| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2019/0540/Э |
| Дугаар | 552 |
| Огноо | 2019-08-19 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | П.Энхболд |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 552
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Боорчи,
Улсын яллагч П.Э,
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б овогт Б-О-н Э холбогдох эрүүгийн 1910016570567 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1961 оны 03 дугаар сарын 1-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун урт суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, машин механизмын жолооч мэргэжилтэй, Хан-Уул дүүргийн цэцэрлэгт жижүүр ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Хан-Уул дүүргийн тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Б овогт Б-О-н Э
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Б.Э нь согтуугаар 2019 оны 6 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 05 цагийн орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгийн жижүүрийн өрөөнд шалтгаангүйгээр иргэн Ч.Ч толгой, нүүр, гар хэсэгт төмрөөр олон удаа цохиж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир, нэмж хэлэх зүйлгүй…” гэв.
Хохирогч Ч.Ч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн цэцэрлэгийн засвар үйлчилгээг хийж байгаад Бтэй 21 цаг өнгөрч байхад 0,5 гр Хараа нэртэй нэг шил архи аваад цэцэрлэгийн жижүүрийн өрөөнд орж жижүүрийн хамтаар гурвуулаа хувааж уугаад дуусмагц би шалан дээр унтаад өгсөн...нэг мэдэхэд миний дээрээс цэцэрлэгийн жижүүр гартаа төмөр барьчихсан толгой руу цохиж байхад нь би гараараа толгойгоо хамгаалж байгаад ухаан алдсан. Тэгээд ухаан ороход гэмтлийн эмнэлэгт байсан...би шинжээчийн дүгнэлттэй танилцсан...миний биед учирсан гэмтлийг цэцэрлэгийн жижүүр Э учруулсан...” гэжээ /хх-н 15-17х/,
Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 6 сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн цэцэрлэгийн их засварын ажил хийж байгаад 21 цагийн үед ажлаа хийж дуусгаад Ч бид хоёр ярилцаж байгаад би ганц юм уугаад амрах уу гэхэд Ч зөвшөөрч дэлгүүрээс 0,5 гр-н Хараа нэртэй 1 шил архи авч уух газар олдохгүй байсан тул цэцэрлэгийн жижүүрийн өрөөнд ууя гэж Ч жижүүрт хэлээд өрөөнд орж гурвуулаа хувааж уугаад дуусмагц Ч унтаад өгсөн. Харин жижүүр ах би та хоёрын юмыг уусан юм чинь та хоёрт нэг шил архи авч өгье гэж хэлээд жижүүр ах 0,5 гр-н Хараа нэртэй архи авчирахаар нь жижүүр ах бид хоёр хувааж ууж дуусч байхад жижүүр ах уурлаж над руу сандал бариад дайрахаар нь би өрөөнөөс гараад явсан. Ингээд удаагүй байхад эмэгтэй хүн “хүн алчихлаа ш дээ” гэж орилохоор нь яваад ороход өрөөний гол хэсэгт шалан дээр Ч толгойгоо хоёр гараараа барьчихсан доошоо харчихсан хэвтэж байсан. ...толгойноос нь цус гарчихсан байсан. ...цэцэрлэгийн жижүүрийг өрөөний хаалганы үүдэн дээр хүн барьчихсан зогсож байсан. ...Ч согтууруулах ундаа хэрэглэхээс өмнө болон хэрэглэж байхад үед ямар нэгэн гэмтэл бэртэл байгаагүй. Харин намайг өрөөнөөс гараад буцаж орж ирэхэд толгойноос нь цус гарчихсан, шалан дээр нилээн их хэмжээний цус болчихсон байсан...” гэжээ /хх-н 25-26х/,
Гэрч Д.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би гүйгээд жижүүрийн өрөө рүү ороход Ч биеэ хураачихсан хоёр гараараа толгойгоо барьчихсан хэвтэж байсан. Харин хажууд нь тус цэцэрлэгийн жижүүр гэх Э нь баруун гартаа төмөр барьчихсан Чийн дээрээс цохиж байхаар нь би гүйж очоод болиочээ гэж хэлэхэд над руу төмөр барьсан баруун гараараа далайхад Д орж ирсэнээ жижүүр Эыг бариад авахад би баруун гарнаас нь дугтарч төмрийг авч үүдний угаалтуур дотор тавиад цагдаад дуудлага өгсөн...” гэжээ /хх-н 27-28х/,
Гэрч Ц.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би араас нь дагаад гүйгээд тус цэцэрлэгийн жижүүрийн өрөө рүү ороход Ч ах шалан дээр биеэ хураачихсан байдалтай хоёр гараа толгойгоо дарчихсан өөрийнх нь бие болон шал нилэнхүйдээ цус болчихсон байдалтай Чийн баруун талд тус цэцэрлэгийн жижүүр баруун гартаа барьсан төмрөөрөө цохиж байхад Э эгч “наад хүнээ аллаа болиочээ” гэж хэлээд түлхэхэд цэцэрлэгийн жижүүр Э эгч рүү баруун гартаа барьсан төмрөө бариад далайхаар нь би очиж жижүүрийг барьж авахад Э эгч баруун гарт нь байсан төмрийг нь салгаж авахаар би хананд шахаж гарыг нь өмдний тэлээгээр хүлсэн...” гэжээ. /хх-н 29-30х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №8076 тоот шинжээчийн дүгнэлтэнд: “... Чийн биед зүүн шууны богтос ясны ил хугарал, баруун сарвууны эрхий хурууны далд хугарал, тархи доргилт, толгой, нүүрэнд олон тооны шарх, хамар ясны хугарал, хамар, зүүн зовхи, хүзүү, зүүн бугалганд цус хуралт, дух, баруун даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ./хх-н 36х/,
Шинжээч эмч Ш.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Зүүн шууны богтос ясны ил хугарал, баруун гарын эрхий хурууны хугарал нь тус тусдаа гэмтлийн хүндэвтэр зэрэг болно. Тархи доргилт, толгой, нүүрний яс, хамар ясны хугаралууд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэжээ./хх-н 39-40х/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 4-12х/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 45-49х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-79/, ял шалгах хуудас / хх-89/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Б.Э нь согтуугаар 2019 оны 6 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 05 цагийн орчим Хан-Уул дүүргийн цэцэрлэгийн жижүүрийн өрөөнд шалтгаангүйгээр иргэн Ч.Чийн толгой, нүүр, гар хэсэгт төмрөөр олон удаа цохиж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч.Чийн “...нэг мэдэхэд миний дээрээс цэцэрлэгийн жижүүр гартаа төмөр барьчихсан толгой руу цохиж байхад нь би гараараа толгойгоо хамгаалж байхад ухаан алдсан. Тэгээд ухаан ороход гэмтлийн эмнэлэгт байсан...би шинжээчийн дүгнэлттэй танилцсан...миний биед учирсан гэмтлийг цэцэрлэгийн жижүүр Э учруулсан...” гэх мэдүүлгээр, гэрч Б.Бгийн “...Би 2019 оны 6 сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн цэцэрлэгийн жижүүрийн өрөөнд 0,5 гр-н Хараа нэртэй 1 шил архийг жижүүрт хэлээд гурвуулаа хувааж уугаад дуусмагц Ч унтаад өгсөн. Харин жижүүр ах би та хоёрын юмыг уусан юм чинь та хоёрт нэг шил архи авч өгье гэж хэлээд жижүүр ах 0,5 гр-н Хараа нэртэй архи авчирахаар нь жижүүр ах бид хоёр хувааж ууж дуусч байхад жижүүр ах уурлаж над руу сандал бариад дайрахаар нь би өрөөнөөс гараад явсан.Ингээд удаагүй байхад эмэгтэй хүн “хүн алчихлаа ш дээ” гэж орилохоор нь яваад ороход өрөөний гол хэсэгт шалан дээр Ч толгойгоо хоёр гараараа барьчихсан доошоо харчихсан хэвтэж байсан. ...толгойноос нь цус гарчихсан байсан…” гэх мэдүүлгээр, гэрч Д.Э-н “...Ч биеэ хураачихсан хоёр гараараа толгойгоо барьчихсан хэвтэж байсан. Харин хажууд нь тус цэцэрлэгийн жижүүр гэх Э нь баруун гартаа төмөр барьчихсан Ч -н дээрээс цохиж байхаар нь би гүйж очоод болиочээ гэж хэлэхэд над руу төмөр барьсан баруун гараараа далайхад Д орж ирсэнээ жижүүр Э бариад авахад би баруун гарнаас нь дугтарч төмрийг авч үүдний угаалтуур дотор тавиад цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлгээр, гэрч Ц.Д-н “...Ч ах шалан дээр биеэ хураачихсан байдалтай хоёр гараа толгойгоо дарчихсан өөрийнх нь бие болон шал нилэнхүйдээ цус болчихсон байдалтай Чийн баруун талд тус цэцэрлэгийн жижүүр баруун гартаа барьсан төмрөөрөө цохиж байхад Э эгч “наад хүнээ аллаа болиочээ” гэж хэлээд түлхэхэд цэцэрлэгийн жижүүр Э эгч рүү баруун гартаа барьсан төмрөө бариад далайхаар нь би очиж жижүүрийг барьж авахад Э эгч баруун гарт нь байсан төмрийг нь салгаж авахаар би хананд шахаж гарыг нь өмдний тэлээгээр хүлсэн...” гэх мэдүүлгээр, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоосон №8076 тоот дүгнэлт, шинжээч эмч Ш.Ц “...Зүүн шууны богтос ясны ил хугарал, баруун гарын эрхий хурууны хугарал нь тус тусдаа гэмтлийн хүндэвтэр зэрэг болно. Тархи доргилт, толгой, нүүрний яс, хамар ясны хугаралууд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлгээр, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Э-д холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэн шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй.
Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Эод оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Хохирол төлбөрийн хувьд:
Хохирогч Ч.Чт гэмт хэргийн улмаас хүндэвтэр хохирол учирсан ба мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд 949.600 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч төлж барагдуулсан, шүүхийн шатанд хохирогч Ч.Чт 2.500.000 төгрөг нэмж төлсөн байх тул шүүгдэгч Б.Эыг төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дотроо өнгөгүй шингэнтэй “Хараа” гэх нэртэй 0.35 литрийн архины шил 1 ширхэг, мөн архины шилний 5 ширхэг хагархай, 28 см урттай саарал өнгийн төмөр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт Б-О-н Э-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б-О-н Э-г 500 нэгж буюу 500.000 / таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Э нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Эод оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дотроо өнгөгүй шингэнтэй “Хараа” гэх нэртэй 0.35 литрийн архины шил 1 ширхэг, мөн архины шилний 5 ширхэг хагархай, 28 см урттай саарал өнгийн төмөр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, эд хөрөнгө битүүмжлээгүйг дурдсугай.
6. Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд давж заалдах годол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тоглтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.ГАНБАТ