Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 000062

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                       У.Анхбаярт холбогдох

                                                       эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                                      Хэргийн индекс 142/2017/0088/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

 

        Шүүх хуралдаанд: 

 

                    Прокурор                                          Б.Бүжинлхам

                    Нарийн бичгийн дарга                   Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолтой Уламбадрах овогтой. Анхбаярт холбогдох, 201714000125 дугаартай эрүүгийн хэргийг ялтан У.Анхбаярын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1986-07-12-ны өдөр Орхон аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 30-18 тоотод оршин суух, урд ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ФА-86071275 регистрийн дугаартай, Зээрд адуу овгийн Уламбадрахын Анхбаяр.

 

Шүүгдэгч У.Анхбаяр нь 2016 оны 12 дугаар сарын 25-ны орой 22 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн 5-11 дүгээр байрны гадна хохирогч Н.Баясгалангийн нүүрэн тус газар нь цохиж эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж түрийвчтэй 280 000 төгрөг, 103 доллар зэргийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Зээрд адуу овгийн Уламбадрахын Анхбаярыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1.д зааснаар шүүгдэгч У.Анхбаярыг 3 жил 1 хоногийн хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5.д зааснаар шүүгдэгч У.Анхбаярын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн СД 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар шүүгдэгч У.Анхбаяраас 436 494 төгрөг гаргуулан хохирогч Н.Баясгаланд /Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст 5-11-105 тоот, Утас 94001707, регистрийн дугаар ГЖ 65021319/ олгож,

 

Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Ялтан У.Анхбаяр давж заалдах гомдолдоо:

 

Миний бие У.Анхбаяр нь 2016.12.25-ны орой хохирогч Н.Баясгалантай 5-11-р байрны хажуугийн дэлгүүрт таарч 1 шил ундаа авч ууж байгаад хохирогч Н.Баясгаланг дэлгүүрээс гарахад нь цуг гарч 1 шил архи авахуулах гэж явж байтал гэнэт хохирогч Н.Баясгалан болилоо гэж уурласан.

 

Тэгэхээр нь хохирогч Н.Баясгалангийн нүүрэн тус газар 1 удаа цохиж түрийвчнээс нь 6000 төгрөг авч түрийвчийг нь 5-11-р байрны 2-р орцны шатан дээр орхиод явсан.

 

Би ийм хэрэг үйлдсэндээ үнэхээр их харамсаж байгаа. Ийм муу муухай хэрэг дахин үйлдэхгүй гэдгээ амлаж байна. Мөн хохирогч Н.Баясгалангийн хохирлыг 100% барагдуулсан гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Бүжинлхам дүгнэлтдээ:

 

Шийтгэх тогтоол хуулийн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч У.Анхбаярыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулсан нь түүний гэм буруу, үйлдсэн хэргийн шинж байдал, ялтны хувийн байдалд тохирсон байна.

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч У.Анхбаяр давж заалдах гомдол гаргасны дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судалж үзвэл:

Шүүгдэгч У.Анхбаяр нь 2016 оны 12 дугаар сарын 25-ны орой 22 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн 5-11 дүгээр байрны гадна хохирогч Н.Баясгалангийн нүүрэн тус газар нь цохиж эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж түрийвчтэй 280 000 төгрөг, 103 доллар зэргийг дээрэмдсэн гэмт хэрэгт үйлдсэн болох нь

Шүүгдэгч У.Анхбаярын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

...Ингээд ундаа авч уумаар санагдаад 5-7 дугаар байрны ард байх хүнсний дэлгүүрт ортол нэг согтуу ах орж ирээд түрийвчээ ил гаргаад, түрийвч дотор нь мөнгө байхыг хараад ганц шил архи авахуулж ууя гэж бодоод дагуулж гарсан. Дагуулж яваад 5-11-р байрны тэнд очоод тэр ахын нүүр лүү нь цохиод куртикны халааснаас түрийвчийг нь аваад явсан. Түрийвчийг нь онгойлгоод 6000 төгрөг аваад түрийвчийг нь 5-11-р байрны 2 дахь орцны шатан дээр үлдээсэн. Би архи уухаараа дахиж уумаар санагдаад байдаг юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.., гэсэн мэдүүлэг, 

-Хохирогч Н.Баясгалангийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

... шинэ жилийн арга хэмжээнд оролцоод 23 цагийн үед гэртээ харихаар явж байтал 5-8 дугаар байрны урд талд нэг танихгүй согтуу залуу над руу хүрч ирээд куртикнээс татаж чангаагаад байхаар нь би зугтаж гүйгээд 5-11 дүгээр байрны зүүн талд байдаг “Ивээл Хишиг” дэлгүүр рүү орсон...., ....Тэгээд 5-11 дүгээр байр руу өгсөөд эхний орцны харалдаа миний зүүн шанаа тус газар цохиод, куртикны энгэрийн халааснаас түрийвчийг маань аваад явчихсан..., ... Надад 536 494 төгрөгийн хохирол учирснаас 100 000 төгрөг төлсөн. Одоо 436 494 төгрөг нэхэмжилнэ... гэсэн мэдүүлэг, 

- Гэрч П.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

.... манай дэлгүүрээр байнга үйлчлүүлдэг Баясаа гэх настайвтар хүн нилээн согтуу орж ирсэн. Лангуун дээр түрүүвчээ гаргаж тавиад түрүүвчийг маань авчих гээд байсан. Уг түрүүвч нь нилээн мөнгөтэй бололтой зузаан урт түрүүвч байсан. Дотор нь яг хэдэн төгрөг байсныг би тоолоогүй. Тэр үед Баясаагийн гар нь шалбарчихсан хүнээс зугтсан байдалтай байсан. Надад түрүүвчээ өгөх гээд байхаар нь маргааш нь мөнгө дутлаа гэх юм болов уу гэж бодоод аваагүй. Гэтэл Баясаагийн араас нэг согтуу залуу орж ирээд ундаа авч уугаад зогсож байгаад Баясааг танимхайрч өө ахыг хүргээд өгье гээд аваад гарсан. Би ч таньдаг юм бол заавал гэрт нь хүргэж өгөөрэй гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 талд/ зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд хийвэл зохих ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, нотлох баримтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, ялтан, гэрч, хохирогчоос хуулийн дагуу мэдүүлэг авсан бөгөөд тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох нөхцөл байдлыг шалгаж тогтоосон.

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.Анхбаярын гаргасан  “...үйлдсэн хэрэгтээ үнэхээр харамсаж байна.., хохирол төлбөр төлж барагдуулсан..., ...оногдуулсан ялаас хасч өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан У.Анхбаярын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.ЦЭЦЭГМАА                                                                                                                                                                                                                                         

 

                                    ШҮҮГЧ                                                                       Ц.ТУЯА   

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  З.ХОСБАЯР