Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2025/01404

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/04158 дугаар шийдвэртэй

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох

 

Тээвэрлэлтийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохиролд 47,651,592 төгрөг гаргуулах тухай үндсэн,

Тээвэрлэлтийн явцад гарсан зардал, алдангийн хамт 4,705,520 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Манай компани нь ******* ХХК-аас өндөр 40 тонн контейнерт багтах барааг хүлээн авсны дараа барааны төлбөрөө төлөхөөр тохиролцсон. Үүний дагуу ******* ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК-аас 40 тонны контейнерт багтах барааг Улаанбаатар хотод хүргүүлэхээр тохирч, гэрээний төлбөрөө төлсөн. Гэвч хариуцагч нь ******* ХХК-аас барааг хүлээн авахдаа өндөр 40 тонны багтаамжтай контейнероор барааг ачиж хүлээж авах гэрээтэй байсан боловч манай байгууллагад мэдэгдэлгүйгээр ачааны машинаар барааг хүлээн авсан байдаг.

Манай барааг контейнерт шилжүүлэн ачиж зарим бараа нь багтахгүй гэх шалтгааны улмаас Улаанбаатарт ирүүлээгүй. Учир нь хариуцагч ачааны машинаар ачсан бараагаа контейнерт багтана гэж буруу тооцоолсны улмаас манай байгууллага ******* ХХК-д хариуцагч талын илүү авсан барааны төлбөрт 13,393 ам доллар, 9 830 лира төлж, тус бараа нь контейнерт багтахгүй гэх шалтгааны улмаас тээвэрлэгдэх боломжгүй болсон. Ачигдаагүй үлдсэн барааг тээвэрлэж өгөхийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч үүргээ биелүүлээгүй. Үүнээс болж захиалагч нар манай компанийг хугацаа хэтрүүлсэн гэх шалтгааны улмаас захиалгаа цуцалсан. Хариуцагч ******* ХХК-аас удаа дараа илүү авсан барааны төлбөрийг төлөхийг шаардсан боловч үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрсэн. Тус үлдсэн бараа одоо ******* ХХК-ийн эзэмшилд байдаг.

Иймд хариуцагч ******* ХХК нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй тул ачигдаагүй үлдсэн барааны үнэ 13,393 ам.доллар, 9,830 лира буюу 47,651,592 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Манай компани нь ******* ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, гэрээгээр 40 тонн контейнер ачаа барааг тээвэрлэн нэхэмжлэгчид хүлээлгэн өгснөөр гэрээний үүргээ биелүүлсэн. Тодруулбал, 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр чингэлэг орж ирээд ачааг ачиж тухайн үеийн зургийг хавтаст хэрэгт хавсаргасан. Ачаа бараа эмх замбараагүй шуудайлсан, стандарт бус байсан. Илгээгч талаасаа ачааг авч явсан талаар захиалагч талдаа мэдэгдсэн. Ачаанаас 10 боодол ачаа илүү гарсан тул хэрэглэгчтэй холбогдоод асуудлаа шийдэх талаар Туркийн компанид хэлсэн. Бид ачаагаа тээвэрлээд Оросын хил дээр очиход хяналт шалгалтаар орсон шалтгааныг манай гадаад агентлаг тээврийн машины тонны зөрүүгээс болсон гэж тайлбарласан. Тиймээс 10 гаруй хоног саатсан, зөрчлийн акт дээр гэр ахуйн бараа, хөнжил, гудас, дэвсгэр гэсэн байхад халаад гэж, мөн тавилга, мебель, каталог бүхий зүйл зөрчилтэй гарсан гэж бичигдсэн.

Бид ачаан дортор ямар бараа байгааг мэдэхгүй, чингэлгийн гаднах хаалга дээр бүх тэмдэглэл стандартаар байж байдаг. 40 тонны контейнер нь 70 метр куб хүртэл ачих боломжтой бөгөөд захиалагч 67 метр кубийн захиалга өгсөн. Куб метр нь эзлэхүүн, энэ эзлэхүүний ачаа барааны савлагаатай маш холбоотой. Чингэлгийн бараа бүтээгдэхүүний тухай мэдээлэл аль боомтоос аль боомт руу авах, өндөр 40 тонны чингэлэг гэж тодорхой бичсэн. Монгол улсад ирэхэд ОХУ дээр хяналт орсон тул заавал дахин хяналт оруулна гээд хяналт орсон. Нэхэмжлэгч нь контейнер задлахад дээрээ зайтай байсан гэж ярьдаг. Гэтэл нимгэн хайрцаг, шуудай учраас доошоо сууж зай гардаг. Бид 40 тонн чингэлгээгээр нэг удаагийн захиалгаар тээвэрлэлт хийсэн, дахин захиалга өгөх бол Турк улсаас тээврийн хүснэгт явуулаад ачааг аваад ирье гэхэд та нар авчирах ёстой гэсэн.

