Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 113/ШШ2017/0009

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны II танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Тайжууд овогт Мөнхбаярын Мөнх-Эрдэнэ, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, бага Дарь-Эхийн 4-1665 тоотод оршин суух (РД:УА92022511);

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг дарга;

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Баянтал сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Мөнх-Эрдэнэ, хариуцагч Д.Мөнх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн албан тушаалд сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/12 дугаар захирамжаар томилогдон ажилласан. Ажиллах хугацаандаа ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээ болон гурвалсан гэрээг байгуулаагүй ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн ёс зүйн зөрчил гаргалгүй, хоёргүй сэтгэлээр сумын хүн ардын эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажиллаж ирсэн. Гэтэл сумын Засаг дарга Д.Мөнх-Эрдэнэ дараах хуулийг зөрчиж хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Үүнд: 1/ Ажилд томилохдоо надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3 дахь заалтуудыг зөрчсөн. 2/ Ажлаас чөлөөлөхдөө аймгийн Эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөөгүй нь Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д “Тухайн шатны нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын удирдлагыг томилох, чөлөөлөх асуудлаар эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөх”, 11.3-д “Сум тосгоны эрүүл мэндийн төвийн даргыг тухайн шатны Засаг дарга, аймгийн эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөж томилж, чөлөөлнө” гэсэн заалтуудыг зөрчсөн. 3/ 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг гаргаж өгөөгүй нь тогтоогдсон” гэж үзсэн. Сумын Засаг дарга нь өөрийн хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс үүссэн асуудлыг өөрөөсөө түлхэж ажилтан миний буруу болгож байгаад гомдолтой байна. Засаг дарга нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасныг зөрчсөн. 4/ Сумын Засаг дарга нь 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Б/11 дүгээр захирамжид “захирамж хүчингүй болгох тухай” хууль зүйн заалтуудыг үндэслэсэн хэрнээ ажлаас чөлөөлсөн. Хэрэв ажлаас чөлөөлөх байсан бол түүнд холбогдох хуулийн заалтыг үндэслэх байсан. Тиймээс Сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” Б/11 дүгээр захирамж нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хууль бусаар ажлаас чөлөөлж Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг зөрчиж миний ажил хөдөлмөр эрхлэх эрхийг ноцтойгоор зөрчсөн. 5/ Сумын Засаг дарга нь ажлаас чөлөөлөх тухайгаа урьдчилж мэдэгдээгүй, захирамжийн эх хувийг ажил хүлээлцэх гээд ирэхдээ шууд өгсөн. Хэрэв ажилтны буруугаас ажлаас чөлөөлөгдөж байгаа тохиолдолд ажил олгогч нь ажилтанд заавал урьдчилан мэдэгдэж ажил хүлээлцэх хугацааг оруулж, ажил дуусгавар болох хугацааг зааж өгдөг. Гэтэл сумын Засаг дарга нь энэ тухай ч заагаагүй хууль бус захирамжаар ажил хүлээлцэхийг удаа дараа шаардаж, дарамт шахалт үзүүлсэн. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь хэсэг болон Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээдэд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэсэн заалтуудыг зөрчсөн. 6/ Сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” Б/11 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан шаардлагыг бүрэн хангаагүй учраас хууль бус шийдвэр гэж үзэж байна” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.Мөнх-Эрдэнийг тус сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Д.Энх-Амгалангийн өөрийн хүсэлтийг харгалзан үзэж Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнх-Одтой зөвшилцсөний үндсэн дээр 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/12 дугаар захирамжаар сумын Эрүүл мэндийн Төвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулж байсан болно. Д.Энх-Амгалан нь “сургуульд суралцах болсон тул яаралтай ажлаа өгөх шаардлагатай байна” гэсэн өргөдөл 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр өгсний дагуу Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газрын даргатай 8 дугаар сарын 31-ний өдөр очиж зөвшилцөхөд сумын Эрүүл мэндийн төв эрхлэгчгүй байх боломжгүй байгаа тул яаралтай дараагийн эрхлэгч томилж өгөх хүсэлтийг харгалзан үзэж, Эрүүл мэндийн газрын даргын санал болгосон М.Мөнх-Эрдэнийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр томилон ажиллуулсан болно. Дээрх нөхцөл байдал нь М.Мөнх-Эрдэнийг томилуулахаар Авилгатай тэмцэх газарт урьдчилан мэдүүлэг хянуулах нөхцөл нь цаг хугацааны хувьд боломжгүй байсан. Мөн тус ажлын байран дээр нэгдсэн журмаар сонгон шалгаруулалт зарлагдаагүй тул сонгон шалгаруулалт зарлагдтал түр томилсон болно. М.Мөнх-Эрдэнэ нь анх томилогдохдоо Авилгатай тэмцэх газарт ашиг сонирхлын зөрчлийн тухай урьдчилсан мэдүүлэг гаргаж өгөөгүй болох нь Авилгатай тэмцэх газрын шалтгалтын дүнд тогтоогдсон байдаг. М.Мөнх-Эрдэнийг Авилгатай тэмцэх газарт урьдчилан мэдүүлэг хянуулах шаардлагатай байна гэж удаа дараа мэдэгдсэн боловч ажлын байрны тодорхойлолт нь шаардлага хангаагүй өөрөө баталгаажуулсан байсан тул материал бүрдүүлж явуулах боломжгүй байсан. Мөн 2017 оны 1 дүгээр сард Авилгатай тэмцэх газарт ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулах шаардлагатай байна гэсэн шаардлага тавихад аймгийн Эрүүл мэндийн газрын даргатай урьдчилан ярьсан, боломжгүй гэсэн хариунуудыг өгч байсан болно. Мөн “М.Мөнх-Эрдэнийг ажилд томилох тухай” захирамжийг хүчингүй болгох Авилгатай тэмцэх газрын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 05/2360 албан тоот ирсний дагуу сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” Б/11 дүгээр захирамж гарсан болно. Сумын Засаг даргын хувьд М.Мөнх-Эрдэнийг захиргааны санаачилгаар ажлаас чөлөөлөөгүй бөгөөд Авилгатай тэмцэх газрын албан тоот ирсний дагуу томилсон захирамжаа хүчингүй болгосон болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүйг мэдэгдэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг холбогдох хууль тогтоомжтой харьцуулан дараах байдлаар тайлбарлаж, дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/12 дугаар захирамжаар “ажлын байрны сонгон шалгаруулалт зарлагдаж, тэнцсэн хүн томилогдох хүртэл хугацаанд” М.Мөнх-Эрдэнийг Баянтал сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон боловч, сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” Б/11 дүгээр захирамжаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4, Авлигатай тэмцэх газрын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 05/2360 дугаар албан бичиг зэргийг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ[1].

