Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 223

 

 

 

 

 

 

 

 

2019        08         07                                 2019/ШЦТ/223

                                   

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Б.Догмиддорж

Шүүгдэгч Ө.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Авгачуул овогт Ө.Г-д холбогдох эрүүгийн 1921000000236 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 1-6 насны 2 хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр багийн “..........................” гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл  гэх, Авгачуул овогт Ө.Г / РД: ЖК............./

Шүүгдэгч Ө.Г нь 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 14 цаг 30 минутын орчимд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Т.М гэрийн хойд талд А.А толгойн тус газарт модон хусуураар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

2019.08.07 № 223                                                                                                                  D:Eruu sum dund 2019: Шийтгэх тогтоол Хөтлөх хэрэгт 4-137 Б.Энхбаатар

                                              

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Ө.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

            Шүүгдэгч Ө.Г мөрдөн шалгах ажиллгаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 14 цаг 30 минутын үед ээжийнхээ эзэмшлийн “Т.Приус-20” маркийн 23-88 ДОР улсын дугаартай авто машинтай явж байхад М-н хойд талд Ц нь донх хочтой Б гэх настай согтуу хүнийг түлхэж унагаахаар нь би зогсож машинаас бууж очоод Ц-г салгах гээд хавсарч унагаасан чинь Ц над руу томроод байсан. Гэтэл хажуугаар нэг залуу намайг заамдаж хувцас урах гээд байхаар нь хавсарч унагаасан гэтэл миний түрийнд байсан морины хусуур авахаар нь “Би хурдан морины хусуур авлаа” гээд хусуураа булааж аваад нэг удаа зангахад тэр түүний толгойн тус газарт санамсаргүй цохигдсон, тэгээд би машиндаа суугаад уяа морьд руугаа явсан” гэх мэдүүлэг / хх-ийн 21/  

            Хохирогч А.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр  14 цаг 20 минутын үед Хөлөнбуйр сумын 3-р багт байрлах М гэрийн хойд талд Ц ахын ангийнхан цугларсан гээд би Ц ахын хамт мотоциклоор хүргүүлж очоод тэнд хүмүүст архи хундаглаж сүн түшиж байхад “Т ах Ц хоорондоо маргалдсан, тэгэхээр нь би салгахад удалгүй гар Хүрлээ гэж дууддаг Ө. Г гэх залуу “Т.Приус-20” маркийн цагаан өнгийн 23-88 дугаартай серийг нь мэдэхгүй байна. Ө.Г өөрөө машинаа барьж ирээд машинаас бууж ирээд Ц үгийн зөрөөгүй цохиж унагаагаад дээрээс нь хэд хэд цохисон, тэгэхээр нь би салгаад эргээд харахад гар Хүрлээ нэг мод барьсан байсан, тэр модоороо миний толгойн тус газарт нэг удаа цохиж толгой хагалсан... Миний толгойн баруун дээд хэсэгт хагарсан... Миний хохирлыг барагдуулсан тул цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй ... ” гэх мэдүүлэг /хх-ийн 10-13/

            Гэрч А.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Б- маргасан чинь А.А гэх залуу бид хоёрыг салгасан. Б.Ц тэгээд донх хочтой Б гэх ахыг түлхэж унагаасан чинь Ө.Г машинтай хойгуур явж байх таарч Ө.Г машинаас бууж ирж Б.Ц хавсарч унагааж байсан, би тэгээд яваад өгсөн. ...Маргааш нь Ө.Г А.А толгойг хагалсан гэж сонссон гэх мэдүүлэг /хх-ийн 23/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 450 тоот дүгнэлтэд: “1.А.А биед зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо болон ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 25/

-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04/

            -Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 08/   

            -Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 31/

            -Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

            Шүүгдэгч Ө.Г нь 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 14 цаг 30 минутын орчимд Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 3 дугаар багийн нутагт оршин суух иргэн Т.М гэрийн хойд талд хохирогч А.А хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хохирогчийн толгойн тус газарт морины модон хусуураар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би А.А хурдан морины хусуур авлаа” гээд хусуураа булааж аваад нэг удаа зангахад тэр түүний толгойн тус газарт санамсаргүй цохигдсон, тэгээд би машиндаа суугаад уяа морьд руугаа явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28/, хохирогч А.А өгсөн: “...Ө.Г өөрөө машинаа барьж ирээд машинаас бууж ирээд Ц үгийн зөрөөгүй цохиж унагаагаад дээрээс нь хэд хэд цохисон, тэгэхээр нь би салгаад эргээд харахад “хар Хүрлээ” нэг мод барьсан байсан, тэр модоороо миний толгойн тус газарт нэг удаа цохиж толгой хагалсан”... гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 450 тоот дүгнэлт /хх-ийн 25/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Хохирогч А.А учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Ө.Г хохирогч А.А толгойн тус хэсэгт морины хусуураар цохисон санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.  

 

Иймд шүүгдэгч Ө.Г холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгч Ө.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналыг хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана”, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж тус тус заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан түүнд  ял оногдуулбал зохино.

Шүүгдэгч Ө.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон хусуур 1 /нэг/ ширхэгийг шүүгдэгчид буцаан олгож, бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ө.Г ЖК........ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлвэл зохино.

 Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Авгачуул овогт Ө.Г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Авгачуул овогт Ө.Г-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ө.Г-д мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй /хохирогчид 100.000 /нэг зуун мянга/ төгрөг төлсөн/  болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон хусуур 1 /нэг/ ширхэгийг шүүгдэгч Ө.Г буцаан олгож, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ө.Г ЖК................ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.   

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ө.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.ЭНХБААТАР