| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 183/2023/05868/И |
| Дугаар | 210/МА2025/01406 |
| Огноо | 2025-08-22 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2025/01406
2025 08 22 210/МА2025/01406
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох
Тээврийн хөлс 46,747,935 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь Бүгд найрамдах Солонгос улсын компани бөгөөд Монгол Улсад төлөөлөгчийн газар нь ******* /*******/ нэрээр улс хоорондын тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг компани. *******-ийн төлөөлөгчийн газар болох *******-д 2021 оны 09 сарын 03-ны өдөр, 2021 оны 09 сарын 17-ны өдрүүдэд тус тус /******* /*******/, ******* /*******/ арлын дугаартай 2 ширхэг хүнд машин механизм /экскаватор/-ыг ******* гэж хүний нэр дээр бүрдүүлэлт хийсэн.
БНСУ-ын Инчон боомтоос БНХАУ-ын Эрээн хот хүртэл тээвэрлүүлэх, тээврийн хөлсийг нэг механизмыг 6,650 ам.доллароор, 2 механизмыг 13,500 ам.доллароор тохиролцож ******* хэлцэл хийсэн. Ингэхдээ тээврийн хөлсийг Монгол Улсын Замын-Үүдийн боомтоор нэвтрэх үед гаалийн бүрдүүлэлтийн өмнө төлөхөөр тохиролцсон.
1.2. Тус 2 экскаватор, нь 2021 оны 12 сарын 27-ны өдөр Замын-Үүд боомт руу орж ирсэн ба тухайн үед ковидтой холбоотойгоор хил гааль хаасан байсан бөгөөд Эрээн-Замын-Үүд дахь дундын бүсэд уг машин механизмууд хариуцагчийн хөлсөлсөн трэллар болох чиргүүлтэй автомашин дээр ачигдсан байдалтайгаар 2 сарын турш хүлээгдэж байгаад Монгол Улсад орж ирсэн. Тухайн үед хариуцагч ******* гэгч нь *******-ийн Монгол дах төлөөлөгчийн газар болох *******-ийн тээврийн мэдээ хариуцсан менежер *******тай утсаар холбогдож тээврийн хөлсний тодорхойлолтыг урьдчилан гаргаж өгөхийг хүссэн. Тээврийн хөлсний тодорхойлолт гэдэг нь тээврийн төлбөр төлөгдсөн тухай баримт бөгөөд гаалийн бүрдүүлэлт хийхэд шаардагддаг бичиг баримт юм. Компанийн зүгээс тээврийн төлбөр тооцоо хийгдсэний дараа манай компаниас бичиж өгдөг учир тээврийн төлбөрөө төлсний дараа уг тодорхойлолтыг хийж өгөх боломжтой талаар хэлсэн. Гэвч хариуцагчийн хөлсөлсөн трэллар болох чиргүүлтэй автомашин нь 2 сар гаруй Эрээнээс Замын-Үүд дахь дундын бүсэд зогссон тул жолооч, автомашин сул зогсоосны төлбөр болон БНХАУ-ын Эрээн талын зам ашигласны төлбөрийн өрөнд орсон, хил түр нээгдсэн тэр богино хугацаанд нэн яаралтай техникийн гаалийн бүрдүүлэлтийг хийж автомашинаас буулгах шаардлагатай байгаа гэх үндэслэлээр тээврийн тодорхойлолт бичиж өгөхийг хүссэн. Манай компанийн зүгээс хариуцагч *******д итгэж гаалийн бүрдүүлэлтэд шаардлагатай бичиг баримтуудыг өгсний дагуу 2 механизмыг Монгол улсад оруулж ирэн ашиглаж байгаа боловч одоог хүртэл үүргээ биелүүлж тээврийн төлбөр тооцоогоо төлөөгүй байна.
Иймд хариуцагч *******аас манай компанийн төлөөлөгчийн газар болох *******-аар зуучлуулан БНСУ-ын Инчон боомтоос БНХАУ-ын Эрээн хот хүртэл тээвэрлүүлсэн 2 ширхэг экскаваторын тээврийн хөлс болох 13,500 америк доллар буюу /2023 оны 09 сарын 21-ний өдрийн Монгол банкны ханшаар нэг америк доллар 3,462.81 төгрөг/ 46,747,935 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Уг нэхэмжлэлээ багасгаж нэхэмжлэл гаргах үеийн ам.долларын ханшаар тооцоолж 46,055,373 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Хариуцагчийн хувьд 2 тээврийн хэрэгсэл буюу экскаватор тээвэрлүүлж ирсэн талаар маргахгүй. Тээврийн хөлс тохирсон тохиролцоонд маргаж байгаа бөгөөд 1 механизмыг 2,500 ам доллар, нийт 5,000 ам.доллароор тохиролцсон.
