Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2025/01448

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч М.Баясгалан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/03838 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******-д холбогдох,

Гэрээний үүрэгт 191,459,805 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Манай компани 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр *******-тай 22/20 дугаартай гэрээ байгуулж, тус гэрээний үлдэгдэл төлбөр 294,639,805 төгрөг, 34.5 тн арматурын төлбөр 96,600,000 төгрөг, нийт 391,239,805 төгрөгийн үлдэгдэл байсан. Үүнээс 2,967 м.куб бетон зуурмаг 148,350,000 төгрөг, 120 тууш метр өрөмдлөгийн ажлын хөлс 45,000,000 төгрөг, хайрганы төлбөр /5,10/ 3,100,000 төгрөг, хайрганы төлбөр /10,20/ 3,330,000 төгрөг, нийт 199,780,000 төгрөгийн бараа болон ажлын хөлсийг хасаж тооцвол 191,459,805 төгрөгийг одоо хүртэл хариуцагч төлөөгүй. Иймд гэрээний хохиролд хариуцагчаас 191,459,805 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 22/20 дугаартай гэрээ байгуулсан. Үлдэгдэл төлбөр болох 391,239,805 төгрөгийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд дор дурдсан ажлын хөлс болон бараа материалын төлбөрийг хасаж тооцвол: 3,093 м.куб бетон зуурмаг 154,650,000 төгрөг, 120 тууш метр өрөмдлөгийн ажлын хөлс 45,000,000 төгрөг, хайрганы төлбөр /5,10/ 3,100,000 төгрөг, хайрганы төлбөр /10,20/ 3,330,000 төгрөг, гэрээний 6-д заасан хашааны үлдэгдэл ажлын төлбөр 30,000,000 төгрөг, уг ажлыг дуусгаж хүлээлгэн өгсөн. Libherr 944 экскаваторын 2021 оны 11 дүгээр сарын үлдэгдэл түрээс 50,000,000 төгрөг, менежер гийн нэр дээр гэрээ хийж түрээсэлсэн, гүүрний материал хүлээлгэн өгсөн төлбөр 50,576,000 төгрөг, *******-ийн зам хариуцсан захирал *******тэй тохиролцсон, 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдөр М450 маркийн бетон 27м.куб*520,000=14,040,000 төгрөг, уг бетоныг тухайн үед хотоос томилогдсон төслийн менежер хүлээн авсан. *******-ийн гүйцэтгэх захирал *******, *******-ийн захирал *******тэй өөрөө ярьсан. Дээрх ажлын хөлс, бараа материалын төлбөрийг хасан тооцож *******-д 40,543,805 төгрөгийн өглөгтэй байгааг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 185,159,805 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс 6,300,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,115,250 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 1,083,749 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээр хангаагүй, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул хариуцагчийн зүгээс дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Хариуцагч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг тайлбарлан шүүхэд хариу тайлбар гаргасан бөгөөд энэхүү хариу тайлбартайгаа холбогдуулан нотлох баримт цуглуулах тухай хүсэлтийг шүүхэд удаа дараа гаргасан. Тухайлбал, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр *******, ******* болон гэх хүмүүс 2021-2022 онд нэхэмжлэгч *******-д ажилладаг байсан эсэх тодорхойлолт болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг нэхэмжлэгч *******-аас гаргуулах, мөн 2021-2022 оны хугацаанд хамаарах *******-ийн ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөлт лавлагааг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс тус тус гаргуулах хүсэлтийг гаргасан.

Учир нь хариуцагч ******* нь 50,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий гүүрний материал /50,000,000 төгрөг харилцан тооцож шилжүүлсэн/-ыг нэхэмжлэгч *******-д шилжүүлэн өгсөн /тус компанийн ажилтан *******, ******* гэх хүмүүст хүлээлгэн өгсөн/ байдаг ба дээрх баримт, тайлбарыг хариуцагчийн зүгээс шүүхэд нотлох баримтаар хүргүүлсэн.

