| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2019/0185/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/183 |
| Огноо | 2019-08-02 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 2019/ШЦТ/183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхбаяраар хөтлүүлж
Улсын яллагч: Э.Б
Шүүгдэгч: Т.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн Т.О холбогдох 1912.......... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 48-05 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овгийн Т.О /РД:пб/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Т.О нь 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Хашаат сум Номгон гэх газар орон нутгийн засмал зам дээр Лексүс 570 маркийн 01-10 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсоохдоо аюул осол үүсэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөний улмаас Тоёото хайси маркийн 09-47 УБЗ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Д.Б өгсөн: ...2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгаас Улаанбаатар хот орох гээд албан ажлаар явж байсан. Тэгээд Архангай аймгийн Хашаат сумын нутаг дэвсгэрт явж байгаад зам тээврийн осолд орсон байсан. Тухайн үед унтаж явсан болохоор гэнэт тас нис хийх чимээ гарахаар нь сэрэхэд ийм асуудал болсон байсан. Тухайн үед нийт 7 хүн зорчиж явсан. О, А, А, Р, Б, Б бид нар зорчиж явсан. Өөр хүмүүс зорчиж яваагүй. Миний зорчиж явсан автомашины жолооч Б өөрөө жолоодож явсан. Бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Автомашин хэдэн км цагийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй, тухайн үед унтаад явж байсан. Миний биед ослоос болж баруун талын хөх хөхөрч хавдсан, өвчүүний яс зөрүүтэй хугарсан зүүн хөлийн шилбэнд оёо тавиулахаар гэмтэл учирсан. Өөр гэмтэл учраагүй. Миний эмчилгээний зардал болон мөнгийг 100% хариуцан дааж эмчлүүлж байгаа болохоор ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 хуу/
Хохирогч Р.Р өгсөн: ..Би 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймагт томилолтын ажлаа дуусгаад Улаанбаатар хот орох замд буюу Архангай аймгийн Хашаат сумын нутаг дэвсгэрт явж байтал зам чөлөөлж зогссон улаан өнгийн автобусны урдаас хар өнгийн автомашин гэнэт хөндлөн гарч ирээд миний зорчиж явсан автомашинтай мөргөлдсөн. Миний зорчиж явсан тээврийн хэрэгслийг Б жолоодож явсан. Би автомашины голын суудалд явж байсан учраас хэдэн км цагийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна. Тухайн үед нийт 7 хүн зорчиж явсан. О, А, А, Б, Б, Б бид нар зорчиж явсан. Өөр хүмүүс зорчиж яваагүй. Тухайн машин маш хурдтай гэнэт огцом зүүн гар тийшээ эргэн гарч ирсэн. Бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Миний биед ослын улмаас баруун гарын атгаал яс үенээсээ мултарч хугарсан, бяцарсан гэж эмч хэлсэн. Би ажил үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэндээрээ хохирсон тул цаашид гарах эмчилгээний бүх зардал мөнгийг төлүүлмээр байна. Миний нэхэмжилсэн мөнгө төгрөгийг бүрэн гүйцэт төлөх юм бол би гомдол саналгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 18-22 хуу/
