Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2025/01427

 

 

 

2025 08 25 210/МА2025/01427

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 сарын 08-ны өдрийн 191/ШШ2025/04044 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******-д холбогдох

 

Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 92,160,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний хань ******* нь *******-д 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр автосамосвалын оператор албан тушаалд томилогдон, Өмнөговь аймгийн *******ын нутагт байрлах *******д хөрс хуулалтын ажлыг гүйцэтгэж байхдаа 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өглөө ажлын байран дээрээ нас барсан.

*******-ийн үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комиссоос гаргасан ослын актыг Өмнөговь аймгийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Газрын Хөдөлмөрийн Улсын ахлах байцаагч хүлээн авч хянаад 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Үйлдвэрлэлийн ослыг хянан баталгаажуулах тухай дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэд үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комисс нь ажилтан *******ыг ажлаасаа буусан амралттай байх үедээ эрүүл мэндийн шалтгаанаар нас барсан. Уг дүгнэлтдээ Компанийн үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комисс нь нас барсан ажилтан *******ыг ажлаасаа буусан амралттай байх үедээ эрүүл мэндийн шалтгаанаар нас барсан ... уг тохиолдлыг ердийн өвчлөлийн улмаас нас барсан гэж үзсэнтэй санал нийлэхгүй байгаа тул Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4.2, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 3.11-д заасныг үндэслэн ... талийгаач *******ын тохиолдлыг Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1.4-т заасан ажилтан ажил эхлэхийн өмнө болон дууссаны дараа ажлын байрандаа амрах, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх, хувцсаа сольж усанд орох, ажил хүлээлцэх үедээ үйлдвэрлэлийн осол хурц хордлогод өртөж амь насаа алдсан тохиолдолд хамаарна гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн, эсхүл нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг дараах хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгоно гэж, мөн хуулийн 125.1.2-т үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол 36 дахин нэмэгдүүлж нөхөн төлбөр олгохоор заасан. Ажил олгогч ******* нь хуульд заасны дагуу нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг 36 дахин нэмэгдүүлсэн төлбөрийг нэг удаа гэр бүлд нь олгох үүргээ биелүүлээгүй.

Би *******тай 2009 оноос хойш хамтран амьдарч байсан. Бид гэрлэлтээ батлуулаагүй ч олон жил хамт амьдарсан, шүүхээс хамтын амьдралтай байснаа тогтоосон тул шаардах эрхтэй. Иймд хариуцагч *******-аас талийгаач *******ын сарын цалинг 36 дахин нэмэгдүүлсэн нөхөн төлбөр буюу 92.160.000 төгрөгийг нэхэмжилж байна.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг үндэслэж нөхөн төлбөрийг нэхэмжилж байгаа. Иймд эхлээд үйлдвэрлэлийн ослыг тогтоосны дараа нөхөн төлбөр олгох ёстой. Гэтэл талийгаачийн нас барсан шалтгаан зүрхний шигдээс болохыг эрүүгийн хэргийн явцад шинжээч дүгнэсэн. Талийгаачийн нас барсан шалтгаан зүрхний шигдээснээс болсон уу, ажлын байран дээр хортой нөхцөлд хордсон байна уу, эрүүл ахуйн нөхцөл бүрдсэн үү гэдэг нь одоогоор тогтоогдоогүй.

2.2. Улсын байцаагчийн дүгнэлт дээр үйлдвэрлэлийн хүчин зүйлээс болоогүй, ердийн өвчнөөс болж нас барсан гэдэг дүгнэлтийн дараа Өмнөговь аймгийн Хөдөлмөр халамжийн газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарсан. Үүгээр ******* нь ажил амралтын байр болон ажил дууссаны дараа ажлын байрандаа амрах, хувцсаа солих хугацаанд тохиолдсон гэж дүгнэсэн.