Иймд манай компаниас гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

3.1. Тус компани нь ******* ХХК-тай 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу Турк улсаас өндөр 40 тонн чингэлгээр ор хөнжлийн даавуу, гэр ахуйн барааг тээвэрлэн захиалагчид хүлээлгэн өгсөн. Тухайн тээврийн явцад захиалагч болон илгээгч нар бараа бүтээгдэхүүний бичиг баримтад заагаагүй барааг илгээсэн, алдаатай бичиг баримт дагалдуулан явуулсны улмаас ОХУ-ын Новороссийск боомтод гаалийн хяналт шалгалтаар орж хяналт шалгалтын 445 долларын буюу 1,394,630 төгрөгийн төлбөр гарсан. Мөн ачаа Улаанбаатар хотод дахин гаалийн хяналт шалгалтаар орсон бөгөөд вагон ашиглалт болон талбайн төлбөр 488,785 төгрөг гарсан. Уг төлбөрийг манай компани төлсөн тул нэмэлтээр гарсан 1,883,415 төгрөгийн зардлыг нэхэмжлэгчээс төлөхийг удаа дараа шаардахад төлөөгүй. Талуудын байгуулсан гэрээний 3.3-т заасны дагуу төлөгдөөгүй мөнгөн дүнд 0.5 хувиар алданги тооцоход 941,707 төгрөг болсон.

3.2. Тухайн ачаа Новороссийск боомтод гаалийн хяналтад орж боомтод ачааг 19 хоног хадгалснаас 5 хоног үнэгүй, 14 хоногийн 600 ам.доллар буюу 1,880,400 төгрөгийн төлбөр гарсан. Манай компани гадаад тээврийн компанийн долларын төлбөрийг Нави стар транс ХХК-ийн нэхэмжлэхэд заасан буюу тухайн үеийн 1 долларын ханшийг 3,134 төгрөгөөр тооцож долларын төлбөрийг төлсөн. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 1,880,400 төгрөгөөр нэмэгдүүлж байна.

Иймд нэхэмжлэгч ******* ХХК-аас тээвэрлэлтийн явцад гарсан зардал 3,763,813 төгрөг, алданги 941,707 төгрөг, нийт 4,705,520 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн татгалзал, тайлбарын агуулга:

Хяналт шалгалт, хадгалалтын асуудлууд манай компанийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй бөгөөд тээвэрлэгч ******* ХХК-ийн үйл ажиллагаанаас шалтгаалсан гэж үзэх үндэслэлтэй. Гэрээний дагуу тээвэрлэлтийн явцад тээвэрлэгчийн шууд буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарсан хохирлыг манай компани хариуцахгүй байхаар тохирсон. Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.3-т зуучлагчийн нэхэмжилсэн тээврийн зардлыг энэхүү гэрээний 3.1-д заасан хугацаанд төлөх ба заасан хугацаанд төлөгдөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд төлбөр зохих мөнгөн дүнгийн 0,5 хувиар зуучлагчид алданги төлнө гэж заасан.

Энэ нь зөвхөн тээврийн үнийн дүн болон 9,750 ам.долларыг төлсөн, төлөөгүйтэй холбоотой алдангийн зохицуулалт байдаг. Өөрөөр хэлбэл, бид тохирсон тээвэрлэлтийн хөлсийг төлөөгүй тохиолдолд алданги төлөх агуулгатай зохицуулалт юм. Гэтэл хариуцагч нь хил гааль, боомтод хяналт шалгалтад орсон төлбөр болон тээврийн зардал, хадгалалтын зардлууд буюу манай компанид хамааралгүй зардлуудыг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй.

Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 393 дугаар зүйлийн 393.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-аас 4,942,025 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 42,709,567 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,  хариуцагч ******* ХХК-ийн нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдуулан гаргасан 4,705,520 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 396,208 төгрөг, хариуцагчийн төлсөн 105,193 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас  улсын тэмдэгтийн хураамжид 94,022 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1. Хариуцагч компани нь нийлүүлэгч ******* ХХК-аас манай компанийн захиалсан 278 боодол ачааг ямар нэгэн саадгүй хүлээж аваад өөрсдийн агуулах руу ачиж явсан атлаа Монгол улс руу тээвэрлэхдээ Турк улс дахь өөрсдийн эзэмшлийн агуулахад 10 боодол ачааг үлдээж, 268 боодол ачааг тээвэрлэн манай компанид хүлээлгэж өгсөн үйл баримтад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн. Тодруулбал, талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хариуцагч нь манай компанийн захиалгын дагуу нийт 278 боодол ачааг тээвэрлэн хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй, 10 боодол ачааг өөрсдийн эзэмшлийн агуулахад авч үлдсэн үйл баримтыг хууль болон гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна гэж зөв дүгнэсэн. Харин нэхэмжпэлийн үнийн дүн болох 47,651,592 төгрөгийг тооцоолж шийдвэрлэхдээ хавтаст хэргийн 63-80 дахь талд авагдсан баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй.

Хэргийн 69-78 дахь талд авагдсан баримтууд нь нийлүүлэгч ******* ХХК-аас манай компанид ирүүлсэн нийт захиалсан барааны тоо хэмжээ, нэр төрөл болон үнийн дүнтэй эх хувь баримтууд байдаг. Мөн 63-68 талд авагдсан баримтууд нь хариуцагч ******* ХХК-ийн гаалийн талбай хариуцсан ажилтан буюу тус хэрэгт гэрчээр оролцсон *******ын хамт нэхэмжлэгч компанийн захирал ******* нь 268 боодол ачаа барааг Монгол улсад ирсэний дараа хүлээлцэхдээ бүх ачааг нээж үзэн тоолж, тэмдэглэл хийсэн баримт юм. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан баримтуудаар нэхэмжлэгчийн захиалсан 278 боодол ачаанд ямар нэр төрөл, тоо хэмжээ, үнийн дүнтэй ачаа бараа байсан талаар болон нэхэмжлэгчид хүлээлгэж өгөхөд ямар тоо хэмжээний ачаа бараа дутуу үлдсэн талаар бодит баримт болохын зэрэгцээ хариуцагч компанийн Турк улс дахь агуулахад үлдсэн 10 боодол ачаанд үлдсэн бараа материалын тоо хэмжээг тодорхойлсон ач холбогдол бүхий баримтууд байсан. Иймд шүүх эдгээр баримтуудад үнэлэлт дүгнэлт хийгээгүй орхигдуулсан явдал нь нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар шийдвэрлэхэд тооцооллын хувьд алдаа гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

6.2. Шүүхийн шийдвэрт үлдсэн 10 боодол бараа нь 1,426.62 ам.долларын үнэлгээтэй бохир жин 392,10 кг, цэвэр жин 388,18 кг болох нь тогтоогдож байна гэж илт үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Учир нь дээрх байдлаар үндэслэлгүй дүгнэлтийг хийхдээ хавтаст хэргийн 106-107 дугаар талд авагдсан INVOICE гэх баримтыг үндэслэсэн. Тус баримтыг хариуцагч тал ачаа нийлүүлэгч ******* ХХК-тай холбогдож нөхөж үйлдээд шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд тухайн баримтыг шүүхийн ажиллагааны явцад нотлох баримтаар өгсөн. Өөрөөр хэлбэл, 2022 онд болж өнгөрсөн үйл явдлаас хойш 2025 он хүртэл 3 жил гаруй хугацаа өнгөрсний дараа тус баримтыг нийлүүлэгчтэй тохиролцон үйлдсэн талаар шүүх анхаараагүй.

