Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2025/01431

 

 

******* ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/04758 дугаар шийдвэртэй,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

*******д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 56,535,251 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Ниссан жук маркийн, ******* УАХ улсын дугаартай, мөн Мерседес бенз s350 маркийн, ******* УАВ улсын дугаартай, тээврийн хэрэгслүүдийг барьцаалан 30,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3,30 хувийн хүүтэйгээр зээлэхээр зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг тус тус байгуулсан.

1.2. Зээл эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй 1,613 хоногийн хугацаа хэтэрсэн тул зээлийн гэрээний 6.2.1, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэг талын санаачилгаар зээлийн гэрээг цуцалсан.

Иймд зээлийн гэрээний фидуцийн гэрээнээс татгалзсан тул үндсэн зээл 30,000,000 төгрөг, үндсэн хүү 21,648,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,887,254.11 төгрөг, нийт 56,535,254.11 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Зээлийн гэрээний 3.1.9-д зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч зээлийн төлбөрөө бүрэн төлөөгүй буюу гэрээ хугацаанаасаа өмнө цуцлагдсан тохиолдолд зээлдүүлэгч энэ гэрээний салшгүй хэсэг болох барьцааны гэрээ, баталгаат ипотекийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээгээр барьцаалагдсан эд зүйлээр хуульд заасан журмаар гэрээний үүргийг бүрэн гүйцэтгүүлэх, барьцааны хөрөнгө зээлийн төлбөрийг төлөхөд хүрэлцэхгүй бол зээлдэгч, хамтран зээлдэгчийн эд хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулах авах гэж зохицуулсан. Гэрээний 2.2.5, 3.1.9, 4.2.18 дугаар зүйлд заасны дагуу зээлдүүлэгч нь барьцааны эд зүйл болох хоёр авто машинаар зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах бүрэн боломжтой байсан бөгөөд тухайн үеийн барьцааны машинуудын зах зээлийн үнэлгээ нь зээлийн гэрээний үнийн дүнгээс илүү байсан.

2.2. Зээлдүүлэгч нь гэрээний 2.1.7-д заасан хугацаа дууссанаас хойш 1 жил, 7 сарын дараа дараа нэхэмжлэл гаргаж мөнгө нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Мөн барьцаанд тавигдсан автомашинд ноцтой гэмтэл учруулж уг хохирлыг арилгах үүргээсээ зайлсхийсэн нь зээлдэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. Барьцаанд тавигдсан хоёр автомашин нь 2023 оны 2 дугаар сард ******* миний нэрээс Нет капитал ББСБ ХХК-ийн нэр дээр шилжсэн бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг фидуцийн гэрээний дагуу барьцааны эд зүйлээр хангуулсан. Барьцаанд тавьж зээлдүүлэгчийн эзэмшилд шилжүүлж өгсөн Мерседес бенз s350 маркийн автомашин зээлдүүлэгчийн зогсоолд байх хугацаанд зээлдүүлэгч хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас уг автомашин осолд өртөж их хэмжээний гэмтэл учирч засварын зардал болох 4,710,000 төгрөгийг би гаргаж засварлуулснаар зээлдүүлэгч талын эзэмшил, өмчлөлд дахин шилжүүлэн.

2.3. Нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дууссан 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 1 жил, 7 сарын хугацаа өнгөрсөн байгаа нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь үндэслэлгүй байхаас гадна үндэслэлгүйгээр хөрөнгөжих, зээлдэгчийн хууль ёсны эрх ашгийг дордуулсан, нэхэмжлэл гаргах хугацааг хойшлуулж барьцааны эд зүйлсийн зах зээлийн үнэлгээг алдагдуулсан.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй тул зээлдэгчийн хууль ёсны эрх ашгийг хангаж, бенз автомашинд учирсан хохирлыг арилгаж засварласан үнийн дүнг зээлээс хасаж тооцож, барьцааны эд зүйлсийг тухайн үеийн байдлаар бодитой үнэлэн, хуулийн дагуу шийдвэрлэж зээлдэгчийн хөндөгдөж буй эрх ашгийг хамгаалж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 441,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Талууд хооронд 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр зээл болон фидуцийн гэрээ байгуулсан хэдий ч бодитоор Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4-т заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь манай байгууллага барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг эрхлэн явуулдаг байгууллага тул зээлийн гэрээ байгуулдаг.

Зээлийн гэрээний дагуу төлбөрийг нэхэмжлэн маргаж байхад шүүх уг маргааны үйл баримтыг тодруулахаар өөрт олгогдсон бүрэн эрхийн дагуу нэхэмжлэгч тал фидуцийн гэрээ байгуулах эрхтэй компани мөн эсэх талаар тодруулга аваагүй, мөн фидуцийн гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн тохиолдолд тухайн хоёр барьцаа хөрөнгө дээр шинжээч томилон зах зээлийн үнэлгээ болон гаалийн хяналтаар орж ирж байх үеийн зураг хавсаргах зэрэг нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хийх боломжтой байхад энэ хэрээ хэрэгжүүлээгүй.

