Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 04

 

                                                             
Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн талаар

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Л.Наранбаяр, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нэхэмжлэгч Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Сүнгээ, хариуцагчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд  Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж шийдвэрлэсэн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 378 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгч Б.Болортунгалагийн давж заалдах гомдлоор Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэхэмжлэлтэй, Ч.Батгэрэлд холбогдох “комьпютерийн процессорын үнэ болох 211 309 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
            Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус газрын сургалтын танхимд онлайн хуралд ашигладаг комьпютер алга болсон бөгөөд жижүүрийн рапортын дэвтэрт 2015 оны 08 дугаар сарын 22-ноос 23-ны хооронд уг комьпютерийг улсын байцаагч Ч.Батгэрэл авч гарсан гэх мэдээлэл тэмдэглэгджээ.   
              Уг асуудлыг аймгийн Цагдаагийн газарт шалгуулахаар  хүсэлт гаргаснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэн Хэнтий аймгийн Прокурорын газраас улсын байцаагч Ч.Батгэрэл нь уг комьпютерийг авсан болохыг тогтоосон тухай 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 5/182 тоот хариу мэдэгдэх хуудас ирсэн.  
             Иймд хариуцагч Ч.Батгэрэлээс уг комьпютерийн үнэ болох 211 309 төгрөгийг нэхэмжилж байгааг зохих журмын дагуу шийдвэрлэж, төрийн байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.      
Нэхэмжлэгчийн төлөөлөгч  Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Сүнгээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчийн хувьд өнөөдрийн шүүх хуралдааныг хүндэтгээд ирсэн.  Хариуцагч шүүх хуралдаанд ямар шалтгаанаар ирээгүй гэдгийг сайн мэдэхгүй байна.  Би шүүх хуралдааныг хариуцагчийг байлцуулахгүйгээр явуулах боломжтой гэж үзэж байна. Учир нь хариуцагчийг уг асуудлаар цагдаагийн байгууллага болон прокурорын байгууллагаас шалгаад дүгнэлт гаргасан. Мөн би гэрч асуулгах хүсэлт гаргасан. Үүнийг шүүхээс үндэслэлтэй байна гэж үзээд гэрчүүдээс тайлбар авсан. Энэ асуудлыг гэрчүүдийн тайлбар, хуулийн байгууллагаас гаргасан дүгнэлтүүдийг үндэслээд шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Мөн төрийн байгууллагын эд хөрөнгийг хувьдаа завшсан нь төрийн байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдахад саад учруулж байна.  Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын сургалтын танхимын онлайн хурал болон сургалтанд ашигладаг компьютер алга болсоныг 2016 оны тооллого буюу 2015 оны Өмч хөрөнгө хамгаалах байнгын комиссын шалгалтаар тогтоосон. Тэгээд дотоод хяналт шалгалт явуулахад тус байгууллагын улсын байцаагч Ч.Батгэрэл нь авч гарсан талаар байгууллагын жижүүр Эрдэнэбаатар тухайн үед гэрчилж бичгээр болон амаар тайлбар  өгсөн. Мөн байгууллагын бусад ажилчид болох нярав, жижүүр зэрэг холбогдох хүмүүсээс тайлбар авахад Ч.Батгэрэл байгууллагын компьютерын процессорыг 2015 оны 08 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө сургалтын заалнаас өрөөндөө авч орсон гэдгийг гэрчилсэн. Уг ажилтнаар байгууллагын эд хөрөнгийг нөхөн төлүүлэх, захиргааны арга хэмжээ авах ажиллагааг байгууллагын зүгээс авсан.  
 Хэнтий аймгийн Прокурорын газраас 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 5/182 тоот хариу мэдэгдэх хуудас ирсэн. Уг  мэдэгдэх хуудсанд Ч.Батгэрэл нь байгууллагын эд хөрөнгийг хувьдаа завшсан нь тогтоогдоод Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сараас дээш хугацаа өнгөрсөн нь  эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн  гэж үзээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан  гэсэн хариу өгсөн. Энэ нь Ч.Батгэрэл хариуцлага хүлээхгүй гэсэн үг биш юм. Тийм учраас манай байгууллагаас Ч.Батгэрэлээс 211309 төгрөгийг нэхэмжилж байна.  Алга болсон процессорын үнэлгээг хийлгэхээр Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын даргын орлогчоор ахлуулсан комисст 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүсэлт гаргаснаар тус комисс хуралдаад хариу мэдэгдсэн. Үүнд Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын сургалтын өрөөнд байсан компьютерийн зарим хэсэг болох  кейс 64720 төгрөг, санах ой 86190 төгрөг, тэжээлийн блок 43095 төгрөг,  сэнс 17297 төгрөг гэсэн үнэлгээ гарсан. Нийт 211309 төгрөгийн үнэлгээ гарсан. Би энэ талаарх баримтыг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн.
  Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ёс зүйн хороо хуралдаад эрчим хүчний хяналтын улсын байцаагч ажилтай Ч.Батгэрэл нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрмийн 6.1.4 дэх заалт, мөн ёс зүйн дүрмийн 6.1.11 дэх заалт, мөн ёс зүйн дүрмийн 6.2.1 дэх хэсэгт заасан дүрмийг зөрчиж байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Прокурорын байгууллагаас ирүүлсэн хариу мэдэгдэх хуудас, гэрчүүдийн мэдүүлэг, Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Өмч хамгаалах байнгын зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, шийдвэр Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ёс зүйн хорооны хуралдааны шийдвэр зэргээр Ч.Батгэрэл нь байгууллагын эд хөрөнгийг дур мэдэн авсан, түүнийгээ нуух гэж оролдсон нь тогтоогдсон. Тийм учраас Ч.Батгэрэлээс 211309 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч ирээгүй байна. Хариуцагч Ч.Батгэрэл өмнө нь Хадгаламж банканд ажиллаж байхдаа байгууллагын эд хөрөнгө болох компьютерийн хард дискийг нууцаар аваад Цагдаагийн байгууллагаар шалгуулах болохоор нь нууцаар буцааж хийж байсан.  Тэгээд өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж байсан талаар тухайн үеийн Хадгаламж банкны удирдлага хэлж байсан. Ч.Батгэрэлээс байгууллагын эд хөрөнгийг гаргуулах саналтай байна. Мөн хууль дүрмээ биелүүлэх нь зүйтэй гэж бодож байна. Ч.Батгэрэл байгууллагын эд хөрөнгөнөөс албан ёсоор хэрэглэгдэж байгаа эд зүйл нь компьютерийн дэлгэц, гар, хулгана, хард диск зэрэг эд зүйл юм. Харин байгууллагын зөвшөөрөлгүйгээр компьютерын процессорыг авсан нь хулгайн шинжтэй, байгууллагын эд хөрөнгийг хувьдаа завшсан үйлдэл юм. Байгууллагын эд хөрөнгийг тоолох үеэр комиссын гишүүд Ч.Батгэрэлээс компьютерийн процессорыг асуухад мэдэхгүй гэж хариулсан байдаг. Ер нь шалгалтаар илрээгүй эд зүйлсийг өөртөө үлдээдэг. Мэдэгдсэн тохиолдолд нууцаар буцаагаад хийдэг нь тодорхой байна. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаандаа хард дискийг мөрдөн байцаагчид өгсөн нь алга болсон процессороос зарим зүйл буцаан өгч байгаа хэрэг юм.
Ч.Батгэрэл нь өөрийгөө тус процессорыг авсан гэдгийг энэ үйлдлээрээ нотолж байгаа юм. “Acer” маркын компьютерын процессор Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэр дээр данслагдсан байдаг. Хариуцагч эзэн нь нярав ажилтай Эрдэнэсувд юм. Эрдэнэсувд компьютерын процессорыг алга болсоныг яагаад сүүлд мэдсэн бэ гэвэл оны сүүлээр эмнэлгээр явж эмчлүүлж байсан. Тэгээд Өмч хамгаалах байнгын зөвлөлөөс тооллого хийхэд энэ асуудал илэрсэн юм. Байгууллагын аюулгүй байдлыг жижүүр хариуцдаг байсан. Тухайн үед компьютерын процессорыг Ч.Батгэрэлийг аваад өрөөндөө орж байхыг жижүүр Ж.Эрдэнэбаатар хараад рапортны дэвтэр дээрээ тэмдэглэсэн байсан. Ч.Батгэрэл нь байгууллагын эд хөрөнгийг хувьдаа завшсан нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээр тодорхой байна Тийм учраас Ч.Батгэрэлээс байгууллагын эд хөрөнгийн үнэ 211 309 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна. Ч.Батгэрэл нь хариуцлагаас зугтаах гэсэн үйлдэл нэлээд гаргадаг. Тийм ч учраас өнөөдөр шүүх хуралдаанд ирээгүй байна гэж бодож байна. Энэ хүн өнөөдөр төрийн байгууллагын эд хөрөнгийг хувьдаа завшиж байна, магадгүй маргааш улсын төсвийг үрэгдүүлнэ. Ийм үйлдэл гаргаж байгаа хүнээс төлбөрийг хурдан хугацаанд гаргуулах хүсэлтэй гэжээ.
