөр хэмжээний татварын дарамт үүсэж, нөхөн ногдуулалтын акт тавьсан компаниуд актыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар үндэслэлгүй хэт өндөр зах зээлийн үнэ тогтоож, татвар төлөгч нарыг татварын дарамтад оруулж байна. Иймээс тус Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.3 дахь зохицуулалтыг хэрэглэх боломжийг нэг мөр болгох нь хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд ач холбогдолтой хэмээн үзэж байна. Манай компани хууль эрх зүйн боломжийн хүрээнд АМНАТ-аа тайлагнасан бөгөөд татварын байцаагч нар хэрэглэх ёстой байсан хуулийг хэрэглэхгүйгээр акт тавьсан нь үндэслэлгүй юм.

8.5.Хэт өндөр дүнгээр алданги, торгууль ногдуулсан тухайд:

Дээр дурдсаны дагуу манай компани өөрсдийн эрх ашгаа хамгаалах зорилгоор Засгийн газар, Сангийн яам зэрэг төрийн байгууллагад удаа дараа хандаж, эцсийн байдлаар Монгол улсын Засгийн газар ангилал цөөн бөгөөд буруу байгааг хүлээн зөвшөөрч 2022 оны 305 дугаар тогтоолоор нүүрсний ангиллыг нэмсэн. Ингэснээр манай компанийн маргаад буй асуудал шийдвэрлэгдэж борлуулалтын үнэлгээ болон зах үнэлгээ ижил хэмжээнд очсон. Гэтэл Татварын хяналт шалгалтаар НА-*** дугаартай Татварын нөхөн ногдуулалтын акт тавихдаа 6,774,855,362.53 төгрөгийн татвар нөхөн ногдуулж, нэмж 2,847,324,351.37 төгрөгийн торгууль, 2,416,930,305.16 төгрөгийн алданги ногдуулсан буюу нөхөн ногдуулсан татварын дүнгийн 42%-тай тэнцэх хэмжээний торгууль, 36%-тай тэнцэх хэмжээний алданги, нийт 78%-ийн алданги, торгууль ногдуулсан.

Манай компанийн борлуулсан нүүрс нь олон улсын зах зээлд олборлодог нүүрсний төрөл болох хагас чулуун нүүрс гэж БНХАУ-ын эрээн хотод худалддаг бөгөөд тус ангилал Засгийн газрын тогтоосон ангилалд тусгагдаагүй байсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.3 дахь хэсэгт заасны дагуу борлуулалтын үнэлгээгээр орлогоо тодорхойлж байсан. Түүнчлэн гэрээний үнээрээ тооцуулах зорилгоор тухайн цаг үед хүчинтэй байсан Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоолоор баталсан "Гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох журам"-д заасан шаардлагын дагуу татварын алба руу тогтмол мэдээлж, тайлан, мэдээгээ хүргүүлж, татварын алба тайланг баталгаажуулж байсан. Тодруулбал,

Тухайн журмын 2.5-д “Аж ахуйн нэгж нь энэ журмын 3 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан ашигт малтмал борлуулах гэрээ, 5 дугаар зүйлд заасан мэдээ, тайлан тайлбарыг Ашигт малтмалын тухай хуулийн 47.11 дэх хэсэгт заасан хугацаанд үнэн зөв, иж бүрэн ирүүлсэн бол Татварын алба уг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төсөвт төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тухайн аж ахуйн нэгжийн борлуулалтын гэрээнд үндэслэн эцсийн тооцоог хийж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг баталгаажуулна” гэж зохицуулсан. Нэхэмжлэгч компанийн хувьд энэ хүрээнд сар бүрийн 5-нд өөрийн мэдээ тайлан, гэрээг Татварын албанд хүргүүлж байсан. Нэхэмжлэгч компанийн санхүүгийн бүхий л тайланг татварын алба баталгаажуулж байсан зэргийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн.

Дээрх үндэслэлийн хүрээнд бид өөрсдийн борлуулалтын үнэлгээг борлуулалтын орлогоор буюу Ашигт малтмалын тухай 47.2.3-т зааснаар тооцуулсан хэмээн бүрэн ойлгож байсан. Бидэнд татвараас зугтаах, татвар төлөхгүй байх ямар ч зорилго байгаагүй бөгөөд татварын хяналт шалгалтад өөрсдөө хүсэлт өгсний үндсэн дээр орсон.