Иймд анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 30,000,000 төгрөг, зээлийн хүү 21,648,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн 4,887,254.11 төгрөг, нийт 56,535,254.11 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэргийн баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

 

3.1. Талуудын хооронд 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээгээр зээлдүүлэгч ******* ХХК нь 30,000,000 төгрөгийг зээлдэгч *******д сарын 3.3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлүүлэх, зээлдэгч ******* нь зээлийг зээлийн хүүгийн хамт буцаан төлөхөөр тохиролцсон. /хх 5-7/

 

3.2. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд мөн өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, гэрээгээр ******* өмчлөлийн ******* УАХ улсын дугаартай, Nissan Juke-YF15 маркийн тээврийн хэрэгсэл, ******* УАВ улсын дугаартай, Мercedes Benz S350 маркийн тээврийн хэрэгслийг тус тус ******* ХХК нь өмчлөлдөө шилжүүлэн авснаар Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан фидуцийн гэрээ байгуулагджээ. /хх-ийн 80-81/

 

3.3. Нэхэмжлэгч гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг хариуцагчид олгосон, хариуцагч нь мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй болох нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болсон гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

4.1. Учир шүүх дээрх гэрээний харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох зээлийн гэрээний харилцаа гэж дүгнэсэн нь буруу байна. Учир нь зээлдүүлэгч нь зээлийг барьцаалан зээлдүүлэх журмаар ашиг олох зорилгооор зээлдэгчид олгосон байх тул Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан нарийвчилсан зохицуулалт үйлчилнэ. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй .

 

4.2. Хариуцагч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасныг зөрчсөн тул нэхэмжлэгч ******* ХХК нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

 

4.3. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс гэрээний үндсэн дээр зээлдэгчид олгосон мөнгөн хөрөнгийг ашигласны хариу төлбөр буюу үнийг хүү гэж тооцох бөгөөд зээлийн хүүг ашигласан хугацаагаар нь тооцно гэж заасан.

 

Хэргийн 8 дугаар талд авагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваариас үзвэл, хариуцагч нь үндсэн зээл 30,000,000 төгрөг, зээлийн хүү 2,838,000 төгрөг, нийт 32,838,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

5. фидуцийн гэрээний тухайд:

 

5.1. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд маргаан бүхий зээлийн гэрээ хамаарах бөгөөд мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь зээлийн гэрээ, түүний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны, батлан даалтын гэрээ байгуулахаар заасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч байгууллага нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д зааснаар барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх этгээд нь гагцхүү хөдлөх эд хөрөнгө барьцаалж зээл олгох эрхтэй. Гэтэл талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Тодруулбал, барьцаалан зээлдүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангах аргыг хуульд зөвхөн хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэж нэрлэн зааж зохицуулсан байхад нэхэмжлэгч байгууллага нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг атлаа бусдын хөдлөх хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.2 дахь хэсэгт нийцэхгүй байна.

 

5.2. Талуудын хооронд байгуулсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг  хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг шүүх шийдвэрлэх учиртай. Хэрэгт цугларсан баримтууд болон талуудын тайлбараар нэхэмжлэгч нь дээрх тээврийн хэрэгслүүдийг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өмчлөлд болон эзэмшилдээ шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон.

 

5.3. Иймд ******* УАХ улсын дугаартай, Nissan Juke-YF15 маркийн болон ******* УАВ улсын дугаартай, Мercedes Benz S350 маркийн тээврийн хэрэгслүүдийг хариуцагч Н.Уянгын нэр буцаан шилжүүлэхийг Автотээврийн үндэсний төвд ТӨҮГ-т даалгаж, хариуцагч *******ас үндсэн зээл 30,000,000 төгрөг, зээлийн хүү 2,838,000 төгрөг, нийт 32,838,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 23,697,254 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/04758 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******ас зээлийн гэрээний үүрэгт 32,838,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 23,697,254 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

2 дахь хэсэгт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ******* УАХ улсын дугаартай, Nissan Juke-YF15 маркийн болон ******* УАВ улсын дугаартай, Мercedes Benz S350 маркийн тээврийн хэрэгслүүдийн өмчлөх эрхийг хариуцагч Н.Уянгын нэр дээр шилжүүлэн бүртгэхийг *******ТӨҮГ-т даалгасугай. гэсэн заалтыг нэмж, 2, 3 гэсэн дугаарлалтыг 3, 4 гэж өөрчлөн,

3 дахь заалтыг ...үлдээсүгэй. гэснийг ...үлдээж, хариуцагч *******ас 322,140 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр урьдчилан төлсөн 441,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