Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 556

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,

Улсын яллагч Б.Гүнсэл,

Шүүгдэгч Т.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б овогт Т-н Ш-т холбогдох эрүүгийн 1910013990574 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дундговь аймаг төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн  тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Дундговь аймгийн сум дундын шүүхийн 49 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай Б овогт Т-н Ш

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Т.Ш нь 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн үед Хан-Уул дүүргийн  тоотод бусадтай архидан согтуурч, хамт архи уусан Ш.Э эхнэрийг нь янхан гэж хэлснээс болж маргалдаж, улмаар түүний хэвлийн тус газар хайчаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Тухайн өдөр би мах авах гээд явж байтал Э над руу залгаад хаана байна гэхээр нь Нисэхэд явж байна гэтэл манайд хүрээд ир гэхээр нь гэрт нь очоод архи уусан. Ингээд Э маргаж, түүний гэдэс рүү хайчаар хатгасан...гэв.

Хохирогч Ш.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гэртээ найз Ш, М нартай архи уусан. Тэгтэл гаднаас Д ирээд цуг ууцгаасан юм. Д нилээн согтоод Штай маргалдах гээд байхаар нь би унт гээд газар дэр тавьж өгөөд унтуулсан. Тэгтэл Дг унтсаны дараа Ш бид хоёр бага зэрэг муудалцсан. Тэгтэл миний гэдэс рүү нэг зүйлээр хатгасан харсан чинь цус гоожиж байсан. Тэгээд гартаа барьж байсан зүйлээ Ш үүд рүү шидсэн харсан чинь хайч байсан. Тэгээд Ш гэрээс гараад явсан би 103 дуудтал цагдаа цуг ирсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэжээ. /хх-н 15-16/

Гэрч Б.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би Хан-Уул дүүргийн  тоотод амьдардаг бөгөөд Э 2007 онд танилцаад одоог хүртэл найзалж нөхөрлөөд явж байгаа. Э байшин барих гээд намайг хөлсөөр ажиллуулж байгаа юм. Тухайн хэрэг гарах өдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Эы хашаанд ажлаа хийж байсан Эы найз Ш гэх залуу ирсэн. Тэгээд бид нар архи уухаар болоод Э, Ш бид гурав дэлгүүр яваад 0.75 граммын 2 шил архи аваад Эы гэрт очоод ууцгаасан. Тэгээд авсан архиа ууж дуусч байсан чинь Эы найз гэх залуу 1 шил архи аваад ирэхээр нь тухайн авсан архийг нь ууж байгаад би бие засчихаад буцаад гэр рүү орсон чинь Э дээшээ хараад хэвлий орчмоор нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Яасан юу болсон бэ гэж асуухад Ш намайг хутгалчихлаа гэсэн.Тэгэхээр нь би гэрээс нь гараад Шыг хайсан чинь хаалгаар гараад явж байхаар нь араас нь очоод яасан юм бэ гэж Шаас асуусан чинь би гэртээ харина гээд яваад өгсөн. Тэгэхээр нь би буцаад Эы гэрт орсон чинь цагдаа орж ирээд Шыг асуугаад гараад явсан...” гэжээ /хх-н 21-23/

