Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2026

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 3 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2016/02026

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 3-р хороо, 115-р байрны 1 тоот, “Ти энд Ди Си” ХХК-ний нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15-р хороо, Рапид харш хороолол, 26-р байрны 18 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ТЗ77091964, Морьтон овогт Лодонгийн Долгорсүрэнд холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 19 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Даваасүрэн, хариуцагч Л.Долгорсүрэн, гэрч Т.Ариунцэцэг, Д.Байгалмаа, М.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвасүрэн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Даваасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 02-р сарын 26-ны өдөр Ти энд Ди Си ХХК-ийн захирлаар томилогдсон. Компани 2008 онд байгуулагдсан, 2 хувь эзэмшигчтэй юм. Ажил авснаас хойш компаний тайлан тооцоог шалгаж үзэхэд өмнөх захирал Л.Долгорсүрэн нь 2012-2013 онд зуучлалын гэрээ байгуулж, хүн тус бүрээс 1 000 000 төгрөгөөс 2 000 000 төгрөг авсан байна. Миний бие компаний үйл ажиллагааг шилжүүлж авсны хувьд 2012 онд явсан 5 хүний төлбөр болох 21 500 000 төгрөгийг төлж барагдуулсан. Гэвч дахин барьцаа төлбөрөө шаардсан хүмүүс ирж байгаа тул барьцааны нийт дүн 19 500 000 төгрөгийг Л.Долгорсүрэнгээс гаргуулж өгнө үү. Компаний хуульд зааснаар захирал буруутай үйл ажиллагаа явуулсан бол буруутай этгээдийн хөрөнгөөс хариуцна гэж заасан байна. Барьцааны мөнгийг тусгай дансанд байршуулах ёстой байтал хууль бусаар зарцуулсан байна. Иймд Л.Долгорсүрэнгээс 19 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Л.Долгорсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Л.Даваасүрэнгээс Ти энд Ди Си ХХК-ийг 2008 онд хүлээж авсан. Ти энд Ди СИ ХХК нь 2 хувь эзэмшигчтэй, 50 хувийг миний бие эзэмшдэг байсан бөгөөд 2015 он хүртэл тус компаний ерөнхий захирлаар ажилласан. Л.Даваасүрэн нь тухайн үед компанийг үүсгэн байгуулсан гэдэг шалтгаанаар компаний мөнгөнөөс хүүхдийнхээ сургалтын төлбөр, мөнгө хэрэгтэй байна гэх зэргээр байнга авдаг байсан. Л.Даваасүрэн компанийг өөрийн эзэмшилд шилжүүлэх санал гаргахад нь би хүлээж аваагүй. Тэгсэн өдөр бүр компаний үйл ажиллагаанд оролцож эхэлсэн. Ти энд Ди Си ХХК нь 2 ажилтантай ба 2015 оны 02 дугаар сард яг л 2 захиралтай мэт байдалтай байсан тул бэлэглэлийн гэрээгээр 50 хувийн хувьцааг шилжүүлсэн. Миний бие байгууллагын бичиг баримт, 9 хүний барьцааны гэрээтэй хамт өгсөн. Ти энд Ди Си ХХК үүргийнхээ дагуу төлбөрийг барагдуулах ёстой. Миний бие хувьдаа зарцуулсан мөнгө байхгүй, Л.Даваасүрэн 2008 онд компанийг шилжүүлж өгөхдөө ч акт үйлдээгүй, их хэмжээний өртэй компанийг хүлээж авсан. Гэхдээ бүх өрийг барагдуулсан. Япон улсад зуучлалын гэрээгээр явсан 9 хүүхдээс Даваа-Очир нь оргосон тул барьцааны мөнгийг японы талд шилжүүлсэн. Бусад барьцааны мөнгө компаний үйл ажиллагаанд зарцуулагдсан, компани хариуцаж төлөх ёстой, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд, гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ти энд Ди Си” ХХК нь Л.Долгорсүрэнд холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 19 500 000 төгрөг гаргуулахыг  хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй  болгох үндэстэй гэж дүгнэлээ.

 

“Ти энд Ди Си “ХХК нь 2004 оны 4-р сарын 22-ны өдөр 2 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдаж, худалдааны зуучлалын чиглэлээр, мөн Япон улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн /хх 4-5/ үндсэн дээр явуулдаг байна.

 

Тус компаний захирлаар 2008 оноос Л.Долгорсүрэн ажиллаж 2012 оны 10-р сарын 12-нд хувь нийлүүлэгчээр нэмэгдэж, үүсгэн байгуулагчийн тоо 2, 2015 оны 02-р сарын 26-нд Л.Даваасүрэн хувь нийлүүлэгчээр нэмэгдэж, үүсгэн байгуулагчийн тоо 2 болж өөрчлөгдсөн бүртгэл улсын бүртгэлд /хх 4/ бүртгэгджээ.

 

Л.Долгорсүрэн нь захирлаар ажиллаж байхдаа 2013-2014 онд компаний зуучлалаар Япон улсад гэрээгээр явсан О.Мөнгөнхуяг нарын 9 иргэний барьцаагаар шилжүүлсэн 19 500 000 төгрөгийг хүлээлгэж өгөөгүй гэж нэхэмжлэгч маргасан бол, хариуцагч “мөнгийг компаний үйл ажиллагаанд зарцуулсан, Даваасүрэн компаниас мөнгө авч байсан” гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзжээ. 