Гэрч Н.А өгсөн:...Би 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өөрийн нөхөр О ын хамт Улаанбаатар хотоос Ховд аймаг орох гээд Архангай аймгийн Хашаат сум Номгон баг Их номгон гэх газар явж байтал миний гар утас дуугарсан. Тэр үед манай нутгийн хүүхэд О залгаад та хоёр Ховд аймаг явж байгаа юм уу, би сая өөрийн гар утсаа Булган аймгийн Рашаант суманд үлдээчихэж тэрийг аваад ирээч гэхээр нь нөхөртөө хэлэхэд зам дагуу юм чинь очоод үзье гэж хэлсэн. Очоод 30-40 минут хайсан, хайсаны эцэст уг гар утсыг олсон юм. Тэгээд О гар утсыг чинь олчихлоо нэг дэх өдөр гэрийнхэнд чинь аваачаад өгье гэхэд үгүй урдаас чинь манай Ховд аймгийн автобус ирж байгаа яг та хоёрын замд таарна яаралтай явуулчих гэж хэлсэн. Тэгээд явж байтал автобус тааралдаад зогсоох гэхэд зогсолгүй яваад өгөхөөр нь эргэж араас очин гүйцэж түрүүлээд нөгөө хүнийхээ гар утсыг автобусны жолоочид өгчихөөд эргээд машиндаа сууж зүүн гар тийш эргэх дохио өгч эргээд хөдөлтөл гэнэт их хурдтай автомашин гарч ирэн улмаар уг автомашинтай мөргөлдсөн. Тухайн үед автомашиныг манай нөхөр өөрөө жолоодон явж байсан. Би автомашинаа хэдэн км цагийн хурдтай явж байсан талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан дөнгөж хөдөлгөөнд оролцох гэж байсан. Манай машинд нөхөр О, Ховд аймаг орох гэж байсан Эрдэнэбаатар бид нар явж байсан өөр хүмүүс байгаагүй. Бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн үед унаж явсан автомашин манай өөрийн эзэмшлийн автомашин бөгөөд 2017 онд Таван богд ХХК-наас худалдан авч байсан. Манай нөхөр О ын нэр дээр байдаг. Бид нартай мөргөлдсөн автомашин их хурдтай орж ирсэн бөгөөд нүд ирэмхийн зуур л ийм зүйл болсон. Бид нар бүгд хамгаалах бүсээ зүүсэн байсан. Миний биед одоохондоо ямар нэгэн гэмтэл бэртэл мэдэгдэхгүй байна. Миний зорчиж явсан автомашины зүүн хажуу руу харин нөгөө автомашин эгц урдаасаа мөргөлдсөн. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэргээ тогтоолгоно...гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 хуу/
Гэрч Б.Б өгсөн: ...Би 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгаас Улаанбаатар хот орох гээд Архангай аймгийн Хашаат сум Номгон баг, Их номгон гэх газар явж байсан. Тухайн үед би унтаж явсан болохоор болсон асуудлын талаар мэдэхгүй байна. Зам тээврийн осолд орсныхоо дараа мэдсэн. Яг юу болсон талаар нарийн сайн мэдэхгүй. Мөн миний дүрс бичлэгийн камер ажиллахгүй, бас камерын карт цуурч гэмтсэн байна. Би тухайн үед ажлаар буюу Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар батлагдсан Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа аяны хүрээнд Өвөрхангай, Баянхонгор аймагт сургалт сурталчилгаа хийчихээд буцаж явсан юм. Миний зорчиж явсан автомашиныг Б жолоодон явж байсан. Би тухайн үед хэдэн км цагийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй байна. Автомашинд нийт 7 хүн явж байсан бөгөөд Монгол банкны Б, А, Б, О, Монголын Үндэсний төлевизийн А, сурвалжлагч ажилтай Р бид нар явж байсан. Бид нар тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Тухайн автомашин хэний эзэмшлийн автомашин болох талаар мэдэхгүй, Монгол банкны нэр дээр байдаг байх сайн мэдэхгүй байна. Тэр үедээ Унтаж явсан болохоор мөргөлдсөн автомашин хэр хурдтай орж ирсэн талаар мэдэх зүйл алга. Ослын улмаас миний баруун хөл, баруун гар, хүзүү, толгой гэх мэтийн газруудаар өвдөж хөндүүрлэж байна. Өөр ямар нэгэн гэмтэл бэртэл одоохондоо мэдэгдэхгүй байна. Миний дуу дүрс бичлэгийн камер манай байгууллагын камер бөгөөд ММ агентлагийн эзэмшлийн хөрөнгө байгаа юм. Би хаанаас хэдэн онд худалдан авч байсан талаар мэдэхгүй, ямар ч байсан 2018 оны 01 сард шинээрээ манай байгууллагад ирж би өөрөө хүлээн авч ашигладаг байсан. Манай байгууллага 17.000.000 төгрөгөөр худалдан авч байсан гэж надад хэлсэн. Би уг эд зүйлийн үнэлгээг гаргуулах болно. Миний гэмтсэн картыг 950.000 төгрөгөөр худалдан авч байсан гэсэн. Уг картан дээр бид нарын хийсэн ажил бүгд байгаа тийм болохоор уг картыг янзлуулмаар байна. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэргээ тогтоолгоно...гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 хуу/