*******-ийн гэм бурууг тодорхойлоод өгсөн цагт үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийг төлөх учиртай. Иймд эрүүгийн хэрэг шийдвэрлэхээс өмнө иргэний журмаар шийдвэрлэх боломжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн талийгаачийн ажил олгогч нь ******* биш. Компани*******тай байгуулсан хамтран ажиллах гэрээгээр түрээслүүлэгч тал тээврийн хэрэгслээ операторчоор хангах үүрэгтэй. Түүний тээврийн хэрэгслийг барихын тулд ******* уурхайд ажилласан. Харин уурхайд ажил үүрэг гүйцэтгэх хэрэгцээ шаардлагын хүрээнд манайх *******ыг томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Талийгаачийн цалин хөлсийг манай байгууллага бус*******аас олгож байсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад ******* нь *******тай хамтран амьдарч байсан боловч хөөж явуулаад удаан хугацаанд тусдаа амьдарч байсан, ******* өөрийн төрсөн ээж, ах дүү нартайгаа амьдарч байсан нь *******ын төрсөн ээж, дүү, бусад гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон тул хууль ёсны хохирогчоор *******ын ээжийг оролцуулсан. Нэхэмжлэгч ******* гэр бүлийн гишүүн биш тул шаардах эрхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2-т зааснаар *******-аас 60,480,000 /жаран сая дөрвөн зуун наян мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 31,680,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 618,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 460,350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх ******* нь үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан болохыг улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр баталгаажуулсан, хариуцагч ******* нь ажил олгогч мөн, ийг шүүхээс хамтын амьдралтай байсныг тогтоосон тул шаардах эрхтэй гэж үзсэн.

Зохигчид үйлдвэрийн осол мөн эсэхэд маргасан. Нийгмийн даатгалын сангаас олгох, мэргэжлээс шалтгаалсан осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар Үйлдвэрлэлийн осол гэж даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг үйлдвэрлэлийн осол гэж үзэхээр тодорхойлсон.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйл гэдэгт ажлын ээлжийн хугацаанд хурц хордлого, үйлдвэрлэлийн осолд хүргэх, хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулах хүчин зүйлийг гэж тодорхойлсон.

Тухайн тохиолдолд талийгаач ******* нь үйлдвэрлэлийн ямар нэгэн хүчин зүйлд өртөөгүй бөгөөд эрүүл мэндийн шалтгаанаар буюу өмнө нь зүрхний шигдээсээр өвчилж, давтан шигдээсний улмаас зүрхний дутагдлаар нас барсан болох нь эрүүгийн хэргийг хянан шалгах явцад ажиллагаанд авагдсан. 2023 оны 03 сарын 24-ний өдрийн 17 дугаар шинжээчийн шинжилгээгээр тогтоогддог.

Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар улсын байцаагчийн дүгнэлтээр хянан баталгаажуулсан тул шаардах эрх үүссэн гэж шүүх үзжээ. Уг баталгаажсан дүгнэлт нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдох учиртай бөгөөд энэ ажиллагаа одоо явагдаж байна.

4.2. Анхан шатны шүүх *******-ийг ажил олгогч, нэхэмжлэгчийг хамтын амьдралыг тогтоосон тул шаардах эрхтэй гэж дүгнэсэн.

Хариуцагч нь талийгаач манай компанид ажиллаж байгаагүй, ******* болон******* нарын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Талийгаач нь*******ын тээврийн хэрэгслийг барьж, операторчоор ажиллаж байсан. Хамтран ажиллах гэрээний дагуу******* нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хариуцах ёстой гэж маргасан. Гэтэл шүүх эрүүгийн журмаар хэн нь гэм буруутайг тогтоогоогүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүх Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-ийн 1.7-д Иргэн, хуулийн этгээд нь гэрээгээр ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх, машин механизм, тоног төхөөрөмж түрээслэх буюу бусад хэлбэрээр ашиглах үед гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг хэрхэн судлан бүртгэх талаар холбогдох гэрээнд тодорхой тусгасан байна. Энэ талаар гэрээнд тусгаагүй бол ажил гүйцэтгүүлэгч үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан тохиолдолд түүнийг судлан бүртгэнэ гэж заасныг дурдаж ажил олгогч биш тухай хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж байна. Харин ч дээрх заалт нь иргэн******* ажил олгогч байж болохыг дурдсан байна.