Маргаан бүхий дээрх захиргааны актын хүрээнд нэхэмжлэгчээс “сумын Засаг дарга хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг гаргуулж Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх үүргээ биелүүлээгүй, Б/11 дүгээр захирамжийн  тэргүү нь “Захирамж хүчингүй болгох” хэрнээ ажлаас чөлөөлсөн, Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангаагүй, ажлаас чөлөөлөхдөө аймгийн Эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөөгүй, надад урьдчилан мэдэгдээгүй” гэж, хариуцагчаас “М.Мөнх-Эрдэнэ хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг гаргаж өгөөгүй нь тогтоогдсон, сумын Засаг даргын хувьд өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөөгүй, Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичгийг үндэслэн анх ажилд томилсон тушаалаа хүчингүй болгосон ... /тул/ энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийг хэрэглэхгүй” гэх зэргээр шаардлага ба татгалзлын үндэслэлийг тодорхойлж, маргана.

Авлигатай тэмцэх газар нь иргэн Б.Мөнхбаясалын гаргасан өргөдлийн дагуу хяналт шалгалтын ажиллагаа явуулж[2], 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 05/2360 дугаар албан бичгийг Баянтал сумын Засаг даргад хүргүүлэхдээ “... Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсгийг зөрчсөн ... хууль зөрчин томилсон М.Мөнх-Эрдэнийн тушаалыг хүчингүй болгох... ” талаар дурджээ.

Тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “... нийтийн алба хашиж байгаа болон тэдгээр албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд /цаашид “мэдүүлэг гаргагч” гэх/ хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гаргах ...”, 23.3-д “... хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, ... өгөх үүрэгтэй”, 23.5-д “Нийтийн албан томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ” гэж тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ гаргах нь М.Мөнх-Эрдэнийн, мэдүүлгийг хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хянуулах нь сумын Засаг даргын хуулиар хүлээсэн үүрэг байх ба тэдгээрийн хэн аль нь хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тодруулбал М.Мөнх-Эрдэнийг Баянтал сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохдоо хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулаагүй болох нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн “хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гаргах талаар хууль мэдэхгүй нь миний буруу, мэдсээр байж шаардан авч явуулаагүй нь сумын Засаг даргын буруу” гэх, хариуцагчийн “аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нь Сумын эрүүл мэндийн төв эрхлэгчгүй байж болохгүй, М.Мөнх-Эрдэнийг яаралтай ажилд авах хүсэлтэй байгаа талаар хэлсэн учраас Авилгатай тэмцэх газрын урьдчилсан мэдүүлэг өгөхгүйгээр ажилд авах шийдвэр гаргасан. Энэ шийдвэр хууль зөрчсөн шийдвэр байсан” гэх тайлбар болон Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын “2016 оны явуулсан бичгийн бүртгэл”-д шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл, Баянтал сумын Засаг даргаас Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн “... М.Мөнх-Эрдэнийг томилуулахаар Авлигатай тэмцэх газарт урьдчилсан мэдүүлэг хянуулах нөхцөл нь цаг хугацааны хувьд боломжгүй байсан ...” гэх тайлбар зэргээр[3] тогтоогдож байна.