 

“Ти энд Ди Си” ХХК нь О.Мөнгөнхуягтай 2013 оны 01-р сарын 22-ны өдөр “Япон улсад хийлгэх үйлдвэрлэлийн дадлагажигчаар ажиллуулах 3 талт гэрээ” байгуулж, 3 жилийн хугацаатай Япон улсад ажиллахаар тохирч, гэрээний 5.2.1.7 дахь хэсэгт “ ...дадлагажигч нь 1 000 000 төгрөгийг хадгалуулах, уг мөнгийг гэрээг цуцлан нутаг буцах, үүнд  өөрийн хүсэлтээр үндсэн болон энэ гэрээг цуцлах, эрүүл мэндийн байдал, зөрчил гаргаж цаашид ажиллах боломжгүй болох, ар гэрийн гачигдал, ажлын байрнаас оргох зэрэг тохиолдолд түүний замын болон бусад зардалд зарцуулах, гэрээт хугацааг амжилттай дуусгаж ирсэн тохиолдолд 100 хувь буцааж өгөхөөр / хх 6-8/ тохирчээ.

 

Дээрх нөхцөлөөр Ч.Баянбаттай 2012 оны 08-р сарын 29-ний өдөр гэрээ хийж 2 500 000 төгрөг, Д.Ламжавтай 2013 оны 01-р сарын 22-ны өдөр гэрээ хийж 2 500 000 төгрөг, Ч.Энхтайвантай 2013 оны 01-р сарын 25-ны өдөр гэрээ хийж 2 500 000 төгрөг, М.Эрдэнэдагватай 2013 оны 10-р сарын 02-ны өдөр гэрээ хийж 2 500 000 төгрөг, Б.Бат-Эрдэнэтэй 2013 оны 10-р сарын 02-ны өдөр гэрээ хийж 2 500 000 төгрөг Б.Өлзийбаяртай 2013 оны 04-р сарын 03-ны өдөр гэрээ хийж 2 500 000 төгрөг, Б.Наранбаатартай 2013 оны 12-р сарын 03-ны өдөр гэрээ хийж 1 000 000 төгрөг, Л.Даваа-Очиртой 2014 оны 04-р сарын 03-ны өдөр гэрээ хийж 2 500 000 төгрөг нийт 19 500 000 төгрөгийг компанид шилжүүлсэн нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан /хх 6-34/ гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

 

Харин гэрээгээр ажиллагсадаас Л.Даваа-Очир нь 2014 оны 9-р сард ажлын байрнаасаа оргосон, түүнтэй холбоотой зардалд 195 319 иенийг 201 оны 12-р сарын 10-ны өдөр Ти энд Ди Си ХХК нь японы талд баримтаар /хх 46, 47/ шилжүүлсэн, өөрөөр хэлбэл, барьцаанд үлдээсэн гэх  2 500 000 төгрөгийг гэрээний дагуу зарцуулсан, энэ талаар гэрч Т.Ариунцэцэг, Д.Байгалмаа, М.Баяржаргал нар мэдүүлсэн байна.

 

Нөгөө талаар, Л.Долгорсүрэн нь 2012 оны 10-р сарын 12-ноос 2015 оны 02-р сарын 26-ныг хүртэл тухайн компаний хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчаар бүртгэгдсэн, компаний үйл ажиллагааг эрхлэн явуулж байх хугацаанд Л.Даваасүрэн нь хувьцаа эзэмшигч биш атлаа өөрийн хувийн хэрэгцээнд болон хүүхдийнхээ сургалтын төлбөрт 2013 оны 9-р сарын 3-нд 3000 доллар буюу тухайн үеийн ханш 1 644.15 төгрөгөөр тооцвол 4 932 450 төгрөг, 2014 оны 5-р сарын 24-нд 3700 доллар буюу тухайн үеийн ханш 1825.14 төгрөгөөр тооцвол 6 753 018 төгрөг, 2014 оны 3-р сарын 4-нд 1 000 000 төгрөг, 2014 оны 12-р сарын 12-нд 300 000 төгрөг, 2014 оны 12-р сарын 19-нд 200 000 төгрөг, 2015 оны 1-р сарын 16-нд 100 000 төгрөг, 2015 оны 2-р сарын 27-нд 500 000 төгрөгийг, 2013 оны 2-р сарын 19-нд 200 000 төгрөг, 2014 оны 3-р сарын 14-нд 1 400 000 төгрөг, 5-р сарын 13-нд 1 200 000 төгрөг, 8-р сарын 22-нд 1000 000 төгрөг, 9-р сарын 1-нд 1 000 000 төгрөг, 9-р сарын 3-нд  1000 000 төгрөг, 9-р сарын 15-нд 500 000 төгрөг, 2015 оны 1-р сарын 15-нд 200 000 төгрөг зэргээр нийт 19 985 468 төгрөгийг шилжүүлэн авсан нь ХААН банкны дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримтуудаар /хх 43-57, 60-69/ тус тус тогтоогджээ.

 

Үүнээс дүгнэвэл, Л.Долгорсүрэн нь 19 500 000 төгрөгийг хувьдаа ашиглаж хохирол учруулсан нь баримтаар нотлогдоогүй, харин компаний үйл ажиллагаанд зориулалтын дагуу зарцуулаагүй, тухайн үед компаний үйл ажиллагааг эрхлэн явуулах эрхгүй этгээдэд мөнгө шилжүүлэх байдлаар зарцуулж байсан нь буруу, эдгээр баримтыг няцаасан тайлбар, татгалзлыг нэхэмжлэгч гаргаагүй байна.  

 

Хэргийн 78-105 дахь талд авагдсан гэрээний талаар талууд маргаагүй, 106-121, 131-135 дахь талд авагдсан зээлийн гэрээ нь энэ нэхэмжлэлийн шаардлага, татгалзалтай хамааралгүй баримтууд байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Лодойгийн Долгорсүрэнгээс 19 500 000 /арван есөн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн “Ти энд Ди Си” ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255 450 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээсүгэй.  

 

Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

               

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Р.АЛТАНТУЯА