Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2025/01447

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/05864 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* *******-д холбогдох,

*******ны гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б-25/240 дугаартай *******ыг ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан харилцагчийн үйлчилгээний мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн баталгаажуулалт хийлгэх тухай тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Миний бие *******ны харилцагчийн үйлчилгээний газарт 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 22/773 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулж харилцагчийн зөвлөхөөр, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 23/1629 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулж, харилцагчийн үйлчилгээний мэргэжилтнээр ажиллаж байсан болно. Ажил үүргээ гүйцэтгэж байхад 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Санхүүгийн бүртгэл хяналтын хэлтсээс дансны хуулга тодорхойлолт гарган харилцагчид олгосны дараа авч буй шимтгэлийн утга бүхий зүйлд программын хувьд өөрчлөлт оруулах санал ирүүлж тухайн ажлыг гүйцэтгэх талаар миний шууд удирдлага буюу ахлах ажилтны өгсөн үүргийн дагуу компанийн IT руу холбогдох программаар хүсэлт явуулсан. Уг ажиллагааг гүйцэтгэхийн тулд тестийн орчинд тестлэх шаардлагатай байдаг бөгөөд миний өөрийн ашигладаг тестийн эрх хаагдсан байсан тул эрх нээлгэхээр хүсэлт явуулсан боловч хариу өгөөгүй. Тестийн өөр эрх авах эсэх талаар IТ ажилтнаас асууж тодруулахад IТ ажилтан нь надад тестийн эрх өгсөн тул тухайн эрхээр нэвтэрч тестлэх ажиллагааг хийхдээ тестийн орчин дахь тестийн дансанд үүсгэсэн 1,000,000 төгрөгөөр гүйлгээг хийж, уг данснаас дансны хуулга, тодорхойлолтын шимтгэл авах ажил амжилттай хийгдэж буй талаар тестлэн үзэж, ажлын үр дүнг хуваалцан удирдлагадаа танилцуулснаар 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр уг ажил дууссан юм. Гэтэл 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүний нөөцийн газраас дуудаж, 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр тестийн орчинд хийгдсэн дээрх ажиллагааг тестийн орчинд бус үндсэн орчинд хийгдсэн гээд ашиглагдсан дансыг ахлах менежер *******ийнх байсан, түүнчлэн тестлэн үзэхдээ ашигласан 1,000,000 төгрөг ахлах менежер *******ийн дансанд үлдэж, тэрээр уг мөнгийг хувьдаа ашигласан болохыг надад хэлсэн. Ажил олгогчийн зүгээс хүний нөөцийн газраар дамжуулан энэ асуудлыг тодруулж байна гэж дуудан бичгээр тайлбар авсан бөгөөд тайлбарт гэмшсэн өнгө аяс байхгүй байна, өөрийгөө буруу үйлдэл гаргасандаа харамсаж байна гэдэг байдлаар бичээрэй гэж хэлсний дагуу би өөрийн хийсэн ажлаа тодорхой бичиж, бас анх удаа энэ үүргийг гүйцэтгэж байгаа тул алдаа гаргасандаа харамсаж байна гэдгээ илэрхийлж, тайлбарыг дахин бичиж өгсөн. Гэтэл намайг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн хувийн эрх ашгийг компанийн эрх ашгаас дээгүүрт тавьсан, өөртөө давуу байдал үүсгэсэн, аливаа ашиг сонирхлын үүднээс бусдад дамжуулах, хууль бусаар ашиглах, хувийн асуудлаа шийдвэрлэх, хувьдаа ашиг олох зорилгоор ашиглахыг хориглосон Хөдөлмөрийн гэрээний зүйл заалтыг зөрчсөн гэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн, миний бие нууцад хамаарах мэдээ мэдээллийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашигласан, задруулсан үйлдэл гаргаагүй, хийсэн үйлдлээ мэдсээр атлаа нуун дарагдуулсан, нуун дарагдуулах зорилгоор хуурамч бичиг баримт үйлдээгүй, компанийн удирдлагыг хуурч мэхэлсэн үйлдэл гаргаагүй, компанийн өмч хөрөнгийг хулгайлаагүй, өөрийн эзэмшилдээ оруулаагүй, хувьдаа завшаагүй, мэдсээр атлаа бусадтай бүлэглэн хамтарч зориудаар ажил олгогчийн хөрөнгөд халдаагүй гэдгээ ч маш тодорхой хэлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Миний бие 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б-25/240 дугаартай *******ыг ажлаас халах тухай гүйцэтгэх захирлын тушаалыг эс зөвшөөрч 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр банкны Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасан ба тэмдэглэлийг 2025 онь 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авсан. Ингээд 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан ба тус хорооны хурлын тэмдэглэлийг 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр гардан авч, хуульд зааснаар шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. Ийнхүү ажил олгогчоос ногдуулж буй ажлаас халах сахилгын шийтгэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй, түүнчлэн уг шийдвэрийн улмаас албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдын өмч хөрөнгийг хувьдаа завшсан гэх нэрийг насаараа зүүж амьдрах болж байгаад иргэн ******* би туйлын гомдолтой байх тул *******ны гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б-25/240 дугаартай *******ыг ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан харилцагчийн үйлчилгээний мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт баталгаажуулалт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч *******тай, хариуцагч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 23/1629 дугаар бүхий хөдөлмөрийн гэрээг байгуулсан ба тус гэрээний 11.2-т ажилтны гаргасан ямар зөрчлийг ноцтой зөрчил гэж үзэх талаар нэг бүрчлэн зааж өгсөн бөгөөд тодруулбал, нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 11.2.5-д ажилтан санхүүгийн болон гүйлгээний баримт, бусад тайлан мэдээ, дансны тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн, хуурамч гүйлгээ хийсэн, ажил олгогчийн үйл ажиллагаатай холбоотой баримт бичиг, тайланг хуурамчаар үйлдсэн, гаргасан зөрчлөө нуун дарагдуулах зорилгоор хуурамч бичиг баримт үйлдэх зэрэг үйлдэл, эс үйлдэхүйг гаргасан гэж, 11.2.12-т Ажилтан нь харилцагч, бусад ажилтан, ажил олгогчийн хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр авсан, хууль бусаар өөрийн эзэмшилдээ оруулсан, хулгайлсан, хулгайлахыг завдсан, хувьдаа завшсан гэж, 11.2.13-т Мөнгө буюу эд хөрөнгө гардан хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэл алдсан, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан, түүнд халдах оролдлого гаргасан, бусдаас иймэрхүү оролдлого гарахад тусалсан, ажил олгогчийн болон харилцагчийн нууц, дансны мэдээллийг задруулсан, хувийн зорилгоор ашигласан, ажлын бус шугамаар харилцагчийн мэдээлэлд нэвтэрсэн гэж тус тус заасан. Хариуцагч ******* нь банкны харилцагчийн үйлчилгээний газрын харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн *******ын тестийн орчин дахь автомат теллерийн эрхээр 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр нэвтэрч албан тушаалын байдлаа урвуулан ашиглан Харилцагчийн үйлчилгээний газрын ахлах менежер *******ийн *******ны ******* тоот дансанд 1,000,000 төгрөг бэлнээр орлогодсон гэх нөхцөл байдлыг илрүүлсэн ба түүний энэхүү үйлдлүүд түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2.1, 11.2.5, 11.2.12, 11.2.13 дахь заалтад заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах тусгайлан заасан ноцтой зөрчилд хамаарч байсан тул түүнийг гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б-25/240 дугаар *******ыг ажлаас халах тухай тушаалын дагуу ажлаас чөлөөлсөн.