Гэрч Л.А ийн өгсөн:...Би 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгаас Улаанбаатар хот орох гээд явсан. Би тухайн болсон асуудлын талаар сайн мэдэхгүй. Тухайн үед унтаж явсан. Тэгсэн О ах хөөе гээд орилсон тэр үед би толгойгоо жолоочийн ар талын суудалд цохисон. Сэрэхэд ийм зүйл болсон байсан. Би нарийн сайн мэдэхгүй байна. Би Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар батлагдсан Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа аяны хүрээнд Өвөрхангай, Баянхонгор аймагт сургалт сурталчилгаа хийчихээд буцаж явсан юм. Тээврийн хэрэгслийг Монгол банкны жолооч Б жолоодон явж байсан. Миний зорчиж явсан автомашин хэдэн км цагийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй унтаж явсан болохоор мэдэхгүй байна. Автомашинд нийт 7 хүн явж байсан бөгөөд Монгол банкны Б, А Б, О, Монголын Үндэсний телевизийнБ, сурвалжлагч ажилтайРбид нар явж байсан. Бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн автомашин Монгол банкны нэр дээр байдаг, албаны машин байгаа юм. Бид нар бүгд хамгаалах бүсээ зүүсэн байсан. Манай жолооч хамгаалах бүсээ байнга зүүж яваарай гэж байнга хэлж сануулдаг. Миний биед зүүн талын хавирга орчим өвдөж хөндүүр байгаа, толгой өвдөж байгаа, өөр ямар нэгэн зовиур байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэргээ тогтоолгоно...гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 хуу/
Гэрч Ё.Э ын өгсөн: ...2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 13 цагийн үед Улаанбаатар хотоос Ховд аймаг явах автомашинд дайгдан суусан юм. Тэгээд Архангай аймгийн Хашаат сумын нутаг дэвсгэрт явж байтал миний зорчиж явсан автомашины жолоочийн эхнэр рүү залгаад гар утсаа хаячихсан байна олоод Ховд аймгаас Улаанбаатар хот орох автобусны жолоочид өгчих гэж хэлсэн...тэгээд миний зорчиж явсан автомашины жолооч зүүн гар тийшээ дохио өгч шууд эргэсэн. Тэгсэн гэнэт тас хийгээд яваад өгсөн. Тэгсэн ийм асуудал болсон. Тухайн автомашиныг О өөрөө жолоодож явсан. Хөдөлгөөнд дөнгөж оролцох гээд эргэтэл ийм асуудал гарсан. Уг автомашинд О түүний эхнэр Алтанзул, арын суудалд би ганцаараа сууж явсан, өөр хүн автомашинд яваагүй. Ослын улмаас зүүн талын хүзүүний булчин цочсоноос болж хүзүү хөндүүр болсон. Өөр ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй. Тухайн миний зорчиж явсан автомашинтай мөргөлдсөн автомашины зорчигч нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Булган аймгийн Рашаат сумын эмнэлгийн үзлэг хийсэн эмч хүртэл та нар архи уусан уу та нараас архи үнэртээд байна гэж хэлсэн. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 хуу/