Хариуцагч компани нь Турк улс дахь нийлүүлэгч компанитай холбогдож тус баримтыг ярилцан тохиролцож үйлдсэн нь тодорхой байсан ба цаг хугацааны хувьд нийлүүлэгч ******* ХХК нь 2022 онд хариуцагч ******* ХХК-д 278 боодол ачаагаа хүлээлгэж өгөөд явуулсан, үүнээс хойш ачааны талаар юу болсон тухай ямар нэгэн мэдээлэл байхгүй атлаа хариуцагчийн эзэмшлийн Турк улс дахь агуулахад үлдсэн 10 боодол ачаанд гагцхүү ямар нэр төрөл, тоо хэмжээ, жин савлагаатай, үнийн дүнтэй бараа үлдсэн байгаа талаар мэдэх боломжгүй. Тус баримтыг нийлүүлэгч нь хариуцагч компанид нөхөж хийж өгснөөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэхэд ямар сөрөг үр дагавартай болохыг ойлгохгүйн дээр ухамсарлах боломжгүй. Учир нь тус компани Турк улсад үйл ажиллагаа явуулдаг, мөн манай компанийн захиалгын дагуу 278 боодол ачааг хариуцагчид хүлээлгэж өгсөн тул өөрсдийн компанитай холбоотой ямар нэгэн маргаан үүсэхгүй гэдгийг ойлгож байгаа учраас Монгол улсад ямар асуудал болох нь бидэнд хамаагүй гэх байдлаар хандсан байх боломжтой. Тиймээс шүүх цаг хугацаа, логикийн хувьд маш тодорхой зүйлийг анхаарч үзэхгүйгээр INVOICE гэх баримтыг үнэлж хохирлын үнийн дүнг 4,941,025 төгрөг гэж тооцон хариуцагчаас гаргуулж, үлдэх 42,709,567 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлгүй. Тухайлбал, хариуцагч компанийн эзэмшлийн Турк улс дахь агуулахад нэхэмжлэгчийн 10 боодол ачаа болох нийт 47,651,592 төгрөгийн ачаа үлдсэн талаар хариуцагч маргаагүй.

Иймд манай компани тухайн барааг Турк улсад очиж авах боломжгүй, хариуцагч нь манай компанид хүлээлгэн өгөхгүй болохыг харгалзан, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

7.1. ******* ХХК нь ******* ХХК-тай байгуулсан тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу Турк улсаас өндөр 40 тоннын чингэлгээр хөнжлийн даавуу, гэр ахуйн барааг тээвэрлэн захиалагч ******* ХХК-д хүлээлгэн өгсөн, захиалагч нь 40 тоннын чингэлэг ачааны төлбөрийг төлсөн. Талуудын хооронд тохиролцсон ачааны хэмжээ гэрээ болон үнийн саналд заасанчлан өндөр 40 тонны чингэлэг ачаа тээвэрлэх байтал нэхэмжлэгч нь манай компанийн захиалгын дагуу нийт 278 боодол ачааг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлгүй гомдлын шаардлага гаргасан. Захиалагч нь ачааны тоо хэмжээ, сав, боодлын талаар мэдээлэл өгөөгүй бөгөөд манай компани нь захиалагчийн ачааг авахаар очиход 4 өөр илгээгчээс 1 агуулахад цуглуулсан нийт 278 боодол ачаа байсан бөгөөд үүнээс 268 боодол ачааг ачихад 40 тонны чингэлэг дүүрсэн. Иймээс ачилтын үеийн зураг, дүүргэлт болон чингэлэгт багтаагүй үлдсэн 10 боодол ачааны тухай бүх мэдээллийг захиалагчид тухай бүр хүргэж, чингэлэг дүүрсэн тул гэрээний дагуу 1 бүтэн чингэлэг тээврийг гүйцэтгэсэн.

Тухайн үед манай компанийн ажлын байранд захиалагч ******* ХХК-ийн захирлууд биечлэн ирсэн бөгөөд яагаад 40 тонны чингэлгээс илүү ачаа байсан талаар болон чингэлэгт багтаагүй үлдсэн ачааны тээврийн төлбөрийн талаар ярилцаж, илгээгч нартай цахимаар хуралдаж 1 илгээгч илүү ачаа явуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Манай компани 10 боодол ачааны тээврийн төлбөрийг төлсөн тохиолдолд Турк улсаас тээвэрлэх боломжтой гэж мэдэгдсэн. Гэвч Астра- Од ХХК нь үлдсэн ачаагаа үнэгүй тээвэрлэхийг шаардаж, тээврийн нэмэлт төлбөрийг ч төлөөгүй бөгөөд манай компанийн зүгээс Турк улсаас үнэгүй тээвэрлэх боломжгүй гэдэг хариуг өгсөн. Энэ үеэс хойш 1 жил гаруйн хугацаанд холбогдоогүй байсан атлаа үндэслэлгүйгээр 47,651,592 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Манай компани нь гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн гүйцэтгэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй. Харин шүүхээс хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, чингэлэгг багтаагүй 10 боодол барааны үнэ 4,942,025 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн.

