Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 88

 

Г.Б, Б.Г, У.Ө, О.Т нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн  нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Золзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх, Н.Очирбат, Б.Ганзориг, Г.Батзаяа, хохирогчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоол, Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 11 дүгээр магадлалтай, Г.Б, Б.Г, У.Ө, О.Т нарт холбогдох эрүүгийн 1936000000198 дугаартай хэргийг Завхан аймгийн прокурорын газрын ахлах прокурор Н.Баасанжавын бичсэн эсэргүүцэл болон хохирогч Д.С, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1964 онд төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй Х овогт Гийн Б,

2.Монгол Улсын иргэн, 2000 онд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1423 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан Б овогт Уийн Ө,

3.Монгол Улсын иргэн, 2000 онд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ковшийн жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй Б овогт Бын Г,

4.Монгол Улсын иргэн, 2001 онд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төлбөр тооцооны нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1423 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож байсан Ш овогт Оийн Т.

Г.Б, Б.Г, У.Ө, О.Т нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Б” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай иргэн Д.С-ыг 00-00 УБЭ улсын дугаартай “Ланд круйзер-105” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үед нь түүний жолоодож явсан тээврийн хэрэгслийг улсын дугааргүй /00-00 ХЭҮ улсын дугаартай, тухайн үед улсын дугаарыг нь салгаж авсан/ “Самсунг эс эм-5” маркийн тээврийн хэрэгслээр мөргөж зогсоон Д.С-ын биед нь хутга тулган хүч хэрэглэж тус тээврийн хэрэгсэлдээ суулгаж, Х аймгаас У аймаг, У аймгаас З аймгийн нутаг дэвсгэрээр дамжуулан У хотын чиглэлд авч явж хүн хулгайлсан,

Г.Б, Б.Г, У.Ө, О.Т нар нь Д.С-ын жолоодож явсан 33,290,155 төгрөгийн үнэлгээтэй 00-00 УБЭ улсын дугаартай “Ланд круйзер-105” маркийн тээврийн хэрэгслийг зэвсэг хэрэглэн дээрэмдсэн, Д.С-ыг Х аймгаас У аймгийн чиглэлд эрхшээлдээ оруулан авч явж байх үедээ Д.С-ын биед нь хутга тулган хүч хэрэглэж бэлэн байсан 630,000 төгрөгийг, мөн иргэн Д.С-ыг эрхшээлдээ оруулсан байх үедээ Д.С-ын эзэмшлийн 0000000000 тоот Хаан банкинд байрших дансны виза карт, нууц дугаарыг хүч хэрэглэн айлган сүрдүүлэн хэлүүлж У аймгийн У сумын нутаг дэвсгэрт байрших АТМ буюу бэлэн мөнгөний машинаас 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 10 минутад 3,000,000 төгрөгийг, мөн өдрийн 17 цаг 12 минутад 2,000,000 төгрөгийг бэлнээр гарган авч Д.С-ын өмчлөлийн нийт 38,920,155 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг зэвсэг хэрэглэн дээрэмдсэн,

Г.Б, Б.Г, У.Ө, О.Т нар нь бүлэглэн Д.С-ын биед хутга тулган айлган сүрдүүлж, зодож хүч хэрэглэн ... биед нь удаа дараа хутга тулгах, хутганы үзүүрийг бие рүү нь хатгах, гуя руу нь хутгаар чичлэх, хатгах зэрэг үйлдэл хийж улмаар “...ганц л амьдрах хорвоо юм чинь чамайг машинтай чинь шатааж ална, мөн машинтай нь уулын уруу өнхрүүлж ална...” хэмээн удаа дараа ярилцан Д.С-ыг алахыг завдсан,

мөн Д.С-ын араас явж байсан С.Б, Д.А нарыг У аймгаас З аймгийн чиглэлд явах засмал мын хажууд зогсож байхыг харсан бөгөөд тухайн хоёр хүн араас нь машинтай дагаж байгааг ойлгож, улмаар тэднийг араас ирэхэд нь хутгалж алах, автомашиныг нь шатааж, замын хажуу руу мөргөж унагаах, толгойг нь таслаад авч явах талаар ярилцаж, Б.Г нь хутга гартаа унагаахгүйгээр бэхэлж, улмаар энэхүү санаагаа хэрэгжүүлэх зорилгоор өөрсдийн зорчиж явсан тээврийн хэрэгслээ хоёр удаа зогсоож гэрлээ унтраан иргэн С.Б, Д.А нарыг хүлээсэн, “Ланд круйзер-76” маркийн тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн С.Б, Д.А нар нь шууд очихоос болгоомжлон очилгүйгээр тээврийн хэрэгслийн гэрлээ унтраан зогссон тул тэднийг орхин явж Д.Сд, С.Б, Д.А нарыг буюу хоёр түүнээс олон хүнийг бүлэглэж алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан,

Г.Б нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Х аймгийн Ж сумын нутаг дэвсгэрт арван найман насанд хүрээгүй хүүхэд болох О.Т-ийг хууран мэхэлж Д.С-ыг хулгайлах гэмт хэрэгт татан оруулсан,

О.Т нь 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөрт шилжих шөнө У хотын Ч дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэр 00/0 дүгээр байрны авто зогсоол дээр байрлуулсан иргэн Д.А-ийн өмчлөлийн 00-00 УНЯ улсын дугаартай “Соната-5” маркийн саарал өнгөтэй 2,000,000 төгрөгийн үнэлгээтэй автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолоор прокуророос шүүгдэгч Г.Б, Б.Г, У.Ө, О.Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6, 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

Г.Б, Б.Г, У.Ө, О.Т нарт прокуророос Эрүүгийн хуулийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж,

шүүгдэгч Г.Б, Б.Г, У.Ө, О.Т нарыг бүлэглэн хүн хулгайлах, бүлэглэн хүч хэрэглэн дээрэмдэх, Г.Б-ыг хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан, О.Т-ийг автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Б 4 жил хорих, Б.Г, У.Ө, О.Т нарыг 3 жилийн хорих, мөн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б-ыг 2 жилийн хорих, Б.Г, У.Ө, О.Т нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Г.Б-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, О.Т-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар Г.Б мөн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас 2 жилийг, Б.Г, У.Ө, О.Т нарт мөн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялаас 2  жилийг тус тус өршөөн хасаж,

мөн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д зааснаар О.Т-д Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялаас 2 жилийг хасаж, эдлэх ялыг 1 жилийн хорих ялаар тогтоож,

мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Т-д тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг 2 дахин багасаж нийт эдлэх ялын хугацааг 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

мөн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар Г.Б-д Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялыг, 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Б.Г, У.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг тус тус 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт зааснаар О.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольж,

Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б, Б.Г, У.Ө, О.Т нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан дээрх хугацаанд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, тэдэнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна.  

Шүүгдэгч, хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэж 11 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.С, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Д.С, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нар хамтран гаргасан гомдолдоо: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, 1.2-т заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, 1.3-т заасан “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр дараах гомдлыг гаргаж байна.

Шийтгэх тогтоол, магадлалд... “Шүүгдэгч Г.Б, Б.Г, У.Ө, О.Т нар нь бүлэглэн үйлдсэн иргэн Д.С-ын өмчлөлийн нийт 38,920,155 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэн зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т заасан гэмт хэргийг тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөрүүлэн өөрчилсөн”, шүүгдэгч Г.Б, Б.Г, У.Ө, О.Т нар нь бүлэглэн үйлдсэн Д.С, С.Б, Д.А нарыг буюу хоёр, түүнээс олон хүнийг бүлэглэж алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шүүгдэгч Г.Б, Б.Г, У.Ө, О.Т нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Б” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай иргэн Д.С-ыг 00-00 УБЭ улсын дугаартай “Ланд круйзер-105” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үед нь түүний жолоодож явсан тээврийн хэрэгслийг улсын дугааргүй /00-00 ХЭҮ улсын дугаартай тухайн үед улсын дугаарыг нь салгаж авсан /“Самсунг эс эм-5” маркийн тээврийн хэрэгслээр мөргөж зогсоон иргэн Д.С-ын биед нь хутга тулган хүч хэрэглэж улсын дугааргүй /00-00 ХЭҮ улсын дугаартай тухайн үед улсын дугаарыг нь салгаж авсан/ “Самсунг эс эм-5” маркийн тээврийн хэрэгсэлд хүч хэрэглэн хүчээр суулган улмаар иргэн Д.С-ын жолоодож явсан 33,290,155 төгрөгийн үнэлгээтэй 00-00 УБЭ улсын дугаартай “Ланд круйзер-105” маркийн тээврийн хэрэгслийг, мөн иргэн Д.С-ыг Х аймгаас У аймгийн чиглэлд эрхшээлдээ оруулан авч явж байх үедээ Д.С-ын эзэмшлийн 00000000 тоот Хаан банкинд байрших дансны виза карт, нууц дугаарыг хүч хэрэглэн айлган сүрдүүлэн хэлүүлж У аймгийн У сумын нутаг дэвсгэрт байрших АТМ буюу бэлэн мөнгөний машинаас 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 10 минутанд 3,000,000 төгрөгийг, 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 12 минутанд 2,000,000 төгрөгийг бэлнээр гарган авч иргэн Д.С-ын өмчлөлийн нийт 38,920,155 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэн зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн  3.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Г.Б,  Б.Г, У.Ө, О.Т нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Б” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай иргэн Д.С-ын биед хутга тулган айлган сүрдүүлж, зодож хүч хэрэглэн хүчээр улсын дугааргүй /00-00 ХЭҮ улсын дугаартай тухайн үед улсын дугаарыг нь салгаж авсан/ “Самсунг эс эм-5” маркийн тээврийн хэрэгсэлд суулгаж Х аймгаас У аймгийн чиглэлд эрхшээлдээ оруулан авч явж байх үедээ, мөн иргэн Д.С-ын биед хутга тулган айлган сүрдүүлж, зодож хүч хэрэглэн өөрийнх нь эзэмшлийн 00-00 УБЭ улсын дугаартай “Ланд круйзер-105” маркийн тээврийн хэрэгсэлд суулган Ховд аймгаас У аймаг, У аймгаас З аймгийн нутаг дэвсгэрээр дамжуулан Улаанбаатар хотын чиглэлд эрхшээлдээ оруулан авч явж байх үедээ биед нь удаа дараа хутга тулгах, хутганы үзүүрийг бие рүү нь хатгах, гуя руу нь хутгаар чичлэх, хатгах зэрэг үйлдэл хийж улмаар “...ганц л амьдрах хорвоо юм чинь чамайг машинтай чинь шатааж ална, мөн машинтай нь уулын уруу өнхрүүлж ална...” хэмээн удаа дараа ярилцан иргэн Д.С-ыг алахыг завдан хүнийг алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан, мөн “Б” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай иргэн Д.С-ыг 00-00 УБЭ улсын дугаартай “Ланд круйзер-105” маркийн тээврийн хэрэгсэлтэй У аймгаас З аймгийн нутаг дэвсгэрээр дамжин У хотын чиглэлд явж байхдаа Х аймгийн “Д” буюу “Б” ХХК-ийн гадна хохирогч Д.С-ын эзэмшлийн 00-00 УБЭ улсын дугаартай “Ланд круйзер-105” маркийн тээврийн хэрэгсэлтэй зэрэгцэн зогсож байсан 00-00 дугаартай “Ланд круйзер-76” маркийн тээврийн хэрэгсэлтэй хоёр хүн буюу С.Б, Д.А нарыг У аймгаас З аймгийн чиглэлд явах засмал замын хажууд зогсож байхыг харсан бөгөөд тухайн хэрэгсэлтэй хоёр хүн хохирогч Д.С-ыг хайж, эрэн сурвалжилж араас нь дагаж байгааг ойлгож, улмаар тэднийг араас нь ирэхэд нь хутгалж алах, автомашиныг нь шатааж, замын хажуу руу мөргөж унагаах, толгойг нь таслаад авч явах талаар хамт явсан Г.Б, Б.Г, У.Ө нартай ярилцаж, өөрийнхөө гарт барьсан хутгыг гараас нь унахгүй болгон скочоор ороон бэлдүүлж, улмаар энэхүү санаагаа хэрэгжүүлэх зорилгоор өөрсдийн зорчиж явсан тээврийн хэрэгслээ хоёр удаа зогсоож гэрлээ унтраан иргэн С.Б, Д.А нарыг алахаар завдан хүлээхэд “Ланд круйзер-76” маркийн тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн С.Б, Д.А нар нь шууд очихоос болгоомжлон очилгүйгээр тээврийн хэрэгслийн гэрлээ унтраан зогссон тул тэднийг орхин явсан бөгөөд иргэн Д.С, С.Б, Д.А нарыг буюу 2, түүнээс олон хүнийг бүлэглэж алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6, 2.11 дэх заалтуудад тус тус зааснаар гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Г.Б, Б.Г, У.Ө, О.Т нар нь бүлэглэн хохирогч Д.С-ыг дээрэмдэхээр санаа зорилго нэгдсэн байх ба уг зорилгоо бүрэн хэрэгжүүлэхийн тулд хохирогчид хүч хэрэглэж авч явснаар хүн хулгайлах гэмт хэрэг үйлдэгдсэн, улмаар зэвсэг болон зэвсгийн чанартай зүйл болох хутга, отвёртка зэргийг хэрэглэж хохирогчийг айлган сүрдүүлж, эрхшээлдээ оруулан довтолсон үйлдлээр зэвсэг хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг төгссөн. Дээрэмдэх гэмт хэргийн хувьд гэмт этгээд хохирогчийн эд зүйлийг авах зорилгоор довтолгоон эхэлснээр үйлдэгдсэнд тооцогддог онцлогтой бөгөөд шүүгдэгч Г.Б, Б.Г, У.Ө, О.Т нар нь дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ хүч хэрэглэж, хохирогч Д.С-ын бие махбодид нь гэмтэл учруулж, заналхийлэх зэргээр хохирогчийн амь биед аюултай нөхцөл байдал бий болгосон. Дээрэмдэх гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд өөрөөр хэлбэл довтлохоор заналхийлсэн нь бодит байдалд хохирогчийн бие махбод, эд хөрөнгөд хохирол учруулсан байхыг шаардахгүй бөгөөд заналхийлэл үр дүнд хүрсэн үгүй нь ч гэмт хэргийн шинжийг хангахад нөлөөлөхгүй юм.

Улсын дээд шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №443 дугаартай тогтоолд ”.... Харагдах байдал нь хүйтэн болон галт зэвсэгтэй адил боловч гэмтэл учруулах боломжгүй, хэрэгтэн ч түүнийг мэдэж байсан зэрэг тохиолдол бүр нь шууд зэвсэг хэрэглээгүй гэж дүгнэх үндэслэлийг бий болгохгүй бөгөөд гэмт хэрэг нэг бүрийн онцлог, үйлдэгдсэн нөхцөл байдал, хэрэгтэн, хохирогчийн хувийн зан төрх, сэтгэхүйн тухайн үеийн байдал, хэрэг үйлдсэн орон зай, цаг хугацаа, сүрдүүлгэнд хэрэглэсэн зүйлийн дүрс хэлбэр, шинж чанар зэргээс хамаарч ялгамжтай хууль зүйн дүгнэлт хийгдэх ёстой. Гартаа барьсан зүйлээ буу буюу галт зэвсэг гэж ямар нэг эргэлзээгүйгээр хохирогчид зориуд ойлгуулж, улмаар хохирогчийг айлган сүрдүүлж, хохирогч үүнээс нь айж эд хөрөнгөө хамгаалахад чиглэсэн эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болно гэсэн сэтгэхүйн харьцаа нь бодит байдалд шүүгдэгчийн хүсэл зоригийн дагуу хэрэгжиж, зэвсэг хэрэглэсэн дээрмийн гэмт хэрэг төгссөн байна.

Өөрөөр хэлбэл Г.Б, У.Ө, Б.Г, О.Т нар нь бүлэглэн хохирогч Д.С хутга тулгаж, хүч хэрэглэн түүнийг хулгайлсан, улмаар зэвсэг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хутга, отвёртка тулган айлган сүрдүүлж, хүч хэрэглэн довтолж эд зүйлийг нь авсан, мөн дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч Д.С-ын биед гэмтэл учруулсан, сэтгэл зүйн хувьд хямралд оруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 703 дугаартай шинжээчийн дүгнэлт, камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Г.Б, У.Ө, Б.Г, О.Т нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Эд мөрийн баримтыг хураан авах тухай 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн мөрдөгчийн саналд “00-00” УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос гарч ирсэн мөнгөлөг цагаан өнгийн эвхэгддэг зориулалттай 16x3 см урттай 1 ширхэг хутга, 25 см урттай хар өнгийн бариултай бариул хэсэгтэй 3 ширхэг цагаан өнгийн хадаастай 1 ширхэг хутга, 25,5 см урттай бариул хэсэг нь хар, хүрэн өнгийн модоор хийсэн хутга 1 ширхэг, мөнгөлөг цагаан өнгийн эвхэгддэг 9x2 см хэмжээтэй тонгорог 1 ширхэг, 40 см урттай модон иштэй, төмөр иртэй сүх 1 ширхгийг эд мөрийн баримтаар хураан авах зөвшөөрөл авахаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт санал гаргасан. /131 дэх тал/

Эд мөрийн баримт хураан авсан тухай 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн тэмдэглэлд”.... 1. “00-00” УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос гарч ирсэн хар өнгийн ир хэсэг нь арзгар, мөнгөлөг өнгийн “тонгорог” хүрэн, хар өнгийн модон бариултай, модон бариултай эвхэгддэг нийт 4 ширхэг хутга, модон иштэй төмөр иртэй 1 ширхэг сүхийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл үйлдсэн. /134 дахь тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор ”... “00-00” УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос гарч ирсэн хар өнгийн ир хэсэг нь арзгар, мөнгөлөг өнгийн “тонгорог” хүрэн, хар өнгийн модон бариултай, Модон бариултай эвхэгддэг нийт 4 ширхэг хутга, модон иштэй төмөр иртэй 1 ширхэг сүхийг эд мөрийн баримтаар тооцсон. /135 дугаар хуудас/, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 1, Прокурор, мөрдөгч нь хөндлөнгийн гэрч оролцуулахаар энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааны явц, үр дүнг баталгаажуулахаар тухайн ажиллагаанд хоёроос доошгүй хөндлөнгийн гэрчийг оролцуулна. Хөндлөнгийн гэрчээр Т.Б, Ч.Э нарыг оролцуулав.

Эд зүйлд үзлэг хийсэн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэлд ”... хэрэгт хураан авсан хар өнгийн ир хэсэг нь арзгар, мөнгөлөг өнгийн “тонгорог” хүрэн, хар өнгийн модон бариултай, модон бариултай эвхэгддэг нийт 4 ширхэг хутга, модон иштэй төмөр иртэй 1 ширхэг сүхэнд үзлэг хийсэн үзлэгээр: Мөнгөлөг цагаан өнгийн эвхэгддэг зориулалттай 16x3 см харьцах хэмжээтэй бариул хэсэг нь шаргал өнгийн хуванцар барзгар гадаргуутай, ирний дээд талдаа 3x3 мм хэмжээтэй заагтай, ирний хэсэгтэй “Columbia jinlang company” гэсэн бичвэртэй чонын зурагтай байв. Уг хутга нь эвхэгдэж байв. 25 см урттай бариул хэсэг нь 15 см, ир хэсэг 11,5 см урттай хар өнгийн бариултай бариул хэсэгтэй 3 ширхэг цагаан өнгийн хадаастай, уг хутганы ир нь барзгар хэсэгтэй, үзүүр хэсэг нь 1 см зүсэх иртэй байв. Хутганы арын хэсэгт “Stainless  steel” гэсэн бичвэртэй байв. 25,5 см урттай, бариул хэсэг нь хар, хүрэн өнгийн модоор хийсэн 12x3 см хэмжээтэй, ажлын хэсэг нь 14 см урттай хутга байв. Мөнгөлөг цагаан өнгийн эвхэгддэг 9x2 см хэмжээтэй тонгорог байв. Тонгорог, хайч, арзгар иртэй 2 ширхэг, ундаа задлагч 2 ширхэг, нэмэх отвёртка болдог тонгорог байв. 40 см урттай модон иштэй, төмөр иртэй сүх байв. Модон бариул нь 40 см урттай, 17 см урттай ир хэсэг нь 13,5 см урттай байв. Ир хэсэг нь ямар нэгэн зүйл цохисон арзгар болсон байв. Ажлын хэсэг дээрээ 2010, 1, оv гэсэн бичвэртэй сүх байв”.... тэмдэглэл /136 дахь тал/

Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг, шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Х аймгийн Ж сумын нутгаас 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүн барьцаалсан гэх хэрэгт 4 ширхэг хутга, 1 ширхэг үзлэгийн тэмдэглэлд хавсаргах” гэрэл зургийн үзүүлэлт /137-138 дахь тал/, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 1-д Прокурор, мөрдөгч нь хөндлөнгийн гэрч оролцуулахаар энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааны явц, үр дүнг баталгаажуулахаар тухайн ажиллагаанд хоёроос доошгүй хөндлөнгийн гэрчийг оролцуулна. Хөндлөнгийн гэрчээр Б.М, Б.Б нарыг оролцуулав.

