| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2025/0157/з |
| Дугаар | 001/ХТ2025/0102 |
| Огноо | 2025-11-11 |
| Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 001/ХТ2025/0102
БНХАУ-ын иргэн Г Л- (G L)-ы
нэхэмжлэлтэй, Гадаадын иргэн харьяатын газрын дарга,
тус газрын гадаадын иргэний хяналтын улсын байцаагчид
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Шүүгчид: М.Батсуурь
П.Соёл-Эрдэнэ
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: Д.Батбаатар
Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ
нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0281 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2025/0489 дүгээр магадлалтай,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 001/ШХТ2025/0419 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө-, Ж.З- нарыг оролцуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: 1.1.Гадаадын иргэн, харьяатын газрын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн УБ*** дугаартай дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох,
1.2.Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А*** дугаар тушаалын Г Л- (G L)-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох,
1.3.Гадаадын иргэн, харьяатын газрын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 05*** дугаартай албан бичгийг хууль бусд тооцуулж, паспорт болон оршин суух үнэмлэхийг буцаан олгохыг даалгах тухай;
2.Хэргийн нөхцөл байдал: Ган Линжон (G L) нь 2012 оноос БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ж-Ө” ХХК-ийн 10 хувийн хувьцаа эзэмшигч болж, Монгол Улсад хөрөнгө оруулагчийн В1 ангиллын визээр оршин сууж байгаа бөгөөд 2027 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл оршин суух зөвшөөрөлтэй ба 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс тус компанийн гүйцэтгэх удирдлагаар томилогдсон.
2.1.Тэрээр Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** дүгээр хороолол, ***-ын гудамжны *** тоот хаягтай “***”-ын ***, *** давхарт байрлах тус бүр 867 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдэж 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Ү-***, Ү-*** дугаартай гэрчилгээ авсан.
2.2.Хяналт шалгалтаар Г Л- (G L) нь тус барилгын ***, *** дугаар давхарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй “зочид буудал”-ын үйл ажиллагаа нууцаар явуулж, орлогыг хувийн дансаар авч, татвар төлөхөөс зайлсхийж Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасан хориглосон заалтыг зөрчсөн зөрчилд холбогдсон.
2.3. Гадаадын иргэн, харьяатын газрын хяналтын улсын байцаагчийн 2024 оны УБ*** дугаартай “Монгол Улсаас албадан гаргах” тухай дүгнэлтийг үндэслэн, тус газрын даргын 2024 оны А*** дугаар тушаалаар БНХАУ-ын иргэн Г Л- (G L)-ийг албадан гаргахаар шийдвэрлэжээ.
3.Нэхэмжлэгчээс “... Улсын байцаагчийн 2024 оны *** дугаартай шийтгэлийн хуудсаар Г Л- (G L)-д Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан” үндэслэлээр торгох шийтгэл оногдуулсан.
3.1.Тус шийтгэлийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргахад Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээсэн, харин Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянаад “үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас хэрхэн авах талаар тогтоосон баримтгүй атлаа зөвхөн холбогдогчийн дансны хуулгаар нотлогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй” гэж дүгнэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон, магадлалд гомдол гаргаагүй тул хуулийн хүчин төгөлдөр болсон, зөрчлийн хэрэг хүчингүй болсон.
3.2.Монгол Улсаас албадан гаргахаар шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэрүүд үндэслэлгүй тул ... хяналтын улсын байцаагчийн УБ*** дугаартай дүгнэлт болон тус газрын даргын А*** дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, мөн тус газрын 2025 оны 05*** дугаартай албан бичгийг хууль бусад тооцуулж, паспорт болон оршин суух үнэмлэхийг буцаан олгохыг даалгах” агуулгаар шүүхэд нэхэмжлэл гарган маргажээ.
3.3.Хариуцагчаас “... хяналт шалгалт хийх явцад БНХАУ-ын иргэн Г Л- (G L) өмчлөлийн “Ж-Ө” ХХК нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй “зочид буудлын үйл ажиллагаа нууцаар явуулж, орлогыг хувийн дансаар авч, татвар төлөхөөс зайлсхийж зөрчилд холбогдсон, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс холбогдох байгууллагаас баримт аваагүй, нотлох баримт дутуу гэсэн үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон бөгөөд зөрчил мөн биш талаар шүүх дүгнээгүй, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан, баримтууд хэрэгт авагдсан, нэмэгдүүлсэн шаардлагын тухайд шүүхэд нэхэмжлэл гаргаад актын биелэлт түдгэлзсэн тул хүндэтгэн үзэх шалтгаанаар бичиг баримтыг буцаан олгож, Монгол Улсын хилээр гаргах, буцаан оруулах үндэслэлгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу” гэж эс зөвшөөрөн маргасан.