Өөрөөр хэлбэл, бидний итгэл үнэмшил хууль ёсных байсан. Гэтэл татварын хяналт шалгалтаар 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэнэт их хэмжээний орлого олсон болж, тус дүнгээс татвар төлөхөөр болж, улмаар нөхөн ногдуулалтын дүнгээс торгууль, алданги төлөхөөр акт гарсан. Бид энэхүү нөхөн ногдуулсан татварын дүнг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр л төлөхөө мэдсэн байтал Татварын ерөнхий хуулийн 73.1 дэх хэсэгт заасан хугацаандаа татвараа төлөөгүй үндэслэлээр алданги тооцсон нь нь үндэслэлгүй юм. Түүнчлэн тус асуудал нь татварын албаны ажил үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, дутуу гүйцэтгэсэнтэй шууд хамааралтай бөгөөд татварын алба дан ганц татвар хураах л үүрэгтэй бус татвар төлөгчид зөвлөгөө мэдээлэл өгөх үүрэгтэй юм.

Иймээс татвар төлөгч Засгийн газрын хууль бус шийдвэр, Татварын алба ажил үүргээ дутуу гүйцэтгэсний улмаас хохирох ёсгүй хэмээн үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-д Захиргааны байгууллага хууль ёсны итгэлийг хамгаалах үүрэгтэй. Иймд татварын байцаагч нар нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж татварын акт тавьж татвар төлөгчийг ихээхэн хэмжээний дарамтад оруулж, захиргааны байгууллагын үндсэн зарчмыг хөндсөн байх тул НА-*** дугаартай Татварын нөхөн ногдуулалтын актын зарим хэсэг буюу 2020, 2021 оны Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт тавьсан 6,569,472,867.50 төгрөгийн нөхөн татвар, 2,627,789,147.31 төгрөгийн торгууль, 2,170,891,495.42 төгрөгийн алданги, нийт 11,368,153,510.23 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

9.Хариуцагчаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулан тайлбарыг бичгээр гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

10.Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

11.Нэхэмжлэгч “Г ш х” ХХК-иас Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нарт холбогдуулан 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн НА-*** дугаартай Татварын нөхөн ногдуулалтын актын зарим хэсэг буюу 2020, 2021 онуудын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт  6,569,472,867.50 төгрөгийн нөхөн татвар, 2,627,789,147.31 төгрөгийн торгууль, 2,170,891,495.42 төгрөгийн алданги, нийт 11,368,153,510.23 төгрөгийг төлүүлэхээр тогтоосныг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

12.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ

a)“Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын хавсралт “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-д нүүрсийг боловсруулаагүй, болон баяжуулсан гэсэн төрөлд хувааж боловсруулаагүй нүүрсийг ангилахдаа олон улсын зах зээлд ашигладаг хагас чулуун нүүрсний ангиллыг зохицуулж өгөөгүйгээс манай компанийн борлуулсан нүүрсийг bituminous (чулуун нүүрс)-ний төрөлд хүчээр оруулж тооцсоноос ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр өндрөөр тогтоосон, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-д заасны дагуу “дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг” үндэслэн тооцох байсан, Засгийн газрын 2022 оны 305 дугаар тогтоолоор бидний маргаад буй асуудлыг шийдвэрлэж, олон улсын ангиллаар нүүрсний ангиллаа өөрчилж тодорхой болгосноор манай компанийн борлуулалтын үнэлгээ болон зах зээлийн үнэлгээ ижил хэмжээнд очиж маргаангүй болсон нь үүнийг нотолно.

б)Татварын хяналт шалгалтаар нөхөн ногдуулалтын акт тавихдаа Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 84 дүгээр зүйлийн 84.1, Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5, тайлбар хэсэг  Татварын ерөнхий хууль (2008 он)-ийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, ногдуулсан татварын дүнгийн 42 хувьтай тэнцэх хэмжээний торгууль, 36 хувьтай тэнцэх хэмжээний алданги, нийт 78 хувийн алданги, торгууль ногдуулсан нь үндэслэлгүй.

в)Манай компани 2020 онд 13,934,566,595.86 төгрөгийн, 2021 онд 52,747,385,247.02 төгрөг, нийт 66,681,951,842.88 төгрөгийн зөрчил гаргасан байхад 133,363,903,685.76 төгрөгийн зөрчил гаргасан хэмээн үзэж, улмаар нэг зөрчилд 4 удаа тус тус хариуцлага ногдуулсан нь “нэг зөрчилд давхар хариуцлага хүлээлгэхгүй байх (Non bis in idem)” шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж тус тус тодорхойлжээ.

13.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д зааснаар шүүхийн шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх”, 107 дугаар зүйлийн 107.4-д “хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухай” тусгах ёстой бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хуулийн дээрх шаардлагыг хангаагүй байна.