“00-00” УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэл, зураг №1, зураг №2, зураг №3, зураг №4, зураг №5, 6 зураг №7, зураг N28, зураг №9 Урд хоёр суудлын дунд байгаа жижиг хар цүнхэн дотор байгаа зүйлүүдийг гаргаж харуулав, зураг №10 жижиг хар цүнхнээс гарч ирсэн хутгийг харуулав, зураг № 11, 12, 13, 14, зураг № 15, 16, 17, 18, зураг №19, зураг №19 Автомашины баруун урд талын суудлын урд хэсэгт байгаа сүх, дуран зэрэг зүйлүүдийг харуулав, зураг №20 Автомашины баруун урд талын суудлын урд хэсэгт хутга байгааг харуулав, зураг №21, зураг №22, зураг №23, зураг №24, зураг №25 Автомашины зүүн талын хойд суудлын урд хэсэгт байгаа 2 ширхэг хутга, 1 ширхэг уяа, 1 ширхэг скоч зэрэг эд зүйлүүдийг харуулав. №25 Автомашины зүүн талын хойд суудлын урд хэсэгт байгаа 2 ширхэг хутга, 1 ширхэг уяа, 1 ширхэг скоч зэрэг эд зүйлүүдийг харуулав, зураг №27, зураг №28, зураг №29, зураг №30 автомашины багажид байгаа эд зүйлүүдийг буулгаж, суудлын хойд хэсэгт төмөр эвхдэг хутга байгаа харуулав, зураг №31, зураг №32 / 139-153 дахь тал/,

Эд зүйлд үзлэг хийсэн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн тэмдэглэлд ”... 00-00 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос гарсан эд зүйлд үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн. Үзлэгээр: хар өнгийн 4 тасалгаатай нэг үүргэвчтэй цүнх нэг ширхэг, цүнхэн дотор шар өнгийн 2 ширхэг ээмэг, цайвар өнгийн 1 ширхэг хутга /халбаганы иш дээр хутганы ир гагнасан 16 см урттай/, түлхүүрийн оосор 1 ширхэг /еconomic police/ 1 ширхэг нэг тал нь шар нөгөө тал нь саарал өнгийн, нэг ширхэг хар өнгийн бариултай отвёртка 1 ширхэг, саарал өнгийн 65 хуудастай тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг /утасны дугаар тэмдэглэсэн/ цагаан өнгийн чихэвч ширхэг, Тэс шатахууны карт ширхэг, эрүүл мэндийн дэвтэр /Г.Б/ 1 ширхэг, тусгай түлхүүр нэг ширхэг, цагаан өнгийн бохирлогдсон бээлий 1 хос, 1 ширхэг төрийн далбаа 7,5x5 см, 6 ширхэг цээж зураг, 9 ширхэг нэрийн хуудас, автозам ашигласан тасалбар 3 ширхэг, 5 хуудас тэмдэглэлийн дэвтрийн цаас /утасны дугаар тэмдэглэсэн/, НӨАТ-ийн баримт 11 ширхэг, цагаан өнгийн уяа, цоохор өнгийн гутлын үдээс 1 ширхэг, 1 ширхэг 2 нүдний дуран Auriol 10x30x60 zoom 63/1000М, АТ10х гэсэн бичвэртэй /хар өнгийн оосортой/ 1 ширхэг хар өнгийн Garmin нэртэй камер, 1 ширхэг 8 мемори карт, бор өнгийн оосортой 2 ширхэг түлхүүр нэг түлхүүр нь үзүүр хэсгээрээ хугарсан байв. 1 ширхэг саарал өнгийн “Аirlink” нэртэй бал, шаргал өнгийн “LG G-5 маркийн гар утас, дэлгэц нь хагарсан байв. Шаргал өнгийн гэртэй, гэр дотор хүүхдийн автобусны карт 1 ширхэг, нэрийн хуудас 1 ширхэг, саатай хөх өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг /утасны дугаар тэмдэглэсэн/, иргэний эрүүл мэндийн дэвтэр нэртэй хаягтай Г.Бын дэвтэр 1 ширхэг, Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн алба, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар гэсэн урилга /Г.Б/ 1 ширхэг, “хоршооны тухай үндсэн ойлголт” гэсэн гарын авлага 1 ширхэг, dirol нэртэй 5 ширхэг бохь, шар өнгийн скоч 1 ширхэг, бор өнгийн хуванцар савтай хаяг нь арилсан дотроо шингэн зүйлтэй, цагаан тагтай сав 1 ширхэг байв. /154 дахь тал/, 00-00 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор байсан эд зүйлийн гэрэл зургаар харуулав /155 дахь тал/,

Г овогтой Баас 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 20,000 төгрөгийн дэвсгэрт 251 ширхэг эд зүйлийг хураан авсан тэмдэглэл /156 дахь тал/

2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “00-00” УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хүлээлгэж өгсөн тэмдэглэл /199-207 дахь тал/, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 1.Прокурор, мөрдөгч нь хөндлөнгийн гэрч оролцуулахаар энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааны явц, үр дүнг баталгаажуулахаар тухайн ажиллагаанд хоёроос доошгүй Хөндлөнгийн гэрчийг оролцуулна. Хөндлөнгийн гэрчээр Г.Б, Г.М нарыг оролцуулсан.

2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Хувцсанд үзлэг хийж хураан авсан тэмдэглэлд ”... Үзлэгээр илэрсэн нөхцөл байдал: Эрэгтэй хүний бор өнгийн даавуун өмд 1 ширхэг, уг өмдний баруун талд 5x6 см хэмжээтэй улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон. Мөн 1 см хэмжээтэй 2 ширхэг цоорсон нүх, зүүн талын гуяны хэсэгт 8 см урагдалттай байв. Саарал өнгийн ноосон дотуур өмд 1 ширхэг уг өмдний баруун талын гуяа хэсэгт 5x6 см хэмжээтэй цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон. Нарийн үзүүртэй зүйлээр цоолсон 2 ширхэг цоорхойтой байсныг тэмдэглэв. Уг хувцсанд өөр ямар нэгэн урагдалт бохирлогдсон зүйл байхгүй байсныг тэмдэглэж авав”... гэх тэмдэглэл /208-210 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 703 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Д.С-ын биед баруун чамархай хэсэгт зулгаралт, баруун чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн хацар хэсэгт зулгаралт болон цус хуралт, баруун гуяны гадна доод хэсэгт зулгаралтууд, зүүн гуяны гадна доод хэсэгт зулгаралт, зүүн хөлийн шилбэний урд доод хэсэгт зулгаралт, баруун хөлийн шилбэний урд дээд хэсэгт зулгаралт, цээж болон нуруу хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн гарын бугуйн урд хэсэгт зулгаралтууд гэмтэл тогтоогдсон.

Улсын дээд шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №443 тогтоолд ... “гартаа барьсан зүйлээ буу буюу галт зэвсэг гэж ямар нэг эргэлзээгүйгээр хохирогчид зориуд ойлгуулж, улмаар хохирогчийг айлган сүрдүүлж, хохирогч үүнээс нь айж эд хөрөнгөө хамгаалахад чиглэсэн эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болно гэсэн сэтгэхүйн харьцаа нь бодит байдалд шүүгдэгчийн хүсэл зоригийн дагуу хэрэгжиж, зэвсэг хэрэглэсэн дээрмийн гэмт хэрэг төгссөн байна.

Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаар тогтоолд ”... Зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйлийг хэрэглэсэн гэж гэмт этгээд бусдын эд хөрөнгийг авах зорилгоо хэрэгжүүлэхийн тулд хүнийг алж устгах, гэмтээх чадалтай халуун, хүйтэн зэвсэг, гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэх зорилгоор тусгайлан олж бэлтгэсэн хүний бие махбодид гэмтэл учруулах чадалтай зодооны хэрэгсэл, шингэн нунтаг, хийн болон химийн бодис зэрэг зэвсгийн зүйлээр довтолгоонд өртөгчийн амь бие, эрүүл мэндэд хохирол учруулах, тэдгээрээр сүрдүүлэхийн аль алиныг хамаарсан үйлдэл хийснийг ойлгоно.

Шүүгдэгч Г.Б, Б.Г, У.Ө, О.Т нар нь хохирогч Д.С-ыг Ховд аймгаас Увс аймгийн чиглэлд эрхшээлдээ оруулан авч явж байх үедээ иргэн Д.Сдын биед нь хутга тулган хүч хэрэглэж биед нь бэлэн байсан 630,000 төгрөгийг, мөн иргэн Д.С-ыг эрхшээлдээ оруулсан байх үедээ Д.С-ын эзэмшлийн 000000000 тоот Хаан банкинд байрших дансны виза карт, нууц дугаарыг хүч хэрэглэн айлган сүрдүүлэн хэлүүлж У аймгийн У сумын нутаг дэвсгэрт байрших АТМ буюу бэлэн мөнгөний машинаас 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 10 минутанд 3,000,000 төгрөгийг, 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 12 минутанд 2,000,000 төгрөгийг бэлнээр гарган авч иргэн Д.С-ын өмчлөлийн нийт 38,920,155 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэн зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдсэн болох нь шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, хэргийн газрын үзлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, сиди бичлэг, биед үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогддог.