Мөн, нэхэмжлэгч ******* нь тус ажлыг хийж гүйцэтгэснийхээ дараа холбогдох хөгжүүлэлтийг хийж дуусгасан гэж 1,000,000 төгрөгөөс өөр дансны хуулгыг *******ны Дотоод программ болох Jira программын ITS-7162 жирад хавсаргасан. Уг дансны хуулганаас үзвэл, 5,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн байх ба тестийн орчинд хийгдсэн хөгжүүлэлт болох харилцагч нь банкнаас дансны хуулга, тодорхойлолтыг авахад түүний данснаас авах шимтгэлийн гүйлгээний дансны хуулганд тусгагдах гүйлгээний нэр томьёолол нь товч нэр, одоогийн гүйлгээний утга гэх агуулгатай болсон байсан. Гэтэл, нэхэмжлэгч ******* нь дахин Харилцагчийн үйлчилгээний газрын ахлах менежер *******ийн *******ны ******* тоот дансанд 1,000,000 төгрөг бэлнээр орлогодсон. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* нь өөрийн ажлын хүрээнд 5,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн атлаа дахин 1,000,000 төгрөгийн гүйлгээ хийсэн нь түүнийг ажлаас чөлөөлөх нэг үндэслэл болсон болно. Түүнчлэн, нэхэмжлэгч ******* нь ******* *******-ийн леттер программд холбогдох хөгжүүлэлтийг хийлгэхээр ажиллагааг эхлүүлсэн атал орох шаардлагагүй Grapebank гэх программыг ашиглан 1,000,000 төгрөг бэлнээр орлогодсон үйлдэл нь түүнийг ажлын бус шаардлагаар Grapebank гэх программ руу нэвтрэн орсон, алхах ажилтныхаа данс руу орлогын гүйлгээ хийсэн гэж дүгнэхээр байна. Дээрхээс дүгнэвэл, нэхэмжлэгч ******* өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын хүрээнд гаргасан зөрчил нь Хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2.5-д заасан ноцтой зөрчилд хамаарч байна.

