| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2019/0046/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/50 |
| Огноо | 2019-05-24 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Д.Бат-Өлзий |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 2019/ШЦТ/50
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Улсын яллагч: Д.Бат-Өлзий,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Болд,
Шүүгдэгч: Г.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н- овогтой Г-ын Г-эд холбогдох эрүүгийн 1927000870034 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр баг "___" гэх газарт оршин суух, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Н овогтой Г-ын Г-, /РД:___/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Г.Г- нь 2019 оны 02 дугаар сар 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг "___" гэх газрын ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г- мэдүүлэхдээ:
Би 10 ширхэг мод газрын гүний хаягдлаас авсан гэм буруутай. Аав хашааны мод хугарчихлаа гэхээр нь очиж мод авсан. Гэхдээ би өөрөө мод унагааж аваагүй. Газар унасан модноос авсан. Тухайн үед эхнэр, хүүхдийн хамт явж байсан. Тэгээд ойн ангийханд баригдсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч байгууллагын төлөөлөгч Н.П-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг “___ын зөрүүлэг” гэх газар байгаль орчны улсын байцаагч Я-, байгаль хамгаалагч Б-, Ц- нарын хамт явж байгаад ___ улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн автомашиныг зогсоож шалгахад ачаан дээрээ 2 метрийн урттай 10 ширхэг шинэс мод ачсан байдалтай явж байсан ...Тэгээд өөрөөс нь зохих зөвшөөрөл, бичиг баримт байгаа эсэх талаар асуухад ямар нэгэн зөвшөөрөл бичиг баримт байхгүй гэсэн ба ___аас бэлтгэж, тээвэрлэж явна гэж хэлсэн ...актаар тогтоосон хохирлыг барагдуулсан тохиолдолд ямар нэгэн гомдол байхгүй. ...урьд өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Г.Г- нь 506736 төгрөгийг Төрийн сангийн дансанд бүрэн тушаасан байсан. Хохирлоо төлж барагдуулсан тул одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...." гэх мэдүүлэг /хх-ийн 45-47 дугаар хуудас/,
Гэрч Г.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...Г.Г- гэх хүний жолоодож явсан машины ачаан дээр 10 ширхэг 2 метрээр тайрч бэлдсэн шинэс мод ачиж явсан. Тухайн модны зохих зөвшөөрөл бичиг баримтыг тодруулахад ямар нэгэн зөвшөөрөл байхгүй, ___ гэх газраас бэлдсэн гэж өөрөө хэлсэн...тусгай хамгаалалттай газарт хамаарагддаггүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/,
Гэрч Т.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр манай нөхөр Г.Г- нь манай аав Т-д хашааны шонгийн мод гэж ___ гэх газраас мод бэлтгэж машиндаа ачаад бид 2 хүүхдүүдээ аваад сумын төв рүү орох гэж явсан ...ямар нэгэн зөвшөөрлийн бичиг баримт байхгүй ...манай нөхөр ганцаараа бэлтгэсэн ...тухайн автомашиныг 2018 оны хавар Бат-Өлзий сумын иргэн Б- гэх хүний хүүхэд бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй Л гэх хочтой залуугаас худалдаж авсан. Тухайн айл нь хотоос хүнээс аваад нэр дээрээ шилжүүлээгүй байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр хуудас/,
Экологи эдийн засгийн үнэлгээ, Ойн нөхөн төлбөр ногдуулах тухай улсын байцаагчийн акт /хх-ийн 69, 70 дугаар хуудас/,
Ойн санд учруулсан хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 81 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Г.Г- нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90 дүгээр хуудас/,
Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн Засаг даргын шүүгдэгч Г.Г-ийн зан байдал, амьжиргааны түвшний талаарх тодорхойлолт /хх-ийн 83-84 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүгдэгч Г.Г- нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг "___" гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч Н.П-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, Экологи эдийн засгийн үнэлгээ, Ойн нөхөн төлбөр ногдуулах тухай улсын байцаагчийн акт /хх-ийн 69, 70 дугаар хуудас/, гэрч Г.Ц-, Г.Ц- нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 51, 54 дүгээр хуудас/, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Г.Г-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Уг эрүүгийн хэрэгт Б.Я- нь шүүгдэгч Г.Г-ийн үйлдэлд ойн тухай хуульд зааснаар улсын байцаагчийн акт тогтоосон байна. Гэтэл шүүх шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5.-д шинжээчээс тухайн хэргийн талаар хийсэн шалгалтын материал нь эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл болж байгаа бол шинжилгээ хийж дүгнэлт гаргахаас татгалзахаар заасан байтал тэрээр тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлс, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон мод, шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгөөс битүүмжилсэн эд хөрөнгүүдийн үнэлгээ хийж, шинжээчийн дүгнэлт гаргасан байгаа нь,
Мөн хуулийн 10.11 дүгээр зүйлийн 1.1-т тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд ...бусад оролцогчийн хувиар оролцсон бол шинжээчээр оролцож болохгүй гэж хуульчилсан байхад Б.Я- нь тус хэрэгт бусад оролцогчийн хувиар буюу гэрчээр 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлэг өгсөн /хх-52 хуудас/ байгаа нь хууль зөрчиж байгааг мөрдөгч, прокурор цаашид анхаарах шаардлагатай байна.
Иймд Б.Я-ын гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүх үнэлээгүй болно.
Шүүгдэгч Г.Г- нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, байгаль экологид учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, шинжээчдийн дүгнэлтүүд дээр шүүгдэгч, болон түүний өмгөөлөгч, хохирогч байгууллагын төлөөлөгч нар маргаагүй, шүүгдэгч нь холбогдсон хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, прокурортой ял тохирч шүүхэд ирсэн байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэв.
Хохирогч байгууллагын төлөөлөгч Н.П- нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 50 000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 1 ширхэг, Г.Г-ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий ___ улсын дугаартай “Хюундай Портер” маркийн тээврийн хэрэгсэл, зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн 500 000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 метрийн урттай 10 ширхэг модыг тус тус улсын орлого болгож, Г.Г-ийн өмчлөлийн 1 500 000 төгрөгийн үнэлгээ бүхий хязаалан насны цавьдар адуу битүүмжилсэн прокурорын 2019 оны 05 дугаар сарын 09-ний тогтоолыг хүчингүй болгохыг тус тус дурдаж байгаа болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овогтой Г-ын Г-ийг зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Г.Г-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар Г.Г- нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Г.Г- нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 50 000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 1 ширхэг, Г.Г-ийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий 19-03УБЯ улсын дугаартай “Хюундай Портер” маркийн тээврийн хэрэгсэл, зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн 500 000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 метрийн урттай 10 ширхэг модыг тус тус улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар Г.Г-ийн өмчлөлийн 1 500 000 төгрөгийн үнэлгээ бүхий хязаалан насны цавьдар адуу битүүмжилсэн прокурорын 2019 оны 05 дугаар сарын 09-ний тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуудаслийн хүчинтэй болохыг дурдаж, тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.Г-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.САРАНТУЯА