4.Анхан шатны шүүх: “ ... гадаадын иргэний хяналтын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон нь маргаан бүхий гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, тус газрын даргын тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хууль илэрхий зөрчсөн илт хууль бус захиргааны актын шинжийг агуулсан гэж үзэх шууд үндэслэл болохгүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгчийн маргаж буй Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.5, 47.1.6, 47.1.7-д зааснаар илт хууль бус захиргааны актад тооцох үндэслэл болохгүй, тушаал хууль зүйн үндэслэлтэй тохиолдолд Гадаадын иргэн, харьяатын газрын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 05*** дугаартай албан бичгийг хууль бус татгалзал гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
5.Давж заалдах шатны шүүх: “ ... анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн маргаан бүхий дүгнэлт, газрын даргын тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд зааснаар илт хууль бусад тооцох үндэслэлгүй талаар зөв дүгнэлт хийсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж” шийдвэрлэжээ.
6.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б- гомдолдоо:
6.1.3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан “Шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчмыг зөрчсөн тухайд:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт буюу шүүхийн шийдвэрийн 6-7 дугаар хуудаст “улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон нь маргаан бүхий актуудыг илт хууль бус захиргааны актын шинжийг агуулсан гэж үзэх шууд үндэслэл болохгүй” гэх ганцхан өгүүлбэрээр дүгнэсэн байдаг.Гэтэл хэргийн материалд авагдсан баримтад нэхэмжлэгчийг улсын байцаагч Зөрчлийн тухай хуулиар 100,000 төгрөгийн шийтгэл ногдуулж торгосон бөгөөд үүнийг нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 31 дүгээр магадлалаар хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг.
Өөрөөр хэлбэл хариуцагчийн дүгнэлт гаргах, тушаал гаргах гол үндэслэл болгосон шийтгэх хуудсыг шүүхээс хүчингүй болгосон байхад анхан болон давж заалдах шатны шүүх үүнийг огт үндэслэл болгохгүй байгаа нь шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг илтэд зөрчиж байна.
Мөн Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасныг илтэд зөрчсөн юм.
6.2.3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “Шүүх нотлох зарчим”, 34 дүгээр зүйлд заасан “Нотлох баримтыг үнэлэх” зохицуулалтыг зөрчсөн тухайд:
Хариуцагч нэхэмжлэгчийг буруутгаж байгаа үндэслэл нь зочид буудлын үйл ажиллагааг зөвшөөрөлгүй явуулсан нь ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан хэрэг юм гэж үздэг. Гэтэл хэрэгт хариуцагч ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан гэдгийг нотолж шалгасан баримт байдаггүй, монгол улсад бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийх зорилгоосоо өөр ямар үйл ажиллагаа явуулсан гэдгийг ямар ч баримт, үйл баримтаар тогтоосон зүйл байдаггүй.
Нэхэмжлэгч Баянгол дүүрэгт зочид буудал барьж, 2024 оны 04 дүгээр сард барилгын ажил дууссан бөгөөд холбогдох зөвшөөрлийг Нийслэлийн аялал жуулчлалын газраас авахаар ажиллаж байсан боловч хууль зүйн мэдлэг, зөвлөгөө дутсанаас болж ажлаа түр хойшлуулаад байтал түүний бизнесийн хамтрагчид нь буяны ажил гарч БНХАУ-аас буяны ажилд оролцох хүмүүс ирж түүний барьсан буудалд түр байрласан үйл явдлыг зочид буудлын үйл ажиллагаа явуулсан гэж буруутгадаг. Үүнийг анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтгүйгээр үнэн бодит гэж дүгнэж байгаа нь хуулийг илтэд зөрчиж байна.
Зөвшөөрлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Хүн, хуулийн этгээд хуулиар хориглосон, эсхүл энэ хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан тусгай болон энгийн зөвшөөрөл /цаашид "зөвшөөрөл" гэх/-тэйгөөр эрхлэхээс бусад төрлийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн чөлөөтэй эрхэлж болно” гэж заасан бөгөөд энэ хуульд зочид буудлын үйл ажиллагаа эрхлэхэд зөвшөөрөл авах талаар огт зохицуулалт байхгүй.