Мөн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр -ийн үйлдвэр хариуцсан дарга *******оос гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хүсэлтийг гаргасан. Учир нь *******-ийн хамаарал бүхий хуулийн этгээд болох -аас 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдөр М450 маркийн 14,040,000 төгрөгийн үнийн дүн бүхий 27 м.куб бетон зуурмагийг Хэнтий аймагт *******-ийн менежер т хүлээлгэн өгсөн бөгөөд дээрх бетон зуурмагийн үнийг *******-ийн тооцооноос хасч тооцохоор тохиролцсон.

4.2. Хариуцагч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №22/20 тоот гэрээний 6-д заасан хашааны ажлыг бүрэн дуусгаж, хийж гүйцэтгэсэн тул 30,000,000 төгрөгийг, мөн нэхэмжлэгч нь гийн эзэмшлийн Libherr 944 экскаваторыг үйл ажиллагаандаа түрээслэн ашигласан атлаа дээрх төлбөрийг хасч нэхэмжлээгүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжөөд байна. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь хариуцагчийн хариу тайлбарт дурдсан дээрх үйл баримтыг няцаасан тайлбар, баримт гаргаагүй атал анхан шатны шүүх дээрх 80,000,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч шийдвэрлээгүй нь үндэслэлгүй.

4.3. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан давхацсан буюу хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болсон /Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 2 шүүх хуралдаан давхацсан/ тул шүүх хуралдаан давхацсан болохоо нотолсон баримтын хамт шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хүргүүлсэн боловч шүүх хариуцагчийн өмгөөлөгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй хэмээн дүгнэсэн хууль зүйн үндэслэлгүй байна. Үүний улмаас мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх, нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах, үнэлүүлэх боломжгүй болсон юм.

4.4. Тухайн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д тус тус заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Учир нь нэхэмжлэлийн үндэслэл болоод буй 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн гэрээг байгуулах үед *******-ийг Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.8 дахь хэсэгт тус тус заасны дагуу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь тус гэрээг байгуулсан ******* байгаагүй болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн гэрээ байгуулагдах цаг хугацаанд *******-ийн гүйцэтгэх захирлаар гэх этгээд ажиллаж байсан тул ******* нь нэхэмжлэгчийн төлөөлөн тухайн гэрээг байгуулах эрхгүй этгээд юм.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл болоод буй дээрх гэрээ нь хүчин төгөлдөр эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх ба дээрх үйл баримтыг дүгнэлгүй орхигдуулсан байна. Хариуцагч тал шүүх хуралдаанд биечлэн оролцож чадаагүй тул дээрх үйл баримтын талаар мэтгэлцэх, нотлох баримт цуглуулах боломжгүй болсон юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Талууд харилцан тооцоо нийлж 41,000,000 төгрөгийг хассан. Гэрээ байгуулах эрхгүй этгээд гэрээ байгуулсан, нэхэмжлэгч компанийн захирал гэх хүн байсан байхад гэрээг ******* гэх хүн байгуулсан гэх гомдлын тухайд 2022 онд манай компанийн гүйцэтгэх захирал солигдсон. гэх хүн нь ажлаас гарсан. Мөн 2022 оны 07 дугаар сараас эхэлж манай компанийн санхүүгийн зүгээс тооцоо нийлье гэж хариуцагч компанид удаа дараа хэлсэн боловч нэг ч удаа тооцоо нийлээгүй. Тиймээс манайх эцсийн байдлаар өөрсдөө 50,000 төгрөгөөр бетон зууруулсан, хайрга авсан, гүүрний шон суурийг 2022 онд 45,000,000 төгрөгөөр өрөмдсөн гэх зэрэг бүх төлбөрүүдийг бид хасаж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. 50,000,000 төгрөгийн материалыг хүлээж авсан тохиолдолд бид акт үйлдэх ёстой. Экскаваторын түрээсийн 50,000,000 төгрөг нь 2021 онд 41,000,000 төгрөг гэх зэргээр хасагдсан байтал дахин ярьж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагчийн өмгөөлөгч ******* нь анхан шатны шүүх хуралдаанд 2 удаа ирээгүй. Хамгийн сүүлийн шүүх хуралдаанаар 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчтэй ярьж байгаад шүүх хуралдаан болох өдрийг товлосон гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан гэрээний үүрэгт 191,459,805 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэлээс 40,543,805 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

2. Анхан шатны шүүх, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байх ба мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

3. ******* болон *******-ийн хооронд байгуулсан 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 22/20 дугаартай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 21/95 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-нд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнээс үзэхэд, ******* нь Хэнтий аймгийн Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төслийн Аэродромын ажил-ын перон, чулуун бэхэлгээ, модон шонтой торон хашаа, буулгах, хуучин төмөр шонтой торон хашааг зөөж байрлуулах ажлыг гүйцэтгэх, ******* нь 170,500,000 төгрөг төлөхөөр талууд харилцан тохиролцжээ. /хх6/

 

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар шүүх зөв дүгнэжээ.