Гэрч Д.О ын өгсөн: ... Би 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгаас Улаанбаатар хот орох гээд Архангай аймгийн Хашаат сум Номгон баг Их номгон гэх газар оройн 19 цагийн орчим явж байтал бид нарын явж байсан зам дээр замаас чөлөөлж тавьсан автобус байсан. Би уг автомашин урд талд нь зорчиж явсан. Тэгээд автобусны хажуугаар гүйцэт түрүүлэх гээд өнгөрөх үед автобуснаас зорчигч нар нь бууцгаасан байсан бөгөөд би тэр хүмүүс рүү анхаарлаа хандуулаад явах үед автобусны урд талаас гэнэт зүүн гар тийшээ огцом эргэж автомашин гарч ирсэн. Тэгээд уг автомашинтай мөргөлдсөн. Яах ийхийн зуургүй гэнэт гараад ирсэн. Бид нар Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар батлагдсан Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа аяны хүрээнд Өвөрхангай, Баянхонгор аймагт сургалт сурталчилгаа хийчихээд буцаж явсан. Тухайн автомашиныг манай байгууллагын жолооч Б жолоодон явж байсан. Ямар ч байсан баруун гар талд том оврын автобус байсан болохоор жолооч тодорхой хэмжээний хурдаа хасаж байгаа нь надад мэдэгдсэн. Ойролцоогоор 50-60 км цагийн хурдтай явж байсан байх гэж бодож байна. Миний зорчиж явсан тээврийн хэрэгсэлд нийт 7 хүн явж байсан бөгөөд Монгол банкны Б, А Б, Монголын Үндэсний телевизийнБ, А, сурвалжлагч ажилтай Р бид нар явж байсан. Бидний зорчиж явсан автомашинтай мөргөлдсөн автомашин гэнэт огцом зүүн гар тийш эргэж хурдтай гарч ирсэн. Бид нар бүгд хамгаалах бүсээ зүүсэн байсан. Манай жолооч хамгаалах бүсээ зүүж яваарай гэж байнга хэлж сануулдаг. Би автомашины урд талд нь зорчиж явсан болохоор машины урд хайрцаг руу өвдгөөр тулж өнгөц зулгарч өвдөгний тойг зовиуртай, түнх хэсэг хөндүүрлэж байгаа, баруун талын доод талын богино хавирга хөндүүр, баруун талын эгэм хөндүүр, өвчүүний бүдэрхий хэсэг хөндүүр, зүүн талын хөх орчим хөндүүр, зүүн гарын мөрний залгаас өвчтэй хөндүүр гар дээш нь өргөж болохгүй байгаа бусдаар өөр ямар нэгэн гэмтэл мэдэгдэхгүй байна. Мөргөлдсөн автомашины зүүн талаас миний зорчиж явсан автомашин эгц урдаасаа хоёулаа мөргөлдсөн. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэргээ тогтоолгоно...гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 хуу/
Гэрч Д.А ийн өгсөн: ...би 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгаас Улаанбаатар хот орох гээд Архангай аймгийн Хашаат сум Номгон баг Их номгон гэх газар оройн 19 цагийн орчим явж байтал бид нарын явж байсан зам дээр замаас чөлөөлж тавьсан автобус байсан бөгөөд уг автобусны урд талаас гэнэт зүүн гар тийшээ огцом эргэж автомашин гарч ирсэн. Тэгээд уг автомашинтай мөргөлдсөн юм. Тухайн үед миний зорчиж явсан автомашиныг манай байгууллагын жолооч Б жолоодон явж байсан. Би автомашиныг хэдэн км цагийн хурдтай явж байсан талаар боломжгүй байсан бөгөөд арын суудал буюу хоёр дахь эгнээний голын суудалд зорчиж явсан. Тухайн үед нийт 7 хүн зорчиж явсан бөгөөд Монгол банкны Б, О, Б, Монголын Үндэсний телевизийн Б, А, сурвалжпагч ажилтай Р бид нар явж байсан. Бидний зорчиж явсан автомашинтай мөргөлдсөн автомашин гэнэт огцом зүүн гар тийш эргэж хурдтай гарч ирсэн. Бид нар бүгд хамгаалах бүсээ зүүсэн байсан. Манай жолооч хамгаалах бүсээ зүүж яваарай гэж байнга хэлж сануулдаг. Миний биеийн тархи доргисон, мөн тархи зөөлөн эдийн гэмтэлтэй байна, хавантай, нуруунд суулт өгсөн, зүүн дунд хурууны үе хавдсан хавдсанаасаа болж шуу тохой руу янгинж өвддөг, эрүү хавдсан, баруун завжны булчирхай цочисон, хүзүү чилж өвддөг болсон. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэргээ тогтоолгоно...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 хуу/