Өөрөөр хэлбэл зочид буудлын үйл ажиллагаа явуулахад нь ямар нэг тусгай болон энгийн зөвшөөрөл байдаггүй байна. Гэтэл анхан шатны шүүх хүчингүй болсон Нийслэлийн ИТХ-ын 2022 оны 34 дүгээр тогтоолыг үндэслэж зөвшөөрөл авах мэтээр тайлбарласан.
Үүнийг давж заалдах шатны шүүх хянахдаа хүчин төгөлдөр эрх зүйн акт, хууль ёсны дагаж мөрдөх баримт бичиг мэтээр дүгнэж байгаа нь Зөвшөөрлийн тухай хуулийг илтэд зөрчиж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна.
Дээрх НИТХ-ын тогтоол, түүний хавсралтыг эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем буюу Legalinfo.mn-д хүчингүй гэж оруулсан байдаг.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасан.
Өөрөөр хэлбэл зөрчлийн хэргийг шүүх шийдвэрлэж, нэхэмжлэгчийн эрх ашгийг улсын байцаагч зөрчсөн, нотлох баримтгүйгээр шийтгэх хуудас гаргасан гэж шийдсээр байхад анхан болон давж заалдах шатны шүүх илтэд хариуцагчийн талд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсээр байна.
6.3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасныг анхан болон давж заалдах шатны шүүх зөрчсөн тухайд:
Хэрэгт нэхэмжлэгчийг зочид буудлын зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан гэдгийг Баянгол дүүрэг, Нийслэлийн холбогдох эрх бүхий байгууллагаас шалгаж шийдвэрлэсэн, дүгнэсэн баримт байдаггүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч маргаан бүхий дүгнэлт, тушаал гарсны дараа буюу 2024.11.22-нд Баянгол дүүргийн татварын хэлтэс, Нийслэлийн аялал жуулчлалын газар зэрэгт бичиг явуулж хууль зөрчсөн ажиллагаагаа зөвтгөх гэж оролдсон байдаг.
Харин эдгээр байгууллагын хариу бичиг нь асуудлыг шалгаж байна, зочлох үйлчилгээ эрхлэх бүртгэлд бүртгүүлээгүй байна гэсэн утгатай байдаг бөгөөд нэхэмжлэгчийг хууль зөрчсөн, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан гэсэн байр суурь илэрхийлээгүй, энэ талаар хяналт шалгалт хийсэн, шийдвэр гаргасан зүйлийг илэрхийлээгүй байдаг. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх эдгээр байгууллагын албан бичгийг нэхэмжлэгчийн асуудлыг шалгаж шийдвэрлэсэн мэтээр илтэд үндэслэлгүй дүгнэсэн байгаа нь нэхэмжлэлийн шаардлага, хүрээнээс хальсан гэж үзэхээр байна.
6.4.3ахиргааны ерөнхий хуулийн 16, 24, 25, 26, 27, 29, 32 дүгээр зүйлд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдэд сонсох, мэдэгдэх, бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, үнэлэх, орчуулагч авах, хууль зүйн туслалцаа авах зэрэг ажиллагаа огт хийгээгүй хариуцагчийн үйлдлийг зөвтгөж, эдгээр зохицуулалтыг илтэд буруу хэрэглэж тайлбарлаж хуулийг бүхэлд нь зөрчсөн тухайд:
Хариуцагч 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн *** дүгээр шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д “ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан бол 100,000 төгрөгөөр торгоно” гэж заасныг үндэслэн торгосон.
Энэ шийтгэх хуудсаа гарахаас өмнө буюу 2024.11.11-ний өдөр нэхэмжлэгчийн гадаад паспорт болон оршин суух үнэмлэхийг хурааж авсан байдаг. Ингэхдээ зөрчлийг шийдвэрлэх хүртэл хугацаагаар хурааж байгаагаа дурдсан байдаг. Гэтэл Эрүүгийн шүүхээс зөрчлийг шийдвэрлэж, байцаагчийн шийтгэх хуудсыг хүчингүй болгосон байхад нэхэмжлэгчийн баримт бичгийг өгөхгүй байгаа үйлдэл нь илт хууль бус үйлдэл байхад анхан шатны шүүх үүнийг зөвтгөж шийдсэн хэт нэг талыг баримталж шийдсэн байхад давж заалдах шатны шүүх үүнд огт хууль зүйн дүгнэлт өгөхгүй байгаа нь ойлгомжгүй байна.
