| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 101/2024/00992/И |
| Дугаар | 210/МА2025/01426 |
| Огноо | 2025-08-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2025/01426
2025 08 25 210/МА2025/01426
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/04856 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******, ******* нарт холбогдох
Баянзүрх дүүргийн *******, *******ны *******ын ******* хаягт байршилтай, 47,44 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй, орон сууцны үлдэгдэл төлбөр 51,416,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагч *******-ийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Миний бие ******* нь 2016 оны 04 сарын 05-ны өдөр *******-ийн захирал *******тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн *******, *******ны *******ын *******, 47,44 м.кв талбайтай 1 өрөө байрыг 66,416,000 төгрөгөөр тохиролцож, урьдчилгаа 15,000,000 төгрөгийг өгч, үлдэгдэл төлбөрийг 100 хувь бэлнээр бүрэн төлж, байрыг худалдаж авсан. Гэрчилгээ авахаар улсын бүртгэлийн хэлтэст хандахад ******* орон сууц нь *******-ийн барьцаатай гэх шалтгаанаар миний нэр дээр гарах боломжгүй болсон. Хариуцагч компанийн захирал нь *******ын ******* 47,44 м.кв талбайтай 1 өрөө байртай яг адилхан *******ын *******, 47,44 м.кв талбайтай 1 өрөө байраар солих санал нэхэмжлэгчид тавьсныг зөвшөөрч тус орон сууцыг хүлээн аваад 2016 оноос одоог хүртэл амьдарч байна.
Гэрээнд өөрчлөлт оруулах гэсэн боловч дараа болъё гэж явсаар байгаад сүүлдээ *******-ийн захирал ******* нас барсан.
1.2. Хариуцагчийн зүгээс төлбөр төлөөгүй гэж маргаж байгаа боловч улсын бүртгэлийн газраас 2025 оны 05 сарын 13-ны өдрийн 10/03550 тоот албан бичгээр шүүгчийн захирамжид дурдагдсан ******* орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлтийг 2016 оны 04 сарын 21-ний өдөр ******* гаргасан. 2014 оны 06 сарын 16-ны өдрийн Хаан банкны барьцаатай байх тул чөлөөлөхийг татгалзаж шийдвэрлэж байсан талаар шүүхэд хариу өгсөн учраас тухайн компанийн удирдлагуудаас байрны гэрчилгээгээ гаргуулахаар шаардахад дахин 15,000,000 төгрөг төлөхийг шаардсан.
Иймд 2016 оны 04 сарын 05-ны өдрийн 142 дугаартай Орон сууцны захиалгын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, Баянзүрх дүүргийн *******, *******ны *******ын *******, 47,44 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахтай холбоотой баримт бичгийг гаргаж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь ******* байрны төлбөр төлөгдөөгүй тул компани уг байрыг т шилжүүлсэн.
2.2. ******* нь гэрээ байгуулахдаа гэрээний нийт үнэ 66,416,000 төгрөгөөс 15,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байх тул байрны гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй. Учир нь хариуцагч компанитай байгуулсан 2016 оны 04 сарын 05-ны өдрийн гэрээний 3.2-т урьдчилгаа төлбөр 15,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг ХААН банкны тоот дансанд шилжүүлэх үүрэг хүлээсэн.
Нэхэмжлэгч тус төлбөрийг шилжүүлээгүй гэж хариуцагч тайлбарладаг бөгөөд үлдэгдэл төлбөрийг шилжүүлсэн талаарх баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч талаас улсын бүртгэлийн газарт өгсөн төлбөр төлсөн тухай баримт, Хаан банкинд гаргасан 2016 оны 04 сарын 11-ний өдрийн болон мөн оны 08 сарын 23-ны өдрийн 2 хүсэлтийг үндэслэж, төлбөрийг төлсөн гэх боловч тухайн хүсэлтэд гүйцэтгэх захирлын гарын үсэг эргэлзээтэй.
Дээрх баримтуудтай холбоотой Баянзүрх дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст гомдол гаргаж, хэрэг бүртгэл нээж шалгаж байгаа хариу өгсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
3.1. ******* нь манай компанийн барьсан анд 2016 оны 04 сарын 05-ны өдөр ******* орон сууцыг 66,416,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.
Уг гэрээний дагуу ******* нь гэрээ байгуулсан өдрөө 15,000,000 төгрөг бэлнээр төлж, үлдэгдэл төлбөрийг гэрээний 3.2 дахь хэсэгт заасны дагуу манай компанийн Хаан банкны тоот дансанд төлөхөөр харилцан тохиролцсон.
Нэхэмжлэгч ******* нь гэрээний төлбөрийг зохих ёсоор төлөөгүй. Иргэн нь ******* орон сууцны төлбөрийг бүрэн барагдуулсан тул өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгч шилжүүлсэн.