Эрээнээс Улаанбаатар хүртэл тээвэрлүүлэх зорилготой байсан. Гэтэл Монгол улсын хил хаасан байсан бөгөөд тээврийн үнэ өөрчлөгдсөн байсан. Нэхэмжлэгч талаас 7,000 ам.доллар гэхээр нь өөрсдөө Замын-Үүдээс наашаа тээвэрлэж авч ирсэн. Бид Монгол улс руу ирэх тээвэрлэлт явагдаагүй гэж маргаж байгаа бөгөөд Эрээнд ирсэн мөнгийг төлнө. Тухайн үед ковид гарсан байсан бөгөөд хадгалалтын зардлаа өөрсдөө төлсөн. Солонгос улсаас Эрээн хүртэлх тээврийн хөлс нь өөр компаниас тээвэрлээд үнэ нэмэгдсэн байж болзошгүй, гэтэл тийм зүйл байхгүй учир нэхэмжлэгчийн илүү буюу үндэслэлгүй нэхэмжилсэн хөлсийг төлөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д зааснаар хариуцагч *******аас тээвэрлэлтийн хөлс 40,168,596 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс 5,886,777 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 391,690 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 358,793 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгохоор шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргаж өгсөн буюу гаалаас ирсэн үнийн саналтай албан тоотыг эх хувь нотлох баримт гэж үзсэн атал мөн нэхэмжлэгчийн гаргаж өгсөн үнийн саналтай 2,500 ам долларын албан тоотыг эх хувь биш гэж үзсэн нь үндэслэлгүй, уг албан тоотыг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч байхгүй гэж хэлсэн тул манай зүгээс нэхэмжлэгчээс уг албан тоотыг цахим шуудангаар хүлээн авсан тул өөрийн цахим шууданд үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хүлээж авахгүй гэж шийдвэрлэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн явдал нь талуудын эрх тэгш байх, хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан шалгах асуудалд нөлөөлсөн, гэж үзэж байгаа. Шүүх нэхэмжлэгч талын гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, харин манай талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оруулсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй, гэрчийн мэдүүлгийг хэргийн бодит нөхцөл байдалтай нийцэж байгаа талаас нь үнэлээгүй. Гаалийн газраас ирсэн албан тоот, түүнд хавсаргасан баримт нь манайх ачаагаа хил нээсэн хэдхэн хоногт багтаан оруулж ирэх, шаардлагатай болсон тул тээврийн зардал хэд дахин өссөн үнийн санал буюу тухайн албан тоотоор нь гаалийн бүрдүүлэлт хийж ачаагаа оруулж ирсэн. Гаалийн албан тоотод тодорхой тусгаж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл тээврийн хөлсийг талууд тохиролцоно гэж. Нөгөө талаас манайх Эрээн хотоос Замын-Үүдэд орж ирэх хүртэл тээвэр, Замын- Үүдээс Улаанбаатар хот ирэх хүртэл тээврийг өөрсдөө төлсөн. Гааль тээврийн тооцоог ачаа анх гарсан газраас эцсийн очих цэг хүртэлх тээврийн хөлсний тооцооллоор тооцон татвараа боддог.
Нэхэмжлэгчийн зүгээс гэрээг бичгээр хийж үнийг баталгаажуулаагүй энэ нөхцөл байдлыг ашиглан хил хаагдсан цар тахал гарсан гэх үндэслэлээр тээврийн үнээ хэд дахин нэмсэн, асуудал, уг үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нэхэмжлэгчийн хуурамч гэж хэлээд байгаа анх өгсөн үнийн санал нь нэхэмжлэгчийн өөрийнх нь албан ёсны цахим хаягаас манай цахим хаягт ирсэн одоо болтол бид түүнийг нь хадгалж байгаа тул үзлэг хийх замаар тухайн цахим хаяг нь нэхэмжлэгчийн албан ёсны цахим хаяг мөн эсэх, тухайн үнийн саналтай бичиг нь тус албан ёсны цахим хаягаас ирсэн эсэх асуудлыг тодруулан шалгуулах хүсэлтэй байгаа.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 22-ний өдрийн 04428 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуульд заасны дагуу шүүх хуралдааны бэлтгэлийн үе шат зааж өгсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд талууд өөрсдийн нэхэмжлэл, татгалзлын үндэслэлээ нотлох үүргийг заасан. Уг бэлтгэл үе шат нийтдээ 18 сарын хугацаанд үргэлжилсэн. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч *******ы хоёр ширхэг тээврийг БНСУ-ын Инчон боомтоос БНХАУ-ын Замын-Үүдийн боомт хүртэл тээвэрлэсэн бөгөөд талуудын хоорондын хэлэлцээрийн дагуу нэг бүрийг 6,650 ам.