Гэтэл шийтгэх тогтоол, магадлалд дээрх шүүгдэгч нарын зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдсэн нь тогтоогдсон байхад нотлох баримтуудыг үгүйсгэсэн няцаасан үндэслэлээ заагаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3.Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэх хуулийн шаардлагыг зөрчсөнд гомдолтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авах аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ. 2.Баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, мөрдөгчийн магадлагаа, энэ хуульд заасны дагуу бэхжүүлсэн кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ул мөрөөс авсан хэв, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл болон энэ хуульд заасан бусад баримтаар нотлогдон тогтоогдсон. Хавтаст хэрэгт:

Шүүгдэгч Б.Г-ын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ ”... Тэгтэл наанаас нь Г.Б, У.Ө хоёр очоод уулзахаар нь би араас нь яваад очиход Г.Б, Д.С гэдэг хүнийг тээврийн хэрэгсэл рүү ороод суучих гэхэд Д.С би суухгүй би тээврийн хэрэгслийг чинь төлөөд өгье шинэ тээврийн хэрэгсэл аваад өгье гэхэд Г.Б тийм юм байхгүй тээврийн хэрэгсэлд сууж байгаад тухтай ярилцъя гэхэд Д.С эсэргүүцэхэд Г.Б хутга гаргаж ирээд Д.С-ын ар нуруу хэсэг рүү нь хутганы бөгсөн хэсгээр нь хатгаад чамайг суухгүй бол дүрчихнэ шүү гэхэд Д.С амь авраарай надад туслаарай гээд орилохоор нь Г.Б наад нөхрөө хүчээр тээврийн хэрэгсэлд оруул гэхээр нь О.Т тээврийн хэрэгслийн ар талын хаалгаар орж дотор талаас нь Д.С-ын гарыг нь татсан У.Ө бид хоёр толгойг нь дараад дотогшоо хүчээр түлхээд оруулсан. Оруулах үед би Д.С-ын нүүрний зүүн шанаа хэсэгт би гараараа нэг удаа цохисон тэр үед хацар нь шалбараад цус гарсан. Суулгах үед Г.Б нуруу хэсэг рүү цохиод байсан. Суулгах гээд татаж байхад толгойн хэсгийн баруун чихний ар хэсгээрээ тээврийн хэрэгслийн хаалганы дээд хэсгийг мөргөчихсөн. Тээврийн хэрэгсэлд Д.С-ыг оруулаад хажуу талаар нь суудлын голоор хэвтүүлээд толгойн хэсэгт нь би суугаад хөл хэсгийг нь У.Ө дараад явсан ”...Би хар иштэй хутгатай, Г.Б том цагаан өнгийн хутгатай. У.Ө жижиг цагаан өнгийн бариултай отвёрткатай байсан”....гэх мэдүүлэг авагджээ. /Хэргийн 2 дахь хавтас, 152-155 дахь тал/ мэдүүлэг авагджээ.

Шүүгдэгч У.Ө-ын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ ”...Тэгээд Г.Б жолоочийн суудал дээр суучихсан гартаа хутга барьчихсан дуугүй байхгүй бол ална шүү гэж байсан. Тээврийн хэрэгсэлд суулгах гэж байхад Д.С амь авраарай гэж орилж байсан. Тэр үед Б.Г Д.С-ыг дуугүй байхгүй бол бие дээр чинь үсэг сийлэн шүү гээд өмдийг нь урж байсан. Мөн гуя хэсэг рүү нь хутгаараа чичиж байсан. Тухайн үед Д.С Г.Б чи яагаад намайг ингэж байгаа юм бэ гээд орилоод байхаар нь Г.Б наад нэг юмаа дуугүй болгоод нэг дүрчих нэг бол хувцсыг нь тайлаад бие дээр нь юм бич гэж байсан.” гэх /Хэргийн 2 дахь хавтас, 142-143 дахь тал/ мэдүүлэг авагджээ.

Шүүгдэгч У.Ө-ын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ”.... надад мөнгө хэрэг болоод байсан юм. Тэр үед О.Т Б.Г хоёр утсаар яриад мөнгөний ажил байна. Г.Б ах У аймаг руу яваад ирье гэж байна гэхээр нь ямар ажил юм бэ гэж асуухад бид хоёрт Г.Б ямар ажил гэдгээ хэлээгүй. Замдаа хэлье гэж байна. Хөлс мөнгө нь бол байрны үнэ хүрнэ гэсэн гэхээр нь би хамт явахаар болсон. Би саарал өнгийн гар утас засахад ашигладаг жижиг отвёрткатай байсан. Б.Г хар иштэй хутгатай, Г.Б хүрэн цайвар өнгийн том хутгатай байсан...” /Хэргийн 2 дахь хавтас, 144-145 дахь тал/ мэдүүлэг авагджээ.

Шүүгдэгч О.Т-ийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт ”...Тэгээд Г.Б жолоочийн суудал дээр суучихсан гартаа хутга барьчихсан дуугүй байхгүй бол ална шүү гэж байсан. Б.Г хар иштэй хутгатай, Г.Б хүрэн цайвар өнгийн том хутгатай, У.Ө хутгатай байсан үгүйг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /Хэргийн 2 дахь хавтас,  148-150 дахь тал/ мэдүүлэг авагджээ.

Шүүгдэгч Г.Б-ын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт ”... Тээврийн хэрэгслийн буруу талын хойд хаалган дээр ирэхээр нь би хойд хаалгаа онгойлгоод Д.С-ыг суучих гээд татахад суухгүй гээд эсэргүүцээд Д.С намайг аллаа гээд орилоод байхаар нь наад нэг новшоо хурдан суулга гээд Д.С надад байсан хүрэн иштэй хутга үзүүлээд суухгүй бол хогчин шүү гэхэд О.Т Д.С-ын тээврийн хэрэгслийг унаад миний араас дагаад явсан. Тээврийн хэрэгсэл дотор явж байхдаа би Д.С-ыг нэгжээд биед нь юу байгааг хар наад нөхөрт чинь буу байж магадгүй шүү буутай явдаг гээд биеийг нь нэгжихэд ундаа задлагч, отвёрткатай тонгорог нэг ширхэг, түлхүүр, карт гарч ирснийг урд суудал дээр авч тавьсан. Тэр үед Д.С орилоод байхаар нь дуугүй байлгах гээд наад нөхрөө болохгүй бол нэг дүрчих гэхэд У.Ө жижиг отвёрткаар гуя руу хутгалж байж байсан.” гэх мэдүүлэг /137-140 дахь тал/ авагджээ.

Хохирогч Д.С-ын 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэгт ”... Миний биеийн зүүн талын гуя руу 2 удаа, баруун талын гуя руу нэг удаа хутганы үзүүрээр хатгасан. Зүүн талын хацар луу нэг удаа, баруун талын чихний ар хэсэгт гараараа хоёр удаа цохисон. Замд явж байхдаа миний цээж хэсэг рүү хутганы ар талаар нэлээн олон удаа цохисон. Миний зүүн гар талын бугуйн хэсгийн судасны ойролцоо 3 удаа хутгаар зүссэн, нэг л амьдрах хорвоо тийм болохоор танай эхнэр, хүүхэд, ач зээ нарыг чинь бүгдийг нь ална гэж намайг айлгаж сүрдүүлсэн, бүгд хутгатай байсан”.... гэх мэдүүлэг /Хэргийн 2 дахь хавтас,  11-13 дахь тал/ авагдсан.

Шүүгдэгч Г.Б, Б.Г, У.Ө, О.Т нар нь дээрэмдэх зорилготойгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүн хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ хохирогчийн бие махбодид хүч хэрэглэн дээрэмдсэн. Хүн хулгайлсан, дээрэмдсэн үйлдэл, хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. Шүүгдэгч нар өөрсдийн хийж байгаа үйлдлийн хууль бус шинжийг ойлгон ухамсарлаж байсан хэдий ч хийхийг хүсч үйлдэн хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тус бүрдээ хангасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн З.Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1.Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нь нэг цаг хугацаанд үргэлжилсэн гэмт хэргийг хоёр өөр байдлаар дүгнэж, шүүгдэгч нар нь хохирогчийн автомашиныг дээрэмдэх зорилгоор хохирогчид хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн, хохирогчийн бэлэн мөнгө, банкны дансан дахь мөнгийг дээрэмдэн авахдаа зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй бөгөөд хохирогчийг хулгайлах үйлдэл хийхдээ хохирогчийн эсэргүүцлийг няцаах зорилгоор хохирогчид хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн болох нь тогтоогдсон гэх үндэслэлгүй дүгнэлт хийж, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна.

Шүүгдэгч Г.Б, Б.Г, У.Ө, О.Т нар бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Б” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай иргэн Д.С-ын биед хутга тулган айлган сүрдүүлж, зодож хүч хэрэглэн хүчээр улсын дугааргүй /00-00 ХЭҮ улсын дугаартай тухайн үед улсын дугаарыг нь салгаж авсан/ “Самсунг эс эм-5” маркийн тээврийн хэрэгсэлд суулгаж Х аймгаас У аймгийн чиглэлд эрхшээлдээ оруулан авч явж байх үедээ, мөн иргэн Д.С-ын биед хутга тулган айлган сүрдүүлж, зодож хүч хэрэглэн өөрийнх нь эзэмшлийн 00-00 УБЭ улсын дугаартай “Ланд круйзер-105" маркийн тээврийн хэрэгсэлд суулган Х аймгаас У аймаг, У аймгаас З аймгийн нутаг дэвсгэрээр дамжуулан Улаанбаатар хотын чиглэлд эрхшээлдээ оруулан авч явж байх үедээ биед нь удаа дараа хутга тулгах, хутганы үзүүрийг бие рүү нь хатгах, гуя руу нь хутгаар чичлэх, хатгах зэрэг үйлдэл хийж улмаар “... ганц л амьдрах хорвоо юм чинь чамайг машинтай чинь шатааж ална, мөн машинтай нь уулын уруу өнхрүүлж ална...” хэмээн удаа дараа ярилцан иргэн Д.С-ын алахыг завдан хүнийг алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан, мөн “Б” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай иргэн Д.С-ыг 00-00 УБЭ улсын дугаартай “Ланд круйзер-105” маркийн тээврийн хэрэгсэлтэй У аймгаас З аймгийн нутаг дэвсгэрээр дамжин Улаанбаатар хотын чиглэлд явж байхдаа Х аймгийн “Д станц” буюу “Б” ХХК-ийн гадна хохирогч Д.С-ын эзэмшлийн 00-00 УБЭ улсын дугаартай “Ланд круйзер-105” маркийн тээврийн хэрэгсэлтэй зэрэгцэн зогсож байсан 00-00 дугаартай “Ланд круйзер-76” маркийн тээврийн хэрэгсэлтэй хоёр хүн буюу С.Б, Д.А нарыг У аймгаас З аймгийн чиглэлд явах засмал замын хажууд зогсож байхыг харсан бөгөөд тухайн хэрэгсэлтэй хоёр хүн хохирогч Д.С-ыг хайж, эрэн сурвалжилж араас нь дагаж байгааг ойлгож, улмаар тэднийг араас нь ирэхэд нь хутгалж алах, автомашиныг нь шатааж, замын хажуу руу мөргөж унагаах, толгойг нь таслаад авч явах талаар хамт явсан яллагдагч Б.Г, О.Т, У.Ө нарт хэлж, уг ажиллагаанд хэн ямар үүрэгтэй оролцохыг зааж, яллагдагч Б.Г-ын барьсан хутгыг гараас нь унахгүй болгон скочоор ороон бэлдүүлж, улмаар энэхүү санаагаа хэрэгжүүлэх зорилгоор өөрсдийн зорчиж явсан тээврийн хэрэгслээ хоёр удаа зогсоож гэрлээ унтраан иргэн С.Б, Д.А нарыг алахаар завдан хүлээхэд “Ланд круйзер-76” маркийн тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн С.Б, Д.А нарыг буюу 2 түүнээс олон хүнийг бүлэглэж алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Г.Б-ын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт ”... Би тоглоомоор хүрээд ирэх юм бол О.Тийг тээврийн хэрэгслээс буугаад урд талаар нь очоороо Б.Гыг ар талаар буугаарай У.Ө-ыг Д.С-ыг хараад байж байгаарай би голоор нь бууж очин тэгээд алаад элсэнд булъя, нэг бол тээврийн хэрэгсэлтэй нь шатаагаад хаяна гэх мэтчилэнгээр хэлж хоёр удаа зогсож хүлээсэн боловч бид нарын араас ирээгүй. Тухайн үед Б.Г хутгаа өөрийнхөө гартай скочоор ороогоод байж байсан. Тэр үед Д.С-ыг их айж байгаа байх гэж дотроо инээд хүрээд явж байсан. Бид нар Завхан аймгийн Сонгино сум орж халуун хоол цай идье гэж хэлээд цааш яваад Сонгино сум орж халуун хоол цай идье гэж хэлээд цааш яваад Сонгино сум орох гэж байтал цагдаагийн постон дээр цагдаагийн албан хаагч нар байна бид нарыг тээврийн хэрэгслээс буулгаад бичиг баримт шалгаад бид нарыг гавласан. Тэгээд удалгүй Ховд аймгаас Цагдаагийн албан хаагч нар ирээд бид нарыг аваад Ховд аймгийн төв рүү явсан”... гэх мэдүүлэг /137-140 дахь тал/ авагдсан.

Хохирогч Д.С-ын 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэгт ”... У аймгаас гараад 60 км явж байтал зам дагуу танай станцын үүдэнд зогсож байсан цагаан өнгийн “Ланд круйзер-76” маркийн тээврийн хэрэгсэл зогсож байна хажууд нь 2 хүн зогсож байсан, яагаад энд зогсож байгаа талаар асуухаар нь би тэр талаар мэдэхгүй байна. Би харсангүй зүүрмэглэчихсэн байна гэж хэлсэн. Тэгтэл тэр хэд бид нар хажуугаар нь арай хурдтай өнгөрөөд явчихлаа мэдсэн бол мөргөөд замын хажуу тал руу унагаачих байсан гэж хэлсэн. Тэгээд цааш яваад Хар тэрмэсийн амралт өнгөрөөд зогсоно шүү. Энэ машин араас хүрээд ирвэл урдаа оруулж байгаад мөргөж унагаагаад дотор нь яваа хоёр нөхрийг алаад тээврийн хэрэгсэл дотор нь суулгаж байгаад бензиний хоолойг огтлоод шатаагаад хаяна, нэг бол хоёр нь буугаад тэр хоёртой барилцаж аваад байж байх хооронд нөгөө хоёр нь тээврийн хэрэгслийн сүүдэр дагаж очоод шууд хутгална шүү гэж хоорондоо ярилцаж байгаад тэр хэд манай ажилчдын тээврийн хэрэгслийг хүлээгээд замаас 2 удаа гарч зогсож байсан” гэх мэдүүлэг /Хэргийн 2 дахь хавтас, 11-13 дахь тал/ авагдсан.

Гэрч С.Б-ийн “... Тэгээд бид хоёр шууд У аймгийн Наранбулаг сумын асфальтан зам дээр очиж зогсоод Улаанбаатар хот руу явж байж магадгүй гээд хоорондоо ярилцаад зогсож байтал бид хоёрын хажуугаар 00-00 дугаартай тээврийн хэрэгсэл 140-150 км цагийн хурдтай өнгөрөөд явчихаар нь бид хоёр Ховд аймгийн Цагдаагийн газар луу мэдээлэл өгөөд араас нь хөөгөөд явсан. Араас нь явж байхад Хар тэрмэс өнгөрөөд эхний удаа аваараа татаад эргэж хараад зогсохоор нь бид хоёр замын эсрэг тал руу хараад гэрлээ унтраагаад зогссон тэгээд удалгүй 3-4 минут болоод цааш эргээд явчихаар нь араас нь мөн адил дагаад явсан... У аймгийн нутаг дэвсгэр үзүүрийн булгийн наад талд дахиж зогсоод бид хоёрыг хүлээхээр нь бид хоёр мөн адил зогсоод хүлээж байтал цааш хөдлөөд явсан дагаад цааш нэлээд явсан боловч бид хоёр гүйцэлгүй ард нь хоцорсон” гэх мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан.

Гэмт хэрэг үйлдэхээр завдах гэдэг нь гэмт хэрэг үйлдэж эхэлсэн боловч дуусаагүй хэрэг юм. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас таслан зогсоогдсоныг гэмт хэрэг үйлдэхээр завдах гэж үзэх бөгөөд ихэнх тохиолдолд завдалт нь идэвхтэй үйлдлээр илэрдэг. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.С-ын мэдүүлгээр шүүгдэгч нар нь машинд явахдаа “00-00 улсын дугаартай “Ланд круйзер-76” маркийн тээврийн хэрэгсэлд байгаа хүмүүсийг алах талаар ярилцсан, мөн шүүгдэгч Б.Г гартаа хутга ороож тогтоосон, дээрх хүмүүсийг ирэхийг хүлээсэн” гэх нөхцөл байдал тогтоогддог. Өөрөөр хэлбэл гэрч С.Б, А нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан.

Монгол Улсын дээд шүүхийн тайлбарт 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдөр, тогтоолын дугаар 14-т З.Хүнийг санаатай алахад чиглэсэн үйлдэл /эс үйлдэхүй/-г хийсэн боловч гэмт этгээдийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас хохирогч нас бараагүй бол хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэж үзнэ. Энэхүү гэмт хэрэг зөвхөн шууд санаатай үйлдэгддэгийг анхаарвал зохино гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос шүүгдэгч Г.Б, Б.Г, У.Ө, О.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6, 2.11-д гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байхад анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчилгүй цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүхээс үнэлээгүй, хэргийн бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийсэн байна. Анхан шатны болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, 1.2-т заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, 1.3-т заасан “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд Завхан аймгийн прокурорын газрын ахлах прокурор Н.Баасанжав бичсэн эсэргүүцэлдээ: “Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Эрүүгийн 1936000000198 дугаартай 02 дугаар ХХ-ийн 137-140 дүгээр хуудсанд тусгагдсан Г.Б-ын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...хойд хаалгаа онгойлгоод Д.С-ыг суучих гээд татахад суухгүй гээд эсэргүүцээд Д.С намайг аллаа гээд орилоод байхаар нь наад нэг новшоо хурдан суулга гээд С надад байсан хүрэн иштэй хутга үзүүлээд суухгүй бол хогчин шүү гэхэд О.Т гараас нь татаад тээврийн хэрэгсэл рүү оруулаад Б.Г толгойн хэсэг дээр Ө хөл хэсгийг нь дараад Т С-ын тээврийн хэрэгслийг унаад миний араас дагаад явсан. Тээврийн хэрэгсэл дотор байхдаа би С-ыг нэгжсэн, ...С орилоод байхаар нь, ...наад нөхрөө болохгүй бол нэг дүрчих гэхэд Ө жижиг отвёрткаар гуя хэсэг рүү нь дарж харагдаж байсан. Харин Г нь арзгар иртэй хар бариултай хутгатай байж байсан...” гэх мэдүүлэг,

Хэргийн 2 дахь хавтас, 142-143 дахь талд тусгагдсан У.Ө-ын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтнээр өгсөн “...Г.Б Д.С-ыг дагуулаад өөрийнхөө тээврийн хэрэгсэл дээр явж очоод ийш суучих гээд тээврийн хэрэгслийн хаалгыг онгойлгоод суулгах гэхэд Д.С ийш сууж яах юм бэ? хоёулаа нэг газар орж сууж байгаад ярилцъя гэхэд Г.Б суучих гээд байхад яах гээд байна наад хүнээ суулга гэхэд Б.Г, бид хоёр хүчээр оруулах гээд түлхэж эхэлсэн. Тэр үед О.Т нөгөө талын арын хаалгаар ороод Д.С-ыг гараас нь татаж тээврийн хэрэгсэлд суулгасан. Тэгээд Г.Б жолоочийн суудал дээр суучихсан гартаа хутга барьчихсан дуугүй байхгүй бол ална шүү гэж байсан. Тээврийн хэрэгсэлд суулгах гэж байхад Д.С-д амь авраарай гэж орилж байсан. Г.Б, О.Т-ийг Д.С-ын тээврийн хэрэгслийг бариад яв гээд бариулаад араасаа дагуулаад явсан. Тэр үед Б.Г Д.С-ыг дуугүй байхгүй бол бие дээр чинь үсэг сийлэн шүү гээд өмдийг нь урж байсан. Мөн гуя хэсэг рүү нь хутгаараа чичиж байсан. Тэр үед Д.С та нар яах гээд байгаа юм бэ гэхэд Г.Б чи бид хоёрын дунд ярих юм байгаа ийш явж байгаад ярина гэж хэлж байсан. Тухайн үед Д.С Г.Б чи яагаад намайг ингэж байгаа юм бэ гээд орилоод байхаар нь Г.Б наад нэг юм аа дуугүй болгоод нэг дүрчих нэг бол хувцсыг нь тайлаад бие дээр нь юм бич гэж байсан. Явж байх замдаа Д.С Г.Б-аас байн байн чи яагаад намайг ингэж байгаа юм бэ? гэж асуухад Г.Б чи бид хоёрын дунд тооцоо байгаа байхаа гэхэд Д.С чи бид хоёрын дундах тооцоо дуусаагүй билүү гэхэд Г.Б дуусаагүй дуугүй яв очиж байгаад ярилцъя гээд цааш явсан...” гэх мэдүүлэг,

144-145 дахь тал У.Ө-ын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...би саарал өнгийн гар утас засахад ашигладаг жижиг отвёрткатай байсан. Б.Г хар иштэй хутгатай, Г.Б хүрэн цайвар өнгийн том хутгатай байсан...” гэх мэдүүлэг,

148-150 дахь талд тусгагдсан О.Т-ийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өсвөр насны яллагдагчаар өгсөн “...Г.Б суучих гээд байхад яах гээд байна наад хүнээ суулга гэхэд Б.Г, У.Ө, Г.Б нар хүчээр оруулах гээд түлхэж эхэлсэн. Тэр үед би арын хаалгаар ороод Д.С-ыг гараас нь татаж тээврийн хэрэгсэлд суулгасан. Тэр үед Г.Б жолоочийн суудал дээр суучихсан гартаа хутга барьчихсан дуугүй байхгүй бол ална шүү гэж байсан.” гэх мэдүүлэг,

152-155 дахь талд тусгагдсан Б.Г-ын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтнээр өгсөн “...Тэр үед 00-00 дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож байсан жолооч бууж ирээд О.Т-тэй уулзаж байсан. Тэгтэл наанаас нь Г.Б, У.Ө хоёр очоод уулзахаар нь би араас нь яваад очиход Г.Б Д.С гэдэг хүнийг тээврийн хэрэгсэл рүү ороод суучих гэхэд Д.С би суухгүй би тээврийн хэрэгслийг чинь төлөөд өгье шинэ тээврийн хэрэгсэл аваад өгье гэхэд Г.Б тийм юм байхгүй тээврийн хэрэгсэлд сууж байгаад тухтай ярилцъя гэхэд Д.С эсэргүүцэхэд Г.Б  хутга гаргаж ирээд Д.С-ын ар нуруу хэсэг рүү нь хутганы бөгсөн хэсгээр нь хатгаад чамайг суухгүй бол дүрчихнэ шүү гэхэд Д.С амь авраарай надад туслаарай гээд орилохоор нь Г.Б наад нөхрөө хүчээр тээврийн хэрэгсэлд оруул гэхээр нь О.Т тээврийн хэрэгслийн ар талын хаалгаар орж дотор талаас нь Д.С-ын гарыг нь татсан У.Ө бид хоёр толгойг нь дараад дотогшоо хүчээр түлхээд оруулсан. Оруулах үед би Д.С-ын нүүрний зүүн шанаа хэсэгт би гараараа нэг удаа цохисон тэр үед хацар нь шалбараад цус гарсан. Суулгах үед Г.Б нуруу хэсэг рүү цохиод байсан. Суулгах гээд татаж байхад толгойн хэсгийн баруун чихний ар хэсгээрээ тээврийн хэрэгслийн хаалганы дээд хэсгийг мөргөчихсөн. Тээврийн хэрэгсэлд Д.С-ыг оруулаад хажуу талаар нь суудлын голоор хэвтүүлээд толгой хэсэгт нь би суугаад хөл хэсгийг нь У.Ө дараад явсан, ...Тэр үед Д.С, Г.Б чи яагаад намайг ингэж байгаа юм бэ гээд орилоод байхаар нь Г.Б наад нэг юм аа дуугүй болгоод нэг дүрчих нэг бол хувцсыг нь тайлаад бие дээр нь юм бич гэхээр нь би айлгах гээд өмдийг нь оёдол хэсгээр нь жаахан урахад Д.С за ах нь ахиж дуугарахгүй гээд орилохоо больсон. Өмд урахаас өмнө У.Ө гуя хэсэг рүү нь отвёрткаар нэг удаа дүрсэн. Тээврийн хэрэгслийг Г.Б жолоодсон. Д.С-ын тээврийн хэрэгслийг О.Т жолоодоод Увс аймгийн зүг явсан. Явж байх замдаа Д.С Г.Б-аас чи яагаад намайг ингэж байгаа юм бэ? гэж асуухад Г.Б чи бид хоёрын дунд тооцоо байгаа байхаа гэхэд Д.С чи бид хоёрын дундах тооцоо дуусаагүй бил үү гэхэд Г.Б дуусаагүй дуугүй яв очиж байгаад ярилцъя гээд цааш явсан, ...Тэр үед О.Т Г.Б энэ мөнгө гээд гаргаад өгсөн. Г.Б тэр мөнгийг тоолж үзэхэд 630,000 төгрөг байна гээд миний энгэрийн халаас руу хийсэн...” гэх мэдүүлэг,

Хэргийн 8 дахь хавтас, 101-104 дахь талд  тусгагдсан Д.С-ын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор дахин өгсөн “...миний биеийн зүүн талын гуянд 2 удаа, баруун талын гуянд 1 удаа хутгалсан. Зүүн талын хацар луу гараараа нэг удаа, баруун талын чихний ар хэсэгт 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг,

Хэргийн 1 дэх хавтас, 126, 128-129, 130 дахь талд тусгагдсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, 136-138, 154-155, 159-160, 178-182, 187-188, 193-194, 215-220, 223-227, 230-231, 234-236, хэргийн 3 дахь хавтас, 3-8  дахь талд тусгагдсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн 1 дэх хавтас, 156-158, 176-177, 186, 191-192 дахь талуудад тусгагдсан мөнгөн дэвсгэрт болон эд зүйл түр хураан авсан тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 161-175, 183-185, 189-190, 195-198 дахь талуудад тусгагдсан эд зүйл болон мөнгөн дэвсгэрт хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 208-210 дахь талуудад тусгагдсан хувцсанд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, 239, 242 дахь талд тусгагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,

Хэргийн 2 дахь хавтас, 6-7 дахь талуудад тусгагдсан хохирогч Д.С-ын 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн “...миний гуя хэсэг рүү жижиг хар өнгийн хутгаар чичсэн...” гэх мэдүүлэг,           

Хэргийн 3 дахь тал, 143-146 дахь талуудад тусгагдсан Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч цолтой Ц.О-ын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэсэн талаараа шийтгэх тогтоолд тодорхой, дэлгэрэнгүй тусгаагүй байна.

Учир нь анх хохирогчийг өөрсдийнхөө эзэмшлийн машинд суулгахдаа хохирогчийн биед хутга тулгаж суулгасан, мөн хутганы үзүүр хэсгээр хохирогчийн гуя хэсэг рүү хатгасан, гартаа хутга барьсан байх үедээ хохирогчийн биеийг нэгжсэн, улмаар биед нь байсан 630,000 төгрөг болон эд зүйлсийг авсан, түүнчлэн Х аймгаас У аймгийн чиглэлд явж байх замдаа хохирогч уг 630,000 төгрөгийг гаргаж өгөөгүй харин уг 630,000 төгрөгийг О.Т хохирогчоос авч Г.Б өгөхөд Г.Б мөнгийг тоолоод Б.Г-ын энгэрийн халаасанд хийсэн талаар Б.Г нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ “...Тэр үед О.Т Г.Б энэ мөнгө гээд гаргаад өгсөн. Г.Б тэр мөнгийг тоолж үзэхэд 630,000 төгрөг байна гээд миний энгэрийн халаас руу хийсэн...” гэж дурдсан бөгөөд уг мэдүүлэг нь хэргийн 2 дахь хавтас,  152-155 дахь талд тусгагдсан байхад уг мэдүүлгийг хэрхэн үгүйсгэснээ дурдаагүй, мөн Г.Б 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...С надад байсан хүрэн иштэй хутга үзүүлээд суухгүй бол хогчин шүү гэхэд О.Т гараас нь татаад тээврийн хэрэгсэл рүү оруулаад Б.Г толгойн хэсэг дээр Ө хөл хэсгийг нь дараад Т, С-ын тээврийн хэрэгслийг унаад миний араас дагаад явсан. Тээврийн хэрэгсэл дотор байхдаа би С-ыг нэгжсэн...” гэж дурдсан бөгөөд уг мэдүүлэг 2 дахь хавтас, 137-140 дахь талд тусгагдсан байхад уг мэдүүлгийг няцааж буй нотлох баримтаа дурдаагүй, түүнчлэн хохирогчийг Х аймгийн төвөөс өөрийнхөө эзэмшлийн тээврийн хэрэгсэлд суулгаж авч явсан ч хохирогчийн өмчлөлийн машиныг тухайн 4 этгээдийн 1 нь жолоодоод дагаж явсан, хохирогчийг өөрийнхөө эзэмшлийн тээврийн хэрэгсэлд чихэж оруулахдаа хохирогчийн биед хутга тулгасан, түүнчлэн ялтан Г.Б, Б.Г, У.Ө, О.Т нарын гэмт үйлдлийг З аймгийн Сонгино сумын нутаг дэвсгэрт цагдаагийн албан хаагч нарын болон иргэдийн хүч нэмэгдүүлсэн оролцоотойгоор таслан зогсоогдсон нөхцөл байдал зэргийг анхаарч үзэлгүй дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн Г.Б, Б.Г, У.Ө, О.Т нар нь хохирогч Д.С-ын эд хөрөнгийг хүч хэрэглэн зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэж авсан бөгөөд уг дээрэмдэж авсан эд зүйлүүдийг өөрсдийнхөө эзэмшилд байлгасан, ялтнуудын уг гэмт үйлдлийг З аймгийн Сонгино сумын нутаг дэвсгэрт цагдаагийн албан хаагч нарын болон иргэдийн хүч нэмэгдүүлэн таслан зогсоох үед ч хохирогч Д.С-аас хүч хэрэглэн зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэж авсан эд хөрөнгийг өөрсдийнхөө эзэмшилд байлгаж заримыг нь ашиглан, хэрэглэж байсан нь нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

Мөн шийтгэх тогтоолд “Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Б, Б.Г, У.Ө, О.Т нарыг Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн  2.6, 2.11-д зааснаар Д.С, С.Б, Д.А нарыг буюу хоёр түүнээс дээш хүнийг алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж зүйлчилж ирүүлсэн байна. Гэвч хохирогч Д.С С.Б, Д.А нарыг бүлэглэн хүн алах гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэх нөхцөл байдал үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Гэмт хэрэг үйлдэхээр завдах гэдэг нь гэмт хэрэг үйлдэж эхэлсэн боловч дуусаагүй хэрэг юм. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас таслан зогсоогдсоныг гэмт хэрэг үйлдэхээр завдах гэж үзэх бөгөөд ихэнх тохиолдолд завдалт нь идэвхтэй үйлдлээр илэрдэг.

Хэрэгт авагдсан хохирогч Д.С-ын мэдүүлгээр шүүгдэгч нар машинд явахдаа “00-00 улсын дугаартай “Ланд круйзер-76” маркийн тээврийн хэрэгсэлд байгаа хүмүүсийг алах талаар ярилцсан, мөн шүүгдэгч Б.Г гартаа хутга ороож тогтоосон, дээрх хүмүүсийг ирэхийг хүлээсэн” гэх нөхцөл тогтоогддог боловч үүнийг шүүгдэгч нар Д.А, С.Б нарыг алахаар идэвхтэй үйлдэл хийсэн, энэ үйлдэл нь гуравдагч хүчний үйлчлэлээр буюу шүүгдэгч нарын хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас таслан зогсоогдсон гэж үзэхгүй.

Шүүгдэгч нар хохирогч Д.С-ыг хулгайлж авч явахдаа түүнийг алахыг завдсан гэж байгаа ч энэ нь тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нар хохирогчийг хулгайлахдаа түүнд хутга хэрэглэсэн, мөн машинд явахдаа У.Ө хохирогч Д.С-ын хөл рүү отвёртка /халив/-аар хатгасан гэх байдал тогтоогдсон боловч үүнийг хохирогч Д.С-ыг алахаар завдсан гэж үзэхгүй өөрөөр хэлбэл шүүгдэгч нар ийнхүү хүн хулгайлахдаа зэвсэг ашигласнаас өөрөөр хутга хэрэглэн хохирогчийг алахыг завдсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна...” гэж дүгнэсэн боловч дүгнэлтийг хийхдээ үндэслэл болгосон нотлох баримтаа тодорхой дурдаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тусгахаар, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад “...урьд сонсгосон ялыг шүүхээс хөнгөрүүлж өөрчилсөн бол түүний үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга”-ыг тусгахаар тус тус хуульчилсан байхад дээрхийг тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь заалтад заасан “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэх үндэслэлд хамаарч байх тул шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн алдаатай шийдвэрийг зөвтгөөгүй, хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэж бүрэн дүгнэлт хийж чадаагүй байна. Шүүх уг дүгнэлтийг хийхдээ ямар нотлох баримтад тулгуурлан ийнхүү дүгнэлт хийж буйгаа огт дурдаагүй байна. Шүүхийн шийдвэрт тодорхой баримтат мэдээллийг агуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчилгүй цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийх ёстой байтал тодорхой нотлох баримт дурдахгүйгээр мөн шүүхийн шийдвэртээ улсын яллагчаас гаргасан саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой дурдаагүй нь шүүхийн алдаатай шийдвэр болсон гэж дүгнэж байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийг 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Хохирогч Д.С-ын тээврийн хэрэгслийг авч явсан шүүгдэгч нарын үйлдэл нь уг авто машиныг өөрийн өмчлөлд авч захиран зарцуулах боломж бүрдүүлэх зорилго агуулаагүй, хохирогчийг хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, уг үйлдэлд ашиглах зорилгоор түүний авто машиныг өмчлөгчийнх нь зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байх бөгөөд уг үйлдэл авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр” гэдэг байдлаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэснийг хохирогч, түүний өмгөөлөгч нарын зүгээс эс зөвшөөрч байгаа. Дээрэмдэх гэмт хэргийн хувьд гэмт этгээд хохирогчийн эд зүйлийг авах зорилгоор довтолгоо хийгдсэнээр үйлдэгдсэнд тооцдог хэлбэрийн бүрэлдэхүүнтэй юм. Анх 33,000,000 төгрөгийн автомашин буюу “Ланд круйзер-105” маркийн машиныг дээрэмдэхдээ Г.Б, Б.Г нар отвёртка, хутгатай байсан бөгөөд эдгээр зүйлсээр хүч хэрэглэж, айлган сүрдүүлж, зарим эрхтэн рүү нь хутгалсан үйлдэл гаргасан. Эдгээр үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Эд мөрийн баримтыг хураан авах тухай тогтоол, эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, прокурорын зөвшөөрөлтэйгөөр машинд үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй. Үгүйсгэсэн үндэслэл нь автомашиныг ашиглах зорилгогүй, хүн хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ зэвсгийн чанартай зүйлийг хэрэглэсэн байна гэж үзсэн. “Хүн хулгайлах” гэмт хэрэг, “Дээрэмдэх” гэмт хэрэг нь нэг цаг хугацаанд буюу нэг өдөр, нэг үед үйлдэгдсэн. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас зохион байгуулалттай бүлэг хүмүүс нэг өрөө байр авах зорилгоор Увс аймгаар дамжаад Ховд аймагт очиж Д.С-ын автомашиныг замд тааралдсан хүмүүсээс асуудаг. Өөрөөр хэлбэл бүлэг хүмүүс төлөвлөөд тодорхой хэмжээний зэвсгийн чанартай зүйлийг бэлдээд ирсэн байдаг. Өмнөх өдрөөс нь хохирогч Д.С-ыг дагаж, буудал дээр нь хоносон, өглөө нь өөрсдийнхөө унаж явсан тээврийн хэрэгслээр Д.С-ын тээврийн хэрэгслийг мөргөсөн бөгөөд түүнийг бууж ирэхээр нь зэвсэгтэй этгээдүүд машиндаа оруулж хүлсэн. Түүнийг орилоод байхаар нь гуя руу нь отвёртка, хутгаар дүрдэг. Анхан болон давж заалдах шатны шүүх хохирогч Д.С-ын тээврийн хэрэгслийг ашиглах зорилго агуулаагүй гэж дүгнэсэн. Гэтэл тухайн тээврийн хэрэгслийг зэвсгийн чанартай эд зүйлээр хохирогчийн биед хүч хэрэглэж, гэмтэл учруулаад аваад явсан. Замдаа “таныг амьд үлдээхгүй, машинтай чинь уулын уруу өнхрүүлээд ална, машиныг чинь шатаана” гэж хэлдэг. Хоёр шатны шүүх тээврийн хэрэгслийг ашиглах зорилгогүй байсан гэдгийг юугаар тогтоож байгаа нь тодорхойгүй. Шүүх ашиглах зорилго агуулаагүй, тээврийн хэрэгслийг мөргөсөн, авч явсан нь хүн хулгайлах гэмт хэргийн арга хэрэгсэл байхад Эрүүгийн хуулийг илтэд буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна, энэ талаар прокурор эсэргүүцэл бичсэнийг дэмжиж байна. Г.Б-ын хувьд хийсэн хэрэгтээ гэмшээгүй, хохирогч, түүний өмгөөлөгч нарыг янз бүрээр хэлдэг, дарамталдаг. Эдгээр үндэслэлийг харгалзан үзэж шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Уг хэргийн тухайд 2019 оноос хойш шалгагдсан. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүгдэгч нарын хувьд хохирогчийг дээрэмдэх зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн. Хүн хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ хохирогчийн бие махбодид хүч хэрэглэж дээрэмдсэн. Түүнчлэн Өршөөлийн хуулийг нэг л удаа хэрэглэнэ гэсэн заалт байгаа. Анхан шатны шүүх холбогдох бүх зүйл анги дээр нь Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэсэн бөгөөд энэ талаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч гомдлыг хангаагүй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Хохирогчийн өмгөөлөгч, прокурор нар хяналтын шатны шүүх хуралдаанд хэргийн үйл баримтын талаар (анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн) яриад байна. Шүүх хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг нягталж үзээд хэргийн үйл баримтыг тогтоосон байгаа. Шүүгдэгч нарын зэвсэг хэрэглэн дээрэмдсэн гэх үйлдлийг шүүх хөнгөрүүлэн өөрчилсөн нөхцөл байдал дээр хохирогчийн өмгөөлөгч, прокурор нар гомдол, эсэргүүцэл гаргадаг. Прокурорын яллах дүгнэлтэд хохирогчоос 630,000 төгрөгийг авахдаа зэвсэг хэрэглэсэн гэж оруулж ирсэн. Түүнээс хохирогчоос карт болон тээврийн хэрэгслийг авахдаа зэвсэг хэрэглэсэн талаар дурдаж оруулж ирээгүй. Тэгэхээр яллах дүгнэлтээс давсан зүйл, ангиар хүндрүүлж шийдвэрлэх боломжгүй. Хохирогч Д.С анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...630,000 төгрөгийг надаас авах үед хутга зэвсэг хэрэглээгүй, цаашаа хараад зогсож байхад ардаас ирээд халааснаас авсан” гэдэг. “Хүн алахыг завдсан” үйлдэл дээр анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн учир хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. Өршөөл үзүүлэх тухай хуульд ямар зүйл ангид заасан гэмт хэрэгт уг хуулийг хэрэглэх талаар тодорхой заасан байдаг. Зөвхөн нэг зүйлчлэл дээр нь хэрэглэх ёстой гэсэн агуулгаар орж ирээгүй. Тухайн шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байгаа тохиолдолд зүйлчлэл бүр дээр хэрэглэх боломжтой. Прокурор зөвхөн шүүгдэгч нарын мэдүүлгийг үндэслэж хэргийн үйл баримтыг тогтоосон. Хохирогчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг үнэлээгүй гэдэг тайлбарыг гаргаж байна. Гэтэл хохирогчийн өгсөн мэдүүлэг үнэн, шүүгдэгч нарын мэдүүлэг нь худал гэсэн ойлголт байхгүй. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж оролцож байна. Өөр нэмж хэлэх зүйлгүй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганзориг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Хоёр болон түүнээс дээш хүнийг алахаар завдсан үйлдлийн тухайд гэрч нарын мэдүүлэг анхан болон давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт хутгыг гартаа скочоор ороож хүлээсэн гэсэн зүйл яригддаг. Гэтэл шүүгдэгч У.Ө нь хутганы үзүүр, ирийг өөр рүүгээ харуулаад гартаа скочоор ороосон байсан, хутганы үзүүр нь булчин руу хатгаад байхаар нь тайлж авсан гэдгээ хэлдэг. Хэрэв бусдыг санаатай алахаар байсан бол хутганы үзүүр хэсгийг урагш нь харуулаад скочоор ороох байсан. Үүнийг хохирогч Д.С үгүйсгэдэггүй. Тэгэхээр хоёр болон түүнээс дээш хүнийг алахаар завдсан гэж үзэх үндэслэлгүй юм. Зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдыг дээрэмдсэн гэх үйлдлийн тухайд хохирогчийн мэдүүлэг эхнээсээ маш тогтворгүй байдаг. Шүүхийн хэлэлцүүлэгт “...зөвхөн намайг хулгайлж авах үедээ миний гуя руу хатгаж хутга гаргаж ирж харуулсан, тэрнээс хойш зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй, намайг машинаас буугаад хойшоо хараад бие засаад зогсож байхад халааснаас 630,000 төгрөгийг аваад явсан” гэж мэдүүлдэг. Мөн картыг авсан асуудалд анх мэдүүлэг өгөхдөө зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй гэж мэдүүлсэн атлаа сүүлд нь хутга тулгаж ална гэсэн учир картаа өгсөн гэж мэдүүлдэг. Хохирогчийн мэдүүлэг үнэн зөв эсэхэд эргэлзээ төрдөг. Тээврийн хэрэгслийг дээрэмдэж авч явсан гэх үйл баримтын тухайд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар машиныг авч явах шалтгаанаа тодорхой тайлбарладаг. Өөрөөр хэлбэл Увс аймгаас Улаанбаатар хот руу явах зайлшгүй нөхцөл байдал гарсан, мөн Б.Г, У.Ө, О.Т нар нь явмаар байна гэдэг шаардлагыг шүүгдэгч Г.Б тавьсан байдаг. Өөрсдийнхөө машинаар Улаанбаатар хот руу явах гэхээр эвдрэл гэмтэл үүсэх, саатах нөхцөл байдал үүсч магадгүй гэж үзсэн учир тухайн тээврийн хэрэгслээр нь явсан. Д.С-ын тээврийн хэрэгслийг дээрэмдэх, завших, ашиглах, цааш нь зарж борлуулах санаа зорилго байгаагүй гэдгийг хэлдэг. Анхан болон давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт гаргасан учир хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Миний хувьд Г.Б-ын өмгөөлөгчөөр анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч, прокурорын зүгээс гомдол, эсэргүүцэл бичсэн байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй. Мөн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд хохирогчийн өмгөөлөгчийн гомдол, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм. Улсын дээд шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хэргийг хянан хэлэлцдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэг учрал болсон талаар мөрдөн шалгах ажиллагаа явагдсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан нотлох ажиллагаа, нотлох баримт гэж юу вэ гэдгийг бид анхаарах ёстой юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нарын хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн тухай асуудал яригддаг. Энэ талаар тухай бүрт нь гомдлоо гаргаж байсан талаар баримт хавтаст хэрэгт байгаа. Хохирогчийн мэдүүлэгт үндэслэж энэ хэргийг анх Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх, Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэсэн асуудал нь шүүгдэгч нарын хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн учир Улсын дээд шүүхээс хэргийг прокурорт буцаасан байдаг. Хохирогч Д.С-ын удаа дараа өгсөн мэдүүлэг нь дандаа хоорондоо зөрүүтэй. Тийм учраас анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм. Хохирогч анхан шатны шүүх хуралдаанд “630,000 төгрөгийг авахад надад хутга тулгасан” мэт ярьдаг боловч эргээд дараагийн мэдүүлгээрээ “намайг арагшаа хараад бие засаад зогсож байхад арын халаасанд байсан мөнгийг авсан, хэн авсан болохыг нь би хараагүй, мэдээгүй” гэж мэдүүлдэг. Тэгэхээр шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Мөн бүлэглэн хоёр болон түүнээс дээш хүнийг алахаар завдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6, 2.11-д заасан үйлдлийн тухайд тухайн гэмт хэргийг үйлдэх гэж байгаа хүмүүсийн санаа зорилго, үйлдлээс үл хамаарч таслан зогсоогдсон байх ёстой гэдэг зохицуулалт бий. Хохирогч, гэрч нар нь шүүгдэгч Г.Б, Б.Г, У.Ө, О.Т нартай уулзаагүй, барааг нь хараагүй, тухайн машинд хэдэн хүн явж байгаа гэдгийг огт мэдээгүй гэж мэдүүлдэг. Тэгэхээр яаж хоёр болон түүнээс дээш хүнийг алахаар завдсан гэж хэргийг зүйлчилж болох юм бэ. Анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан дээрх үйлдлийг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбат хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Миний хувьд хохирогчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол, прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Учир нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн зүйл байхгүй гэж харж байна. Миний үйлчлүүлэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6, 2.11-д зааснаар зүйлчилсэн. Хоёр болон түүнээс дээш хүнийг алахаар завдсан зүйл байхгүй, үйлдэл хийгдээгүй. Иймд дээрх зүйл ангиар миний үйлчлүүлэгч нарыг зүйлчлэх, эрүүгийн хариуцлага оногдуулах боломжгүй юм. Шүүгдэгч нарын тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүн хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруугийн талаар маргаан байдаггүй. Харин гол маргасан асуудал бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т заасан тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэдэг. Шүүгдэгч нар болон хохирогчийн дунд энэ үйл явдал өрнөсөн. Хохирогчийг хулгайлахдаа зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн болохоос биш дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхдээ зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй. Хүн хулгайлахдаа хохирогчийг томоотой байлгах, машинд хүчээр суулгаж авч явахын тулд зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авсан гэдэгтэй санал нэг байгаа. Анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хөнгөрүүлэн зүйлчилсэн. Хохирогч хэргийн үйл баримтын талаар олон янзаар мэдүүлдэг буюу хоорондоо зөрүүтэй байдаг. 630,000 төгрөгийг хохирогчоос авахад шүүгдэгч нарын зүгээс зэвсэг болон тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй. Увс аймагт очоод хохирогчоос карт авахдаа шүүгдэгч Г.Б-ын хувьд “худлаа ярьсан байвал ална шүү” гэж хэлсэн болохоос зэвсэг хэрэглээгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн. О.Т-д холбогдох Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй. Эдгээр байдлыг харгалзан үзэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Өнөөдрийн шүүх хуралдаанд прокурорын эсэргүүцлийг агуулгын хувьд дэмжиж оролцож байна. Нэр бүхий 4 шүүгдэгч болох Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 4 зүйл ангиар, шүүгдэгч Б.Г, О.Т, У.Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3 зүйл ангиар, мөн шүүгдэгч О.Т-д нэмж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг энэ хэрэгт нэгтгэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг буюу хүнийг санаатай алах гэмт хэргийн завдалт биш байна гэж үзээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн дээрэмдэх гэмт хэргээс “...тээврийн хэрэгслийг дээрэмдсэн” үндэслэл нь тогтоогдохгүй байна гэдэг агуулгаар шийтгэх тогтоолын үндэслэлд тайлбарлаж бичсэн байсан. 5,630,000 төгрөг буюу шүүгдэгч нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Д.С-ыг Х аймгаас У аймгийн чиглэлд эрхшээлдээ оруулан авч явах үедээ зэвсэг, зэвсгийн чанартай зүйл болох хутга, отвёртка зэргийг ашиглан хүч хэрэглэн дээрэмдсэн үйл баримтыг тогтоогдоогүй байна гэж үзээд зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс дээрх үйлдлийг үгүйсгэж няцаахдаа хэрэгт авагдсан 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 703 дугаартай хохирогчийн биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт, өмсөж явсан хувцас буюу эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газраас эд мөрийн баримтаар хураагдсан хутга бусад зүйлийг мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг зэргийг хэрхэн няцаан үгүйсгэсэн нь тодорхойгүй, зөвхөн шүүх хуралдаанд мэдүүлсэн шүүгдэгч нарын мэдүүлгийг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэжээ. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч прокурор эсэргүүцэл бичсэн байхад давж заалдах шатны шүүхээс прокурорын эсэргүүцэлд дүгнэлт хийгээгүй, эсэргүүцлийг хүлээж авах, эсхүл хэрэгсэхгүй болгох талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй, зөвхөн хохирогч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэлэлцэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-д заасан “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тодорхой бичих хуулийн шаардлагад нийцээгүй шийдвэр болсон байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна гэв.

