| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 184/2024/08886/И |
| Дугаар | 210/МА2025/01407 |
| Огноо | 2025-08-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2025/01407
2025 08 22 210/МА2025/01407
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/03511 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******, ******* нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 25,042,146.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,
Үндэслэлгүй хөрөнгөжсөн 9,092,800 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь *******-тай 2021 оны 03 сарын 04-ний өдөр ******* дугаартай зээл болон барьцааны гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан.
1.2. Талууд 2024 оны 03 сарын 05-ны өдрийг хүртэл зээлийн хугацааг сунгасан боловч зээлдэгч ******* нь 1087 хоног хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас 25,042,148 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
1.3. 2021 оны 08 сарын 10-ны өдөр зээлдэгч нас барсан болох нас барсны гэрчилгээгээр тогтоогдож байна. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт зааснаар *******ы эхнэр *******ийг хууль ёсны өвлөгчөөр тогтоогдсон учраас гэрээний төлбөр 25,042,146 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Нас барсан зээлдэгч *******ы нэр дээрх тээврийн хэрэгслийг хариуцагч ******* өвлөж авсан болох нь тогтоогдож байна.
Иймд, Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасны дагуу өвлөж авсан хөрөнгийн хэмжээгээр үүрэг хүлээх үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.
2. Хариуцагч *******ийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Талийгаач нөхөр ******* нь 2021 оны 03 сарын 04-ний өдөр 30,000,000 төгрөгийг зээлж аваагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний нөхөр ******* нь 2021 оны 08 сарын 07-ны өдөр нас барсан бөгөөд надад банкнаас 30,000,000 төгрөгийн зээл авсан талаар хэлээгүй. *******-аас намайг дуудаад ... танай нөхөр цалингийн зээл авсан учраас та зээлийг төлөх ёстой. гэж хэлсэн Миний бие 2021 оны 09 сарын 08-ны өдөр *******-д 8,468,801 төгрөгийг төлсөн. Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1 дэх хэсэгт зааснаар гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч *******ын хариу тайлбар, татгалзлын агуулга:
3.1. 2021 оны 03 сарын 04-ний өдөр талийгаач эцэг ******* нь *******-аас тухайн зээлийг аваагүй учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нотариатын танхимаас ирүүлсэн лавлагаагаар намайг өвийг авсан гэх үндэслэлээр хамтран хариуцагчаар татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. *******-ийн зүгээс зээл төлөхийг шаардсан учраас буяны ажилд цугларсан мөнгийг нийлүүлэн зээлийг төлсөн.
3.2. Талийгаачийн нэр дээр байсан Тоёото приус маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 08 сарын 23-ны өдөр 4,500,000 төгрөгөөр үнэлүүлж, нотариатаас өвлөх эрхийн гэрчилгээ авсан. Тухайн тээврийн хэрэгслийг худалдсан учраас бидэнд өөр өвлөгдсөн хөрөнгө байхгүй.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
4.1. Талийгаач нь тус банкнаас 30,000,000 төгрөгийг зээл аваагүй бөгөөд 2,000,000 орчим төгрөгийн цалин авдаг байхад 30,000,000 төгрөгийн цалин зээл өгөх боломжгүй. Цалингийн зээл нь зээлдэгчийн хувийн байдал, эрхэлж буй ажил, хөдөлмөр, авч байгаа цалин, хөлс, орлогыг харгалзан үзнэ.
4.2. Зээлдэгч нь нас барсан бол тухайн зээлийн үүрэг дуусгавар болдог болох нь Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасны дагуу зохицуулагдах учраас ******* нь *******ээс үндэслэлгүйгээр мөнгө авсан.
Хариуцагч ******* нь талийгаач нөхрөөсөө ямар нэг өв хөрөнгө хүлээж аваагүй тул хэний ч өмнө үүрэг хүлээхгүй. Харин, хариуцагч ******* нь талийгаачийн нэр дээр байсан байшин, тээврийн хэрэгслийг өвлөн авч, бусдад худалдахдаа *******-д мэдэгдээгүй. Мөн тухайн тээврийн хэрэгсэл зарагдсан учраас банкны гаргасан шаардлага үндэслэлгүй.