4.3. Шүүхээс хамтын амьдралтай байсныг тогтоосон тул нэхэмжлэгч нөхөн төлбөрийг шаардах эрхтэй гэж үзсэн. Мөн шүүх нэхэмжлэлийг Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.4-д заасан талийгаачийн гэр бүл, гэр бүлийн гишүүн гэдэгт хамаарахгүй байна. Гэхдээ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар хамтран амьдрагч тус хуулийн үйлчлэлд хамаарах 3 дугаар зүйлийн 3.1.1-д, Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д заасан гэр бүл гэх ойлголтод нэхэмжлэгчийг хамруулж үзэх нь зүйтэй гэж хуулийг тайлбарлан хууль хэрэглээг буруу хэрэглэсэн.

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би нэхэмжлэгчийн хамтын амьдралтай байх талаар маргаагүй, талийгаачийн ээж хэрэг бүртгэлийн ажиллагаанд хохирогчоор тогтоогдон явж байгаа бөгөөд эрүүгийн хэрэг шийдэгдээгүй байхад шүүхэд нөхөн төлбөрийг шаардахгүй үндэслэлгүй гээд шаардлага гаргаагүй байна. Гэтэл шүүхээс нэхэмжлэл гаргасан хамтын амьдрагчид нөхөн төлбөрийг 100 хувь хуваарилж байгаа нь хуульд нийцэхгүй.

 

4.4 Шүүх Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Цогтцэций сумын сум дундын цагдаагийн хэлтсээс ирүүлсэн 2025 оны 03 сарын 31-ний өдрийн лавлагаагаар кемпэд ******* амралтын байрны гадаа нас барсан гэх гомдол мэдээлэлд Эрүүгийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болохыг тодорхойлсон ньХүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэгт хэрэг бүртгэлийн шатанд үйлдвэрлэлийн ослыг шалгахдаа Эрүүгийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээн ажиллагаа явуулдаг. Хариуцагч нь эрүүгийн хэрэгт гэм буруутай эсэхийг тогтоосон тохиолдолд хариуцагч ******* болон ажил олгогч иргэн******* аль нь ч нөхөн төлбөрийг төлнө гэдгээ илэрхийлдэг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******-ийн захирлын 2022 оны 09 сарын 04-ний өдрийн 22/24 дугаар бүхий *******ыг 2022 оны 09 сарын 04-ний өдрөөс ховоны операторчоор жинхлэн ажиллуулсугай гэх тушаал гарсан. Ажил олгогч *******, ажилтан ******* нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан. Хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт ажил олгогч түүний эрх бүхий этгээд нь ажилд орж буй хүнтэй гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ. гэж зохицуулсан. *******-ийн Өмнөговь аймгийн *******ын нутагт байрлах ******* ******* нь ховоны операторчноор ажлын байрны тодорхойлолтод заасан ажлыг гүйцэтгэх, ажил олгогч түүнд 1 өдрийн 120,000 төгрөгийн цалин олгож, 14 хоног ажиллаж 14 хоног амрах растерын хуваариар ажиллахаар харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

Талууд 2022 оны 09 сарын 04-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд буюу ажилтан ******* нас барах хүртэлх 4 сарын хугацаанд ажилласнаар хөдөлмөрийн харилцаа үүссэн болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүх ажил олгогчийг тогтоогоогүй гэх гомдол нь үндэслэлгүй байна.