7.2. Нэхэмжлэгч нь барааны тооцооллын талаар гаргаж өгсөн хэргийн 69- 78, 63-68 дахь талуудад авагдсан тоо хэмжээ, нэр төрөл, үнийн талаар хэзээ, хаана нь тодорхойгүй, гараар үйлдсэн, үнэн бодитой нь эргэлзээтэй баримтуудыг үнэлээгүй гэж, Улаанбаатар хот дахь гаалийн газраас ирүүлсэн, гаалийн хяналт, шалгалтаар орсон нотлох баримт болох нэхэмжлэгч өөрөө гаальд барааныхаа тоо хэмжээ, үнийг мэдүүлсэн мэдүүлгийн хуудас, барааны үнийн дүнд татвар төлсөн баримтуудыг үгүйсгэж, эдгээр нотлох баримтуудад үндэслэж тогтоосныг буруу үнэлсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй.

7.3. Чингэлэгт багтаагүй 10 боодол ачааны үнийн талаар нэхэмжлэгчийн гаргаж байгаа гомдол үндэслэлгүй байна. Учир нь 10 боодол ачааны үнийн дүн илгээгч [email protected] цахим хаягаас 2022 оны 05 сарын 31-ний өдрийн 5 цаг 22 минутад захиалагч ******* ХХК-ийн цахим хаягт явуулахдаа манай компанийн цахим хаягийг давхар ирүүлсэн. Энэ цахим баримт хэзээ ирсэн он, сар, өдөртэйгээ цахимд хадгалагдаж үлдсэн бөгөөд хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. Иймд 10 боодол ачаааны үнийн дүнг 2025 онд 3 жилийн дараа нийлүүлэгчтэй тохиролцож нөхөж үйлдсэн гэх ямар ч үндэслэлгүй, нөгөөтэйгүүр захиалагч, нийлүүлэгч талууд барааныхаа тоо хэмжээ, сав боодол, үнийг хоорондоо тохиролцож худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.

Нийлүүлэгч нь худалдсан барааныхаа тоо хэмжээ, үнийг мэдэх нь гарцаагүй үнэн байтал өөрийн хайхрамжгүй хийсэн худалдан авалтдаа тээвэр зуучлагч манай компанийг оролцуулж, үнэн бодитоор нотлох баримтаар тогтоогдож байгаа үйл баримтыг үгүйсгэж, гуйвуулж, үндэслэлгүйгээр гүтгэсэн. Чингэлэгт багтаагүй 10 боодол ачаа нийт 47,651,592 төгрөг гэдэг нь үндэслэлгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн. Нэхэмжлэгч нь өөрсдийн зардлаар үлдсэн ачааг авах бүрэн боломжтой байсан боловч өнөөдрийг хүртэл үндэслэлгүй шаардлага гаргаж манай компанид хохирол учруулсан. Мөн тээврийн явцад гарсан гаалийн хяналт шалгалтын нэмэлт зардлыг манай компани ******* ХХК-ийн өмнөөс төлсөн бөгөөд нэмэлт зардал нь урьдчилан мэдэх боломжгүй учраас ачаа хүлээлгэн өгөх үед нэхэмжилсэн боловч төлөөгүйн зэрэгцээ илүү ачаагаа үнэгүй тээвэрлүүлэхээр шаардсан. Анхан шатны шүүхэд энэхүү зардлыг нэхэмжилж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч талууд тээврийг хөлсийг гэрээгээр тохиролцсон тул нэмэлт төлбөрийг шаардах эрхгүй гэж буруу дүгнэсэн. Учир нь гэрээгээр тохиролцоогүй ч Иргэний хуулийн 386.1, 386.4, 387.1.9, 390.3-т тус тус заасныг үндэслэн нэмэлт зардлыг шаардах эрхтэй гэж үзэх үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж ******* ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан тээвэрлэлтийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохиролд 47,651,592 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, тээвэрлэлтийн явцад гарсан зардал 3,763,813 төгрөг, алданги 941,707 төгрөг, нийт 4,705,520 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Талууд 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 2022/00041 тоот Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь ******* ХХК-ийг төлөөлөн улс хоорондын болон орон нутгийн ачаа тээврийг зохион байгуулах, түүнтэй холбоотой үйлчилгээ үзүүлэх, ******* ХХК нь гэрээнд заасны дагуу зохих төлбөрийг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /хх-ийн 7-10/