2021 оны 09 сарын 08-ны өдөр зээлдэгч *******ыг нас барснаас хойш *******-д 8,468,800 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш огт мөнгө төлөхгүй бол зээлээс чөлөөлөхгүй гэж хэлсэн тул 2023 онд 208,000 төгрөгийг 3 удаа төлж, нийт 9,092,800 төгрөгийг төлсөн. Иймд *******-аас 9,092,800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
5. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, талийгаач *******ы тээврийн хэрэгслийг түүний хүү ******* өвлөн авсан учраас өвлөж авсан хөрөнгийн хэмжээнд 4,500,000 төгрөгийн төлбөрийг гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг талийгаачийн эхнэр *******ээс гаргуулна.
5.2. Зээлдэгч ******* нь 2021 оны 03 сарын 04-ний өдөр 30,000,000 төгрөгийн зээл авч, *******ийн данс руу шилжүүлж, зээлийг хамтдаа захиран зарцуулсан тул илүү төлбөр шаардаагүй.
5.3. *******, ******* нарын гэрлэлтээ батлуулснаас хойш үүссэн хашаа байшин, хувийн сууц, гараж, гэр бүлийн хэрэгцээний газар, гэрийн эд хогшил зэргийг өвлөн авсан гэж үзнэ. *******ийн нэр дээр гэрчилгээ байсан учраас өвлөгч биш мэт харагдаж байгаа боловч ******* нь хууль ёсны өвлөгч байна.
Зээл авах үед хөрөнгийг 50,000,000 төгрөгөөр үнэлж, түүнээс хойш дахин үнэлгээ хийлгээгүй учраас талийгаачид 25,000,000 төгрөг ногдож байна. Одоогийн зах зээлийн ханшаар тухайн хашаа байшин нь 80,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байна. Хариуцагч нь 30,000,000 төгрөгийн 15 хувийг төлье, үлдэгдэл төлбөрийг төлөхгүй, эрсдлийн сангаас хаа гэх шаардлагыг тавьж, зээлийн эрсдлийн сангаас 0,5 хувиар тооцож хасаагүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 515 дугаар зүйлийн 515.2, 535 дугаар зүйлийн 535.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******ээс 4,166,666 төгрөг, *******аас 4,500,000 нийт 8,666,666 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 16,376,146 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 368,206.42 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 81,606 төгрөг, *******аас 86,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 160,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
7. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
7.1. Анхан шатны шүүх нь зээл, барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлд 25,042,146.35 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 16,376,146 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д хариуцагч *******ээс 4,166,666 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж, хариуцагч *******, өвлөгч ******* нарт ногдох хэсгийг хасаж, дүгнэснийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэл гаргахдаа Иргэний хуулийн 126 дугаар зүйл, 520 дугаар зүйл, 528 дугаар зүйл, 515 дугаар зүйл, 535 дугаар зүйлд заасны дагуу өвлөн авсан хөрөнгийн хэмжээгээр үүрэг хүлээх хэмээн тодорхойлсон атлаа үл хөдлөх эд хөрөнгийн хувьд *******ын өвлөн авсан хэмжээ гэх 4,166,666 төгрөгийг орхигдуулан *******ад зөвхөн автомашин өвлөн авсан хэмжээнд 4,500,000 төгрөгөөр үүрэг хүлээлгэсэн нь үндэслэлгүй байна.
Шүүгчийн үндэслэлээр хариуцагч *******ын өвлөн авсан өвийн хэмжээ нь 4,500,000+4,166,666=8,666,666 төгрөгийн үнэлгээтэй хөрөнгийг биет байдлаар өвлөсөн байхаар байна.