Харин шийтгэх хуудас гарах өдөр албадан гаргах сонсох ажиллагааг хэлбэр төдий, хууль зөрчиж, нэхэмжлэгчид яг юу болоод байгаа, ямар шийдвэр гаргах гэж байгааг огт ойлгуулалгүй, албан ёсны орчуулагчгүй, түүний орчуулагч гэх ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсээр орчуулагч хийлгэж ус алдсан тул торгож байгаа гэж ойлгуулан сонсох ажиллагааны тэмдэглэл зэрэгт гарын үсэг зуруулсан байдаг. Нэхэмжлэгч өөрөө биечлэн анхан шатны шүүх хуралдаанд оролцож албадан гаргах гэж байгааг огт мэдээгүй, юун дээр гарын үсэг зуруулж байгааг ойлгоогүй, зурах ёстой юм байх гэж бодоод, зур гэхээр нь гарын үсэг зурсан гэдгээ илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч торгууль ногдуулсан, албадан гаргах шийдвэр аль нь болохыг огт ойлгоогүй, энэ талаар хариуцагч төөрөгдүүлж, тулгасан байна.
Ингээд 2024.11.18-ны өдөр гялс энэхүү шийтгэх хуудсаа үндэслэж УБ*** дугаартай дүгнэлтийг гаргаж, энэ дүгнэлтийг үндэслэн 2 хоногийн дараа буюу 2024.11.20-ны өөр “Монгол Улсаас албадан гаргах тухай” А*** дугаартай тушаалыг гаргасан байдаг.
Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох, мэдэгдэх, бодит нөхцөл байдлыг үнэлэх зэрэг ажиллагааг хэлбэр төдий, нэхэмжлэгчийг монгол хэл мэдэхгүй байдлыг ашиглаж хуурч, төөрөгдүүлэн яаран явуулсныг шүүх сонсох ажиллагааг сайн хийсэн мэтээр баримт нотолгоогүй дүгнэсэн нь уг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Гэтэл давж заалдах шатны шүүх энэ асуудалд огт хууль зүйн дүгнэлт өгөхгүй байгаа нь хэргийг бүрэн гүйцэд нягтлан шалгаагүй, хэргийн материалтай танилцаагүй гэж үзэхээр байна.
6.5. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гээд 47.1.1-т “утга агуулгын илэрхий алдаатай”, 47.1.5-т “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” бол захиргааны акт илт хууль бус гэж заасныг шүүх буруу хэрэглэж, тайлбарласан тухайд:
Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчийн дүгнэлт, шийдвэр дээрх заалтад хамаарахгүй гэж дүгнэсэн нь хуулийг илтэд буруу хэрэглэж, тайлбарласан гэж үзэхээр байна.
-Хариуцагч нэхэмжлэгчийг ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан гэж тушаал, дүгнэлтдээ дурдаж, үүнийгээ үндэслэж байгаа нь утга агуулгын илэрхий алдаа юм. Өөрөөр хэлбэл нотлогдоогүй, утгагүй зүйлийг агуулсан, худал үйл баримтыг үндэслэсэн тушаал болсон.
-Хариуцагч дүгнэлт, тушаалдаа нэхэмжлэгчийн хийгээгүй үйлдлийг хийсэн болгож, хууль зөрчсөн болгож, үүнийгээ хүлээн зөвшөөрөхийг шаардаж байгаа нь хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг шаардсан гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулаагүй байхад явуулсан болгож байна.
-Нэхэмжлэгчийг ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан гэдгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр, дүгнэлт байдаггүй. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Тагнуул, Шүүхийн байгууллага ийм дүгнэлт, шийдвэр гаргаагүй байхад хариуцагч манайх албадан гаргах эрхтэй гэдэг ганцхан үндэслэлээр хандаж байгаа нь эрх зүйн үндэслэлгүй шийдвэр гэдгийг харуулж байна.
-Хариуцагчийн дүгнэлт, тушаалын гол үндэслэл болсон байцаагчийн шийтгэх хуудсыг шүүхээс хүчингүй болгосон, нэхэмжлэгч монгол улсад ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан нь эрх бүхий байгууллагаас тогтоогдоогүй, нэхэмжлэгчид хуульд заасан сонсох, мэдэгдэх ажиллагааг хийгээгүй байхад хариуцагчийн шийдвэрийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй юм.