    Хэнтий аймаг дахь сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 378 дугаартай шийдвэрээр:
    1. Нэхэмжлэгч Б. Сүнгээгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Ч.Батгэрэлээс “ACER” маркийн комьпютерийн процессорын үнэ 211 309 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор,  Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд  төлсөн 6 990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Батгэрэлээс 6 990 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тус тус заан шийдвэрлэжээ.
     Шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг нь давж заалдах гомдолдоо: Би Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Сүнгээгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Батгэрэлд холбогдох иргэний хэрэгт хариуцагч Ч.Батгэрэлийн өмгөөлөгчөөр ажиллаж байна.
Миний үйлчлүүлэгч Ч.Батгэрэл нэхэмжлэгч Б.Сүнгээгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн прокурор Д.Энхбаярт хяналтын прокурор Нямдэлэгийн 5/155 дугаартай прокурорын тогтоолд гомдол гаргасан бөгөөд энэ тухайгаа шүүгчийн туслах Жамъяндоржид бичгээр мэдэгдэж, хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан боловч ямар нэгэн хариу авалгүй байсаар 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 15 цагт хурал хийх болсон талаар үйлчлүүлэгч Батгэрэл болон өмгөөлөгч надад 14 цагт утсаар мэдэгдсэн. Миний бие шүүх хуралдааны товыг мэдэх үед хөдөө хувийн ажлаар явж байсан учраас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт өгөх боломжгүй байсан.
Шүүх хэргийг эрүүгийн журмаар эцэслэн шийдвэрлээгүй байхад иргэний хэрэг үүсгэн шүүх хуралдааныг хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг зөрчсөн, түүнчлэн хурлын товыг боломжит хугацааны дотор мэдэгдээгүй нь хууль зөрчжээ.
Иймд Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 378 дугаар бүхий шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
Жич: Хэнтий аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Энхбаярын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 5/320 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дээд шатны прокурорт гомдол гаргаад байгаа болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

     Анхан шатны шүүх Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэхэмжлэлтэй, Ч.Батгэрэлд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон  журмыг ноцтой зөрчсөн байна.    .
Анхан шатны шүүхэд хариуцагчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг нь “...хэргийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гаргасан боловч хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, шүүх хуралдааныг 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 14 цагт товлосон тухай утсаар мэдэгдэж энэ өдрөө шүүх хуралдааныг хийсэн нь өмгөөлөгчид хуралдааны товыг боломжит хугацаанд мэдэгдээгүй” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25-р зүйлийн 25.1.2-т хэргийн оролцогч “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох” эрхтэй гэж заажээ.    
                  Хэргийн баримтаас үзэхэд 2016 оны 06 сарын 14 ний өдрийн 14 цагт болох шүүх хуралдааны товыг  хуралдаан болох өдөр хариуцагч түүний өмгөөлөгч Болортунгалагт утсаар мэдэгдсэн /31-33 тал/, мөн хэргийн материалыг хариуцагч болон түүний өмгөөлөгчид огт танилцуулаагүй /29 тал/ зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168-р зүйлийн 168.1.3-т заасан хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчигдсөн  байна..
    Иймд  хариуцагчийн өмгөөлөгч Б.Болортунгалагийн давж заалдах гомдлыг хангаж, Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14 ний өдрийн 378 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.    
Хариуцагч Ч. Батгэрэлийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 6990 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 14 ний өдрийн 378 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Ч.Батгэрэлийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 6990 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4 дэх хэсэгт заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Б.ДЭНСМАА
                      ШҮҮГЧИД                                     Л.НАРАНБАЯР
                                          Я.АЛТАННАВЧ