 

3.1. Анхан шатны шүүх дээрх гэрээг талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь буруу, харин гэрээний шинж, агуулга, тохирсон нөхцөл, талуудын харилцан хүлээсэн эрх, үүргээс үзвэл Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, тээвэр зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Хариуцагч  ******* ХХК нь аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд тээвэр зуучлалын үйл ажиллагаа явуулдаг байх тул түүнийг худалдааны зуучлагч гэж үзнэ. Иймд анхан шатны шүүх гэрээний харилцааг буруу тодорхойлсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэлээ.

 

4. Хэргийн баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

 

4.1. Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн захиалгаар Турк улсаас Улаанбаатар хот хүртэл 67 м.куб эзлэхүүн бүхий барааг 40 тонн чингэлэгээр нэг удаа тээвэрлэлт хийх, нэхэмжлэгч ******* ХХК нь тээврийн хөлс 9,750 ам.доллар төлөхөөр харилцан тохиролцсон нь хэрэгт авагдсан тээврийн үнийн санал, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, зохигчдын тайлбараар нотлогдсон. /хх-ийн 11, 171-191/

 

4.2. Нэхэмжлэгч ******* ХХК-аас тээврийн хөлсөнд 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 4,875 ам.доллар, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 4,875 ам.доллар, нийт 9,750 ам.долларыг хариуцагч ******* ХХК-д төлсөн. /хх-ийн 62-63/

 

4.3. Хариуцагч ******* ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр нийлүүлэгч ******* ХХК-аас нийт 278 боодол ачаа хүлээн авснаас 268 боодол ачаа тээвэрлэн нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, үүнээс 10 боодол ачаа нь хариуцагчийн эзэмшлийн агуулахад үлдсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсоноос гадна энэ талаар талууд маргаагүй байна.

 

Хариуцагч нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэх, гэрээнээс учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

 

5. Худалдааны зуучлагч ******* ХХК нь зуучлуулагч ******* ХХК-ийн захиалж, үнийг нь төлсөн ачааг Турк улсаас Монгол Улс руу тээвэрлүүлэх ажлыг зохион байгуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Тодруулбал, хариуцагч нь нэхэмжлэгчийг төлөөлж нийлүүлэгчээс 278 боодол ачааг хүлээн авсан атлаа 10 боодол ачааг чингэлэгт багтаагүй илүү гарсан гэх шалтгаанаар тээвэрлээгүй нь түүнийг гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэхгүй. Учир нь худалдааны зуучлагч нь нийлүүлэгчээс ачааг хүлээн авсан тохиолдолд зуучлуулагчид хүлээлгэн өгөх үүргийг хууль буюу гэрээнд зааснаар биелүүлэх үүрэгтэй. Иймд хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, үүрэг зөрчсөн буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

5.1. Хэрэгт цугларсан гаалийн мэдүүлэг, нэхэмжлэх, инвойс зэрэг баримтыг талуудын тайлбартай харьцуулан дүгнэвэл, хариуцагч нь 268 боодол, бохир жин 8309,90 кг, цэвэр жин 8226,80 кг, нийт 42,904.84 ам.долларын үнэлгээ бүхий барааг тээвэрлэн нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, үлдсэн 10 боодол бараа болох 1,426.62 ам.долларын үнэлгээтэй, бохир жин 392,10 кг, цэвэр жин 388,18 кг болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч ******* ХХК нь 10 боодол ачааны үнэ 1,426.62 ам.долларыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас шаардах эрхтэй талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ...инвойс гэх баримтыг үнэлж хохирлын үнийн дүнг 4,941,025 төгрөг гэж тооцсон үндэслэлгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Нэхэмжлэгч нь 10 боодол ачааны үнийг 47,651,592 төгрөг гэж тодорхойлж нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлох үүргийн хүрээнд хэргийн 64-81 дугаар талд дутуу ирээгүй барааны жагсаалт, гадаад хэлээр бичигдсэн баримт, Голомт банк болон Худалдаа хөгжлийн банкны гадаад шилжүүлгийн баримтыг нотлох баримтаар гаргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан дээрх нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрт ямар байдлаар үнэлсэн талаар дурдаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэх боломжтой байна.