14.Тухайлбал, анхан шатны шүүх “Г ш х” ХХК-ийн экспортолсон нүүрсний борлуулалтын үнэлгээг хэрхэн тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулж болох талаар мөн зөрчилд давхардуулж болон хуульд зааснаас өндөр хэмжээгээр хариуцлага оногдуулсан гэх үндэслэлд тодорхой дүгнэлт өгөөгүй, харин акт хууль бус болсон талаар буюу “Г ш х” ХХК-ийн экспортолсон нүүрс чулуун болон хүрэн нүүрсний хооронд хэлбэлзэж, ангиллыг шууд тогтоох боломжгүй байхад хариуцагч борлуулалтын үнэлгээг тооцохдоо бүхэлд нь коксжих чанаргүй нүүрсний зах зээлийн үнээр тооцож акт тавьсан нь учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл, дээрх 4500 ккал/кг-аас бага илчлэгийн агууламжтай нүүрсний ангиллыг зөв хөдөлбөргүйгээр тогтоолгон, тооцуулснаар маргаан бүхий актаар тогтоосон үнийн дүн өөрчлөгдөх боломжтой, татварын улсын байцаагч нэхэмжлэгч компанийн борлуулсан нүүрсний борлуулалтын үнэлгээг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3 дахь хэсгийн дагуу ялгамжтай тогтоож болохоор атал бүхэлд нь 57 дугаар зүйлийн 57.2.1-д заасныг баримтлан нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 “тодорхой байх”, 5.1.3 “шударга байх” татварын үйл ажиллагааны зарчимтай нийцээгүй” гэсэн  дүгнэлт хийсэн атлаа тухайн алдааг зөвтгүүлэх шаардлагатай гэж үзэн маргаан бүхий актыг дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

15.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх орхигдуулсан асуудлуудыг нөхөн дүгнэлгүйгээр зөвхөн нэхэмжлэгч компанийн маргаан бүхий хугацаанд экспортолсон зарим нүүрсний бодит илчлэг 4500 ккал/кг-аас бага буюу коксжих чанаргүй нүүрсний ангилалд хамаарахгүй байгаагаас үл хамаарч “нэхэмжлэгч 2020-2022 онуудад 2701.12.13 кодтой коксжих чанаргүй нүүрс ангиллаар гаалийн бүрдүүлэлт хийж, экспортолж байсан нь баримтаар тогтоогдсон. Энэ тохиолдолд тайлант хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Засгийн газрын тогтоолууд болон Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар баталсан барааны ангиллын жагсаалтын дагуу кодолж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцоолж, ийнхүү нөхөн ногдуулалтын акт ногдуулсныг буруутгах үндэслэлгүй” гэх агуулгатай дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

16.Хэрэгт авагдсан баримтаар Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын 2.1-д “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдох борлуулалтын үнэлгээг дараах байдлаар тооцно”, 2.4-т “Гадаадын зах зээлд борлуулж байгаа бүх төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүний агуулга, түүний хувь, шинж чанар, ангиллыг Гаалийн лабораторийн дүгнэлтэд үндэслэн тодорхойлно”, 2.5-д “Гаалийн лаборатори нь энэ журмын 2.4-т заасан дүгнэлтийг гаргахад олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, Монгол Улсын итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгэж болно” гэсний дагуу маргаан бүхий хугацаанд гаалийн төв лабораторийн хийсэн шинжилгээ, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн №***[1] шинжилгээний дүгнэлтээр “Г ш х” ХХК-ийн экспортолсон зарим нүүрсний бодит илчлэгийн хэмжээ 4500 ккал/кг-аас бага буюу коксжих чанаргүй нүүрсний ангилалд хамаарахгүй байсан нь тогтоогджээ.

17.Дээрх байдлаар талуудын маргаж буй үндэслэл бүрийг бүрэн тодорхойлж, тэдгээрт хамааралтай хууль тогтоомжийн хэм хэмжээг тайлбарлан хэрэглэж маргааныг хянан шийдвэрлээгүй тохиолдолд хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэн шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах, үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нөхөн ногдуулалтын актын зарим хэсэг буюу 2020, 2021 оны Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт тавьсан 6,569,472,867.50 төгрөгийн нөхөн татвар, 2,627,789,147.31 төгрөгийн торгууль, 2,170,891,495.42 төгрөгийг алданги, нийт 11,368,153,510.23 төгрөгийн төлбөрийн хүчингүй болгуулах”-аар хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

18.Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргаагүй атлаа хяналтын журмаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангах агуулгаар гомдлын шаардлага гаргаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д заасанд нийцэхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2025/0409 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2025/0524 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ЦОГТ

                               ШҮҮГЧИД                                                          Г.БАНЗРАГЧ

                                                                                                              М.БАТСУУРЬ

                                                                                                                           П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                                           Д.БАТБААТАР


[1] 2 дугаар хавтаст хэргийн 110 дахь тал.