*******ны Программын эрхийн зохицуулалтын журам-ын 4.1-д ажилтан нь программ ашиглах үндсэн болон туршилтын орчны эрх хүсэхдээ харьяа газар, хэлтэс, нэгжийн ахлах ажилтнаар Request & Password-аар дамжуулан хүсэлт гаргуулна. Тус хүсэлтийг харьяа газар, хэлтэс, нэгжийн захирал хүлээн авах бөгөөд захирал нь тухайн эрхийн хүсэлтийг ажил үүргийн дагуу олгох шаардлагатай гэж үзвэл баталгаажуулан, МСАБХ руу илгээх бөгөөд хэрэв ажилтанд тухайн программын эрх шаардлагагүй гэж үзвэл хүсэлтийг цуцална гэж, 7.1-т банкны программ ашиглах эрх авсан ажилтанд дараах үйл ажиллагааг хориглоно гээд, өөр ажилтны хэрэглэгчийн дугаараар хандах, өөр ажилтны компьютероос өөрийн хэрэглэгчийн дугаараар хандах, хэрэглэгчийн дугаараа бусдад дамжуулах, программаас гаралгүй орхих гэж тус тус журамласан. Өөрөөр хэлбэл, ажилтан нь программ ашиглах үндсэн болон туршилтын орчны эрх хүсэхдээ холбогдох газар, нэгжээс зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд зөвшөөрөл олгогдоогүй бол өөр ажилтны хэрэглэгчийн дугаараар хандахыг хориглохоор зохицуулсан. Нэхэмжлэгч *******ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон гаргасан зөрчилтэй холбоотой түүний *******ны Хүний нөөцийн газар болон Санхүүгийн бүртгэл, хяналтын хэлтэст 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан тус тус тайлбараас үзвэл, нэхэмжлэгч *******ын тестийн орчинд нэвтрэх эрх нь хаагдсан байсан ба сэргээлгэхээр холбогдох газар, нэгжид хандсан талаар дүгнэж болох бөгөөд өөрт олгогдоогүй буюу өөр хэрэглэгчийн дугаараар тестийн орчинд нэвтэрсэн үйл баримт тогтоогдож байна. Өөр хэрэглэгчийн дугаараар тестийн орчинд нэвтрэн орсон үйлдлийг тодруулбал, түүний нэвтрэн орсон 60 теллер дугаар нь *******ны өмчлөлийнх бөгөөд автомат теллер дугаар юм. Дээрхээс дүгнэвэл, нэхэмжлэгч ******* нь зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр банкны өмчлөлийн 60 теллер дугаарыг олж авсан байх бөгөөд улмаар тус теллер дугаарыг ашиглан Харилцагчийн үйлчилгээний газрын ахлах менежер *******ийн *******ны ******* тоот дансанд 1,000,000 төгрөг бэлнээр орлогодсон үйлдэл нь түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2.12-т заасан ноцтой зөрчилд хамаарна.

Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул *******ын нэхэмжлэлтэй, ******* *******-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******ыг ******* *******-ийн Харилцагчийн үйлчилгээний газрын харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн-ий ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговорт 11,918,730 төгрөгийг хариуцагч ******* *******-аас гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, *******ын эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлж, шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч ******* *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 205,650 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

*******тай ******* нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 22/205 дугаартай Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ-г байгуулсан бөгөөд уг гэрээний 1.1-т Энэхүү гэрээ нь ажил олгогч болон ажилтан хоорондын хөдөлмөрийн харилцаанд ажилтан өөрийн буруутай үйлдэл, эс үйлдлээр ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулснаас үүсэх харилцааг зохицуулна гэжээ.

Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн харилцаа нь өргөн хүрээний ойлголт байх бөгөөд ажилтан болон ажил олгогч нарын хооронд хөдөлмөрлөх эрх үүсэн, үүрэг хүлээж байгаа бүхий л тохиолдлыг хөдөлмөрийн харилцаанд хамааруулахаар зохицуулжээ. Дээрхээс үзвэл, ажилтантай байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ нь ажилтан болон ажил олгогч нарын хооронд хөдөлмөрлөх эрх үүсэн, үүрэг хүлээж байгаа бүхий л тохиолдолд уг гэрээг дагаж мөрдөх юм.

4.2. Хариуцагч нь *******ны Харилцагчийн үйлчилгээний газрын харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн *******ын тестийн орчин дахь автомат теллерийн эрхээр 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр нэвтэрч албан тушаалын байдлаа урвуулан ашиглан Харилцагчийн үйлчилгээний газрын ахлах менежер *******ийн *******ны ******* тоот дансанд 1,000,000 төгрөг бэлнээр орлогодсон гэх нөхцөл байдлыг илрүүлсэн ба энэхүү үйлдлүүд нь түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаарч байсан тул түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Гэтэл, нэхэмжлэгч нь *******ийн *******ны ******* тоот дансанд 1,000,000 төгрөг бэлнээр орлогодсон талаар дансны хуулгыг ажлыг хийж гүйцэтгэсэн талаарх ажлын тайланд тусгаагүй бөгөөд зөвхөн 998,800 төгрөгийн үлдэгдэлтэй, тестийн орчин дахь дансны хуулгыг тайланд хавсаргасан.

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч ******* өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын хүрээнд гаргасан зөрчлийг буюу Харилцагчийн үйлчилгээний газрын ахлах менежер *******ийн *******ны ******* тоот дансанд 1,000,000 төгрөг бэлнээр орлогодсон үйлдлээ нуун дарагдуулсан байх ба энэхүү үйлдэл нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 11.2.5-д заасан Ажилтан ажил олгогчийн үйл ажиллагаатай холбоотой тайланг хуурамчаар үйлдсэн, гаргасан зөрчлөө нуун дарагдуулах зорилгоор хуурамч бичиг баримт үйлдэх зэрэг үйлдэл, эс үйлдэхүйг гаргасан гэх ноцтой зөрчилд хамаарах юм.

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч *******ын ажил үүрэгт дансны хуулга, тодорхойлолт гаргахтай холбоотой үйл ажиллагаа хамааралтай байх бөгөөд тус үүргийн хүрээнд орлого зарлагын гүйлгээ хийн уг бүтээгдэхүүнийг туршиж, улмаар сайжруулах, хянахаар байгаа нь түүнийг мөнгө буюу эд хөрөнгө гардан хариуцсан ажилтан гэж үзнэ. Түүнчлэн, ажил олгогч нь өөрийн дотоод хяналт шалгалтын хүрээнд нэхэмжлэгч *******ын үйлдсэн зөрчлийг илрүүлсэн ба уг зөрчлийн талаар өөрөөс нь тайлбар авсан зэргээр дотоод хяналт шалгалтын хүрээнд илрүүлсэн гэх байдал нотлогдоно.

Өөр хэрэглэгчийн дугаараар тестийн орчинд нэвтрэн орсон үйлдлийг тодруулбал, түүний нэвтрэн орсон 60 теллер дугаар нь *******ны өмчлөлийнх бөгөөд автомат теллер дугаар юм. Өөрөөр хэлбэл, уг теллер дугаараар ажилтан нэвтрэх нь хязгаарлалттай бөгөөд гагцхүү Мэдээлэл технологийн газрын ажилтан нэвтрэх боломжтой байдаг. Энэ талаар *******ны Нууцын заавар-ын Хавсралт болох *******ны Нууцын жагсаалтын 18 дахь мөрөнд тусгасан бөгөөд тодруулбал, Банкны үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа систем, программ хангамж, сүлжээний бүтцийн схем, цахим хаягжилт, нэвтрэх нэр нууц үг зэрэгт МТГ-ын болон хэлтсийн захирлууд, ахлах мэргэжилтэн сүлжээний, администраторууд хандах эрхтэй байхаар зохицуулжээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* нь ажил олгогчийн бизнестэй холбоотой мэдээлэл болох *******ны өмчлөлийн автомат 60 теллер дугаарыг хувийн ашиг сонирхолд нийцүүлэн ямар нэгэн байдлаар ашиглахгүй байх үүрэгтэй.

