| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/02367/И |
| Дугаар | 4436 |
| Огноо | 2016-06-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 4436
| 2016 оны 06 сарын 22 өдөр | Дугаар 102/ШШ2016/04436 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-уул дүүргийн 15-р хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн байр 9 тоот, "Төгөлдөр бьюти кейр" ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 6-р хороо, 39-р байрны 39 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ЦД71042261, Боржигин овогт Цэдэндамбын Хүрэлтогоод холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэг 5 386 485 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг тус тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тогтохмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тогтохмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Хүрэлтогоо нь тус компаний борлуулдаг “Кирби Сентриа” хивс цэвэрлэгч төхөөрөмжийг худалдан авахаар тохиролцож 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний үнэ 5 700 000 төгрөг ба худалдан авагч нь урьдчилгаа 500 000 төгрөг төлж, үүнээс хойш сар бүр 300 000 төгрөгөөр 18 сарын дотор худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үнийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцож ямар нэгэн биет байдлын болон эрхийн доголдолгүй бүтээгдэхүүнийг хүлээн авсан. Гэвч хариуцагч нь урьдчилгаа 500 000 төгрөг болон 4 удаагийн төлөлтөөр 715 000 төгрөг нийт 1 215 000 төгрөг төлсөн ба 2015 оны 09-р сарын 30-наас хойш огт төлөлт хийгээгүй. Утсаар ярьж төлбөрөө төлөхийг хүсэхэд төлөх боломжгүй гэсэн хариу хэлдэг. Хариуцагчтай харилцан ойлголцож маргаанаа шийдвэрлэхийг хичээсэн боловч үр дүнд хүрээгүй тул үндсэн төлбөр 4 485 000 төгрөг, гэрээний 6.2-ын дагуу 201 хоног хэтэрсэн тул 0.1 хувийн хүү 901 485 төгрөг нийт 5 386 485 төгрөгийг Ц.Хүрэтогоогоос нэхэмжилсэн. Гэвч бид хүүгээ багасгаж үндсэн төлбөр 4 485 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "Төгөлдөр бьюти кейр" ХХК нь Ц.Хүрэлтогоод холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5 386 485 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 4 485 000 төгрөг гаргуулахаар шаардсан байх ба шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж дүгнэлээ.
"Төгөлдөр бьюти кейр" ХХК нь 2014 оны 3-р сарын 27-ны өдөр Ц.Хүрэлтогоотой "Худалдах, худалдан авах гэрээ" байгуулж, АНУ-д үйлдвэрлэсэн “Kirby sentira” цэвэрлэгээний төхөөрөмжийг 5 700 000 төгрөгөөр худалдах, худалдан авагч нь урьдчилгаа 500 000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг 18 сарын хугацаанд сард 300 000 төгрөг төлөхөөр тохирч төхөөрөмжийг хүлээлгэн /хх 5-7/ өгчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 243-р зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Худалдан авагч Ц.Хүрэлтогоо нь төхөөрөмжийг шилжүүлэн авснаас хойш 715 000 төгрөгийг төлж /хх 9/, үлдэх 4 485 000 төгрөгийг төлөөгүйгээс нэхэмжлэгч маргажээ.
Хариуцагч Ц.Хүрэлтогтоо нь 2016 оны 5-р сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч “Баянзүрх дүүргийн 12-р хороо, Жанжны 24-489 тоотод оршин суудаг, Баянгол дүүргийн 6-р хороо, 39-р байрны 39 тоотод амьдрахгүй байгаа тул харъяаллын дагуу шилжүүлэх тухай” хүсэлт” гаргасан байна.
Нэхэмжлэгч худалдсан төхөөрөмжийг Баянгол дүүргийн хаягаар хүргэсэн, худалдан авагч өөрийн оршин суугаа хаягийг Баянгол дүүргийн 6-р хороо, 39-р байрны 39 тоот гэж гэрээндээ тусгасан, түүнчлэн шүүх хуралдааны мэдэгдлийг энэ хаягаар хүргүүлснийг 2016 оны 6-р сарын 20-ны өдөр өөрөө хүлээн авсан байна.
Эдгээр үндэслэлээр хэргийг шилжүүлэхийг хүссэн хариуцагчийн хүсэлтийг шүүх хангаагүй болно.
Түүнчлэн хариуцагч нэхэмжлэлийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул 4 485 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Цэдэндамбын Хүрэлтогоогоос 4 485 000 /дөрвөн сая дөрвөн зуун наян таван мянга/ төгрөг гаргуулж “Төгөлдөр бьюти кейр" ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101 134 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Ц.Хүрэлтогоогоос 86 710 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА