Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 3629

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 5 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2016/03629

 

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

              Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай, Улаанбатар хотын банкны нэхэмжлэлтэй,

 

              Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн гудамж, 74-р байрны 19 тоот, “Альфа медиа” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 644 405 365 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ууганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энхбилгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улаанбаатар хотын банк нь Альфа медиа ХХК-тай 2011 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ0002/110427 тоот зээлийн болон барьцааны гэрээ  байгуулж  522 270 ам.долларын зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 12 хувийн хүүтэйгээр зээлүүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаа болгож Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Альфа медиа” ХХК-ийн үйлдвэрийн байранд байгаа агаарын компрессор 2 ширхэг, хуурай хөргөлт 1 ширхэг, хүчилтөрөгчийн генератор 3 ширхэг, хүчилтөрөгчийн компрессор 1 ширхэг, хүчилтөрөгчийн баллон 430 ширхэг, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж 74 дүгээр байр 19 тоот хаягт байрлах 175 м2 4 өрөө орон сууц, 18 м2 зогсоолыг тус тус барьцаалсан. 2015 оны 09 дүгээр сарын 21-ний байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 282 261 ам.доллар, зээлийн үндсэн хүү 36 009 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 4 967 ам.доллар нийт 323 239 ам.доллар хуримтлагдсан байсан. Монгол банкны ханшаар тооцож 644 405 365 төгрөгийг “Альфа медиа” ХХК-иас нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаалсан хөрөнгөөс хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэв.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ууганбат шүүхэд болон шүүх хуралдаанд гарагсан тайлбартаа: Зээлийг үйл ажиллагаанд зориулж авсан нь үнэн. 644 405 365 төгрөгийн зээлийг төлөөгүй шалтгаан нь биднээс хамаарах  болон үл хамаарах хүчин зүйлүүдээс болж төлж чадаагүй. Анх авсан зээлийн 40 орчим хувийг төлсөн. Нэхэмжлэгчийн гаргасан зээлийн үлдэгдэлтэй маргах зүйлгүй гэв.

 

        Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад 

                                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч “Улаанбатар хотын банк” нь “Альфа медиа” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 644 405 365 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж дүгнэлээ.

 

“Улаанбаатар хотын банк” нь "Альфа медиа” ХХК-тай 2011 оны 04-р сарын 27-ны өдөр ЗГ0002/110427 тоот зээлийн болон барьцааны гэрээ  байгуулж  522 270 ам.долларыг 36 сарын хугацаатай, жилийн 12 хувийн хүүтэйгээр, Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Альфа медиа” ХХК-ийн үйлдвэрийн байранд байгаа агаарын компрессор 2 ширхэг, хуурай хөргөлт 1 ширхэг, хүчилтөрөгчийн генератор 3 ширхэг, хүчилтөрөгчийн компрессор 1 ширхэг, хүчилтөрөгчийн баллон 430 ширхэг зэрэг эд хөрөнгийг барьцаалан зээлүүлэхээр тохирчээ.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451-р зүйлд заасан “Зээлийн гэрээ”, улсын бүртгэлийн Ү-2206020666 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж 74 дүгээр байр 19 тоот 175 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 18 м.кв автомашины зогсоолыг барьцаалсан 2013 оны 12-р сарын 31-ний өдрийн барьцааны гэрээ нь энэ хуулийн 156-р зүйлийн 156.1, 156.2, 166-р зүйлийн 166.1 дэхь хэсэгт  зааснаар бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. /хх-7-17/

 

Зээлдүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 522 270 долларыг зээлдэгчид шилжүүлсэн, харин зээлдэгч нь гэрээний хугацаанд эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж зээл, зээлийн хүүг хугацаанд төлөөгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ.

 

Зээлийн гэрээний хугацаа 2014 оны 4-р сарын 27-ны өдөр дууссан байх ба зээлдэгч нь зээлийн үлдэгдэл 282 261 ам.доллар, зээлийн үндсэн хүү 36 009 ам.доллар, гэрээний 2.2 дахь хэсгээр тохирсон нэмэгдүүлсэн хүү 4 967 ам.доллар нийт 323 239 ам.доллар буюу Монгол банкны ханш 1993.55 төгрөгөөр тооцож 644 405 365 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч “Альфа медиа” ХХК-ний 644 405 365 төгрөгийн үнийн дүнгийн талаар маргаагүй бөгөөд сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр хангуулах нь зүйтэй.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд  заасныг удирдлага болгон

                                                                                                     ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1  дэх хэсэгт заасныг баримтлан “Альфа медиа” ХХК-иас 644 405 365 /зургаан зуун дөчин дөрвөн сая дөрвөн зуун таван мянга гурван зуун жаран тав/ төгрөг гаргуулж “Улаанбаатар хотын банк”-нд олгосугай. 

 

            2.Иргэний хуулийн 175-р зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар “Харгант цамхаг секьюрити” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2206020666 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж 74 дүгээр байр 19 тоот 175 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 18 м.кв автомашины зогсоол, агаарын компрессор 2 ширхэг, хуурай хөргөлт 1 ширхэг, хүчилтөрөгчийн генератор 3 ширхэг, хүчилтөрөгчийн компрессор 1 ширхэг, хүчилтөрөгчийн баллон 430 ширхэг зэрэг эд хөрөнгийг  дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хариуцуулсугай.

 

            3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 379 978  төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч “Альфа медиа” ХХК-иас 3 379 978 /гурван сая гурван зуун далан есөн мянга есөн зуун далан найм/ төгрөг гаргуулж Улаанбаатар хотын банкинд олгосугай.

 

Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах  эрхтэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Р.АЛТАНТУЯА