4.3. Гэтэл, анхан шатны шүүх ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн, сахилгын шийтгэл ногдуулах тухай маргааны үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг тогтоох нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлээгүй буюу эрх зүйн алдаатай дүгнэлт хийж *******ын сахилгын шийтгэл ногдуулах тухай гүйцэтгэх захирлын тушаалыг хүчингүй болгуулах тухайн гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны байх шаардлагыг зөрчсөн.

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог нь уг ажиллагаанд удирдлага болгодог тусгай зарчим болох диспозитив буюу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг зохигчдын санаачилга, хүсэлтийн үндсэн дээр явуулах болон мэтгэлцэх зарчимд үндэслэдэг явдал юм.

Гэтэл, шүүхийн зүгээс хариуцагчийн үндэслэл болгоогүй Хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2.2 дахь заалтыг үндэслэж, дүгнэлт өгсөн байх бөгөөд шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасан анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэх шаардлагыг зөрчжээ.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасны дагуу ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсны дараа эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулах ёстой. Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний дагуу итгэл эвдсэн учраас сахилгын зөрчил нь 1 жилийн дотор хүчинтэй байх бөгөөд сахилгын шийтгэл оногдуулах талаар ажилтанд мэдэгдсэн бол үндэслэлтэй байх байсан. Хариуцагч байгууллага нь эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулаагүй атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.5 дахь хэсэгт заасныг үндэслэн тушаал гаргасан нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч *******ыг хариуцагч байгууллагын дүрэм, журам, заавар, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн гэж тушаалд дурдсан. Дүрэм, журам зааврын тусгайлсан заалтыг үзэхэд ёс зүйтэй холбоотой зохицуулалтууд байдаг. Хариуцагч байгууллагын ёс зүйн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар ёс зүйн хороо ажиллана, ёс зүйн хороо нь гарсан зөрчлийг шалгаж шийдвэрлэнэ. Ёс зүйн зөрчлийг шалгаж шийдвэрлэсэн бол дүгнэлт байх ёстой. Гэтэл хэрэгт энэ талаарх дүгнэлт байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2012 оны 01 дугаартай зөвлөмжийн 2.5-т мөнгө, эд хөрөнгө хариуцсан ажилтан зөрчил гаргасан бол түүнийг эрх бүхий байгууллага эсхүл дотоод аудитын байгууллага тогтоож тайлан, дүгнэлт гаргасан байх ёстой. Үүнийг үндэслэн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан ажилтанд сахилгын шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Иймд, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* *******-д холбогдуулан *******ны гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б-25/240 дугаартай *******ыг ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан харилцагчийн үйлчилгээний мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбарыг үндэслэн дараах үйл баримтуудыг зөв тогтоожээ.

 

2.1. ******* ******* нь *******тай 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс харилцагчийн зөвлөхийн ажилд томилж, мөн өдөр эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан байна. /1хх 128-129/

 

2.2. Улмаар хариуцагч нь 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр *******тай харилцагчийн үйлчилгээний газрын харилцагчийн үйлчилгээний мэргэжилтний албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулж, түүний эрхлэх ажил, албан тушаал өөрчлөгдсөн байна./хх5-7, 114-119/

 

2.3. ******* *******-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б-25/240 дугаартай тушаалаар Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.4, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, 123.3, 123.5, *******ны дүрмийн 11.6.11, Хөдөлмөрийн дотоод журмын 7.2.5, 7.3 дахь заалтууд болон *******тай 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан 23/1629 дугаар хөдөлмөрийн гэрээний 8.1.5-д заасныг тус тус үндэслэн *******ны Харилцагчийн үйлчилгээний газрын харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн ******* нь тестийн орчин дахь автомат теллерийн эрхээр 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр нэвтэрч албан тушаалын байдлаа урвуулан ашиглан Харилцагчийн үйлчилгээний газрын ахлах менежер *******ийн *******ны ******* тоот дансанд 1,000,000 төгрөг бэлнээр орлогодсон гэх нөхцөл байдал илэрсэн ба түүний эдгээр үйлдлүүд нь *******ны Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.1, *******ны Ёс зүйн дүрмийн 3.2.5, 5.15.1, 5.15.2, 5.15.3, Ажлын байрны тодорхойлолтын 3.2.1, 3.2.1.1, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан 23/1629 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.3, 6.1.8, 6.1.11-д заасныг тус тус зөрчсөн зөрчил нь Хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2.1, 11.2.5, 11.2.12, 11.2.13 дахь заалтуудад заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хх12/