6.6.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т “Шүүхийн шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 107 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж заасан ч анхан шатны шүүх шийдвэрээ 1 сар гаран удааж байлгаж байж албажуулж өгсөн. Өөрөөр хэлбэл 04 сарын 18-ны өдөр болсон хурлын шийдвэрийг бид гардаж аваад 14 хоногтоо буюу 06 сарын 10-нд давж заалдах гомдол гаргасан. Энэ үйлдэл нь хуулийг илтэд зөрчсөн, хэт нэг талыг баримталсан гэж үзэхээр байхад давж заалдах шатны шүүх үүнд дүгнэлт өгсөнгүй.
6.7.Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр товлогдож миний бие өмгөөлөгч авах хүсэлт гаргасан, ингээд өмгөөлөгч Г.Баяржаргал миний хүсэлтээр 07 сарын 08-ны өдрийн хуралд оролцохоор болж, шүүх хуралдаанд хэргийн материалтай танилцах хүсэлт гаргахаар очиход шүүх хурлыг эхлүүлэн, өмгөөлөгчгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.
Энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т “Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болно” гэж, 30.3.1-т өмгөөлөгч “захиргааны хэргийн нотлох баримт, хэргийн материалтай танилцах, танилцах боломжит хугацаагаар хангуулах, тэмдэглэл хийх, шаардлагатай материалыг өөрийн зардлаар хувилж, хуулбарлан авах” эрхтэй гэж тус тус заасныг зөрчсөн.
Өөрөөр хэлбэл давж заалдах шатын шүүх “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан” гэж үзэхээр байна.
Иймд шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
7.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 001/ШХТ2025/0419 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
8.Хариуцагчаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.
Гадаадын иргэн, харьяатын газрын хяналтын улсын байцаагчийн 2024 оны УБ*** дугаартай дүгнэлт, тус газрын даргын 2024 оны А*** дугаарт тушаалын Г Л- (G L)-д холбогдох хэсгийг “илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:
10.Гадаадын иргэний хяналтын улсын байцаагч Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3, 37 дугаар зүйлийн 37.1.7, Засгийн газрын 2021 оны 193 дугаар тогтоолоор баталсан “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-ын 4.4 дэх хэсгийн 4.4.10 дахь заалтыг үндэслэн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр УБ*** дугаартай дүгнэлт гаргаж, Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч буюу “В1” ангиллын визийн хүрээнд байх зөвшөөрөлтэй, “Ж-Ө” ГХОХХК-ийн хөрөнгө оруулагч, БНХАУ-ын иргэн Г Л- (G L)-ыг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасан хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр зөвшөөрөлтэй эрхлэхээр заасан үйл ажиллагааг зөвшөөрөлгүй явуулж, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан буюу Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** дүгээр хороолол, ***-ын гудамжны *** тоот хаягтай “***”-ын ***, *** давхарт “зочид буудал”-ын үйл ажиллагаа эрхэлсэн гэж үзэн “В1” ангиллын визээр оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгож, 3 жилийн хугацаанд Монгол Улсад орох эрхгүйгээр албадан гаргах санал гаргасныг үндэслэн Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А*** дугаар тушаалаар түүнийг “3 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байхаар тогтоож, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор албадан гаргах”-аар шийдвэрлэжээ.
11.Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд “хариуцагч гадаадын иргэний хяналтын улсын байцаагч болон тус газрын дарга нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3, 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.2, 41 дүгээр зүйлийн 41.9.3 дахь заалтуудыг үндэслэн маргаан бүхий актуудыг гаргах эрхтэй, ийнхүү гаргасан дүгнэлт, шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан “илт хууль бус” захиргааны актад хамаарахгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Тодруулбал, захиргаа шийдвэр гаргахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь хууль бус үр дагаврыг үүсгэж болох ч, “илт хууль бус” гэх үндэслэл болохгүй юм.
12.Нэгэнт нэхэмжлэгчээс маргаан бүхий актуудыг “илт хууль бус” гэж маргасан, энэ үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч хууль зөрчсөн талаарх нэхэмжлэгчийн гомдолд буюу маргаан бүхий дүгнэлт, шийдвэр нь “хууль бус” эсэхэд дүгнэлт өгөх шаардлагагүй.
13.Түүнчлэн, нэхэмжлэгчид Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар “ирсэн зорилгоосоо өөр ажиллагаа явуулсан” үндэслэлээр шийтгэл оногдуулсныг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 31 дүгээр магадлалаар хүчингүй болгосон нь маргаан бүхий актуудыг илт хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй талаарх шүүхүүдийн дүгнэлт зөв байна.
