Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 4785

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2016/04785

 

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 7/1-00 тоот,  “Төрийн банк” ХХК-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 63 тоот, Бөмбөөхөн цэцэрлэгт холбогдох зээлийн гэрээг цуцалж, 992 697 012 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг  хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Төрийн банкны тусгай Активийн хэлтсийн хуульч Б.Жавхлантөгс, хариуцагчийн өмгөөлөгч Х.Батдэлгэр /үнэмлэх 1893,   шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлантөгс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бөмбөөхөн цэцэрлэг нь 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Төрийн банктай 8 тоот зээлийн болон барцааны гэрээ байгуулж, 897 000 000 төгрөгийг жилийн 19.20 хувийн хүүтэй, 2022 оны 4-р сарын 13-ны өдрийг хүртэл 120 сарын хугацаатайгаар зээлсэн. Хоёр тал зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тэнцүү төлөх нөхцөлтөйгээр тохирсон. Уг зээлийн барьцаанд Y-2205036838, Y-2205036840,  Y-2205036839, Y-2205036841, Y-22050227685, Y-2205036843 дугаарт тус тус бүртгэгдсэн өмчлөх эрхийн 000122585, 000182588, 000182587, 000182589, 000182584, 000182586 тоот гэрчилгээтэй Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 63-р байрны 1 давхарын 101-102 тоот, 2 давхарын 201-203 тоот, 3 давхарын 301-303 тоот, 5 давхарын 501-503 тоот обеъктийг барьцаалсан. Бөмбөөхөн цэцэрлэгийн захирал С.Артаг нь гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулж, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Мөн 239 м.кв газарыг барьцаалсан байдаг. Зээлдэгч 2013 оны 01-р сараас   2015 оны 01-р сар хүртэл 15 удаа нийт 95 хоног хугацаа хэтрүүлж зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлөлгүй гэрээний 1.3.10-1.3.12, 3.2.4, 3.2.5 дахь заалтыг зөрчсөн.  Иймд зээлдэгчтэй байгуулсан гэрээг цуцалж, үндсэн зээл 789 200 249,75 төгрөг, зээлийн хүү 201 781 358,09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 715 403,79 төгрөг нийт 992 697 012 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Тус цэцэрлэг нь 2012 оны 4 дүгээр сард Төрийн банкнаас 897 000 000 төгрөгийн зээлийг 120 сарын хугацаатайгаар авсан. Тодорхой нөхцөл байдлын улмаас зээлийн төлбөр хутацаа хэтрэх тохиолдол гарч байсан нь үнэн. Тухайлбал, Төрийн банкны зүгээс 2016 оны 2 дугаар сард цагдаагийн байгуллагад манай цэцэрлэгийн захирлын нэр дээр эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр хандсан. Цагдаа, прокурорын байгууллага шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Энэ асуудал болж байх 2 сарын хугацаанд манай байгууллага зээлийн төлбөрөө төлж байх эсэх нь тодорхойгүй байлаа. Гэтэл банк энэ хугацааны зээл, зээлийн хүүт нэхэмжлэлдээ оруулан тооцсонийг буруу гэж үзэж байна. Уг зээлийн гэрээний хугацаа 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр дуусна. Урт хугацаатай зээлийн хувьд дээрх үүргийн зөрчил нь ялимгүй зөрчилд хамаарна. Мөн зээлийн гэрээнд үүрэг гүйцэтгэх хугацааг зээлийн гэрээний хугацаагаар ойлгогдохоор байгаа бөгөөд эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаа зээлийн үүрэг гүйцэтгэх хугацаа зөрчсөн гээд гэрээ цуцлах үндэслэлд хамаарахгүй байна. Үүнээс гадна зээл авсанаас хойш одоогийн байдлаар нийт 593 428 400 төгрөгийг банкинд төлсөн. Гэвч үндсэн төлбөрөөс ердөө 107 800 000 төгрөгийг хасагдсан байгааг манай зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Энэ талаар банкинд өмнө нь хандаж байсан боловч дорвитой хариу өгч байгаагүй. Хүүгээ эхэлж төлдөг эргэн төлөлтийн зээлийн хуваарийг зээл авах үедээ бид сайн ойлгоогүй, банкны ажилтнууд ч үр дагаврыг нь сайн тайлбарлаж өгөөгүй, зээл шийдвэрлэгдсэнд баярлаж энэ асуудалд анхаарлаа огт хандуулаагүй. Гэтэл зээлийн ийм их дарамт ирнэ гэж бодсонгүй. Манайх төлбөрийн чадваргүй болоогүй, гэхдээ моргейжийн зээлтэй адил хүүгээ эхэлж авч байгаа нь ашгийн төлөө бус, хүүхдийн эрх ашгийн төдөө ажиддадаг цэцэрлэгийн байгууллагын хувьд дэндүү их дарамт учруулж байна. Уг эргэн төлөлтийн хуваарийн үр дагаварыг сүүлд нь ойлгож байна. Үүнийг банкны ажилтнууд анхааруулж хэлэх ёстой байсан. Эргэн төлөлтийн хуваарь тохирохгүй байна, дарамт их байгаа талаар банкинд хандаж байсан боловч шийдвэрлэж өгөөгүй, улмаар эрүүгийн хэрэг үүсгүүлэх, барьцаа хөрөнгөөс хангуулах зэрэг шүүх цагдаагийн байгууллагаар хандаж байгааг ойлгохгүй байна. Аль болох зээлдэгчтэй эв зүйгээр, аль альнийхаа эрх ашигт ашигтай байдлаар шийдвэрлэж болно. Гэвч банкны зүгээс ийм бодлого огт баримтлахгүй байгаа нь ойлгомжгүй байна. Зээл эргэн төлөх сүүлийн хугацаа дуустал 6 жил буюу 72 сарын хугацаа байгаа тул барьцаа хөрөнгөөрөө зээлдүүлэгчийн шаардлагыг хангахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүүхдийн цэцэрлэг нь ашгийн бус хүүхдийн төлөө ажилладаг байгууллага тул үйл ажиллагаа тасалдахгүй явуулахад саад болох, зогсоох ямар нэгэн шийдвэр гаргахгүй байхыг хүсэж байна. Улс нийтээрээ эдийн засгийн хямралтай байгааг харгалзан үзэж зээлдэгчид хохиролгүй байдлаар шийдвэрлэж өгнө үү. Банкинд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг одоо байгаагаас өөр байдлаар өөрчилж эвлэрэх саналыг албан ёсоор тавьж байгаа дамжуулан өгнө үү гэжээ.

