Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 71

 

Ж.С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймгийн Ардын шүүх таслах газрын 1937 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 42 дугаар тогтоолтой, Ж.С-д холбогдох хэргийг Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1937 оны байдлаар: Ж.С, 50 настай, эрэгтэй, халх, ам бүл 7, хөрөнгийн хувь 23, Дорнод аймгийн Аржаргалант сумын харьяат, Чоно голын Егүзэрийн хийдэд тамч, даа ламын албан тушаалыг хүлээж байсан, урьд ял шийтгэлгүй.

Ж.С- нь гадаадын эзэрхэг түрэмгий нарын хүчийг магтаж, ардын хувьсгалт нам, засгийн нэр хүндийг бууруулах үг, цуурхлыг хязгаар нутгийн ард олны дотор тараасан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Ардын шүүх таслах газрын 1937 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 42 дугаар тогтоолоор Ж.С-г 1934 оны Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 48 дугаар зүйлд зааснаар 10 жил, 64 дүгээр зүйлд зааснаар 1 жил, 112 дугаар зүйлд зааснаар 2 жил, 117 дугаар зүйлд зааснаар 3 жил хорих ял тус тус шийтгэж, 34 дүгээр зүйлийг баримтлан хөнгөнийг багтааж, хүнд болох 10 жилээр хорьж, хөрөнгийг хураах ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Батцэнгэл хяналтын шатны шүүхэд бичсэн дүгнэлтдээ “ ... Дорнод аймгийн Ардын шүүх таслах газрын 1937 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 42 дугаар тогтоолоор Ж.С-д тус улсын 1934 оны Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 48 дугаар зүйлээр 10 жил хорьж, хөрөнгийг хураах ял хилсээр шийтгэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Ж.С-гийн мэдүүлэг, ялын төлөвлөгөө, таслан шийтгэсэн тогтоол зэрэгт түүний тараасан гэх цуурхал нь тухайн цаг үед ард олны дунд түгээмэл яригдаж байсан, тодорхой эзэнгүй цуурхал хэмээн үзэж, хэзээ, хаана, ямар хүмүүсийн дунд цуурхал тарааж байсныг нь гэрчийн болон бусад хөндлөнгийн баримтуудаар нотолж тогтоолгүйгээр өөрийнх нь мэдүүлэгт тулгуурлан шийтгэжээ.

Түүний тараасан гэх цуурхлын үнэн эсэхийг болон цуурхал тараах санаа зорилго, тухайн нийгэм, засаг төрийн үйл ажиллагаа, хувь хүмүүст ямар хор хохирол учруулсныг хөндлөнгийн баримтуудаар бүрэн шалган тогтоогоогүй байна.

Ж.С-гийн мэдүүлэгт дурдагдсан У.Г, Л.Ё нар нь цагаатгагдсан. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Ж.С-гийн үйлдсэн гэх хэрэгт хувьсгалд эсэргүүцэх, ард олны дунд ардын хувьсгалт засгийн итгэмж хүндийг бууруулах зорилгоор худал хуурмаг үг, цуурхал тараасан гэх баримтгүй байхад улс төрийн хэрэгт зориудаар холбогдуулан хилсээр хорих ял шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна.

Ж.С-д Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 48 дугаар зүйлд зааснаар 10 жил хорьж, хөрөнгийг хураах ял хилсээр шийтгэсэн үйлдэл нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн в/-д зааснаар түүнийг “улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч” гэж тооцох үндэслэлд хамаарч байна.

Ж.С-д тус улсын 1934 оны Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 48 дугаар зүйлд зааснаар 10 жил хорьж, хөрөнгийг хураах ял хилсээр шийтгэсэн Дорнод аймгийн Ардын шүүх таслах газрын 1937 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 42 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Ж.С-г улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 болон 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасны дагуу прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Прокурор хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “...Дорнод аймгийн Аржаргалант сумын харьяат Ж.С-г гадаадын эсэргүү, түрэмгий нарын хүчийг магтаж ардын хувьсгалт нам засгийн нэр хүндийг буруулах худал хуурмаг үг, цуурхал тараасан хэрэгт Дорнод аймгийн Ардын шүүх таслах газрын 1937 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 42 дугаар тогтоолоор тухайн үеийн Шүүх цаазын бичгийн 48, 64, 112, 117 дугаар зүйлүүдэд тус тус зааснаар 10 жил хорих ял шийтгэсэн бөгөөд 48 дугаар зүйл нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэнд нөхөн олговор олгох тухай хуулийн үйлчлэлд хамаарч байх тул тухайн зүйл хэсгийг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн, дүгнэлтээ дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.1 болон 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах үндэслэлээр дүгнэлт бичиж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