Мөн шүүхээс хэргийг шийдвэрлэх явцдаа УБ, СХД, *******,*******, *******хаягт байршилтай ******* дугаарт бүртгэлтэй газар, ******* дугаарт бүртгэлтэй 153.4 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө-ийн бодит үнэлгээг хэрэгт хавсаргаагүй. 2014 оны худалдах, худалдан авах 50,000,000 төгрөгөөр үнэлж, гэр бүлийн 4 гишүүнд тэнцүү хэмжээгээр хувааж, талийгаач *******д ногдох хэсгийг 12,500,000 гэж үзээд хууль ёсны өвлөгч нарт тэнцүү хэмжээгээр хуваахад үлдэх 3 гишүүнд өвлөгдвөл зохих хэсэг нь 4,166,666 төгрөг байна гэж үзсэн. Өвлөгч нарын өвлөн авсан өвийн хэмжээг хэт багаар үнэлж, хариуцагч нарын өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг бууруулж байгаа нь нэхэмжлэгчийг илтэд хохироосон үйлдэл байна. *******-ийн зүгээс банкны дотоод үнэлгээгээр 80,000,000 төгрөг гэж шүүх хуралдааны явцад танилцуулсан боловч шүүхээс хөрөнгийн үнэлгээг бодитоор үнэлээгүй гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
8. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
8.1. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд түүний анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч байна. Анхан шатны шүүхээс талийгаач *******ы хууль ёсны өвлөгчөөр түүний эхнэр *******, хүү *******, охин ******* нар байна гэж дүгнэсэн.
Нэхэмжлэгч нь *******ын өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээгээр буюу автомашины үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Нэхэмжлэгч нь хариуцагчаар *******г татан оролцуулаагүй бөгөөд мөн гэр бүлийн хамтын өмчид тооцогдох хашаа байшингаас *******ад өвлөгдсөн хэсгээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.
8.2. Хариуцагчийн зүгээс уг үл хөдлөх хөрөнгийг 80,000,000 төгрөгөөр үнэлсэн гэх боловч уг үнэлгээг ямар аргачлалаар хийсэн талаарх нотлох баримтыг хэрэгт хавсаргаагүй. Мөн давж заалдах гомдлыг хэргийн оролцогч бус этгээд гаргасан байна. Анхан шатны шүүхэд анх нэхэмжлэлийг зээл цуглуулах газрын захирал гаргасан боловч давж заалдах гомдлыг тусгай активын хэлтсийн захирал гаргажээ.
Иймд хэргийн оролцогч биш этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
9. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
9.1. Анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хариуцагч нараас талийгаачийн оршуулгын тэтгэмж, буяны ажилд зориулан ажилчдаас цуглуулсан мөнгө, буяны ажлын мөнгийг нийлүүлээд 2021 оны 09 сарын 08-ны өдөр 8,468,801 төгрөгийг зээлийн үүрэгт төлсөн. Банк, зээлдэгчийг нас барсныг мэдсээр байж зээлийн үүргийг зогсоогоогүй, хүү тооцож, хариуцагч нараар зээлийн үүргийг төлүүлсэн.
1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн төлбөр, мөнгөн хадгаламж, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар *******, ******* нар нь *******-ийн өмнө ямар ч үүрэг хүлээгээгүй учраас хариуцагчаас төлсөн 9,092,800 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт суутган тооцох эрх байхгүй.
Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар зээлийн төлбөрийг нэхэмжлэгч банкинд төлөх үүрэг нь нас барагч *******ы биечлэн гүйцэтгэх үүрэгт хамааралгүй, түүний хувийн байдалтай салшгүй холбоотой гэж үзэн үүрэг дуусгавар болох үндэслэлгүй тул хариуцагч ******* өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн хүлээсэн үүргийг хариуцна гэж үзсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бол зээлдэгч ******* нас барсан тул өвлөгч нар нь өвлөсөн өвийн хэмжээгээр зээлийн үүргийг гүйцэтгүүлэх гэж гаргасан. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл бол өв өвлөхөөс өмнө зээлийн гэрээний үүрэгт мөнгө авах ёсгүй учраас банк үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж өгсөн мөнгөө буцааж шаардсан. Өөрөөр хэлбэл, шүүх гэрээний үүрэг болон гэрээний бус үүргийг ялгаж, салгаж, ойлгоогүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.
9.2. Анхан шатны шүүх зээлийн төлбөрийг төлөх үүрэг нь нас барсан зээлдэгч *******ы биечлэн гүйцэтгэх үүрэгт хамааралгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн хууль бусаар нэхэмжлэгч нараас авсан мөнгийг буцаан өгөхгүй байгаа хууль бус үйлдлийг өөгшүүлэн ямарч хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж бидний зөрчигдсөн эрхийг хамгаалж өгөөгүйд гомдолтой байна.
Мөн хуулийн зохицуулалтыг илт буруугаар тайлбарлаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.