Гэрч Ц.Б ийн өгсөн: ...Баянхонгор аймаг орчихоод эргээд Улаанбаатар хот орох гээд Архангай аймгийн Хашаат сум, Номгон баг Их номгон гэх газар 19 цагийн орчим явж байтал замын зам дээр урд зогсож байсан автобусны урдаас гэнэт машин зүүн гар тийшээ огцом эргэж тормоз гишгэхийн завгүй улмаар уг автомашинтай мөргөлдсөн. Би өөрөө тухайн автомашиныг жолоодож явсан. Миний явж эгнээний урд автобус зогсож байсан болохоор хурдаа хасч 60 км цагийн хурдтай явж байсан. Миний жолоодож явсан автомашинд 7 хүн явж байсан бөгөөд Монгол банкны А, О, Б, Монголын Үндэсний телевизийн Б, А, нөгөө хүний нэрийг нь сайн мэдэхгүй байна. Бид нар явж байсан бөгөөд бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн автомашин Монгол банкны нэр дээр байдаг юм. Миний унаж явсан автомашинтай мөргөлдсөн автомашин зогсож байсан автобусны урдуур гэнэт огцом хурдтай зүүн гар тийшээ эргэж намайг тормоз гишгэхийн завгүй уг автомашинтай мөргөлдсөн. Бид бүгд хамгаалах бүсээ зүүсэн байсан. Би ямар ч тохиолдолд зорчиж яваа хүмүүсээ хамгаалах бүсээ зүүж яваарай гэж байнга хэлдэг тийм учраас миний зорчиж явсан хүмүүс бүгд хамгаалах бүсээ зүүж явсан. Одоохондоо ямар нэгэн гэмтэл бэртэл мэдэгдэхгүй байна. Жоохон миний даралт ихсээд байгаа. Миний унаж явсан автомашины урд талын эд анги тэр чигээрээ эвдэрсэн, тормоз ажиллахгүй болсон байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэргээ тогтоолгоно...гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 хуу/
Т.О ын гэрчээр өгсөн:...Би Улаанбаатар хотоос Ховд аймаг орох гээд Архангай аймгийн Хашаат сумын, Номгон баг Их номгон гэх газар явж байтал миний машины дугаарыг манай нутгийн О гэх хүн харчихаад манай эхнэр А руу залгаад найз нь Булган аймгийн Рашаант суманд нойл орох гэж байгаад нойлын хажууд гар утсаан үлдээчихэж чи очоод олоод Ховд аймгаас Улаанбаатар орох автобусанд тавьчих автобусны жолоочид хэлсэн гэж хэлэхээр Рашаант суманд очиж гар утсыг олчихоод автобусны дугаар хэлэхээр нь нөгөө автобусны дугаарыг нь хараад явж байтал хажуугаар зөрөөд явсан. Тэгэхлээр нь араас нь хөөгөөд автобусыг зогсоогоод гар утсыг нь автобусны жолоочид өгчихөөд автобусны дөнгөж урд нь зогсож байсан учраас зам чөлөөлөх гээд 200 орчим метр яваад зүүн гар тийш эргэх дохио өгч урдаас мотоцикль ирж байхаар түүний урдуур амжаад орчихье гэж бодоод урдуур нь ороод зүүн тийшээ эргэтэл гэнэт автомашин гарч ирээд улмаар уг автомашинтай мөргөлдсөн. Тухайн автомашиныг би өөрөө жолоодож явсан. Би автобусанд найзынхаа гар утасыг өгчихөөд зүүн гар тийшээ дохио өгч эргэтэл уг автомашинтай мөргөлдсөн. Миний жолоодож явсан автомашинд манай эхнэр А, Ховд орох гэж байсан Эрдэнэбаатар бид нар явж байсан өөр хүмүүс байгаагүй. Бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Тухайн автомашин миний өөрийн эзэмшлийн автомашин бөгөөд 2017 онд Таван богд ХХК-наас худалдан авч байсан. Миний унаж явсан автомашинтай мөргөлдсөн автомашин их хурдтай орж ирсэн бөгөөд нүд ирэмхийн зуур л ийм зүйл болсон. Ер нь бол их эрчтэй орж ирсэн. Ойролцоогоор 70-80 км цагийн хурдтай явж байсан байх. Бид бүгд хамгаалах бүсээ зүүсэн байсан. Одоохондоо ямар нэгэн гэмтэл бэртэл мэдэгдэхгүй байна. Миний унаж явсан автомашины зүүн талын хоёр хаалга дотогшоо цөмөрсөн, хөлийн гишгүүр хагарсан, арын багаажны зүүн талын жижиг цонх хагарсан байсан. гэмтэл үүссэн. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэргээ тогтоолгоно...гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 хуу/
Т.О ын яллагдагчаар өгсөн: ...хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Мөн хохирогчид учруулсан хохирлыг бүрэн гүйцэт барагдуулсан байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 166-168 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 272 дугаартай дүгнэлт.
1. Ё.Эрдэнэбаатарын биед хүзүүний зүүн талд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3. Хэрэг болох үеийн цаг хугацаанд үүсэх боломжтой.
4,5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар
биеийн эрүүл мэндийг сарниулахгүй, биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй, хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 53 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 29 дугаартай дүгнэлт.
1,2. Т.Оын гэх цусанд спиртийн алкологь илрээгүй...гэх дүгнэлт /хх-ийн 84 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 265 дугаартай дүгнэлт.
1,2,3,4,5. Т.Оын биед гэмтэл тогтоогдсонгүй...гэх дүгнэлт /хх-ийн 90 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 271 дугаартай дүгнэлт.
1. Д.Б ийн биед өвчүү ясны дээд 1/3 хэсгийн зөрүүтэй хугарал, тархи дОт,
баруун шилбэний урд хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3. Хэрэг болох үеийн цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Өвчүү ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл
мэндийг удаан хугацаагаар сарниулах тиул гэмтлийн Хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь тус бүр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь
эмчилгээний үр дүн ба эдгэрэлтээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 112 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 270 дугаартай дүгнэлт.
1. Р.Ренчиндуламын биед баруун атгаал ясны хүзүү хэсгийн ташуу сэлтэрсэн далд
хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3. Хэрэг болох үеийн цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг
удаан хугацаагаар сарниулах тиул гэмтлийн Хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь
эмчилгээний үр дүн ба эдгэрэлтээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 141 хуу/
Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 36 дугаартай дүгнэлт
1. Жолооч Т.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсоохдоо аюул осол үүсэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2.1 Жолооч Т.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “жолооч
хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсоохдоо аюул осол үүсэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2.2 Жолооч Ц.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт
зөрчөөгүй байна.
3.Уг зам тээврийн осол нь жолооч Т.О ын буруутай үйлдлийн улмаас осол
гаргах боломжтой.
4. Замын гадарга, байгалийн нөхцөл байдал осол гарахад нөлөөлсөн гэх зүйл илрээгүй.
5.1. Жолооч Т.О нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “ВСЕД” ангиллын
168910 дугаарын үнэмлэхтэй байна. /Жолоочийн лавлагааг хавсаргав/.
5.2. Жолооч Ц.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “ВСД” ангиллын
217282 дугаарын үнэмлэхтэй байна. /Жолоочийн лавлагааг хавсаргав/... гэх дүгнэлт /хх-ийн 152-153 хуу/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 3-6 хуу, 7-9 хуу/
Т.О ын жолоочийн үнэмлэхний хуулбар /хх-ийн 10 хуу/
0110 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 10 хуу/
Ослын газрын схем зураг /хх-ийн 11-12 хуу/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 51-52 хуу, 58-59 хуу, 66-67 хуу, 78-79 хуу, 88-89 хуу, 94-97 хуу, 103-106 хуу, 117-118 хуу, 130-131 хуу, 133-134 хуу, 139-140 хуу/
Т.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 173 хуу/
Хохирол төлбөр төлсөн баримт /хх-ийн 181-182 хуу/
Хохирогч нарын мөрдөн байцаалтын үед гаргаж өгсөн хохирол төлбөртэй холбоотой баримт /хх-ийн 183-185 хуу, 194-202 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 171 хуу/
Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 216-218 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Т.О т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Т.О нь 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Хашаат сум Номгон гэх газар орон нутгийн засмал зам дээр Лексүс 570 маркийн 01-10 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсоохдоо аюул осол үүсэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөний улмаас Тоёото хайси маркийн 09-47 УБЗ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, зам тээврийн осол гаргаж, хохирогч Д.Б ийн биед өвчүү ясны дээд 1/3 хэсгийн зөрүүтэй хугарал, тархи дОт, баруун шилбэний урд хэсэгт зүсэгдсэн шарх бүхий гэмтэл, хохирогч Р.Р биед баруун атгаал ясны хүзүү хэсгийн ташуу сэлтэрсэн далд хугарал бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Т.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсоохдоо аюул осол үүсэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан болох нь Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 36 дугаар дүгнэлтээр, уг зам тээврийн ослын улмаас хохирогч Д.Б ийн биед өвчүү ясны дээд 1/3 хэсгийн зөрүүтэй хугарал, тархи дОт, баруун шилбэний урд хэсэгт зүсэгдсэн шарх бүхий гэмтэл, хохирогч Р.Р биед баруун атгаал ясны хүзүү хэсгийн ташуу сэлтэрсэн далд хугарал бүхий гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 271 дугаар, 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 270 дугаартай дүгнэлтүүдээр тус тус тогтоогджээ.