 

               Хариуцагчийн өмгөөлөгч Х.Батдэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн гэж 5 121 435.05 төгрөгийг нэхэмжилжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57.1-д “Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно” гэж заасан. Тэмдэгтийн хураамжийг гаргуулах нэхэмжлэл нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь буруу байна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11.1.6-д “барьцааны шаардлагыг хангах журам”-ыг барьцааны гэрээнд тусгана, 11,2-д “Хуульд заасан бөгөөд талууд гэрээгээр тохиролцсон бол барьцааны зүйлээс шаардлагыг шүүхээс гадуур хангаж болно” гэж заасан. Талууд шүүхээс гадуур хангуулахаар гэрээгээр тохиролцсон тохиролцоогоо зөрчиж шүүхийн журмаар хангуулахаар нэхэмжлэл гаргасан нь буруу байна. Иргэний хуулийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан байдаг. Гэгэл банк зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг урьдчилан анхааруулаагүй, гэрээ цуцалж байгаа бол урьдчилан мэдэгдэж анхааруулах ёстой. Гэтэл бичгээр мэдэгдээгүй бөгөөд мэдэгдсэн талаар баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Иймд банк гэрээ цуцлаж үлдсэн хугацаанд ногдох бүх төлбөрийг шаардах эрхгүй байна. Мөн зээлдэгч нь 2013 оны 1-р сараас 2015 оны 1-р сар хүртэл нийт 15 удаа, нийлбэр дүнгээр 95 хоног хугацаа хэтэрсэн гэжээ. Энэ нь огт төлөлт хийгдээгүй асуудал биш, энэ хугацаанд сар бүр төлөлт хийж байсан бөгөөд хамгийн бага нь 12 608 689 төгрөгийн төлөлт хийсэн байна. Эргэн төлөх графикийн хувьд зөвхөн хүүгээ төлж явахад л зээлдэгчийн хувьд маш хүнд дарамт байдаг, сар бүр 12 саяас дээш төлөлт хийж байгаа нь ялимгүй зөрчил. Зээлийн гэрээний хугацаа 10 жил бөгөөд 6 жил үлдсэн. Иргэний хуулийн 225.4.1-д заасны дагуу үүргийн ялимгүй зөрчил гэж үзэх тул гэрээ цуцалж, нийт төлбөрөө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Банкны зүгээс эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр цагдаад хандсан, дарамт шахалт үзүүлснээс болж төлөлт хийгдэхгүй болсон нь банкны буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан. Иргэний хуулийн 222.2-д “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж заасан байдаг. С.Артаг нь Бөмбөөхөн цэцэрлэгийн нэрээр 897 000 000 төгрөгийн зээл авахдаа эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр, цэцэрлэгийн удирдлагын зөвшөөрөлгүйгээр зээл авсан. Боловсролын тухай хуулийн 34.1-д “Боловсролын сургалтын байгууллагын өөрийн удирдлагыг ...цэцэрлэгт ...цэцэрлэгийн зөвлөл хэрэгжүүлнэ”, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 10.2-д “Цэцэрлэгийн өөрийн удирдлага нь цэцэрлэгийн зөвлөл байна”, Цэцэрлэгийн дүрмээр удирдах дээд байгууллага нь Цэцэрлэгийн Зөвлөл байх бөгөөд дүрмийн 2.1-д “Цэцэрлэгийн өөрийн удирдлагыг цэцэрлэгийн зөвлөл хэрэгжүүлнэ” гэж заасан байхад зөвлөлд мэдэгдэлгүйгээр зээл авсан байна. Цэцэрлэгийн хувь заяатай холбоотой шийдвэрийг эрх барих дээд байгууллагын шийдвэргүйгээр шийдвэрлэсэн бөгөөд С.Артаг нь цэцэрлэгийн удирдах байгууллага цэцэрлэгийн зөвлөл, эрхлэгчийн оролцоогүйгээр зээл авч зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, өндөр хүү тохирч зээлийн гэрээ байгуулсан байна. С.