Нэхэмжлэгч нь гэрээний урьдчилгаа 15,000,000 төгрөгийн төлбөр төлсөн учраас ******* орон сууцанд оруулсан.
Иймд үлдэгдэл төлбөр болох 51,416,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга:
4.1. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед 15,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж, үлдэгдэл төлбөрийг гүйцэтгэх захиралд нь бэлнээр өгсөн. Компанийн захирлын зүгээс бэлэн өг гэж хэлсний дагуу улсын бүртгэл болон бусад газруудад компаниас төлбөр бүрэн төлөгдсөн тухай албан бичиг хийж өгсөн.
Мөн тухайн үед улсын бүртгэлд өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлт гаргахад бүртгэлийн байгууллагаас орон сууцыг банкны барьцаанд байгаа гээд гэрчилгээ гаргаж өгөх боломжгүй гэж хэлсэн.
4.2. Хариуцагчийн зүгээс намайг залилан хийсэн, дансанд төлбөрөө хийгээгүй учраас цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэж тайлбарладаг. Хэрэв хэлцэл хийсэн бол төлбөрөө заавал дансанд хийх шаардлагагүй, бэлнээр болон бартер өөр ямар ч хэлбэрээр төлөх боломжтой гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 9 дүгээр зүйлийн 9.4.3.-т заасныг баримтлан *******ийг Баянзүрх дүүргийн *******, ******* , , *******ны ******* хаягт байрлах, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч *******-д даалгаж, иргэн *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага, 142 дугаартай захиалгын гэрээнд өөрчлөлт оруулахыг даалгах тухай шаардлага болон хариуцагчийн 51,416,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 490,030 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 415,030 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч *******-аас 490,030 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
6.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байсан бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахыг даалгах, бичиг баримт гаргуулах гэж буюу ******* орон сууцыг ******* орон сууц болгож гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэж тодорхойлсон бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрхэн өөрчлөгдсөн нь тодорхойгүй буюу ******* орон сууц гэж өөрчлөхийг даалгах агуулгатай гэж тайлбарласан.
Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа зөв тодорхойлж чадаагүй байхад хэргийг хэлэлцсэн.
Шүүхийн шийдвэрийн 1-р хуудсанд талуудын хооронд байгуулсан гэх гэрээний төлбөр бүрэн барагдсан эсэх нь тодорхойгүй, төлбөрийг төлсөн тухай ямар нэгэн эргэлзээгүй үнэн зөв гэж үзэж болох баримт, санхүүгийн баримт байхгүй байхад шүүхээс гэрээний төлбөрийг нэхэмжлэгч барагдуулсан гэж үзсэн нь үндэслэлгүй болсон.
6.2. Нэхэмжлэгч нь байрны төлбөр болох 66,416,000 төгрөгөөс 15,000,000 төгрөг төлсөн санхүүгийн баримтаас өөр мөнгө төлсөн гэдгийг үнэн зөвөөр нотлох ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй. Харин *******-ийн *******ын эргэлзээ бүхий хуурамч байж болзошгүй гарын үсэгтэй улсын бүртгэлийн байгууллагад компаниас явуулсан баримтыг гэрээнд заасан төлбөрийг төлсөн байна гэж үзэх нотлох баримт гэж дүгнэсэн нь хэрэгт чухал ач холбогдолтой. Бичмэл нотлох баримтыг тал бүрээс эргэлзээгүй, үнэн зөв тодорхойлж хэргийг шийдвэрлэх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.
6.3. Түүнчлэн шүүхээс талуудын хооронд ******* орон сууцтай холбоотой ямар нэгэн гэрээ байгуулаагүй байхад нэхэмжлэгчийг ******* орон сууцны шууд өмчлөгчөөр тогтоох нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд гэрээний эрх зүйн маргаан, эсхүл үүргийн эрх зүйн хувьд хариуцагч компани ******* орон сууцтай холбоотой ямар нэгэн гэрээний болон үүргийн харилцаа үүсээгүй.
Нэхэмжлэлийн шаардлага ******* орон сууцтай холбоотой ямар нэгэн гэрээ байгуулаагүй байхад шүүх ******* орон сууцтай холбоотой гэрээг үндэслэн ******* орон сууцны өмчлөгчөөр тогтоосон нь хууль бус байна.
Анхан шатны шүүх, маргааны зүйл болох орон сууц, гэрээ байгуулагдан төлбөр төлөгдсөн гэх холбогдох баримтууд нь үнэн зөв эсэх нь эргэлзээтэй, гэрээний үүрэг биелүүлсэн эсэх нь эргэлзээтэй байхад шууд өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст, маргаан бүхий ******* орон сууц буюу гэрээний маргааны зүйл болох гэрээтэй холбоотой гомдлыг мөрдөн шалгаж байгаа тухай албан бичигт тодорхой нэр зааж дурдаж, хэрэгт нотлох баримтаар авагдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэр уг нөхцөл байдалд огт дүгнэлт хийгээгүй бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг зөрчсөн. Уг нөхцөл байдалд огт дүгнэлт хийхгүйгээр маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн нь хууль бус байна.