2024 оны 09 сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 19,735,065 төгрөг, зээлийн хүүд 5,307,081 төгрөг, нийт 25,042,145 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгтэй гэж тооцоолсон хууль зүйн үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хуулийн шаардлагад нийцээгүй.
Шүүх зээлийн үүрэг, хуульд зааснаар үүсэх үүргийг ялгаж салгахгүйгээр өвлөсөн өв хөрөнгийн хэмжээ тодорхойгүй, өвлөх эрхийн гэрчилгээ аваагүй байхад өвлөгч нараас авсан мөнгийг зээлийн үүргээс хасаж, тооцсоныг зөвтгөж байгааг залруулж өгөхийг хүсэж байна.
9.3. Хариуцагч ******* нь талийгаач эцгийнхээ нэр дээр байсан 4,500,000 төгрөгөөр үнэлэгдсэн toyota prius маркийн суудлын автомашиныг өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөн авсан. Уг эд хөрөнгө хүлээн авсан ганц өвлөгч боловч түүнээс шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан боловч анхан шатны шүүхээс дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.
Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1-т зааснаар өвлөгч ******* нь нотариатад шаардлага гаргаагүй. Анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс нотариат болон *******ад гомдлын шаардлага гаргаж байсан уу гэж асуухад мэдэхгүй гэж хариулсан. Мөн хуулийн 536 дугаар зүйлийн 536.2-т заасныг нэхэмжлэгч зөрчсөн байгааг шүүх анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл гомдлын шаардлага гаргах хугацаа 2022 оны 08 сарын 10-ны өдөр дуусаж, үүнээс хойш 1 жилийн дотор буюу 2023 оны 08 сарын 10-ны өдрийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргах эрхтэй байхад нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2024 оны 1 сарын 01-ний өдөр гаргаж, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад хариуцагч *******аас мөнгө гаргуулахаар шийдвэрлэснийг зөвтгөж өгөхийг хүсэж байна.
9.4. Хариуцагч *******ийн хувьд талийгаач нөхрөөсөө өв хөрөнгө хүлээн аваагүй гэж маргасан. Гэтэл шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн *******ийн дангаар өмчилдөг газар, байшинг гэрлэснээс хойш бий болгосон бусад хөрөнгөд хамаардаг, талийгаач хөрөнгийн хамтран өмчлөгч бөгөөд түүнд оногдох хэсгийг болон өвлөгдөх хөрөнгөөс *******т оногдох хэсгийг тус тус тодорхойлон өвлөн авсан хэмжээгээр үүргийг хариуцуулах нь зүйтэй гэж дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлж шийдвэрлэсэн.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.3, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүсэж гэрчилгээ олгогдоно, энэ эрхийн улсын бүртгэл үнэн зөв байна, гэж зааснаар тухайн хашаа байшингийн цор ганц өмчлөгч ******* нь 2014 онд дүүгээрээ 10,000,000 төгрөгийн зээл авхуулан өөрөө зээлээд, өөрийн орлогыг нотолж зээлээр авч байсан. Тухайн үед талийгаач нь эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй байсан. *******ийн нэр дээрх газар, байшин нь улсын бүртгэлд *******ийн нэр дээр бүртгэлтэй учраас Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж зааснаар улсын бүртгэлээрээ *******ийн өмч байхад шүүх өмчлөгчийн эрхэнд ноцтойгоор халдаж байна.
Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 12 сарын 17-ны өдрийн гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай зөвлөмжид зааснаар талийгаач ******* болон үр хүүхдүүд нь улсын бүртгэлийн асуудлаар маргаагүй. *******ийн нэр дээрх бүртгэлийг үнэн зөв гэж үзэх тул уг 2 үл хөдлөх хөрөнгө нь талийгаач нөхрөөсөө өвлөн авсан хөрөнгө биш гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасан өвлөн авсан гэх хөрөнгөд хамаарахгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан тайлбарыг үндэслэж, хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Мөн ******* нь нотариатаар орж өв хүлээн авахаас татгалзсан байхад өвлөгч гэж үзэж, үүрэг ногдуулж байгаа нь илт хууль зүйн үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч хамтран өмчлөгч болохыг тогтоолгох, гишүүнд оногдох хэсгийг тодорхойлуулах гэх шаардлага гаргаагүй байхад шүүх санаачлагаараа өмчлөгчийн эрхэнд халдаж шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүхийн зөвлөмжид Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2-т заасан гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн тухай заалт нь зөвхөн гэрлэгчид, гэр бүлийн гишүүдийн бие биедээ тавих шаардлагад хамааралтай. Гэтэл шүүх гэрлэгчид, гэр бүлийн гишүүд хоорондоо шаардлага гарган маргаагүй газар, байшингийн өмчлөлийн асуудлаар нас барсан зээлдэгч *******ыг хамтран өмчлөгч гэж тогтоон, хөрөнгийн үнэлгээг санаачлагаараа тодорхойлон гэр бүлийн гишүүдэд хувааж, түүнд оногдох хэсгийг тооцоолон, тодорхойлох зэргээр хуулийг илт буруу тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрч *******ээс 4,166,666 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг зөвтгөн хүчингүй болгуулах хүсэлтэй байна.
9.5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэх боловч тогтоох хэсэгт дурдаагүй байх тул сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлээгүй гэж үзэхээр байна.
Мөн анхан шатны шүүх нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байгаа учраас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч *******ээс 4,166,666 төгрөг, хариуцагч *******аас 4,500,000 төгрөг гаргуулах гэх хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
10. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын хариу тайлбарын агуулга:
10.1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 126 дугаар зүйлийг ашиглан тухайн хөрөнгийг гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө гэж үнэлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь 2018 оны 05 сарын 08-ны өдөр талийгаач ******* нь *******-тай зээл авч, зээлийн харилцаа үүссэн.
Тухайн үед талийгаач ******* хариуцагч ******* нар нь -аас орон сууцны зээл хамтран авч, хамтран зээлдэгчээр бүртгүүлсэн гэдгээ хувийн хэрэгт хавсаргаж өгсөн. Тодруулбал, -ийн зээлийн гэрээнд хариуцагч ******* үндсэн зээлдэгч, талийгаач ******* хамтран зээлдэгчээр гарын үсэг зурж, тухайн зээлийг хамтран захиран зарцуулсан нь баримтаар нотлогдож байна. Тухайн хөрөнгө нь зөвхөн *******ийн дангаараа бий болгосон өмч биш бөгөөд эхнэр, нөхөр хоёр хамтран зээлдэгчээр оролцож, хамтын оролцоотойгоор бий болгосон хөрөнгө болох нь тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл, уг хөрөнгө нь гэр бүлийн дундын өмчлөлд хамаарах хөрөнгө мөн гэж үзэж байна.
Мөн нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхэд удаа дараа хүсэлт гаргаж, уг зээлийн гэрээ болон бусад нотлох баримтуудыг хангалттай хэргийн материалд хавсаргаж өгсөн учраас анхан шатны шүүх дундын өмчлөлийн хөрөнгийг зөв үнэлж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
*******г хамтран хариуцагчаар татсан ******* нь талийгаач нас барах үед хууль ёсны насанд хүрсэн байсан. Бүртгэлийн тухай хуульд заасны дагуу тухайн дундын өмчлөлийн хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг эзэмших зорилгоор өмчлөх эрхийн гэрчилгээнд нэрээ нэмүүлэх хүсэлт гаргаагүй. Үүнтэй адил талийгаачийн өөр нэг өвлөгч болох охин ******* насанд хүрснийхээ дараа тухайн хөрөнгөд хамтран эзэмших эрхийнхээ дагуу өмчлөх эрхийн гэрчилгээнд нэрээ нэмүүлэх хүсэлт гаргаагүй байсан учраас ******* нь уг хөрөнгийг зөвхөн *******, талийгаач ******* нарын дундын өмчлөлд хамаарах хөрөнгө гэж үзсэн. Харин насанд хүрсэн хүүхдүүд болох ******* болон ******* нар нь өөрсдийн ногдох хэсгийг эзэмших эрхийнхээ хүрээнд бүртгэлийн байгууллагад хандаагүй. Мөн *******ын хувьд 4,500,000 төгрөгийн хэмжээгээр хувь гаргуулж, үлдэх дүнг хариуцагч *******ээс гаргуулах нь зүйтэй гэж үзээд *******г хариуцагчаар татаагүй. Анхан шатны шүүхээс маргаан бүхий хөрөнгийг гурван хүнд тэнцүү хувь болгон хувааж шийдвэрлэсэн. Талийгаачид ногдох хэсгийг зөвхөн 25,000,000 төгрөгөөр үнэлж, хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан.