Артаг нь Цэцэрлэгийн зөвлөлийн гишүүн биш бөгөөд цэцэрлэгтэй ямар нэг байдлаар холбоотой гэх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Өөрөөр хэлбэл, цэцэрлэгийн удирдлагатай ямар нэг байдлаар холбогдолгүй этгээд цэцэрлэгийн өмнөөс шийдвэр гаргаж, төлөөлж гэрээ байгуулах хууль зүйн боломжгүй. Иргэний хуулийн 56.1.8-д зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” хүчин төгөлдөр бус байхаар заасан. Иймээс төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл, шийдвэр гаргах эрх бүхий дээд байгууллагаас шийдвэр гараагүйгээр хийсэн уг хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна. С.Артаг төлөөлөх бүрэн эрхтэй эсэх, шийдвэр гаргах эрхтэй эсэхийг банк шалгаагүй байгаа нь банкны өөрийн эрсдэл болж байна. Зээлийн гэрээ байгуулахдаа дараах байдлаар ноцтой төөрөгдөж байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. С.Артаг нь Бөмбөөхөн цэцэрлэгийн нэрээр 897 000 000 төгрөгийн зээл авахдаа  зээлийн үндсэн хүү жилийн 19.2 хувь гэж ойлгосон, гэхдээ эргэн төлөлтийн хуваарийг хийхдээ бүх төлбөр нь тэнцүү байхаар төөрөгдүүлсэн. Энэ нь зээлдэгчид  хохиролтой бөгөөд эхний ээлжинд үндсэн төлбөрөөс маш бага хэмжээтэй хасагдаж явдаг тул үндсэн төлбөрийн үлдэгдэл их үлдэж түүний нийт дүнгээс хүү бодогддог. Хэрэв үндсэн төлбөр нь тэнцүү графиктай байсан бол үндсэн төлбөрөөс сар болгон тэнцүү хасагдаж, төлөлт хийх бүрт дээрх графикаас маш ялгаатай үндсэн төлбөр үлдэж түүнээс хүү бодоход маш том зөрүү гардаг. Хэрэв банк зээлдэгчид энэ төлөлтийн ялгааг тайлбарлан, үр дагаврыг танилцуулж, мэдээлэл өгсөн бол зээл авахгүй байсан, өөр бүтээгдэхүүн сонгох байсан, өөр банкийг сонгох байсан. Энэ мэдээллийг өгөөгүйгээс зээлдэгч өөрийн хүсэж байсан хэлцлээс өөр хэлцлийг хийсэн, ноцтой төөрөгдсөн. Зээлийн гэрээ нь дээрх байдлаар хүчин төгөлдөр бус тул түүний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан барьцааны гэрээ Иргэний хуулийн 56.1.10-д “дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу мөн хүчин төгөлдөр бус байна. Мөн уг барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна. Иргэний хуулийн 156.2-д “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх ...”, 156.3-д “Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж заасан. Гэтэл барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, гэрээнд улсын бүргэлийн тэмдэглэгээ хийгдээгүй байгаа тул уг гэрээ хүчин төгөлдөр бус байна. Зээл олгосны шимтгэл гэж Зээлийн гэрээний 2.1.7-д заасны дагуу олгосон зээлийн дүнгээс 0.5 хувиар тооцож 4 485 000 төгрөгийг зээлийн шимтгэлд авсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Зээлтэй холбоотой хууль тогтоомжоор зээлийн шимтгэл авч болно гэсэн зохицуулалт байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                       

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Төрийн банк нь “Бөмбөөхөн” цэцэрлэгт холбогдох зээлийн гэрээг цуцалж, 992 697 012 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэсгүй гэж дүгнэлээ.