                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, тэдгээрт хяналт тавих, хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг баталгаажуулсан байдаг билээ.

Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д заасан бүрэн эрхийн дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч Б.Т (хэргийн 14 дэх хавтас, 140-148 дахь тал) эсэргүүцэл бичсэнээс гадна хохирогч Д.С нь өмгөөлөгч Ж.Энхжаргалтай хамт давж заалдах гомдол (хэргийн 14 дэх хавтас, 118-138 дахь тал) гаргасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.5 дугаар зүйлийн 1-д заасан журмын дагуу улсын яллагч Б.Т нь бичсэн эсэргүүцлээсээ татгалзаагүй, мөн түүний дээд шатны прокурор энэ талаар хүсэлт гаргаагүй байх тул давж заалдах шатны шүүх уг эсэргүүцлийг заавал хянан шийдвэрлэх үүрэгтэй юм.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор Н.Баасанжав биечлэн оролцож, эсэргүүцлийг танилцуулсан талаар шүүх хуралдааны тэмдэглэл (хэргийн 14 дэх хавтас, 175 дахь тал) тусгасан хэдий ч магадлалын удиртгал хэсэгт (хэргийн 14 дэх хавтас, 195 дахь тал) прокурор эсэргүүцэл бичсэн талаар дурдаагүй шүүгдэгч нар гомдол гаргаагүй байхад гомдол гаргасан мэтээр тусгасан, тодорхойлох хэсэгт (хэргийн 14 дэх хавтас, 208-216 дахь тал) эсэргүүцэлтэй холбогдуулан хууль зүйн ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, тогтоох хэсэгт (хэргийн 14 дэх хавтас, 216 дахь тал) эсэргүүцлийг хэрхэн шийдвэрлэснийг заагаагүй байна.

Дээрээс дүгнэхэд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй байх тул магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй хэмээн хяналтын шатны шүүх шийдвэрлэлээ.

Магадлалыг хүчингүй болгосон тул түүнийг эс зөвшөөрч прокурор Н.Баасанжавын бичсэн эсэргүүцэл, хохирогч Д.С, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын хамтран гаргасан гомдлын талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 11 дүгээр магадлалыг хүчингүй болгосугай.

2.Хохирогч Д.С, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын хамтран гаргасан гомдол болон ахлах прокурор Н.Баасанжавын бичсэн эсэргүүцлийн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                     ШҮҮГЧИД                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                  С.БАТДЭЛГЭР

                                                                                  Б.БАТЦЭРЭН

                                                                                  М.ПҮРЭВСҮРЭН