Орон сууцны захиалгын гэрээг хуульд заасан үндэслэл журмын дагуу байгуулагдсан эсэх, шүүхэд нотлох баримтаар авагдаж байгаа баримтууд үнэн зөв эсэх, хуурамч баримт бичиг байгаа эсэх зэргийг эрүүгийн журмаар мөрдөн шалгах ажиллагааны явцад байхад иргэний журмаар хэргийг шийдвэрлэж байгаа нь хууль ёсны байх зарчмыг зөрчиж байна.
Нэхэмжлэгч нь байрны төлбөрийг гэрээнд заасны дагуу огт төлөөгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй, нэхэмжлэгч нь байрны төлбөр 15,000,000 төгрөгийг төлснөөс өөр үндэслэл бүхий нотлох баримт байхгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний үлдэгдэл төлбөрийг төлсөн гэдгээ нотолж чадаагүй, гэрээгээр тохиролцсон ХААН банкны дансанд төлбөр хийгдээгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:
7.1. Хариуцагч талын зүгээс төлбөр төлөгдөөгүй, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэх асуудлуудаар маргаж, давж заалдах гомдол гаргажээ. Гэтэл гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хангаагүй, зөвхөн ******* орон сууцны өмчлөгчөөр тогтоосныг хангаж шийдвэрлэсэн. 2014 онд гэрээ байгуулсан бөгөөд 2016 онд тухайн орон сууцны төлбөрийг төлж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхээр материалаа өгсөн.
2016 онд гэрч ******* тухайн орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, акт үйлдсэн гэх талаар мэдүүлдэг. 2016 оноос хойш нэхэмжлэгч ******* нь өөрийн өмчлөлийн орон сууцыг нэр дээрээ шилжүүлж авъя гэж шаардсан.
Анхан шатны шүүх хуралдааны явцад ... Хариуцагч компанийн шинэ захирлууд гарч ирснээр нэхэмжлэгчээс тухайн үед орон сууцны үнэ хямдхан байсан бөгөөд орон сууцны үнэ өссөн гэж 15,000,000 төгрөг нэмж өгөхийг шаардсан. ... Хариуцагч компанийн өмнөх захирал нас барахад компанийн эрх мөн тухайн үед шилжих ёстой байсан. Гэтэл хариуцагч компанийн шинэ захирлууд компанийн дотоод ажилчдынхаа асуудлыг энэ маргаанд хавсаргаж маргадаг.
Иймд хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг шилжүүлж өгөх, орон сууцны захиалгын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлээс орон сууцны захиалгын гэрээнд өөрчлөлт оруулахыг даалгах шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын зарчимд нийцсэн байна.
3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2016 оны 04 сарын 05-ны өдөр *******-ийн захирал *******тай орон сууц захиалан бариулах 142 дугаартай гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн *******, ийн зүүн талд байрлах, *******ны *******од байрлах 47,44 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 66,416,000 төгрөгөөр ... төлбөрийг бэлнээр бүрэн төлж, худалдан авсан. ... уг орон сууц нь ХААН банкны барьцаанд бүртгэлтэй байсны улмаас өмчлөх эрхийн гэрчилгээ миний нэр дээр гарах боломжгүй болсон. Энэ талаар хариуцагч компанийн захиралд мэдэгдэхэд тус байрны *******ын ******* 47.44 м.кв талбайтай 1 өрөө орон сууцаар сольж надад хүлээлгэн өгсөн ... 2016 оноос хойш одоог хүртэл амьдарч байна. гэсэн агуулгаар тайлбарласан байна.
Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ ... маргаан бүхий ******* байрны төлбөр төлөгдөөгүй учраас компани уг байрыг гэх хүнд шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь анх гэрээ байгуулахдаа 15,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг компанийн дансанд шилжүүлэх үүрэг хүлээсэн, уг үүргээ гүйцэтгээгүй, ... нэхэмжлэгчээс Улсын бүртгэлийн газар болон *******-д гаргасан төлбөр төлсөн тухай баримтад бичигдсэн гүйцэтгэх захирлын гарын үсэг эргэлзээтэй ..., ... байрны гэрчилгээ гаргаж өгөх боломжгүй ... гэж тайлбарлажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг шилжүүлж өгөх даалгах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
3.1. *******, ******* нар 2016 оны 04 сарын 15-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, гэрээгээр худалдагч ******* нь Баянзүрх дүүргийн *******, *******ны *******ын ******* хаягт байршилтай 47.44 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг хүлээлгэж өгөх, худалдан авагч ******* гэрээний үнэ 66,146,000 төгрөг төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх5-8/
3.2. ******* нь гэрээний дагуу 15,000,000 төгрөг төлсөн, 2016 оны 04 сараас хойш Баянзүрх дүүрэг, *******, *******ны *******ын ******* хаягт байрлах 47.44 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг эзэмшиж байгаа үйл баримтад талууд маргаангүй. /хх87/ Харин гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэсэн эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болсон байна.