14.Учир нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 31 дүгээр магадлалаар Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан буюу “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг зөрчиж ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан” БНХАУ-ын иргэн Г Л- (G L)-ы зөрчилд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.13 дугаар зүйлд заасан эрх бүхий албан тушаалтан болохын хувьд гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн хувиар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу ажиллагаа явуулж шийтгэл оногдуулсан шийтгэвэр, түүнийг хянасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хянасан.
15.Харин захиргааны хэргийн шүүхийн тухайд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д заасан улсын байцаагчийн бүрэн эрхийн хүрээнд Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу хяналт шалгалт хийж, Монгол Улсаас гадаадын иргэнийг албадан гаргах асуудлыг шийдвэрлэсэн гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн актыг хянаж байгаараа дээрх эрүүгийн хэргийн шүүхийн хяналтаас ялгаатай.
16.Иймд “шийтгэх хуудсыг хүчингүй болгосон байхад анхан болон давж заалдах шатны шүүх үүнийг үндэслэл болгоогүй, Шүүхийн тухай хуульд заасан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасныг зөрчсөн” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.
Гадаадын иргэн, харьяатын газрын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 05*** дугаартай албан бичгийг хууль бусд тооцуулж, паспорт болон оршин суух үнэмлэхийг буцаан олгохыг даалгах тухайд:
17.Гадаадын иргэний хяналтын улсын байцаагч Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт, шалгалт хийх явцдаа мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9.2-т зааснаар гадаадын иргэний паспорт, түүнийг орлох баримт бичигт үзлэг шалгалт хийж, зөрчлийг шийдвэрлэх хүртэл хадгалах, эрх бүхий байгууллагад шилжүүлэх бүрэн эрхтэй.
18.Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2021 оны А/185 дугаар тушаалаар батлагдсан “Гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн ажиллах заавар”-ын 6.1.4, 6.4-т баримт бичиг түр хураасан, хуудас хөтлөх-өөр, хавсралтаар нь тухайн хуудасны загварыг баталсан байна.
19.Энэ маргааны тухайд 2024 оны УБ*** дугаар дүгнэлтийг гаргасан хяналт шалгалтын явцад дээрх хууль тогтоомжид заасны дагуу хариуцагчийн түр хураасан бичиг баримтыг буцаан олгуулах тухай хүсэлтийг нэхэмжлэгчээс 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гаргасанд, Гадаадын иргэн, харьяатын газрын Зөрчил шалган шийдвэрлэх газрын даргаас 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 05*** дугаар албан бичгээр “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2024 оны А*** дугаар тушаалын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн тул таны хүсэлтийг хангах боломжгүй” гэсэн хариуг өгчээ.
20.Нэхэмжлэгчээс дээрх улсын байцаагчийн 2024 оны УБ*** дугаар дүгнэлттэй холбогдуулан нэхэмжлэл гаргасны дагуу шүүхээс хэрэг үүсгэж, уг актыг түдгэлзүүлсэн, иймд хяналт шалгалтын түр хураасан баримт бичгийг буцаан олгох боломжгүй талаар хариу өгсөн хариуцагч Гадаадын иргэн, харьяатын газрын 05*** дугаар албан бичиг нь нэхэмжлэгчийн хувьд бие даасан эрх зүйн үр дагавар үүсгээгүй, захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад гарсан “явцын шийдвэр” байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын үндсэн шинжийг агуулаагүй байна.
21.Тодруулбал, нэхэмжлэгч Г Л- (G L)-ы хувьд маргаан бүхий УБ*** дүгээр дүгнэлт, А*** дугаар тушаал нь эцсийн үр дагавар үүсгэсэн захиргааны акт юм.
22.Иймд холбогдох шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
23.Дээрх нөхцөл байдлыг үндэслэн шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0281 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2025/0489 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.5, 47.1.6, 47.1.7, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 41 дүгээр зүйлийн 41.9.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г Л- (G L)-ы “Гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн УБ*** дугаар дүгнэлт, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А*** дугаар тушаалын Г Л- (G L)-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.”, “2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г Л- (G L)-ы “Гадаадын иргэн, харьяатын газрын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 05*** дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, паспорт болон оршин суух үнэмлэхийг буцаан олгохыг даалгах” тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ШҮҮГЧИД М.БАТСУУРЬ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ
Д.БАТБААТАР