| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/04524/И |
| Дугаар | 3450 |
| Огноо | 2016-04-27 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 3450
| 2016 оны 4 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2016/03450 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8-р хороо, 25/1 байр 3 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ЧК47082503, Орцас овогт Цэрэнгийн Тэрбишийг төлөөлж И.Ариунтуяагийн гаргасан нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 1-р хороо, Алтай хотхон 18-18 тоотод оршин суух, регистр ХД73010262, Онхууд Халзан овогт Дашнямын Оюун-Эрдэнэд холбогдох түрээсийн гэрээ цуцалсны улмаас учирсан хохирол 4 457 958 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ариунтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баярмаа, түүний өмгөөлөгч М.Энхжаргал /үнэмлэх 1055/, шүүхэд төлөөлөх эрхийн дугаар /№1055/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ариунтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Оюун-Эрдэнэ нь 2012 оны 03-р сарын 06-ны өдөр манай аав Ц.Тэрбиштэй Сүхбаатар дүүргийн 8-р хороо, 25/1-р байрны 1-р давхарын 220 м.кв талбай бүхий байрыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглахаар түрээсийн гэрээ байгуулсан. Сарын төлбөрийг 2 000 000 төгрөгөөр тооцож 5 жилийн хугацаатайгаар тохирсон. Түрээсийн гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй бол хоногийн 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Д.Оюун-Эрдэнэээс 4 457 958 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Одоо багасгаад түүнээс 2015 оны 12-р сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл 300 000 төгрөг, алданги 433 750 төгрөг, орон сууц ашиглалтын зардал 1 073 038 төгрөг, цахилгааны зардал 423 846 төгрөг нийт 2 230 634 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэв.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баярмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 оны 09 сараас цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулсан. Нэхэмжлэгч Ц.Тэрбиш нь 2011 онд орон сууцны конторт 600 000 төгрөгийн өртэй байсан. Тэр төлбөрийн яввцын дунд манайхаас суутгаж 2013 онд авсан. И.Ариунтуяа нь гэрээний дагуу надаас авах төлбөрөө шаардаж байгаа. Үлдэгдэл 300 000 төгрөгийг төлнө. Ашиглалтын зардлыг тооцоо нийлж ОНАХҮТ 5-р төвд төлнө. Цахилгааны төлбөрийг төлнө. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болно гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугласан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийг төлөөлж И.Ариунтуяа нь Д.Оюун-Эрдэнэд холбогдох түрээсийн гэрээ цуцалснаас учирсан хохиролд 4 457 958 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шардлагаа багасгаж 2 230 634 төгрөг гаргуулахаар шаардсан байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 1 703 738 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Х.Игорь, Ц.Тэрбиш нар нь 2012 оны 03-р сарын 06-ны өдөр Д.Оюун-Эрдэнэтэй “Түрээсийн гэрээ” байгуулж, улсын бүртгэлийн Ү-2203013203 дугаарт бүртгэгдсэн өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө, 25/1 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах 220 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2011 оны 07-р сарын 20-ноос 2016 оны 07-р сарын 20-ныг хүртэл 5 жилийн хугацаатай, сард 2 000 000 төгрөгийн төлбөртэйгээр түрээслүүлэхээр /хх46-48/ тохирчээ.
Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг бичгээр байгуулж улсын бүртгэлд бүртгүүлэх Иргэний хуулийн 318-р зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл боловч энэ талаар талууд мэдэж байсан, улмаар түрээслэгч цэцэрлэгийн зориулалтаар үйл ажиллагаа явуулж ашигласан байна.
Харин түрээслэгч нь түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөнөөс талуудын хооронд маргаан гарч хугацаанаас өмнө гэрээ цуцалсан, улмаар түрээслүүлэгч учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрт 2 230 634 төгрөг гаргуулахаар шаардсан байх ба харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 300 000 төгрөгийг төлнө, бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Түрээслэгч нь 2015 оны 12-р сарын түрээсийн төлбөрөөс 300 000 төгрөгийг дутуу төлсөн, үүнийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна. Түүнчлэн орон сууц ашиглалтын зардал 1 073 038 төгрөгийг төлөх үүрэгтэй.
Гэрээний 1-р зүйлийн 4-т зааснаар түрээслэгч цахилгааны төлбөрийг хариуцан төлөхөөр тохирсон байх ба Д.Оюун-Эрдэнээс 2015 оны 12-р сарын хэрэглэсэн цахилгааны төлбөрийг Сүхбаатар ХҮТ-ийн тоолуурын заалтаар гарсан тооцоо буюу 330 700 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь /хх 74/ зүйтэй.
Харин талууд хугацаанаас өмнө гэрээ цуцалснаар гэрээний үүрэг дуусгавар болох бөгөөд гэрээний 1-р зүйлийн 3-т зааснаар гэрээний үүргээ зөрчсөний улмаас төлөхөөр тохирсон алдангийг төлөх үүрэггүй, алдангийг хохиролд тооцох үндэслэлгүй.
Хэргийн 6-18, 55-59, 77 дах талд авагдсан ХААН банкны дансаар төлбөр төлж байсан баримт, түрээслэгчийн төлбөр төлсөн баримтын /хх 78-79/ талаар талууд маргаагүй, 20-21, 23-32 дахь талд авагдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318-р зүйлийн 318.1, 326-р зүйлийн 326.2 дахь хэсэгт заасныг баримтлан Дашнямын Оюун-Эрдэнэс 1 703 738 /нэг сая долоон зуун гурван мянга долоон зуун гучин найм/ төгрөг гаргуулж Цэрэнгийн Тэрбишт олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 526 896 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 86 277 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Д.Оюун-Эрдэнээс 42 210 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА