Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 554

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Боорчи,                                                           

Улсын яллагч Б.Хурц,

Шүүгдэгч Н.Г, Н.Г-Э, тэдгээрийн өмгөөлөгч Б.Төмөрбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б овогт Н-н Г, Б овогт Н-н Г-Э нарт холбогдох эрүүгийн 1910012800519 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992  оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хохтод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, ам бүл 1, Багануур дүүргийн оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас  авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Н-н Г,

Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, нэг ой 8 сартай хүүхдийн хамт, Багануур дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй боловч, одоо Баянзүрх дүүргийн тоотод оршин суух, ХХК-д ажилтан ажилтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Н-н Г-Э,

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Н.Г нь 2019 оны 05 дугаар сарын 18-ны 03 цагийн орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хашаанаас монгол банхарын 6 сартай гөлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг Н.Г-Этэй бүлэглэн үйлдсэн,

Яллагдагч Н.Г-Э нь 2019 оны 05 дугаар сарын 18-ны 03 цагийн орчим Хан-Уул дүургийн 3 дугаар хорооны нутаг дэвстэрт үйл ажиллагаа явуулдаг ХХК-ийн хашаанаас монгол банхарын 6 сартай гөлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг Н.Гтай бүлэглэн үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр дүүтэйгээ машинтай нь халтуур хийгээд явж байсан. Гэтэл ТЭЦ-3-н ойролцоо хүн буулгаж өгсөн. Тэр хүн мөнгөө дутуу өгөөд алга болчихоор нь араас нь хайж байгаад тэр хашаа руу орсон. Тэгээд гөлөгтэй таараад аваад гарч явтал үүдэн дээр байсан 2 хүнтэй таарсан. Тэр хоёр хүнийг манаач нь юм байх гэж бодоод гөлгийг нь буцааж өгсөн. Ийм л асуудал болсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж, ойлгож байгаа...гэв.

Шүүгдэгч Н.Г-Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би эхнэр, хүүхэдтэйгээ түрээсийн орон сууцанд амьдардаг. Халтуур хийж амьдралдаа нэмэр больё гэсэн бодолтой ганц нэг хүн аваад явж байсан. Тухайн өдөр хотын төвөөс 2 залуу сууж ТЭЦ-3-н ,чиглэлд явсан ба тэр хоёр хүн мөнгө нь хүрэхгүй байна ороод мөнгөө аваад ирье гэж хэлсэн. Бид хоёр хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь хаашаа орсон юм бол гээд араас нь явж байгаад онгорхой хашаа руу орсон. Манаачийн путик шиг зүйл байхаар нь би асуухаар очтол цоожтой байсан. Эргэж гараад хашааны үүдэн дээр очтол ах манаач бололтой 2 хүнтэй хамт байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж, буруугаа ойлгож байгаа...” гэв.

Хохирогч М.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “ ..Манай хоёр нохой хашаан дотор тусдаа жижиг торонд түгжээтэй байдаг бөгөөд хоёр нохойг Г, Г-Э гэх хоёр хүн хулгайлсаныг тэр үед мэдсэн...” гэжээ /хх-н 5-8/,

Гэрч С.Д мөрдөн  байцаалтын шатанд  мэдүүлэхдээ: “... шөнийн 03 цагийн орчимд би манаачийн путикэндээ байж  байтал хашаан дотор нохойны торны ойролцоо чимээ гарсан. Тэгээд хартал нэг хүн торны хажууд байхаар нь би путикнээсээ цонхоо онгойлгоод “хөөш юу хийгээд байна”  гэтэл тэр эрэгтэй гөлгийг сугадаад хашааны хаалга руу гүйсэн. Тэгээд би путикнээс гарах гэтэл хаалга онгойхгүй байсан. Тэгэхээр нь би цонхоороо гараад араас нь хашааны хаалга руу гүйсэн. Тэгээд хашааны хаалга руу очиход хашааны гадаа 4 хүн байсан. Мөн нэг Приус 20 маркийн саарал машин байсан. ...Тухайн үед хулгай хийсэн Г, Г-Э нарыг нөгөө 2 саатуулж барьж өгсөн хүмүүс байсан ба би сүүлд нь мэдсэн. Тухайн хүмүүсийг танихгүй, цэргийн хувцастай хамгаалалтын хүмүүс байсан. Тухайн нохой компанийн нохой...” гэжээ. /хх-н 11/,

“Дамно” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ХУ1-19-36 дугаартай “... тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд  харьцуулалтын аргаар 2019 оны 05 дугаар сарын 30-ны зах зээлийн үнэлгээгээр 500.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн /хх-н 20-22/, ХХК-ний дансны хуулга, мөнгөний баримт /хх-н 23/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-78-83/

Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...шөнийн 02 цаг 45 минутын орчим станцын баруун талд үл таних машин ирээд зогссон байсан ...тухайн цэгт үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч М-Э надтай дотуур утсаар холбогдон сэжиг бүхий машин ирсэн байна гэж мэдэгдсэн. Тэгээд машиных нь хажууд М-Э 2 зогсч байсан чинь ертөнцийн зүгээр хойшоо харсан хаалгатай компанийн хашаанаас 1 гөлөг барьсан нүдний шилтэй эрэгтэй, нэг залуугийн хамт гарч ирсэн...” гэжээ. /хх-н 34/,

Гэрч Э.М-Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... хашаанаас 2 залуугийн нэг нь гөлөг тэвэрчихсэн гарч ирэхээр нь очиж уулзан саатуулж, овог, нэр хаягийг нь бичиж авсан. Тухайн хүмүүсийг Нямдоржийн Г, Нямдоржийн Г-Э гэж байсан...” гэжээ. /хх-н 85-86/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-26,45/,  ял шалгах хуудас / хх-28, 47/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч Н.Г Н.Г-Э нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 18-ны 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ХХК-ийн хашаанаас монгол банхарын 6 сартай гөлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.Бгийн “ ..Манай хоёр нохой хашаан дотор тусдаа жижиг торонд түгжээтэй байдаг бөгөөд хоёр нохойг Г, Г-Э гэх хоёр хүн хулгайлсаныг тэр үед мэдсэн...” гэх мэдүүлэг, гэрч С.Д “...шөнийн 03 цагийн орчимд би манаачийн путикэндээ байж  байтал хашаан дотор нохойны торны ойролцоо чимээ гарсан. Тэгээд хартал нэг хүн торны хажууд байхаар нь би путикнээсээ цонхоо онгойлгоод “хөөш юу хийгээд байна” гэтэл тэр эрэгтэй гөлгийг сугадаад хашааны хаалга руу гүйсэн.Тэгээд би путикнээс гарах гэтэл хаалга онгойхгүй байсан. Тэгэхээр нь би цонхоороо гараад араас нь хашааны хаалга руу гүйсэн.  Тэгээд хашааны хаалга руу очиход хашааны гадаа 4 хүн байсан. Мөн нэг Приус 20 маркийн саарал машин байсан. ...Тухайн үед хулгай хийсэн Г, Г-Э нарыг нөгөө 2 саатуулж барьж өгсөн хүмүүс байсан ба би сүүлд нь мэдсэн. Тухайн хүмүүсийг танихгүй, цэргийн хувцастай хамгаалалтын хүмүүс байсан. Тухайн нохой компанийн нохой...” гэх мэдүүлэг, гэрч Д.Б “...шөнийн 02 цаг 45 минутын орчим станцын баруун талд үл таних машин ирээд зогссон байсан ...тухайн цэгт үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч М-Э надтай дотуур утсаар холбогдон сэжиг бүхий машин ирсэн байна гэж мэдэгдсэн. Тэгээд машиных нь хажууд М-Э 2 зогсч  байсан чинь ертөнцийн зүгээр хойшоо харсан харсан хаалгатай компанийн хашаанаас 1 гөлөг барьсан нүдний шилтэй эрэгтэй, нэг залуугийн хамт гарч ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч Э.М-Э “... хашаанаас 2 залуугийн нэг нь гөлөг тэвэрчихсэн гарч ирэхээр нь очиж уулзан саатуулж, овог, нэр хаягийг нь бичиж авсан. Тухайн хүмүүсийг Н,Г, Н Г-Э гэж байсан...” гэх мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ХУ1-19-36 дугаартай үнэлгээний тайлан, ХХК-ний дансны хуулга, мөнгөний баримт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Г, Н.Г-Э нарт холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэн шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Н.Г, Н.Г-Э нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах боломжтой гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г, Н.Г-Э нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Н.Г, Н.Г-Э нарын засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч М.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул хохирол төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт Н-н Г, Б овогт Н-н Г-Э нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н-н Г, Н-н Г-Э нарыг тус бүрийг 7 / долоон/ сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Н.Г, Н.Г-Э нар нь тэнсэн хянан харгалзсан хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

4. Шүүгдэгч Н.Г, Н.Г-Э нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Н.Г, Н.Г-Э нарын засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г, Н.Г-Э нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  И.ГАНБАТ