Баянтал сумын Засаг дарга нь хэдийгээр Авлигатай тэмцэх газрын хуульд заасан чиг үүргийнхээ дагуу хийсэн хяналт шалгалтаар тавьсан шаардлагыг хэрэгжүүлж, маргаан бүхий Б/11 дүгээр захирамжийг гаргасан гэх боловч “сумын Засаг даргын 2016 оны Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгож, М.Мөнх-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн” энэ захиргааны акт нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болоод Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зохицуулалтад доорх байдлаар нийцээгүйг дурдах нь зүйтэй:

(1) Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий албан тушаалтан дараах сахилгын шийтгэл хүлээлгэнэ:”, 29.2.4-д “...энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, ... бол нийтийн албанаас халах” гэж зааснаас үзэхэд тус хуульд заасан сахилгын шийтгэлд[4] “томилсон шийдвэрийг хүчингүй болгох“ тухай хариуцлагын төрөл байхгүй, “хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй бол” гагцхүү нийтийн албанаас халах сахилгын шийтгэл хүлээлгэхээр хуульчилсан байна.

Нөгөөтэйгүүр (2) тус хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт хууль зөрчсөн этгээдэд хүлээлгэх “сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл”-ийг тодорхойлсноос бус, шийдвэр гаргахад баримтлах журмыг нарийвчлан зохицуулаагүй, захирамж гаргахдаа Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичигт үндэслэсэн байх боловч Баянтал сумын “Засаг дарга” гэдэг захиргааны байгууллагын хувиар, өөрийн нэрийн өмнөөс захиргааны шийдвэр гаргаж буй энэ харилцаанд Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг болон 3.3-д “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж заасны дагуу Захиргааны ерөнхий хууль үйлчилнэ.

Тухайлбал, Баянтал сумын Засаг дарга нь 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Б/11 дүгээр захирамжийг гаргахдаа тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход чиглэсэн ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.1-д “ ... батлах гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хугацаа дуусгавар болсноос хойш сонсох ажиллагаа хийхгүй”, 40 дүгээр зүйлийн 40.2-т “Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна:” гэж заасныг бүрэн хэрэгжүүлээгүй,  29 дүгээр зүйлд заасан хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудсыг хөтлөөгүй болох нь Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын баримт бичигт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл, Баянтал сумын Засаг даргаас 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 273 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн нотлох баримт зэргээр[5] нотлогдож байна.

Захиргааны ерөнхий хуульд дээрх байдлаар зохицуулсанчлан “тухайн шийдвэрийг гаргахад шууд хамааралтай, зайлшгүй ач холбогдолтой бодит нөхцөл байдлыг судлан тогтоох; эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн буюу хөндөгдөж болзошгүй этгээдийг тодорхойлж, шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулах; сонсох ажиллагааны мэдэгдлийг хуульд заасан шаардлага, журмын дагуу хүргүүлэх; шийдвэр гаргах ажиллагааны хугацааг тодорхойлох; бичгээр гаргасан захиргааны актад тавигдах шаардлагыг нэгбүрчлэн хангасан байх” нь захиргааны байгууллагын шийдвэр “хууль ёсны байх” шаардлагыг илэрхийлнэ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11.3 дахь хэсэгт зохицуулснаас үзэхэд сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийг томилж, чөлөөлөх буюу сахилгын шийтгэл ногдуулах “бүрэн эрх” нь сумын Засаг даргад хадгалагдах тул “Захиргааны ерөнхий хуульд зааснаар өөрийн санаачилгаар шийдвэр гаргаагүй, Авлигатай тэмцэх газраас тоот ирсэн учраас нэхэмжлэгчийг халах тухай биш, гаргасан захирамжаа хүчингүй болгох тухай шийдвэр тул танилцуулаагүй[6] гэх хариуцагчийн тайлбарыг зөвтгөн, хүлээн авах үндэслэлгүй болно.

Учир нь Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д “Сум, тосгоны эрүүл мэндийн төвийн даргыг тухайн шатны Засаг дарга, аймгийн эрүүл мэндийн төвийн даргатай зөвшилцөж томилж, чөлөөлнө” гэж заасан нь Баянтал сумын Засаг даргад ямар нэг шалгуур, болзолгүйгээр олгосон эрх мэдэл биш, “...томилж, чөлөөлөх” эрх хэмжээ нь уг хуульд зааснаар өөр захиргааны байгууллага, албан тушаалтантай зөвшилцсөний үндсэн дээр хэрэгжихээр байна.