 

2.4. ******* нь 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ******* *******-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан байх ба 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/ шийдвэрээр эвлэрэх боломжгүй гэсэн үндэслэлээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон байна. /хх25-34/

 

3. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг хуульд заасан хугацааны дотор хөдөлмөрийн маргааныг урьдчилан шийдвэрлэх эрх бүхий байгууллага болон шүүхэд хандсан гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт нийцсэн байна.

 

4. Талууд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх этгээд сахилгын зөрчил гаргасан эсэх, эсхүл ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан эсэх асуудлаар маргасан байна.

 

4.1. *******ыг ажлаас чөлөөлсөн хариуцагчийн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.5 дахь хэсэгт заасан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх ажилтны сахилгын зөрчилд хариуцлага ногдуулах хугацааны заалтыг баримталсан байна. Гэтэл нэхэмжлэгчтэй ажил олгогч нь 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр *******тай харилцагчийн үйлчилгээний мэргэжилтний албан тушаалд томилогдох үед эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг шинэчлэн байгуулаагүй байна.

 

Харин, түүний өмнөх ажил албан тушаал болох харилцагчийн зөвлөх ажил албан тушаалтай холбогдуулан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулсан боловч уг гэрээний 5.1-д зааснаар ажилтан, ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсноор түүнийг дагаж дуусгавар болно гэж тохиролцсоноор өөр ажил албан тушаалд томилогдож 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс харилцагчийн үйлчилгээний ажилтны ажил албан тушаалд томилогдсоноор эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ дуусгавар болсон байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.5 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэл ногдуулах нэг жилийн хугацаа хамаарахгүй.

 

4.2. Нэхэмжлэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр *******ийн *******ны ******* тоот дансанд 1,000,000 төгрөгийг орлого гэх утгаар шилжүүлсэн нь *******ийн Худалдаа хөгжлийн дансны хуулгаар тогтоогдсон байна. /хх152/

 

4.3. Нэхэмжлэгчийн дээрх үйлдлийг хөдөлмөрийн гэрээний 11.2.1, 11.2.5, 11.2.12, 11.2.13 дахь заалтуудад заасан ноцтой зөрчил гэж үзсэн нь үндэслэл муутай болжээ гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг өөрчилнө. Тодруулбал, нэхэмжлэгч нь тестийн орчин дахь автомат теллерийн эрхээр 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр нэвтэрч Харилцагчийн үйлчилгээний газрын ахлах менежер *******ийн *******ны ******* тоот дансанд 1,000,000 төгрөг бэлнээр орлогодсон, ажлын бус шаардлагаар Grafebank гэх программ руу нэвтрэн орсон, ахлах ажилтныхаа данс руу орлогын гүйлгээ хийсэн гэж үзэх нөхцөл байдал нь тогтоогдсон байх бөгөөд түүний уг үйлдэл нь түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний дээрх заалтуудыг зөрчсөн үйлдэл гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж дүгнэх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.

 

5. *******ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн гэж хариуцагч тал тайлбарлаж байна.

Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан хөөн хэлэлцэх хугацаа үйлчилнэ.

 

5.1. Нэхэмжлэгчийн гаргасан дээрх зөрчил нь 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр үйлдэгдсэн байх бөгөөд уг зөрчлийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр илрүүлж, түүнд 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан зөрчил гаргаснаас хойш зургаан сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн байна.

 

Энэ тохиолдолд хариуцагчийн гаргасан 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б-25/240 дугаартай тушаалаар *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй тул энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Иймд нэхэмжлэгч *******ыг ******* *******-ийн Харилцагчийн үйлчилгээний газрын харилцагчийн үйлчилгээний мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговорт 11,918,730 төгрөгийг хариуцагч ******* *******-аас гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасанд нийцнэ.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/05864 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 205,650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