Тухайн үед 01-10 УБН улсын дугаартай Лексүс 570 маркийн автомашиныг Т.О жолоодож явсан нь шүүгдэгч Т.О болон хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь энэ талаар маргаагүй байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно гэж заасан байх тул Т.О ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект буюу жолооч мөн гэж үзлээ.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Т.О үйлдсэн болох нь
Хохирогч Д.Б ийн өгсөн: ...2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгаас Улаанбаатар хот орох гээд албан ажлаар явж байсан. Тэгээд Архангай аймгийн Хашаат сумын нутаг дэвсгэрт явж байгаад зам тээврийн осолд орсон байсан. Тухайн үед унтаж явсан болохоор гэнэт тас нис хийх чимээ гарахаар нь сэрэхэд ийм асуудал болсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 хуу/
Хохирогч Р.Р мын өгсөн: ..Би 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймагт томилолтын ажлаа дуусгаад Улаанбаатар хот орох замд буюу Архангай аймгийн Хашаат сумын нутаг дэвсгэрт явж байтал зам чөлөөлж зогссон улаан өнгийн автобусны урдаас хар өнгийн автомашин гэнэт хөндлөн гарч ирээд миний зорчиж явсан автомашинтай мөргөлдсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 18-22 хуу/
Гэрч Н.А ын өгсөн:...Би 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр өөрийн нөхөр О ын хамт Улаанбаатар хотоос Ховд аймаг орох гээд Архангай аймгийн Хашаат сум Номгон баг Их номгон гэх газар явж байтал миний гар утас дуугарсан. Тэр үед манай нутгийн хүүхэд О залгаад та хоёр Ховд аймаг явж байгаа юм уу, би сая өөрийн гар утсаа Булган аймгийн Рашаант суманд үлдээчихэж тэрийг аваад ирээч гэхээр нь нөхөртөө хэлэхэд зам дагуу юм чинь очоод үзье гэж хэлсэн. Очоод 30-40 минут хайсан, хайсаны эцэст уг гар утсыг олсон юм. Тэгээд Оюунжаргалд гар утсыг чинь олчихлоо нэг дэх өдөр гэрийнхэнд чинь аваачаад өгье гэхэд үгүй урдаас чинь манай Ховд аймгийн автобус ирж байгаа яг та хоёрын замд таарна яаралтай явуулчих гэж хэлсэн. Тэгээд явж байтал автобус тааралдаад зогсоох гэхэд зогсолгүй яваад өгөхөөр нь эргэж араас очин гүйцэж түрүүлээд нөгөө хүнийхээ гар утсыг автобусны жолоочид өгчихөөд эргээд машиндаа сууж зүүн гар тийш эргэх дохио өгч эргээд хөдөлтөл гэнэт их хурдтай автомашин гарч ирэн улмаар уг автомашинтай мөргөлдсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 хуу/
Гэрч Б.Б ын өгсөн: ...Би 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгаас Улаанбаатар хот орох гээд Архангай аймгийн Хашаат сум Номгон баг, Их номгон гэх газар явж байсан. Тухайн үед би унтаж явсан болохоор болсон асуудлын талаар мэдэхгүй байна. Зам тээврийн осолд орсныхоо дараа мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 хуу/
Гэрч Л.А ийн өгсөн:...би 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгаас Улаанбаатар хот орох гээд явсан. Би тухайн болсон асуудлын талаар сайн мэдэхгүй. Тухайн үед унтаж явсан. Тэгсэн О ах хөөе гээд орилсон тэр үед би толгойгоо жолоочийн ар талын суудалд цохисон. Сэрэхэд ийм зүйл болсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 хуу/