Насанд хүрээгүй гэрч Э.Л-Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би Хан-Уул дүүргийн тоотод эцэг Э, эх Н, эгч Б, дүү Э нарын хамт амьдардаг бөгөөд өнөөдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр намайг хичээлээ тараад 14 цагийн орчим гэртээ ирэхэд гэрт аав, М, Ш ах нар байсан. Тэгээд намайг гэртээ ороход Хараа нэртэй архи 1 шилийг ууж байсан бөгөөд уг архи нь дууссан үед гаднаас Д ах 1 шил архи авч орж ирээд аав, М, Ш, Д нар архи ууцгаасан. Ингээд би гэртээ байж байгаад 14 цаг 20 минутын орчим гэрээсээ гарч сургууль руугаа бие даалтаа хийхээр яваад 15 цаг 40 минутын орчим гэртээ буцаж очсон. Намайг гэртээ ороход Ш ах аавтай муудалцаад зодолдож байсан ба Д ах энэ үед унтаж байсан. Харин М ах сууж байсан. Тэгээд би болиоч гэхэд миний үгийг сонсоогүй бөгөөд ангийн багш миний гар утас руу залгасан учир би гэрээсээ гарч багштайгаа утсаар ярьчихаад орж ирэхэд М ах Шыг чи эвээр шийдчихгүй яасан юм бэ гээд байж байсан бөгөөд аав надад Ш ах чинь намайг хайчаар бүлчихлээ гэж хэлсэн бөгөөд аавын хэвлий хэсгээс цус гарч байсан. Намайг гадаа утсаар ярьж байхад гэрт Ш ах би Завхан аймгийн хүү чамд ямар байдгийг харуулна гээд орилоод байх нь сонсогдож байсан. Ингээд аав надад утас аваад өг гэхэд нь би гар утсыг нь авч өгөөд 102 болон 103 дуудсан юм. Энэ үед Ш, М хоёр гэрээс гараад явчихсан...” гэжээ /хх-н 18-19/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №6965 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Ш.Эы биед хэвлийд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр, ирмэгтэй зүйл болон мохоо зүйлийн аль алинаар нь үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-н 28/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-31/,  ял шалгах хуудас / хх-33/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч Т.Ш нь 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн үед Хан-Уул дүүргийн тоотод бусадтай архидан согтуурч, хамт архи уусан Ш.Э эхнэрийг нь янхан гэж хэлснээс болж маргалдаж, улмаар түүний хэвлийн тус газар хайчаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ш.Эы “...2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гэртээ найз Ш, М нартай архи уусан. Тэгтэл гаднаас Д ирээд цуг ууцгаасан юм. Дг унтсаны дараа Ш бид хоёр бага зэрэг муудалцсан. Тэгтэл миний гэдэс рүү нэг зүйлээр хатгасан харсан чинь цус гоожиж байсан. Тэгээд гартаа барьж байсан зүйлээ Ш үүд рүү шидсэн харсан чинь хайч байсан. Тэгээд Ш гэрээс гараад явсан би 103 дуудтал цагдаа бас цуг ирсэн... гэх мэдүүлэг, гэрч Б.Мын “...2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Эы хашаанд ажлаа хийж байсан Эы найз Ш гэх залуу ирсэн. Тэгээд бид нар архи уухаар болоод Э, Ш бид гурав дэлгүүр яваад 0.75 граммын 2 шил архи аваад Эы гэрт очоод ууцгаасан. Тэгээд авсан архиа ууж дуусч байсан чинь Эы найз гэх залуу 1 шил архи аваад ирэхээр нь тухайн авсан архийг нь ууж байгаад би бие засчихаад буцаад гэр рүү орсон чинь Э дээшээ хараад хэвлий орчмоор нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Яасан юу болсон бэ гэж асуухад Ш намайг хутгалчихлаа гэсэн.Тэгэхээр нь би гэрээс нь гараад Шыг хайсан чинь хаалгаар гараад явж байхаар нь араас нь очоод яасан юм бэ гэж Шаас асуусан чинь би гэртээ харина гээд яваад өгсөн... гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Э.Л-Э “...2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр намайг хичээлээ тараад 14 цагийн орчим гэртээ ирэхэд манай гэрт аав, М, Ш ах нар байсан. Тэгээд намайг гэртээ ороход Хараа нэртэй архи 1 шилийг ууж байсан бөгөөд уг архи нь дууссан үед гаднаас Д ах 1 шил архи авч орж ирээд аав, М, Ш, Д нар архи ууцгаасан. Намайг гэртээ ороход Ш ах аавтай муудалцаад зодолдож байсан ба Д ах энэ үед унтаж байсан. Харин М ах сууж байсан. Тэгээд би болиоч гэхэд миний үгийг сонсоогүй бөгөөд ангийн багш миний гар утас руу залгасан учир би гэрээсээ гарч багштайгаа утсаар ярьчихаад орж ирэхэд М ах Шыг чи эвээр шийдчихгүй яасан юм бэ гээд байж байсан бөгөөд аав надад Ш ах чинь намайг хайчаар бүлчихлээ гэж хэлсэн бөгөөд аавын хэвлий хэсгээс цус гарч байсан. Намайг гадаа утсаар ярьж байхад гэрт Ш ах би Завхан аймгийн хүү чамд ямар байдгийг харуулна гээд орилоод байх нь сонсогдож байсан. Ингээд аав надад утас аваад өг гэхэд нь би гар утсыг нь авч өгөөд 102 болон 103 дуудсан юм... гэх мэдүүлэг, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоосон №6965 тоот дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Шт холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэн шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Шт оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Т.Шт  оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Ш.Эд  гэмт хэргийн улмаас хөнгөн хохирол учирсан ба эмчилгээний зардал нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт Т-н Шыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-н Шыг  450 нэгж буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Шт оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Ш нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Т.Шт оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Т.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Тогтоолд давж заалдах годол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тоглтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  И.ГАНБАТ