Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2025/01433

 

 

******* СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 192/ШШ2025/04464 дугаар шийдвэртэй,

 

******* СӨХ-ны нэхэмжлэлтэй,

******* ХХК, ******* ХХК-д тус тус холбогдох

 

163,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч ******* СӨХ нь Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Барилгачдын гудамж, *******,******* байрны ашиглалтын хэвийн байдлыг хангах, дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор 2021 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Харин тус хотхоны ******* байрны 1 болон В1 давхруудад байрлах 1600 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгч ******* ХХК нь СӨХ-д cap бүр 3,200,000 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сараас 2025 оны 3 дугаар cap хүртэл 4 жил, 2 cap төлөлт хийгээгүй.

Хариуцагч ******* ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг ******* ХХК-ийн дэлгүүрийн ******* салбарт түрээслүүлдэг. СӨХ-ны зүгээс дэлгүүрээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг шаардахад түрээслэгч ******* ХХК төлөх ёстой, манайд хамаагүй гэж, харин ******* ХХК-аас шаардахад түрээслэгч дэлгүүр төлөх ёстой гэх тайлбар өгсөн. Энэ нь СӨХ-ны төлбөрөө хэвийн төлдөг бусад сууц өмчлөгч иргэд болон аж ахуйн нэгжүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн.

Иймд ******* СӨХ-ны ашиглалт, засвар, үйлчилгээний зардал 163,200,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК, ******* ХХК-иудаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ******* ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 01 дүгээр хороолол, Барилгачдын гудамж, *******,******* байрны ашиглалтын хэвийн байдлыг хангах, дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, сууц өмчлөгчдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор олон жил засвар үйлчилгээтэй холбоотой зардалд 163,200,000 төгрөг нэхсэн нь үндэслэлгүй. Учир нь ******* ХХК нь ******* байрны 1 давхар болон В1 давхруудыг өмчилдөг бөгөөд үл хөдлөх хөрөнгө нь үйлчилгээтэй орон сууцны барилгаар төлөвлөгдөж, улсын комисс хүлээн аваад хэвийн ашиглалтад хүлээлгэн өгсөн. Өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө дэлгүүрийн ******* салбарт түрээслүүлдэг.

Түрээслэгч дэлгүүр нь хогны гэрээг тусдаа хийж СӨХ-д хамааралгүйгээр хогоо ачуулж хотхоны цэвэр байдлыг хангаж, өөрсдийн үйлчлэгч нараар үйлчилгээний талбайгаа цэвэрлүүлдэг. Үйлчилгээний байгууллага тул оршин суугч нарын хаалгаар үйлчилдэггүй, гадна тусдаа төв хаалгатай. Мөн ******* ХХК нь ******* СӨХ-той гэрээ байгуулж байгаагүй, сap бүр 3,200,000 төгрөгийг төлөхөөр тохирсон зүйл байхгүй.

Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох баримтаар дэмжих, нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хуулиар, гэрээгээр үүсэх шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч ******* ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох, түүнийгээ нотлох үүргийг хүлээдэг. Гэтэл нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар 2 хуулийн этгээдийг тодорхойлсон атлаа нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэдэн төгрөгийг нь аль хариуцагчаар гаргуулах эсхүл 163,200,000 төгрөгийг 2 хариуцагчаас давхцуулан шаардаж байгаа эсэх нь тодорхойгүй.

3.2. ******* ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ******* ХХК-тай үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулж, ******* дахь 1,666.8 м.кв үйлчилгээний талбайг түрээслэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бидний түрээсэлж буй талбай нь анх үйлчилгээний зориулалтаар төлөвлөгдөж ашиглалтад орсон. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, хуульд заасан үүргүүд орон сууц өмчлөгчийн үүрэг байх бөгөөд үйлчилгээний талбай өмчлөгч, эзэмшигч нь тус ойлголтод хамаарахгүй. Тодруулбал, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т Орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг гэж тодорхойлсон байх бөгөөд үүнээс үзэхэд үйлчилгээний талбай нь орон сууц гэх ойлголтод хамаарахгүй. Иймээс үйлчилгээний талбай түрээслэгч ******* ХХК нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээний зардлыг төлөх үндэслэлгүй.