Гэрч Ё.Э ын өгсөн: .... 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 13 цагийн үед Улаанбаатар хотоос Ховд аймаг явах автомашинд дайгдан суусан юм. Тэгээд Архангай аймгийн Хашаат сумын нутаг дэвсгэрт явж байтал миний зорчиж явсан автомашины жолоочийн эхнэр рүү залгаад гар утсаа хаячихсан байна олоод Ховд аймгаас Улаанбаатар хот орох автобусны жолоочид өгчих гэж хэлсэн...тэгээд миний зорчиж явсан автомашины жолооч зүүн гар тийшээ дохио өгч шууд эргэсэн. Тэгсэн гэнэт тас хийгээд яваад өгсөн.гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 хуу/
Гэрч Д.О ын өгсөн: ...Архангай аймгийн Хашаат сум Номгон баг Их номгон гэх газар оройн 19 цагийн орчим явж байтал бид нарын явж байсан зам дээр замаас чөлөөлж тавьсан автобус байсан. Би уг автомашин урд талд нь зорчиж явсан. Тэгээд автобусны хажуугаар гүйцэт түрүүлэх гээд өнгөрөх үед автобуснаас зорчигч нар нь бууцгаасан байсан бөгөөд би тэр хүмүүс рүү анхаарлаа хандуулаад явах үед автобусны урд талаас гэнэт зүүн гар тийшээ огцом эргэж автомашин гарч ирсэн. Тэгээд уг автомашинтай мөргөлдсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 хуу/
Гэрч Д.А ийн өгсөн: ...би 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгаас Улаанбаатар хот орох гээд Архангай аймгийн Хашаат сум Номгон баг Их номгон гэх газар оройн 19 цагийн орчим явж байтал бид нарын явж байсан зам дээр замаас чөлөөлж тавьсан автобус байсан бөгөөд уг автобусны урд талаас гэнэт зүүн гар тийшээ огцом эргэж автомашин гарч ирсэн. Тэгээд уг автомашинтай мөргөлдсөн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 хуу/
Гэрч Ц.Б ийн өгсөн: ...Баянхонгор аймаг орчихоод эргээд Улаанбаатар хот орох гээд Архангай аймгийн Хашаат сум, Номгон баг Их номгон гэх газар 19 цагийн орчим явж байтал замын зам дээр урд зогсож байсан автобусны урдаас гэнэт машин зүүн гар тийшээ огцом эргэж тормоз гишгэхийн завгүй улмаар уг автомашинтай мөргөлдсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 хуу/, хохирогч нарыг биед хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 271 дугаар, 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 270 дугаартай дүгнэлтүүдээр дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Т.О нь 01-10 УБН улсын дугаартай Лексүс 570 маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Д.Б, Р.Р нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Аймгийн Прокурорын газраас Т.О ын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд Т.О ын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Яллагдагч болон хохирогч нараас хялбаршуулан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч хүлээн зөвшөөрч /хх-ийн 228 хуу, 224-226 хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Хохирогч Д.Б, Р.Р нар нь мэдүүлэг өгөхдөө болон хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт байхгүй” гэсэн, яллагдагчтай эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлт гаргасан /хх-ийн 217-218 хуу, 225-226 хуу/, хохирогч Р.Ренчиндуламд хохирол төлсөн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 181-182 хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Т.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Т.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8,9 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Т-н О ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О нь торгох ялын 450.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр 150.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Онь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.О т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