 

6.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна гэж заасан.

 

6.2. Гэтэл нэхэмжлэгчийн гаргасан дээрх баримтаас хэргийн 71-78 дугаар талд авагдсан баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, мөн хэргийн 70-71 дугаар талд авагдсан баримтуудыг монгол хэл дээр орчуулаагүй байна.

 

6.3. Мөн нэхэмжлэгч гараар бичсэн дутуу ирээгүй барааны жагсаалт гэх баримтанд бараа бүтээгдэхүүний нэрийг жагсааж бичсэн боловч 10 боодол ачаанд энэ жагсаан бичсэн бараа бүтээгдэхүүн байсан болохыг уг баримтыг үндэслэн тогтоох боломжгүй. Учир нь тухайн барааны жагсаалтад дурдсан бараануудыг ямар нийлүүлэгчээс хэзээ хүлээн авсан, хүлээлгэн өгсөн талаарх барааны тоо хэмжээ, үнэ тодорхойгүй байхад тухайн 10 боодол ачаа нь жагсааж бичсэн баримтын хэмжээнд нотлогдсон гэж үзэхгүй өөрөөр хэлбэл уг баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

 

6.4. Түүнчлэн, нэхэмжлэгч нь 10 боодол ачааны гарал үүсэл, нэр төрөл, үнэ нотлогдсон гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй. Өөрөөр хэлбэл, нотолгооны үүргийн хуваарилалтын хувьд дээрх байдлыг нэхэмжлэгч нотлох үүрэгтэй. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ...нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Иймд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд гэрээнээс учирсан хохирлыг нэхэмжлэл гаргасан өдрийн ам.доллартай харьцах ханшаар тооцон, хариуцагч ******* ХХК-аас 4,942,025 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 42,709,567 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

7. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...тээвэрлэлтийн явцад захиалагч болон илгээгч нар бараа бүтээгдэхүүний бичиг баримтад заагаагүй барааг илгээсэн, алдаатай бичиг баримт дагалдуулан явуулсны улмаас ОХУ-ын Новороссийск боомтод гаалийн хяналт шалгалтад орж, хяналт шалгалтын 445 долларын буюу 1,394,630 төгрөг, уг боомтод ачааг 19 хоног хадгалснаас 5 хоног үнэгүй, 14 хоногийн 600 ам.доллар буюу 1,880,400 төгрөгийн төлбөр тус тус гарсан, мөн Улаанбаатар хотод дахин гаалийн хяналт шалгалтаар орсон бөгөөд вагон ашиглалт болон талбайн төлбөр 488, 785 төгрөг гарсан. Иймд дээрх төлбөрийг манай компани төлсөн тул нэхэмжлэгчээс тээвэрлэлтийн явцад гарсан зардал 3,763,813 төгрөг, алданги 941,707 төгрөг, нийт 4,705,520 төгрөг гаргуулна гэжээ.

7.1. Анхан шатны шүүх контейнерт байрлах бараа бүтээгдэхүүнд үзлэг шинжилгээ хийхэд ямар нэгэн зөрчил илрээгүй, мөн талуудын байгуулсан гэрээнд ******* ХХК нь тухайн тээвэрлэлтийн явцад гарах тээвэрлэлттэй холбоотой төлбөр тооцоо, хил боомтын болон сэлгэн ачилтын зардлыг төлөх үүргийг хүлээсэн, нэхэмжлэгч ******* ХХК нь хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргээ биелүүлсэн тул хариуцагч алданги шаардах эрхгүй гэж дүгнээд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэсэнд хариуцагч тал гомдол гаргаагүй учраас давж заалдах шатны шүүхээс талуудын зарчимд нийцүүлэн энэ талаар эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/04158 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...380 дугаар зүйлийн 380.1, 393 дугаар зүйлийн 393.1... гэснийг ...413 дугаар зүйлийн 413.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 371,498 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