3.3. *******-аас 2016 оны 04 сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст хандаж, ******* нь Баянзүрх дүүргийн *******, *******ны *******ын ******* хаягт байршилтай 1 өрөө 47.44 м.кв талбайтай орон сууцны төлбөрийг 100 хувь төлсөн болохыг тодорхойлж, түүний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах тухай албан бичиг хүргүүлж байжээ. /хх218-219/ Тус албан бичгүүдэд гүйцэтгэх захирал ******* гарын үсэг зурж, компанийн тамга дарж баталгаажуулсан байна.
3.4. Нэхэмжлэгч ******* 2016 оны 04 сарын 21-ний өдөр дээрх ******* орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэх мэдүүлгийг Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст гаргасныг ... *******-тай байгуулсан 2014 оны 06 сарын 26-ны өдрийн барьцаат зээлийн гэрээнд бүртгэлтэй, хэсэгчлэн чөлөөлсөн албан бичиг ирээгүй. гэх үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авч бүртгэхээс татгалзсан болох нь хэргийн 217 дахь талд авагдсан баримтаар тогтоогдсон.
3.5. Гэрч ******* ... 2014 оны 05 сараас *******-ийн менежер, нарийн бичгийн даргын ажлыг хийдэг байсан, ... *******той гэрээ байгуулсан ... кассад 15,000,000 төгрөг төлсөн, үлдсэн мөнгийг ******* захирал авсан гэсэн ... ******* орон сууц барьцаанд байсан, ******* орон сууц руу орох саналыг ******* захирал тавьсан, ... ******* байрыг ******* гэх хүнд хүлээлгэж өгсөн ... гэсэн мэдүүлэг өгчээ. /хх248-249/
3.6.Талуудын 2016 оны 04 сарын 15-ны өдрийн орон сууц захиалгын гэрээгээр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон ******* орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр иргэн , нарыг 2017 оны 05 сарын 23-ны өдөр улсын бүртгэлд бүртгэлж, гэрчилгээ олгосон байна. /хх-98-112/
3.7. Улсын бүртгэлийн ерөнхий газраас Баянзүрх дүүргийн *******, *******, ны ******* хаягаар үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй байна гэсэн лавлагаа шүүхэд ирүүлсэн байна. /хх129/
3.8. *******-ийн гүйцэтгэх захирлаар ******* ажиллаж байсан, 2020 онд нас барсан үйл баримт зохигчийн тайлбараар тогтоогдсон, маргаангүй.
3.9. Хариуцагч тал тус компаниас 2016 оны 04 сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст гаргасан албан бичгүүдэд зурсан гүйцэтгэх захирлын гарын үсэг эргэлзээтэй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
4. Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж тодорхойлон, гэрээний хүчин төгөлдөр байдал, шаардах эрхийн талаар зөв дүгнэсэн.
Мөн нэхэмжлэгчийг орон сууцны үнэ төлөх гэрээний үүргээ гүйцэтгэсэн гэж үзээд, Баянзүрх дүүрэг, *******, *******ны *******ын ******* хаягт байрлах 47.44 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр нэхэмжлэгч *******ийг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгийг бүрдүүлж өгөхийг хариуцагч *******-д даалгаж шийдвэрлэхдээ хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан, тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.
5. Нэхэмжлэгч ******* болон хариуцагч БНХАУ-ын иргэн ******* нарын хооронд гэрээний үүргийн харилцаа үүссэн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгосон шийдвэрлэсэн нь зөв.
6. Хариуцагч ******* нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 51,416,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... урьдчилгаанд 15,000,000 төгрөг төлсөн болохоор *******ыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн, ... үлдэх төлбөрөө шилжүүлээгүй ..., ... уг орон сууцтай холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгуулж байгаа, шийдвэрлэх боломжгүй гэсэн агуулгаар тайлбарласан.
7. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.
7.1. Хэрэгт ******* орон сууцны асуудалтай холбогдон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэх үйл баримтыг нотолсон баримт авагдаагүй байна. Иймээс сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлүүлэх тухай хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.
8. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасныг баримталсан нь оновчгүй байх тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/04856 дугаартай шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 9 дүгээр зүйлийн 9.4.3-т гэснийг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 906,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧ Ч.ЦЭНД