2. Дорнод аймгийн Ардын шүүх таслах газрын 1937 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 42 дугаар тогтоолоор Ж.С-г тус улсын Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 48 дугаар зүйлд зааснаар 10 жил, 64 дүгээр зүйлд зааснаар 1 жил, 112 дугаар зүйлд зааснаар 2 жил, 117 дугаар зүйлд зааснаар 3 жил хорих ял тус тус шийтгэж, 34 дүгээр зүйлийг баримтлан хөнгөн ялыг хүндэд багтааж, нийт 10 жил хорих ялаар шийтгэж, түүний хөрөнгийг хурааж шийдвэрлэсэн байна.

3. Ж.С-г дээрх байдлаар буруутгасан 4 хэргээс 1934 оны Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 48 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жил хорих ял шийтгэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Хэргийн баримтаас үзэхэд Ж.С-гийн тараасан цуурхал гэгч нь тухайн цаг үед ард олны дунд түгээмэл яригдаж байсан, тодорхой эзэнгүй ам дамжсан яриатай агуулга нэг байсан ба түүнийг нийтэд бодитой тараан түгээсэн эсэх, “засаг төрийг түлхэн унагаах, гутаах, ард олныг үймүүлэн сандруулах, засаг төрд итгэх явдлыг султгах” зорилгоор хэмээн тухайн үеийн Эрүүгийн хууль тогтоомжоор төр засгийн эсрэг гэмт хэргийн субьектив шинжийг илтгэж байсан санаа, зорилго болон нийгэм, төр засаг, иргэд, хувь хүнд учруулсан хор хохирол, уршгийг шалган бүрэн тогтоолгүй гагцхүү өөрийнх нь “уг хэргийг үйлдсэн” гэх дан мэдүүлгээр 10 жил хорих ял шийтгэсэн нь хэргийн нотлогдсон байдлыг бус харин “гадаадын эзэрхэг түрэмгий нарын хүчийг магтаж, ардын хувьсгалт нам, засгийн нэр хүндийг бууруулах үг хэлсэн” гэх улс төрийн шинжтэй шалгуураар итгэл үнэмшлийнх нь эсрэг хилс яллаж шийтгэсэн гэж үзэхээр байна.

Түүнчлэн дээрх цуурхал гэх яриаг Ж.С-тай хамтран тарааж байсан хэмээх У.Г, Л.Ё нарыг Улсын дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 149, 1996 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 138 дугаар тогтоолоор тус тус цагаатгажээ.

4. Дээрх нөхцөл байдал нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2-т заасан “улс төрийн хилс хэрэг”, “улс төрийн хэлмэгдүүлэлт”, мөн дээрх хилс хэрэгт гэм буруутайд тооцсон Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 48 дугаар зүйл нь Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн г-д заасан /Шүүх, шүүхийг орлон ажилласан тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр 1942 оны “Эрүүгийн хууль”-ийн 55-69 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн/ үндэслэлд тус тус хамаарч байгаа болно.

5. Харин Ж.С-д хорих ял оногдуулсан Шүүх цаазын бичгийн 64, 112, 117 дугаар зүйлүүдэд заасан гэмт хэргүүд нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй тул мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан хүрээнд шүүх хянан шийдвэрлэх боломжгүй байна.

6. Иймд Ж.С-д Дорнод аймгийн Ардын шүүх таслах газрын 1937 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 42 дугаар тогтоолын 48 дугаар зүйлд зааснаар 10 жил хорих ял оногдуулж, улс төрийн хэрэгт хилсээр шийтгэснийг хүчингүй болгон, улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, энэ хэрэгт нь цагаатгуулахаар бичсэн прокурорын дүгнэлтийг хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “... Гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан нөхцөл байдал илэрсэн ...” гэх үндэслэлээр Дорнод аймгийн Ардын шүүх таслах газрын 1937 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 42 дугаар тогтоолоос Ж.С-гийн холбогдсон Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 48 дугаар зүйлд заасан хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Дорнод аймгийн Ардын шүүх таслах газрын 1937 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 42 дугаар тогтоолын 1934 оны Шүүх цаазын бичгийн 48 дугаар зүйлд зааснаар Ж.С-д 10 жил хорих ял оногдуулсан заалтыг хүчингүй болгож, түүнд уг зүйлд зааснаар ял төлөвлөж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.

2.Тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                               М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                        С.БАТДЭЛГЭР

                                                                    Б.БАТЦЭРЭН 

                                                                    Ч.ХОСБАЯР

      Б.ЦОГТ