10.2. Хариуцагч нар уг зээлийг авч ашиглаагүй, мэдэхгүй гэх тайлбар гаргасан. Тухайн зээл авсан цагаас өнөөдрийг хүртэл хариуцагч ******* тухайн зээлийн харилцаанд идэвхтэй оролцож, зээл хаах, төлөлт хийх зэрэг үйл ажиллагаанд тогтмол хамрагдсан нь баримтаар нотлогдож байна.
Хариуцагч нарын гаргасан зээлийг ашиглаагүй, мэдэхгүй гэх тайлбар нь зээлдэгчийн үйл ажиллагаатай зөрчилдөж, үндэслэлгүй хөрөнгөжсөн байдалд хүргэсэн гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн гаргасан шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас өвлөж авсан хөрөнгийн хэмжээг бодитой тогтоож, үнэлгээг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан *******ы хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч *******аас 4,500,000 төгрөг, хариуцагч *******ээс 20,542,146 төгрөг, нийт 25,042,146.35 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч *******, ******* нар эс зөвшөөрч, үндэслэлгүй хөрөнгөжсөн 9,092,800 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган, талууд маргажээ.
3. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.
3.1. Талийгаач ******* нь *******-тай 2021 оны 03 сарын 04-ний ******* дугаартай зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч ******* нь 30,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 14,4 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээлдэгч ******* нь сар бүр зээлийн хүүг төлж, гэрээний хугацаа дуусахад зээлийн мөнгийг бүрэн төлж барагдуулах нөхцөлийг харилцан тохиролцсон. /хх6-7/
3.2. Гэрээний дагуу ******* нь зээлдэгч *******ы данс руу 30,000,000 төгрөг шилжүүлсэн. /хх10-11/
3.3. 2021 оны 03 сарын 23-ны өдөр Ковид-19 коронавирусийн халдвар цар тахлаас шалтгаалан авч буй арга хэмжээний хүрээнд талууд зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 2024 оны 03 сарын 05-ны өдөр хүртэл сунгасан. /хх8/
3.4. Зээлдэгч ******* нь 2021 оны 08 сарын 07-ны өдөр нас барсан, тэрээр нас барах хүртэл зээлийн гэрээний үүрэгт 8,468,801 төгрөг төлсөн. /хх12/
Дээрх нотлох баримтуудаар ******* болон ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдсон.
4. Зээлдэгч ******* нас барсантай холбогдон нэхэмжлэгч нь түүний эхнэр *******, хүү ******* нараас өвлөн авсан өвийн хэмжээгээр зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр нэхэмжилсэн, харин хариуцагч нарыг хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох гэж буйг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэж үзнэ.
4.1. Учир нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт хууль ёсны өвлөгч этгээдийг нэрлэн заасан. Зээлдэгч *******ы эхнэр *******, хүү ******* болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул тэдгээрийг хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгч гэж үзнэ.
5. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэгт Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ гэж заасан байна.
5.1. Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч *******, талийгаач ******* нар 2006 оны 12 сарын 22-ны өдөр эрх бүхий газарт гэрлэлтээ бүртгүүлсэн, тэдгээрийн дундаас хүү *******, охин ******* нар төрсөн байна. /хх56-57/
5.2. Хариуцагч *******ийг Сонгинохайрхан дүүргийн , *******ны *******хаягт байршилтай 153.4 м.кв талбайтай хувийн сууц, гараж зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэж, гэрчилгээ олгожээ. /хх196-198/
5.3. Нэхэмжлэгч тал Сонгинохайрхан дүүргийн , *******ны *******хаягт байршилтай 153.4 м.кв талбайтай хувийн сууц, гараж зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнийг 50,000,000 төгрөгөөр тодорхойлсонд хариуцагч тал маргаагүй байна.
Дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь гэрлэгчдийн гэрлэснээс хойш бий болсон үйл баримт хэргийн нотлох баримтаар тогтоогдсон байх тул тус эд хөрөнгийг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Мөн гэр бүлийн гишүүдийн ногдох эд хөрөнгө болон өвлөгчийн өвлөх хөрөнгийн хэмжээг 12,500,000 төгрөгөөр /50,000,000:4/ тодорхойлсон нь хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцсэн байна. Түүнчлэн хууль ёсны өвлөгч нарт өвлөгдөх өвийн хэмжээг 4,166,666 төгрөгөөр тогтоосон нь зөв.
5.4. Өвлүүлэгч *******ы эзэмшилд бүртгэлтэй Тоёото Приус маркийн суудлын автомашиныг хариуцагч ******* өвлөн авахаас татгалзсан байна. Хариуцагч ******* нь өвлөгчийн эзэмшилд бүртгэлтэй Приус-20 маркийн улсын бүртгэлийн ... дугаартай автомашиныг өвлөх эрхийн гэрчилгээ авсан байх бөгөөд гэрчилгээнд автомашины үнийг 4,500,000 төгрөгөөр тодорхойлсон байна. /хх91/
5.6. Өвлүүлэгч ******* нь 2021 оны 08 сарын 07-ны өдөр нас барсан тул Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт зааснаар уг өдрөөс өв нээгдсэн гэж үзнэ. Хариуцагч *******, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн , *******ны *******хаягт байршилтай 153.4 м.кв талбайтай хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байгаа болох нь түүний тайлбараар тогтоогдсон тул өв нээгдсэн өдрөөс эхлэн өвлүүлэгчийн өвлөгдөх эд хөрөнгө өвлөгч нарт шилжсэн гэж үзнэ. Иймээс Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт зааснаар өв хүлээн авсан өвлөгч нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг хүлээн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ.
5.7. Харин дээрх үүргийн гүйцэтгэлийг шаардах үүрэг гүйцэтгүүлэгчийн Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.2 дахь хэсэгт заасан гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан байна.
Тодруулбал, дээрх хуулийн 536 дугаар зүйлийн 536.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ******* нь өвлүүлэгч *******ыг нас барсны дараа өвлөгч буюу хариуцагч *******т хандан зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэхийг шаарджээ. Хариуцагч ******* 2021 оны 09 сарын 08-ны өдөр 8,121,027 төгрөг, 2023 оны 05 сарын 23, 29-ний өдрүүдэд тус тус 208,000 төгрөг, 06 сарын 29-ний өдөр 196,708.95 төгрөг төлсөн, уг хугацаанаас хойш өвлөгч ******* нь зээлийн гэрээний үүрэг гүйцэтгээгүй байна. Хэрэгт авагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваариар зээлдэгч нь сар бүрийн 05-ны өдөр болон 20-ны өдөр тус тус зээл төлөх үүрэг хүлээжээ. Иймээс нэхэмжлэгчийн гомдлын шаардлага гаргах хугацааг 2023 оны 07 сарын 05-ны өдрөөс дууссан гэж үзнэ.
Нэхэмжлэгч тал 2023 оны 10 сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.2 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгч энэ хуулийн 536 дугаар зүйлийн 536.1-д заасны дагуу гомдлын шаардлага гаргасан бол түүний хариуг авсан, эсхүл гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс хойш нэг жилийн дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно. гэж заасан хугацааг хэтрүүлсэн байна. Иймээс хариуцагч нараас гэрээний үүрэг гүйцэтгэхийг шаардах эрхгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, энэ үндэслэлээр гаргасан хариуцагчийн гомдлыг хангав.
6. Хариуцагч нар нь үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр 9,092,800 төгрөгийг нэхэмжлэгч *******-аас сөрөг нэхэмжилсэн байна.
Хэргийн баримтаар хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүрэгт 9,092,800 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон. Гэхдээ хариуцагч нь тухайн цаг хугацаанд хүлээн зөвшөөрч зээлийн үүргээс гүйцэтгэсэнийг энэ хэмжээгээр нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй. Иймээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол хангагдахгүй.
Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар дүгнэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулах замаар уг алдааг залруулах боломжтой гэж үзлээ.
7. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/03511 дугаар шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж,
Тогтоох хэсэгт 2 дахь заалт нэмж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 368,206.42 төгрөгийг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 160,450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй. гэж, тогтоох хэсгийн 2, 3 гэсэн дугаарлалтыг 3, 4 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийг бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 311,198 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239,831 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Ч.ЦЭНД