5.2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт ажил олгогч нь тухайн байгууллага дээр гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг тухайн цаг бүрд нь бүртгэж дүгнэлт гаргана, энэ талаар дүгнэлт гаргах эрх бүхий комиссыг ажиллуулна гэж заасан. *******-ийн захирал нь төслийн менежер гаар ахлуулсан 4 хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулж, ажиллуулан дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтийг нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд хөдөлмөрийн улсын байцаагч хянана гэж зохицуулсан. Түүнчлэн тухайн дүгнэлтийг хянаж зөвшөөрөөгүй хөдөлмөрийн улсын байцаагч өөрөө акт дүгнэлт гаргана гэж заасны дагуу хөдөлмөрийн улсын байцаагч дүгнэлт гаргасан учраас талуудад танилцуулсан. *******-ийн зүгээс тухайн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн. Учир нь шүүхэд нэхэмжлэл гаргаж өнөөдрийг хүртэл тухайн дүгнэлтийг эс зөвшөөрсөн талаар ямар нэгэн гомдол гаргаагүй учраас зөвшөөрсөн гэж үзэж байна. Уг дүгнэлтийг зөвшөөрсөн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.2-т зааснаар ажилтан нас барсан тохиолдолд түүнд сарын дундаж цалинг 36 дахин нэмэгдүүлснээр нөхөн төлбөр олгох хуулийн заалтын дагуу нэхэмжилсэн. Хариуцагч тал эрүүгийн хэрэг мөрдөн байцаалтын шатанд мөрдөгдөж байхад иргэний хэргийн журмаар нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж тайлбарладаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийг тайлбарласан, үүнтэй адилхан өмнөх хуульд 197 дугаар зүйл байсан нөхөн төлбөрийн асуудал нь ажил олгогчийг даатгуулсан эсэхээс үл хамаарч нас барсан бол нөхөн төлбөр олгоно гэж заасан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Тухайн осол үйлдвэрлэлийн осол мөн байна гэдгийг дүгнэсэн акт гарсан бөгөөд уг актад ажил олгогч тал маргаагүй тул өнөөдрийг хүртэл тухайн акт хүчин төгөлдөр байна. Хуульд тухайн ажилтныг даатгуулснаас үл хамаарч энэ нөхөн төлбөрийг ажилтан буюу түүний ар гэрт 1 буюу түүнээс дээш удаа олгож болохоор хуульчилсан. Монгол Улсын Дээд шүүхийн 33 тоот тогтоолд ар гэрт нь гэж заасан. Түүнчлэн ар гэр гэдэгт нь талийгаачтай хамтран амьдарч байсан гэр бүлийн гишүүн, садан төрлийн хүмүүсийг хамааруулж ойлгоно гэж зохицуулсан. Нэхэмжлэгч ******* нь талийгаач *******тай 13 жилийн турш хамт амьдарч байсан энэ талаарх үйл баримтыг нотолсон шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан. Монгол Улсын Дээд шүүхийн тайлбарт нийцэж байгаа тул нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна гэж үзэх үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 92,160,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ... нэхэмжлэгч шаардах эрхгүй, ... ******* ажил олгогч биш, ... эрүүгийн журмаар гэм буруутай болохыг тогтоогоогүй ... гэж тайлбарлан, маргажээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

4. Хэргийн баримтаас үзвэл, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 07-ны өдрийн 1117 дугаартай шийдвэрээр *******ийг *******тай хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт Үйлдвэрлэлийн осол, ... нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг дараах хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгоно. гэж заасан.

Анхан шатны шүүх дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч *******ийг гэр бүл гэх ойлголтод хамааарна зүйтэй гэж дүгнэхдээ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 болон Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, хууль тогтоогчоос ёсчлон батлаагүй хуулийн үзэл баримтлал болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасныг тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Анхан шатны шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч ******* нь шаардах эрхийг шилжүүлж авсан агуулга бүхий тайлбар гаргасан байна. Талийгаач *******ын төрсөн эх нь нэхэмжлэгч *******д нөхөн төлбөр шаардах эрх олгосон талаар баримт хэрэгт авагдаагүй байна. Түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд *******ийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож байсан нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шаардах эрхийг шилжүүлсэн гэж үзэх боломжгүй. /хх140-142/

Анхан шатны шүүх, талууд шаардах эрхтэй эсэх талаар маргаж байхад энэ талаар тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх эрх хуулиар олгогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар тогтов.

 

Дээрх дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 сарын 08-ны өдрийн 191/ШШ2025/04044 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 460,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Ч.ЦЭНД