доллар буюу нийт 13,500 ам.доллароор тээвэрлэхээр тохиролцсон ба гэрээний үүргээ биелүүлсэн. Харин тээвэрлүүлэгчийн зүгээс тээврийн хөлсний талаар гаалийн байгууллагад тохиролцсон үнээс доогуур буюу нэг бүрийг 5,800 ам.доллароор үнэлсэн тодорхойлолт гаргуулах хүсэлт тавьсан. Уг хүсэлтийн дагуу *******-ийн менежер ******* тухайн багассан үнийн дүнгээр тодорхойлолт гаргаж өгсөн бөгөөд гаалийн байгууллага уг тодорхойлолтыг үндэслэн гаалийн бүрдүүлэлтийг хийсэн. Мөн хариуцагч ******* гаалийн бүрдүүлэлтийн явцад 5,800 ам.долларын тээврийн хөлсний тодорхойлолтыг гаргаж өгсөн нь хэрэгт авагдсан. Анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлан дүгнэлт гаргадаг учраас тээврийн хөлсийг 5,800 ам.доллароор тооцож уг хэмжээгээр шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс тухайн үед нэг тээврийн хөлс 2,800 ам.доллар байсан гэж мэдүүлсэн боловч нотлох нотлох баримтыг хэрэгт хавсаргаагүй бөгөөд ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан боловч хариуцагч нотлох баримт гаргаж өгөөгүй. Хариуцагчийн зүгээс зөвхөн 2,500 ам.доллароор тээвэрлэсэн талаарх тодорхойлолтыг хариуцагчийн мэйл хаяг руу явуулсан гэж маргасан. Гэвч энэ нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлолт гаргаж өгөөгүй.
Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс тухайн мэйлд үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг Хан-Уул дүүргийн шүүхийн 2024 оны 11 сарын 12-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчээс цаг хугацааны хувьд мэйл нь устсан тухай албан бичиг шүүхэд өгсөн. Хавтаст хэргийн 172 дугаар талд 2023 оны 12 дугаар сараас өмнөх мэйлүүд он цагийн дарааллаар устсан талаар тодорхой хавсаргасан. Хариуцагчийн зүгээс манай мэйлд үзлэг хийх боломжгүй. Учир нь газар шорооны ажил хийдэг хувь хүн, мэйл нээх код байхгүй, устсан гэж тайлбарладаг.
Нэхэмжлэгчээс шаардлагатай баримтаа гаргасан боловч хариуцагч өөрийн мэйлд үзлэг хийлгэхээс татгалзсан. Анхан шатны шүүх хуралдаан уг явдлаас хойш 6 сарын дараа болсон атал дахин мэйлд үзлэг хийлгэх тухай хүсэлт хариуцагчаас гаргасан нь уг хэргийг санаатайгаар удаашруулах зорилготой үйлдэл гэж үзэх үндэслэлтэй. Хэрэв үнэхээр 2,500 ам.долларын тухай маргааныг нотлохыг хүссэн бол 18 сарын хугацаанд өөрийн мэйлд үзлэг хийлгэх боломж байсан боловч ийм арга хэмжээ аваагүй. Иймд хариуцагчийн гаргасан гомдол нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан ачаа тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 46,747,935 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 46,055,373 төгрөг болгон багасгасан байна. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ... тээврийн хөлсийг 1 экскаваторыг 2.500 ам.доллароор, нийт 5,000 ам.доллароор тохиролцсон ... гэж тайлбарлан, талууд маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
3.1. Тодруулбал, Бүгд Найрамдах Солонгос Улсын *******-ийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар нь *******, ******* нар 2021 оны 09 сарын 03-ны өдөр болон 2021 оны 09 сарын 17-ны өдөр тус тус харилцан тохиролцон ******* нь БНСУ-ын Инчон боомтоос БНХАУ-ын Эрээн хот хүртэл ******* маркийн ******* арлын дугаартай, ******* маркийн ******* арлын дугаартай 2 ширхэг хүнд машин механизм буюу экскаваторыг тээвэрлэн тогтоосон газарт хүлээлгэн өгөх, ******* нь тээвэрлэлтийн хөлс төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт буюу Баянгол дүүргийн прокурорын газраас ирүүлсэн гэрч *******, *******, ******* нарын мэдүүлэг, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 04 сарын 25-ны өдрийн тай тогтоол, Гаалийн Ерөнхий Газрын Дорноговь аймгийн Замын-Үүдийн гаалийн газраас ирүүлсэн Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна. /хх21-23, 122-123, 129/
4. Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн зохигчдын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон.
5. Зохигч талууд гэрээний хүчин төгөлдөр байдал мөн гэрээний дагуу ******* *******, ******* ******* арлын дугаартай 2 ширхэг хүнд машин механизм /экскаватор/-ыг Замын-Үүд боомт хүртэл тээвэрлэсэн, хариуцагч тал барааг хүлээн авсан, хариуцагч гэрээний үнэ буюу тээврийн хөлс төлөх үүргээ гүйцэтгээгүй үйл баримтад маргаангүй. Харин тээврийн хөлсний үнэ нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.
5.1. Нэхэмжлэгч тал Солонгос Улсын Инчон боомтоос БНХАУ-ын Эрээн хот хүртэл тээвэрлүүлэх, тээврийн хөлсийг нэг механизмыг 6650 ам.доллар буюу 2 механизмыг 13,500 ам.доллароор тохиролцсон ... гэж, хариуцагч тал ... Бид 1 механизмыг 2,500 ам.доллараар, нийт 5,000 ам.доллароор тохиролцсон ... гэж тус тус тайлбарлан нотлох баримтууд цуглуулан шүүхэд гарган өгсөн байна. /хх176-178, 190-193/
5.2. Анхан шатны шүүх, зохигчийн цуглуулж өгсөн Кэй Вэй Эл ХХК-ийн тай нэхэмжлэх, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2023 оны тай тогтоол, гэрч *******, *******, ******* нарын мэдүүлэг, 2500 ам.долларын үнийн дүн бүхий нэхэмжлэх зэрэг бичгийн нотлох баримт, хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд гэрч *******, ******* нарын өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар тээврийн хөлсийг 13,300 ам.доллароор хэлэлцэн тохиролцсон гэх нэхэмжлэгчийн тайлбар, 5,000 ам.доллар төлөхөөр тохиролцсон гэх хариуцагчийн татгалзал тус тус нотлогдоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзээд тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцсэн байна.
5.3. Хариуцагч тал 2 машин механизмыг хил гаалиар оруулахдаа дүү *******гийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийсэн үйл баримт талуудын тайлбар, гэрч *******гийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон. /хх21-23/
5.4. Хэрэгт Гаалийн Ерөнхий газраас ирүүлсэн Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, 2021 оны 09 сарын 01-ний өдрөөс мөн оны 12 сарын 27-ны өдрийн хооронд гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийж импортолсон ******* *******, ******* ******* арлын дугаартай маркийн экскаваторуудын тээврийн зардлын мэдээлэл зэрэг баримтуудаас үзвэл, 1 машин механизмын тээврийн зардлыг 5,800 ам.доллароор тооцжээ. /хх129, 202-203/
Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн 1 машин механизмын тээврийн хөлсийг 5,800 ам.доллар гэж үзэн, 2 машин механизмын тээврийн хөлс нийт 11,600 ам.доллар гэж дүгнэсэн нь нотлох баримт үнэлэх тухай дээрх хуульд заасан журмыг зөрчөөгүй байна. Мөн хариуцагчаас 11,600 ам.доллар буюу 40,168,596 төгрөг гаргуулж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөв хэрэглэсэн байна.
Иймд нотлох баримтын үнэлгээтэй холбоотой хариуцагчийн давж заалдах гомдол хангагдахгүй.
6. Хариуцагч тал шүүх мэйлд үзлэг хийх хүсэлтийг хангаагүй гэх агуулга бүхий давж гомдол гаргажээ.
6.1. Хэргийн баримтаас үзвэл, анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 сарын 12-ны өдрийн шүүгчийн 24476 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн мэйл хаягт үзлэг хийлгэх тухай хариуцагчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна. /хх164/165/ Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... уг мэйл хаягт ирсэн 2023 оны 12 сараас хойш ирсэн болон явуулсан захидал хадгалаатай бөгөөд түүнээс өмнө ирсэн болон явуулсан захидал багтаамжаас шалтгаалж устсан ... гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлжээ. /хх172/
6.2. Мөн 2024 оны 11 сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрсдийнх нь мэйл хаягт ирсэн бол уг мэйлд нь үзлэг хийгээд гаргаад өгөх боломжтой гэсэн тайлбарт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... хариуцагчийн хувьд газар шорооны ажил хийдэг учраас албан ёсны мэйл хаяг байхгүй, ... хариуцагчийн мэйлд үзлэг хийлгэх гэхээр нууц үг кодыг мэдэхгүй ... гэж тайлбарласан байна. Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагч талаас үзлэг хийлгэх талаар хүсэлт гаргасан талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй байна. Иймээс анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх боломжгүй.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/04428 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 358,793 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Ч.ЦЭНД