 

4.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ 2021 онд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийг дүгнэж, 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр өмнө хийгдсэн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулсан. Өмнөх гэрээний үлдэгдэл 294,639,805 төгрөг, 34,5 тн арматурын төлбөр 96,600,000 төгрөг, нийт 391,239,805 төгрөг байгаа. Үүнээс бараа болон ажлын хөлсөнд 2,967 м.куб бетон зуурмаг 148,350,000 төгрөг, 120 тууш метр өрөмдлөгийн ажлын хөлс 45,000,000 төгрөг, хайрганы төлбөр /5,10/ 3,100,000 төгрөг, хайрганы төлбөр /10,20/ 3,330,000 төгрөг, нийт 199,780,000 төгрөгийг хасаж тооцон 191,459,805 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлажээ.

 

4.2. Харин, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ *******-тай 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гэрээ байгуулсан. Үлдэгдэл төлбөр 391,239,805 төгрөгийг зөвшөөрч байгаа бөгөөд 3,093 м.куб бетон зуурмаг 154,650,000 төгрөг, 120 тууш метр өрөмдлөгийн ажлын хөлс 45,000,000 төгрөг, хайрга/5,10/ 3,100,000 төгрөг, хайрга/10,20/ 3,330,000 төгрөг, хашааны ажлын үлдэгдэл 30,000,000 төгрөг, Libherr 944 экскаваторын 2021 оны 11 сарын үлдэгдэл түрээс 50,000,000 төгрөг, гүүрний материал 50,576,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр М450 маркийн 27 м.куб бетон 14,040,000 төгрөгийг хасаж тооцон 40,543,805 төгрөг төлнө гэжээ.

 

4.3. Талууд 391,239,805 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй, үүнээс 120 тууш метр өрөмдлөгийн ажлын хөлс 45,000,000 төгрөг, 2 төрлийн хайрганы төлбөр 6,430,000 төгрөг /3,100,000+3,330,000/-ийг хасч тооцох талаар маргаагүй. Мөн талуудын хэн алины тайлбарт дурдагдсан бетон зуурмагийн хэмжээг нэхэмжлэгч нь 2,967 м.куб гэж, хариуцагч нь 3,093 м.куб гэж зөрүүтэй тайлбарлан мэтгэлцсэн ч хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч зөвшөөрсөн агуулгаар шүүх дүгнэж нэхэмжлэлийн шаардлагаас 6,300,000 төгрөгийг хасч тооцон шийдвэрлэсэн, үүнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

 

4.4. Гэрээний 8-д *******-ийн өр төлбөр болох 487,704,805 төгрөгөөс хашаа, хаалганы 70%-ийн гүйцэтгэл болох 70,000,000 төгрөг, пероны ажлын 19,500,000 төгрөг, чулуун бэхэлгээний 60,000,000 төгрөг, экскаваторын 43,565,000 төгрөг тус бүрийг хасаж нийт 294,639,805 төгрөгийн өр үлдсэн гэж тусгаснаас үзвэл, хариуцагчийн маргаж буй хашааны ажлын төлбөр, экскаваторын түрээсийн төлбөрийн асуудлаар талууд тооцоо нийлсэн байх тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

4.5. Мөн гүүрний материал 50,576,000 төгрөг, 27 м.куб бетон 14,040,000 төгрөгтэй холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй тул анхан шатны шүүх хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж зөв дүгнэсэн. Хариуцагч талаас тайлбартаа хавсарган ирүүлсэн хэргийн 30-44 дүгээр талд авагдсан баримтууд нь дээрх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул үнэлэх боломжгүй юм.