 

“Төрийн банк нь нь Бөмбөөхөн цэцэрлэгтэй  2012 оны 04-р сарын 13-ны өдөр 8 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 897 000 000 төгрөгийг 120 сарын хугацаатай, сарын 1.60 хувийн  хүүтэйгээр, улсын бүртгэлийн Y-2205036838, Y-2205036840,  Y-2205036839, Y-2205036841, Y-22050227685, Y-2205036843 дугаарт тус тус бүртгэгдсэн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 63-р байрны 1 давхарын 101-102 тоот, 2-р давхарын 201-203 тоот, 3-р давхарын 301-303 тоот, 5-р давхарын 501-503 тоот обеъкт, 239 м.кв талбай бүхий газрыг тус тус барьцаалан зээлүүлэхээр тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 451-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээг бичгээр хийсэн, барьцааны гэрээг энэ хуулийн 156-р зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр /хх 721/ байна. 

 

Зээлдүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж  зээлдэгч Бөмбөөхөн цэцэрлэгт 2012 оны 04-р сарын 16, 2012 оны 4-р сарын 26-ны өдөр 897 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн /хх 13/ байх ба зээлдэгч нь гэрээний хугацаанд 2013 оны 1-р сар хүртэлх хугацааны зээл, хүүг төлж, 2013 оны 01-р сараас   2015 оны 01-р сар хүртэл хугацаа хэтрүүлж зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ. Улмаар гэрээний 7-р зүйлийн 7.2.2 дахь хэсэгт заасан “гэрээний 1.3.10 дахь заасан ноцтой зөрчлийг гаргасан” гэх үндэслэлээр гэрээгээ цуцлахыг шаарджээ.

 

Гэрээний 1.3.10-т “ноцтой зөрчил”-д зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх ерөнхий хугацааг хэтрүүлсэн, хэсэгчилсэн хугацааг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхаар тохирсон бөгөөд зээлдэгч нь 2015 оны 01-р сарын 01-ний байдлаар үндсэн зээлд 100 986 542 төгрөг, зээлийн хүүд 438 179 527 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 24 934 төгрөг тус тус төлсөн нь зээл, зээлийн хүүгийн тооцоогоор  /хх 13-14/ тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээ цуцлахыг шаардсан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...зээлийн төлбөр төлөхгүй бол дараа дараагийн арга хэмжээ авах болсныг 2015 оны 3-р сарын 19-ний өдрийн мэдэгдлээр хүргүүлсэн боловч төлөөгүй” гэж тайлбарладаг боловч Иргэний хуулийн 225-р зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нарт үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон, улмаар тогтоосон хугацаанд үр дүн гараагүй гэх гэрээ цуцлах үндэслэл тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл, нэмэлт хугацаа тогтоож бичгээр мэдэгдсэн гэх үндэслэл баримтаар нотлогдоогүй байна.

 

Хэдийгээр зээлдэгч нь графикаар тохирсон хугацааг хэтрүүлэн гүйцэтгэж байсан нь гэрээний 1.3.11-т заасан “зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд биелүүлээгүй”, 1.3.12-т заасан “гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй” зөрчилд тооцогдох боловч гэрээний хугацаа 2022 оны 04-р сарын 13-нд дуусахаар тохирсон, зээлийн хүү, зээлээс төлөөгүй хугацаа, төлбөл зохих төлбөр зэргээс харьцуулан дүгнэвэл үүргийг ялимгүй зөрчсөн гэх үндэстэй. Иймд гэрээ цуцлах, гэрээ цуцалснаас учирсан хохирол гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслээ “...С.Артаг нь цэцэрлэгийг төлөөлөх эрхгүй этгээд, цэцэрлэгийн зөвлөлөөр шийдвэрлээгүй, эрхгүй этгээдтэй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл, барьцааны гэрээ нь нотариатаар гэрчлэгдэж, улсын бүртгэлд бүртгэгдээгүй хүчин төгөлдөр бус, зээл төлөх графикийг тайлбарлаагүй төөрөгдүүлсэн” гэж тайлбарладаг боловч эдгээр тайлбар, татгалзал нь гэрээний үүргээ биелүүлэхгүй байх, гэрээ цуцлах шаардлагыг няцаасан үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.

 

            Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62-р зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлага хангах үүрэгтэй бөгөөд  нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй тохиолдолд нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргах шаардлагыг  хангаж нотариатын зардалд 40 000 төгрөг төлснийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

 

            Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 5 121 435 төгрөг төлсөн байх ба нэхэмжлэлийн үнийн орж тооцогдоогүй байна.                                 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

   ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 227-р зүйлийн 227.1 дэх хэсэг, 451-р зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Бөмбөөхөн” цэцэрлэгтэй байгуулсан 2012 оны 04-р сарын 12-ны өдрийн 8 тоот зээлийн болон барьцааны гэрээг цуцлах, 992 697 012  төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн Төрийн банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

           

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэхь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 121 435 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй. 

 

Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Р.АЛТАНТУЯА