Гэтэл М.Мөнх-Эрдэнийг сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөхдөө Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газрын даргатай зөвшилцөөгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараас гадна гэрч Ц.Мөнх-Одын мэдүүлгээр[7] нотлогдоно.

Баянтал сумын Засаг дарга нь 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Б/11 дүгээр захирамжийг гаргахдаа дээрх байдлаар М.Мөнх-Эрдэнийн гаргасан зөрчилд тохирсон буюу хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулаагүй, уг захирамжид заасанчлан ажлаас чөлөөлөхдөө Эрүүл мэндийн тухай хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй, Захиргааны ерөнхий хуульд тодорхойлсон зарчмыг хэрэгжүүлээгүй, оролцогчийн эрхийг хангаагүй, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах журмыг баримтлаагүй нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь ... хууль дээдлэх зарчим баримтална” гэж заасныг зөрчихөөс гадна Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх” зарчимд нийцээгүй байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гаргаагүй зөрчил нь “нийтийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлд хамаарч байхад томилсон тушаалаа хүчингүй болгох нэрийдлээр ажлаас чөлөөлсөн нь уг захирамжийн эрх зүйн үр дагаварыг тодорхой бус[8] болгожээ.

Зүй нь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан сөрөг нөлөөлөл бүхий аливаа захиргааны акт нь заавал эрх зүйн үндэслэлтэй байх ёстой бөгөөд захиргааны актын эрх зүйн үндэслэл тодорхой байх нь түүний улмаас эрх нь зөрчигдөж буй этгээдийн хувьд тухайн хууль зүйн үндэслэлийн талаар маргах, эрхээ хамгаалах боломжийг олгоход чиглэгддэг.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “хүн ...-ээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах”-аар заасан ба маргаан бүхий Б/11 дүгээр захирамж нь нэхэмжлэгч М.Мөнх-Эрдэнийн төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг “түр хугацаагаар” эрхэлж байснаас үл хамааран[9] хөдөлмөрлөх эрх, “сонгон шалгаруулалт зарлагдаж, тэнцэх хүн томилогдох хүртэл” хугацаанд уг албан тушаалыг эрхлэх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-д заасныг тус тус баримтлан М.Мөнх-Эрдэнийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” Б/11 дүгээр захирамжийг хүчингүй болгож, М.Мөнх-Эрдэнийг Баянтал сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч (түр орлон гүйцэтгэгч)-ийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай. 

2. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор М.Мөнх-Эрдэнийг Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Эрүүл мэндийн төвийн Эрхлэгчийн үүргийг орлон гүйцэтгэгчээр томилсон захирамж гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Засаг даргаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              З.ГАНЗОРИГ

 


[1] Хэргийн 7, 17, 18 дахь талд дээр дурдсан Баянтал сумын Засаг даргын захирамжууд болон Авлигатай тэмцэх газрын албан бичиг авагдсан.

[2] Хэргийн 97-100, 103-104 дэх талд Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалттай холбоотой баримтууд авагдсан.

[3] Хэргийн 93-94 дэх талд шүүхийн үзлэгийн тэмдэглэл, 103 дахь талд Баянтал сумын Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 80 дугаар албан бичиг, 157-163 дахь талд 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл авагдсан.

[4] Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар сахилгын шийтгэлийн төрлийг сахилгын шийтгэлийн төрлийг сануулах, албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, албан тушаалыг нь бууруурах, нийтийн албанаас халах гэж тодорхойлсон.

[5] Хэргийн 130, 134 дэхь талд хариуцагчаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт, 144-145 дахь талд шүүхийн үзлэгийн тэмдэглэл авагдсан.

[6] Хэргийн 162 дахь талд

[7] Хэргийн 26-27 дахь талд гэрч Ц.Мөнх-Одын мэдүүлэг авагдсан.

[8] Баянтал сумын Засаг даргын 2017 оны Б/11 дүгээр захирамжид ажлаас чөлөөлөх, эсхүл нийтийн албанаас халах зохицуулалтын алийг сонгож хэрэглэсэн талаар эрх зүйн үндэслэл тодорхойгүй.

[9] Баянтал сумын “Эрүүл мэндийн төвийн эрхлэгч”-ийн ажлын байрны сонгон шалгаруулалтанд тэнцсэн хүн байхгүй” талаар Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлөөс ирүүлсэн нотлох баримт хэргийн 79-90 дэх талд, “энэхүү шүүхийн маргаантай холбогдуулан дахин сонгон шалгаруулалт зарлаагүй байгаа” гэх хариуцагчийн мэдүүлэг хэргийн 157-163 дахь авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд  бий.