 

Иймд, хариуцагч *******-аас 185,159,805 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, илүү нэхэмжилсэн 6,300,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

5. Хариуцагчийн гаргасан өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхийг хангаагүй гэх гомдлыг хангахгүй.

 

5.1. Хариуцагч талаас 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасныг мөн өдрийн шүүгчийн 192/ШЗ2025/08478 дугаар захирамжаар, /хх50-51/

2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талаас өмгөөлөгч хурал давхацсан үндэслэлээр өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасныг мөн өдрийн шүүгчийн 192/ШЗ2025/09837 дугаар захирамжаар, /хх55-56/,

2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг мөн өдрийн шүүгчийн 192/ШЗ2025/12152 дугаар захирамжаар/хх64-65/,

2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг мөн өдрийн шүүгчийн192/ШЗ2025/17410 дугаар захирамжаар/хх72-73/ тус тус хангаж шийдвэрлэсэн байна.

 

5.2. Харин, 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөр огноотой, шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах болон нотлох баримт гаргуулах хүсэлтийг хариуцагчийн өмгөөлөгчөөс ирүүлснийг хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаан давхацсан шалтгаанаар шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг ирүүлсэн боловч тус шүүх хуралдаан нь давхацсан гэх шүүх хуралдаанаас өмнө товлогдсон байх тул хүсэлтийг хангахгүй орхисон байна. /хх88-89/

Иймд шүүх хариуцагч талыг өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох мэтгэлцэх эрхийг хангаж шүүх хуралдааныг өмнө нь 4 удаа хойшлуулсан байх тул хариуцагч талын өмгөөлүүлэх, шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх эрхийг хангаагүй гэж үзэхгүй тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

 

6. Хариуцагч талаас, шүүхэд гаргасан хариу тайлбартайгаа холбогдуулан нотлох баримт цуглуулах тухай хүсэлтийг удаа дараа гаргасан. Тухайлбал, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр *******, ******* болон гэх хүмүүс 2021-2022 онд нэхэмжлэгч *******-д ажилладаг эсэх тодорхойлолт болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг нэхэмжлэгчээс гаргуулах, мөн 2021-2022 оны хугацаанд хамаарах *******-ийн ажилчдын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс тус тус гаргуулах хүсэлт гаргасан гэж давж заалдах гомдолдоо дурджээ.

 

6.1. Гэтэл 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ******* хаягаар ирүүлсэн хүсэлтэд ... шүүх хуралдаан хойшлуулах болон нотлох баримт гаргуулах хүсэлтийг тус тус хавсралтаар хүргүүлж байна гэсэн байх ба шүүх хуралдаан хойшлуулах тухай өмгөөлөгч *******ын хүсэлт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн мэдэгдэх хуудсыг хавсаргасан байна./хх61-63/

Харин, уг хүсэлттэй хамт түүний гомдолд дурдсан нотлох баримт гаргуулах хүсэлт ирээгүй байна.

 

6.2. Түүнчлэн, хариуцагчийн өмгөөлөгчөөс 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн огноотой *******, ******* болон гэх хүмүүс 2021-2022 онд нэхэмжлэгч *******-д ажилладаг эсэх тодорхойлолт болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг нэхэмжлэгчээс гаргуулах, мөн 2021-2022 оны хугацаанд хамаарах *******-ийн ажилчдын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс тус тус гаргуулах, -ийн үйлдвэр хариуцсан дарга гийн оос гэрчийн мэдүүлэг авхуулах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

 

6.3. Шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 192/ШЗ2025/21020 дугаар захирамжаар нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан гэж үзэн хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт нийцсэн тул энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

 

6.4. Дээрхээс үзэхэд хариуцагч тал нэхэмжлэлийн хувийг 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гардаж авснаас хойш нотлох баримтаа гаргаж өгөх, нотлох баримтаа шүүхийн журмаар бүрдүүлэх хүсэлтээ гаргах хангалттай хугацаа өнгөрсөн байх ба нэхэмжлэгчийн эрхээ хэрэгжүүлэхийг шүүхээс хязгаарласан, эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

7. Хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 14 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны мэдэгдэх хуудастай 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр танилцаж гарын үсэг зурсан байх боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч талыг байцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/03838 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,083,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