3.3. *******д үйл ажиллагаа явуулж буй Номин супермаркетын салбар дэлгүүрийн гарц нь гадагшаа харсан, тусдаа хаалгатай, тус хаалгаар зөвхөн үйлчлүүлэгч болон манай ажилчид орж гардаг. Харин орон сууц буюу орц руу ордог хаалга байхгүй, орон сууцны айлуудаас тусгаарлагдсан зохион байгуулалттай. Мөн хогны сав, орон сууцны хогны савнаас тусдаа байрлаж, тусдаа хогоо ачуулж, төлбөрийг төлдөг. Манай ажилчид дэлгүүрийн 50 метр орчмыг өөрсдөө хариуцан цас, хогоо шүүрдэж цэвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, дундын өмчлөлийн зүйлийг ашигладаггүй, ******* СӨХ-ноос ямар нэгэн үйлчилгээ авдаггүй. Харин 2023 оны 7 дугаар сараас 2024 оны 10 дугаар cap хүртэлх хугацаанд дэлгүүрийн болон орон сууцны хогны цэг хамтдаа байсан бөгөөд тухайн үед манай байгууллагаас тухайн хогны цэг дэх бүх хог, хаягдлыг ачиж, тээвэрлүүлэх ажлыг дангаар хариуцан төлбөрийг төлдөг. Түүнчлэн ******* СӨХ-д хогны цэг ашигласны төлбөрт 200,000 төгрөгийг cap бүр төлдөг байсан. Гэтэл одоо манай байгууллагаас дундын зүйлийн ашиглалтын төлбөр нэхэмжилж байгаа нь ёс зүйгүй үйлдэл байна.

3.4. Нэхэмжлэгч нь 2021 оноос хойш нэхэмжлэл гаргах хүртэл амаар болон бичгээр манай байгууллагад дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг төлөх талаар мэдэгдсэн зүйл байхгүй. Манай байгууллага нэхэмжлэгчтэй ямар нэгэн гэрээ байгуулаагүй.

Дээрх үндэслэлээр Номин тав трейд ХХК нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээний зардлыг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул хариуцагч  ******* ХХК, ******* ХХК-иудаас 163,200,000 төгрөг гаргуулах тухай ******* СӨХ /сууц өмчлөгчдийн холбоо/-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 973,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:

Шүүхийн шийдвэрт хариуцагчийн өмчлөлийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь үйлчилгээний зориулалтаар ашиглагддаг тул орон сууцанд хамаарахгүй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт заасан зохицуулалтад хамаарахгүй тул мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь буруу юм. Учир нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалтгай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээний зардлыг хуваарилахдаа Иргэний хуулийн 147 дугаар зүйлийг мөрдлөг болгоно гэж заасан. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт Орон сууц нь... засвар үйлчилгээтэй холбогдсон, түүнчлэн өөр нийтлэг зардльгг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хэмжээг тодорхойлохдоо уг зардлыг тухайн орон сууцны нийт сууцны тоонд хуваана гэж заасан. Хуулийн уг зохицуулалтаас үзвэл сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн өмчлөгч нь ямар ч тохиолдолд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөхөөр, мөн СӨХ-ны зардал төлөх үүрэгт сууц өмчлөгч бүр оролцохоор зохицуулсан байна.

Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №26 дугаар Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 5 дахь хэсэгт Хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.-д "дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээний зардлыг хуваарилахдаа Иргэний хуулийн 147 дугаар зүйлийг мөрдлөгө болгоно гэж зааснаар энэ хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасан дундын өмчлөлийн эд хөрөнгийн эвдрэл, гэмтлийн засварын, мөн хэвийн байдал, ажиллагааг хангах хамгаалалт, үйлчилгээний зардлыг сууц өмчлөгч бүрт хуваарилах аргачлалыг Иргэний хуулийн 147 дугаар зүйлд заасан зохицуулалтаар тогтооно гэж тайлбарласан. Энэ нь сууц өмчлөгч бүрийн өмчлөлд буй хөрөнгө нь орон сууцны болон үйлчилгээний зориулалтгай эсэхээс үл хамаарч тухайн барилгын дундын өмчлөлийн эд хөрөнгийн эвдрэл, гэмтлийн засварын, мөн хэвийн байдал, ажиллагааг хангах хамгаалалт, үйлчилгээний зардалд зориулагдах ёстой болохыг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл, нийтийн зориулалттай орон сууцны байшинд амьдарч, худалдаа, үйлчилгээ явуулж буй өмчлөгч бүр СӨХ-ны зардлыг заавал хариуцах үүргийг хуулиар тогтоосон.

Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт Хуулийн этгээдийн эзэмшлийн орон сууц гэж... түүний ашиглалт, засвар, үйлчилгээний бүх зардал... тооцоог уг хуулийн этгээд бүрэн хариуцан гүйцэтгэдэг орон сууцыг гэж заасан нь хуулийн этгээд байх, хөрөнгө нь үйлчилгээний зориулалттай байх, худалдаа, үйлчилгээ эрхэлдэг эсэхээс үл хамааран СӨХ-ны ашиглалт, засвар үйлчилгээний бүх зардлыг хариуцах ёстой болохыг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч буюу өмчлөгч ******* ХХК нь сууц өмчлөгч бусад этгээдэд хамаарч байна. Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалтгай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т нийтийн зориулалттай орон сууцны байшин гэж Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан барилгыг гэж, Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалтад Нийтийн зориулалттай орон сууцны байшин гэж бүхэлдээ буюу ихэнх хэсэг нь дөрөв ба түүнээс дээш сууцны зориулалттай барилгыг нийтийн зориулалттай орон сууцны байшин гэж тодорхойлсон.

Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй *******,******* дугаар байр нь хоорондоо залгаа бөгөөд нийтийн зориулалттай орон сууцны байшинд хамаарна. Тодруулбал, *******,******* дугаар байр нь нийт 87 айл өрх бүхий өмчлөгчтэй ба үүний зөвхөн 1, В1 /зоорийн/ давхруудад худалдаа, үйлчилгээ явагддаг бөгөөд бусад хэсэг нь бүхэлдээ орон сууцны зориулалтгай, айл өрхүүд амьдардаг. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь ******* СӨХ-ны эрхлэн хариуцдаг ******* ХХК-ийн өмчлөлийнх болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон. Хариуцагч ******* ХХК нь СӨХ-ноос үйлчилгээ авдаггүй, мөн СӨХ-той гэрээ байгуулаагүй тул СӨХ-ны үйлчилгээний зардал төлөхгүй гэж маргасан. Үүнээс үзвэл зохигчид СӨХ-ны тариф буюу үнэ, хэмжээ, хөөн хэлэлцэх хугацаатай маргаагүй.

Иймд хариуцагч ******* ХХК-д холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагч ******* ХХК-аас 163,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглээгүй, харин хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. ******* ХХК-аас барилгыг хүлээн авсан улсын комиссын актыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Тус барилга анхнаасаа үйлчилгээний талбайтай байхаар зохион байгуулагдсан тул улсын комисс үйлчилгээтэй орон сууцаар хүлээн авч акт гаргасан. Манай байгууллага оршин суугчдын дундын өмчлөлийн эд зүйлсийг ашигладаггүй. Нэхэмжлэгч тал дундын өмчлөлийн засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг биднээс нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлага үндэслэл ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл, хоёр хариуцагч байгууллагын хэнээс нь шаардаж байгаа нь тодорхой бус байгаа талаар мэтгэлцсэн. Дундын өмчлөлийн хөрөнгөд ямар эд зүйлс хамаарч байгаа болон бид тус эд хөрөнгөөс юуг ашигласан нь ойлгомжгүй. Нэхэмжлэгч тал зөрүүтэй нотлох баримтууд гаргаж өгсөн бөгөөд миний бие нотлох баримт шинжлэн судлах үед энэ тухай тайлбар өгсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлийн 5 дахь талд авагдсан.

Нэхэмжлэгч тал хуулиар болон гэрээний дагуу шаардлага гаргах эрхгүй, ямар хуулийн зүйл, заалтыг баримталж шаардах эрхээ тодорхойлсон нь ойлгомжгүй. ******* ХХК нь СӨХ-ны төлбөр төлөхөөр тохиролцож гэрээ байгуулаагүй. Манай байгууллага хөөн хэлэлцэх хугацаа болон үнэ тарифын тухай хариу тайлбартаа дэлгэрэнгүй дурдсан. ******* ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй орон сууц нь үйлчилгээний талбайтай орон сууц тул бид зориулалтын дагуу ашиглаж байна. Түрээсийн гэрээний дагуу бид ******* ХХК-д үйлчилгээний талбай түрээслүүлдэг. Орон сууцны орчны тохижилттой холбогдуулан хогны цэг байгуулж өгсөн. Гэтэл ******* ХХК-д хогны цэг түрээслүүлж байсан. Тус байгууллага нь ойр орчмын 50 метр талбайг үйлчлэгч нараар цэвэрлүүлдэг, хог хаягдлаа тусдаа ачуулдаг. Нэхэмжлэгч тал хуулийг мушгин гуйвуулж тайлбарлан давж заалдах гомдол гаргасан. Хэргийн оролцогч нарын бодит нөхцөл байдал болон хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаж шүүх шийдвэрээ гаргасан.

Анхан шатны шүүх хэргийг үндэслэл бүхий шийдвэрлэсэн бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглээгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч ******* ХХК, ******* ХХК-д тус тус холбогдуулан 163,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч ******* СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчаар ******* ХХК, дэлгүүргийг тодорхойлсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дэлгүүрийг ******* ХХК-аар сольсон байна. /хх-ийн 42-43/

 

4. Нэхэмжлэгч ******* СӨХ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ХХК-д холбогдох шаардлагаасаа татгалзсан байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар уг татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт нэмж оруулах үндэслэлтэй байна.

 

5. Хэргийн баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

 

5.1. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас тус дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, *******,******* дугаар байруудыг хамруулан, ******* сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ/-г Сонгинохайрхан дүүргийн сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж, 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр дугаартай гэрчилгээ олгожээ. /хх-6/

 

5.2. ******* ХХК нь *******тоот хаягт байршилтай, 176.51 м.кв талбайтай, ******* тоот хаягт байршилтай, 842.8 м.кв талбайтай, мөн хаягт байршилтай, 746.6 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч болох нь хэргийн 79-81 дүгээр тал дахь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар нотлогдсон . /хх-ийн 79-81/

 

5.3. Хариуцагч ******* ХХК нь ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр, ХХК нь ******* ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр тус тус түрээсийн гэрээ байгуулж, дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг түрээсэлсэн байна. /хх-ийн 63-74, 83-91/

 

6. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Иргэний хуулийн 147 дугаар зүйлд зааснаар хариуцагч нараас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг гаргуулна гэж, хариуцагч нар татгалзлын үндэслэлээ ...сууц өмчлөгч биш гэж тайлбарлан маргажээ.

 

Хариуцагч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг хариуцах этгээд мөн эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

 

6.1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт Сууц өмчлөгч нь ... дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө гэж, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй гэж тус тус заасан. Харин Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д Орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг хэлнэ гэж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т Сууц өмчлөгч гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг гэж заасан.

 

6.2. Хэрэгт цугларсан баримтаас үзвэл, хариуцагч ******* ХХК нь дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч байх бөгөөд хариуцагч ******* ХХК нь уг үл хөдлөх хөрөнгийг түрээсийн гэрээний үндсэн дээр эзэмшин ашиглаж худалдаа үйлчилгээний үйл ажиллагаа явуулдаг юм байна.

 

6.3. Анхан шатны шүүх хариуцагч ******* ХХК-ийн өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгүүд үйлчилгээний зориулалтаар ашиглагддаг тул Иргэний хуулийн 142 дугаар зүйлд заасан орон сууцанд хамаарахгүй гэж зөв дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* ХХК нь Иргэний хууль болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиар зохицуулагдах сууц өмчлөгчийн үүргийг хүлээхгүй.

 

6.4. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч ******* ХХК-ийн үл хөдлөх хөрөнгөдг цэвэрлэгээ, харуул хамгаалалт, хог ариутгалын үйчилгээ үзүүлж байсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул тухайн үйл ажиллагаанд зориулсан бусдын зардлаар өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй. Иймээс нэхэмжлэгч ******* СӨХ нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг хариуцагч ******* ХХК-аас шаардах эрхгүй.

 

6.5. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байгааг хассан өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 192/ШШ2025/04464 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч ******* ХХК-д холбогдох, 163,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* СӨХ-ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

2 дахь хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Номин тав трейд ХХК-д холбогдох, 163,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч ******* СӨХ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн заалт нэмж, 2,3,4 гэсэн дугаарлалтыг 3,4,5 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 973,950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